| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
| Хэргийн индекс | 126/2017/0024/З |
| Дугаар | 00024 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 00024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Жиндалай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ламжавын Баяндалайгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: " Жиндалай ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар компаний үүсгэн байгуулах бичиг баримтуудад оруулсан өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Баяндалай, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч “Жиндалай” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Л.Баяндалай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болж уг шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан гурван сарын хугацаа өнгөрснөөр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн цахим бүртгэлд манай “Жиндалай ХХК-ийн хувьцааг би иргэн Ц.Түвшинбаярын хамт 50 хувиар эзэмшиж байгаа мэтээр бүртгэсэн бүртгэл хүчингүй болсон. Мөн уг шийдвэрийн дагуу тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар компанийн үүсгэн байгуулах бичиг баримтуудад оруулсан өөрчлөлтүүдийг ч улсын бүртгэлд бүртгэх боломжтой болсон гэж бид үзэж байгаа болно. Иймд бид тус компанийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17/01 тоот албан бичгээр уг өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад тус хэлтсийн улсын бүртгэгч Д.Насанбуян 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот мэдэгдлээр бүртгэхээс татгалзсан. Бид уг мэдэгдлийг эс зөвшөөрөн дээд шатны нь албан тушаалтан болох тус хэлтсийн дарга М.Очирхуягт хандахад 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/484 тоот албан бичгээр мөн бүртгэхээс татгалзаж шүүхэд хандахыг зөвлөсөн мэдэгдэл ирүүлэв. Жин далай ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар компанийн үүсгэн байгуулах бичиг баримтуудад оруулсан өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Жиндалай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Баяндалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Түвшинбаяр бид хоёр Жин далай ХХК-ийн хувьцааг 90/10 хувиар эзэмшихээр компанийн дүрмийг баталсан юм. Би Ц.Түвшинбаярт компанийн хурлаа хийе гэж 3 удаа мэдэгдсэн ч ирээгүй учраас, компанийн хурлаа явуулж, шинэ дүрэм батлан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхээр явуулсан хэдий ч заавал Ц.Түвшинбаярын гарын үсэг байх ёстой гэсэн шаардлагыг тавьж, бүртгэхээс татгалзсан юм. Ц.Түвшинбаяр компанийн хурлаа хийе гэхээр ирэхгүй байгаа учир түүний гарын үсгийг би олох боломжгүй юм., тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар тус компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэийн шаардлагаа дэмжиж байна. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хүчин төгөлдөр болж уг шийдвэрийг тогтоох хэсгийн 1-д заасан гурван сарын хугацаа өнгөрснөөр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн цахим бүртгэлд Жиндалай ХХК-ийн хувьцааг иргэн Ц.Түвшинбаярын хамт 50%-аар эзэмшиж байгаа мэтээр бүртгэсэн нь бүртгэл хүчингүй болсон. Мөн шийдвэрийн дагуу тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар компанийн үүсгэн байгуулсан бичиг баримтад оруулсан бичиг баримтыг улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж бид үзэж байгаа юм. Иймд тус компанийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17/01 тоот албан бичгээр уг өөрчлөлтийг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх гэж Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад уг хэлтсийн улсын бүртгэгч Д.Насанбуян нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот мэдэгдлээр бүртгэхээс татгалзсан юм. Бид уг мэдэгдлийг эс зөвшөөрөн дээд шатны албан тушаалтан болох тус хэлтсийн дарга М.Очирхуягт хандахад 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/484 тоот албан бичгээр мөн бүртгэхээс татгалзаж шүүхэд хандах зөвлөмж мэдэгдэл ирүүлсэн. Иймд тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар компанийг үүсгэн байгуулах бичиг баримтад оруулсан өөрчлөлтүүдийг Улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах талаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан юм. Ц.Түвшинбаярт хувьцаа эзэмшигчдийн хурлыг явуулах тухай амаар, бичгээр мэдэгдсэн боловч хуралд ирдэггүй ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нэхэмжлэлийн шаардлага бол Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй холбогдуулж гаргасан байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага бол тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар компанийг үүсгэн байгуулах бичиг баримтуудад оруулсан өөрчлөлтүүдийг Улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах гэсэн ийм шаардлага байгаа юм. Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хавсаргаад өгснийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч үзсэн байх. Тухайн үед Ц.Түвшинбаяраас болж хувьцаа эзэмшигчдийн хурал маш олон удаа хойшилж байсан. Компани нь хуулийн дагуу хурлаа хийсэн байдаг. Хуралдаа ирнэ үү гэж маш олон удаа мэдэгдсэн байдаг. Хурлынхаа шийдвэрийг Ц.Түвшинбаярт явуулсан байдаг. Тухайн үед маргаан үүсгээгүй байж байгаад энэ хэрэг маргаан дээр хуралдаа ирэхгүй байгаа нь маш их зохимжгүй санагдаж байна. Хариуцагч тал бол хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр компанийг үүсгэн байгуулсан баримт бичгийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж байгаа юм. Энэ нь бидэнд ойлгомжгүй байгаа. Тус компанийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар компанийг үүсгэн байгуулах бичиг баримтуудад ямар өөрчлөлт оруулсан юм. Энэ бүхнийг зохих баримтуудаар нотолж, нөгөө талаар Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу хуулийн этгээд Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бичиг баримтуудаа бүрдүүлж явуулсан. Гэтэл энэ бичиг баримтуудыг үндэслээд Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс бол хуулийн этгээдийг, Улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасны дагуу үүсгэн байгуулсан бичиг баримтуудад өөрчлөлт хийх, Улсын бүртгэлд бүртгэх гэсэн хуулийн заалтын дагуу ямарч асуудалгүйгээр бүртгэх боломжтой байсан. Энэ хуулийн 6 дугаар бүлгийн 22 дугаар зүйлд заасан бүх бичиг баримтуудыг бүрдүүлээд явуулчихсан юм. Улсын бүртгэгч Д.Насанбуян бол хуулийг буруу хэрэглэж Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар бүлэг буюу хуулийн этгээд өөрчлөн байгуулагдах замаар байгуулагдсан хуулийн этгээдийг бүртгэхээс татгалзаж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байгаа юм. Компанийн бичиг баримт дээр өөрчлөлт орсон эсэх нь маш тодорхой харагдаж байгаа юм. Байршлын хувьд өөрчлөгдсөн, хувьцааны хувьд өөрчлөгдсөн юм. Ийм хоёрхон асуудлыг бүртгээд авчих зүйл дээр бүртгэхээс татгалзсан. Хариуцагч нь хуулийн этгээд улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар Улсын бүртгэлийн байгууллага нь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ 9.1.1-д зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх, энэ тухай хуульд заасны дагуу цахим хуудсаар нийтэд мэдээлэх гэсэн энэ үүргээ биелүүлэхгүй байна. Бүртгэхгүй байгаа нь үндэслэлтэй байна уу гэж харахаар ямар үндэслэлгүй байгаа нь харагдана. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана гэж маш тодорхой заасан байдаг. 1/. Бичиг баримтын бүрдэл дутуу, 2/. Үүсгэн байгуулсан бичиг баримт шаардлага хангаагүй, 3/. Баримт бичгүүдийн хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон гэсэн ийм гурван тохиолдлоор бүртгэхээс татгалзах ёстой юм. Иймд тус компанийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар үүсгэн байгуулсан бичиг баримтад оруулсан өөрчлөлтийг ямар нэгэн асуудалгүй бүртгэх ёстой байсан. Нэхэмжлэгч Л.Баяндалайгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүрэн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: 4125398 регистрйин дугаартай “Жиндалай” ХХК-ний үүсгэн байгуулагч Л.Баяндалай нь үүсгэн байгуулагч Ц.Түвшинбаярыг компаний гишүүнээс хасч бүртгэлийн өөрчлөлтийг хийлгэх багц материалыг манай байгууллагад ирүүлсэн боловч Ц.Түвшинбаяр хуралд оролцоогүй, гарын үсэг зураагүй байсан тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг тус тус үндэслэл болгон материалыг буцаасан болно.
Мөн Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 31 дүгээр шийдвэр, хувийн хэрэг дэх нотлох баримтыг үндэслэн 4125398 регистрийн дугаартай “Жин далай” ХХК”-ний хувьцаа эзэмшигч Л.Баяндалайгийн хувьцааг 90%, Ц.Түвшинбаярын хувьцааг 10%-иар тус тус эзэмшдэг тухай 2017.04.04-ны өдрийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан болно. Одоогийн байдлаар дээрх өөрчлөлтөөс өөр өөрчлөлтийн бүртгэл хийгдээгүй байна гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Түвшинбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Түвшинбаяр 2008 онд Тариалан сумын Тавантолгой багийн нутаг гол хөндийгөөс өөрийн нэр дээр 150 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр авч тус ондоо боловсруулалт хийн тариалалт явуулахад бэлэн болгосон билээ. Атрын 3 дугаар аяны хүрээнд Засгийн газраас итгэлийн зээл авч 26 сая төгрөгийн эрх нээлгэсэн боловч зарцуулсан нийт мөнгөн дүн 9218718 төгрөг болж 2009 онд тариалалт явуулах бэлтгэл хангасан боловч авсан зээлээ төлөхийг Сангийн яамнаас шаардсан тул уг мөнгийг Батсарай ХХК-иас зээлээр авч төлөн нэмэлт үрийн будааны мөнгө, запас сэлбэг, тээвэрлэлтийн үнэ зэрэг нийт 29 сая гаруй төгрөгийг зээлээр авч 2009 онд тариалалт хийсэн. Намар нь тариа хураалт хийж авсан зээлээ болон лизингээр авсан тракторын эхний жилийн үнэ 14655 доллар, шатахууны үнэ зэргийг бүрэн барагдуулж улмаар Дархан хотын Барил трейд ББН-нөхөрлөлөөс цэвэрлэгээний ОВС-25 машиныг таварын будаагаар худалдан авч үнэ 18 сая төгрөг төлж, Батсарай ХХК-аас авсан 29 сая төгрөгөө бүрэн төлж барагдуулсан. 2010 онд тариалалт хийх 30 тонн үрийн будааг нөөцлөн хадгалж, нэмэлт 150 га-д тариалалт хийх, боловсруулалт хийх бэлтгэл ажлыг өөрийн хөрөнгөөр бэлэн болгосон болно. 2010 онд тариалалт хийж Алтан дуулга ХХК-иас СК-4 буудай хураагч комбайныг 7500.0 мянган төгрөгийг банкнаас зээлээр авч, үлдэгдэл 7500.0 мянган төгрөгийг таварын будаагаар төлж барагдуулсан. Лизингээр авсан тракторын үнэ 16185 долларыг зээлээр авсан шатахууны үнийг бүрэн төлж барагдуулсан. Батсарай ХХК-тай цаашид үргэлжлүүлэн хамтарч ажиллахаар тохиролцсон. Жиндалай ХХК-ийг байгуулан 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Жиндалай ХХК-ийн захирлаар Ц.Түвшинбаяр миний бие, хөрөнгө оруулагчаар Л.Баяндалай ажиллаж эхэлсэн юм. Гэтэл 2010 оны 11 дүгээр сард Л.Баяндалай нь манай гэрт ирж, би тариалалтаа өөрөө хариуцаж явуулах болно гээд Жиндалай ХХК-ийн өмч болох ЭКС-1251 трактор, СК-5 комбайн, ОВС-25 будаа цэвэрлэгээний машиныг авч явсан юм. Уг 3 техникийг захирал миний ямар ч оролцоогүйгээр Хоёр богд ХХК-д дур мэдэн зарж Жиндалай ХХК-ийг тариалалт хийх ямар ч боломжгүй болгосон. Жиндалай ХХК-ийн нэр дээр 300 га газартай болсон боловч урьд өмнө эзэмшиж байсан Х.Энхтуяа нь эдэлбэрт оруулсан байсан 150 га газраа Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэн буцаан авч Жиндалай ХХК-д 2008 онд иргэн Ц.Түвшинбаярын нэр дээр 150 га газар үлдсэн юм. Гэтэл 2 жил тариалалт хийсэн Л.Баяндалай нь лизингийн төлбөр 2011 оны төлбөр 14516 ам доллар, шатахууны зээлээр авсан төлбөрийг барагдуулаагүйгээр барахгүй тариалан эрхлэх санд өрийн үлдэгдэлтэй болгож 15 жилийн хугацаатай эзэмшихээр авсан 150 га талбайг Хоёр богд ХХК-нд зарахаар төлөвлөн зувчуулж зарга шүүх үүсгэсэн юм.
Жиндалай ХХК-ийн 150 га газрыг бусдад худалдах гэсэн санаа нь бүтэхгүй болохоор захиргааны хэргийн шүүхэд өгч шат шатны шүүхээр зарга үүсгэн явж улмаар эрүүгийн хэрэг үүсгэхээр завдсан болно. Ингээд бүтэхгүй болохоор нь Жиндалай ХХК-ийг өөрийн нэр дээр луйврын аргаар авч надад үлдсэн 150 га газрыг бусдад зарахаар оролдож буй нь хуулийг илтээр зөрчсөн арга юм. Уг 150 га газар нь Жиндалай ХХК-ийн өмч биш эзэмшлийн талбай билээ. Миний бие болон Жиндалай ХХК-ийн өмч болох нэр бүхий 3 техникийг дур мэдэн бусдад зарж хохироогоод миний байгуулсан Жиндалай ХХК-ийг өөрийн нэр дээр болгох гэсэн оролдлого нь угтаа Хоёр богд ХХК-нд 150 га газрыг худалдаж, үлдэгдэл мөнгө болох 40 гаруй сая төгрөгөө авах гэсэн оролдлого юм. Надад компанийн хурал хийнэ гэсэн боловч би очоогүй. Учир нь Л.Баяндалай нь чамайг ална, уул руу дагуулж явна гэж хоёр бие хамгаалагч дагуулан ирж, тариалалт хийх явцыг саатуулан тариалалт хийсэн талбайд машинтайгаа давхих, улмаар мөнгө төгрөг өгье гэж амлах, айлган сүрдүүлэх зэрэг арга хэрэглэж байсан тул би уг хуралд очихоос эмээн, амь насанд ч халдаж магадгүй юм гээд очоогүй. Гэтэл Жиндалай ХХК-ийг өөрийн нэр дээр болгож ганцаараа сууж хуралдсан шийдвэр гэгчээ Улсын бүртгэлийн газраар баталгаажуулах гэж оролдоод бүтэхгүй болохоор нь Захиргааны хэргийн шүүхэд Улсын бүртгэлийн газрыг өгч, зарга үүсгэж байгааг Захиргааны хэргийн анхан шатын шүүхээс намайг гуравдагч этгээдээр оролцуулах шийдвэр гаргасныг талархан хүлээн авч энэхүү тайлбарыг үнэн зөвөөр мэдүүлж байна. Би Батсарай ХХК-д болон Л.Баяндалайд өр төлбөргүй бөгөөд хоёр жил тарилалт хийж тариалалтын ашгаа авсан 100 гаруй сая төгрөгийн үнэтэй гурван техник, дөрвөн жил тариалалт хийж чадаагүй зэрэг хохиролтой байгаа бөгөөд эцэс сүүлдээ өөрийн байгуулсан Жиндалай ХХК болон эзэмшлийн 150 га газраа алдахад хүрээд байгааг Захиргааны хэргийн шүүх үнэн зөвөөр хэлэлцэн шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна. 2010 онд тариалалт хийгээд ургац муу гарч лизингийн болон шатахууны үнээ үлдэгдэл ашиг болох 11620000 төгрөгийг гурилын үйлдвэрээс авах гэтэл Л.Баяндалай нь Хөвсгөл гурилын үйлдвэрт Жиндалай ХХК-ийн өмчөөс өр үүсгэж байсныг уг өрийг дарж барагдуулсан юм. Юун өр болохыг өөрөөс нь лавлахад чамд хамаагүй би мэдэж байна гээд өнгөрсөн. Компанийн санхүү, эрх мэдлийг дур мэдэн гартаа авч өдий хүрлээ. Иймд Л.Баяндалайгийн элдэв оролдлогыг таслан зогсооно гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 7 хоногийн өмнө гуравдагч этгээдийн хүсэлтээр өмгөөлөгчөөр нь оролцож хэргийн материалтай танилцаж эхэлсэн. “Жиндалай” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Түвшинбаяр нь арван хувийн хувьцаа, Л.Баяндалай нь ерэн хувийн хувьцаа эзэмшдэг гэж 2017 оны 04 дүгээр сард Улсын бүртгэлийн хэлтэс нь өөрчлөлт оруулсан байх боловч энэ хувьцаанд ямар эд хөрөнгө байгаа эсэх нь нотлох баримтанд хангалттай нотлогдоогүй байгаа юм. Л.Баяндалайгийн нэхэмжлэлийн шаардлага дээр бол 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хурлын тогтоол болон тэмдэглэл хөтөлсөн байдаг. Тус тогтоол дээр 150 га газар болох компаний эзэмшлийн газраас арван хувийг нь Ц.Түвшинбаярт, ерэн хувийг нь өөрт гэсэн байдлаар дүрмийн санд өөрчлөлт оруулж Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байсан. Гуравдагч этгээдийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг дэмжиж оролцож байна. Хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн гэх боловч энэ хурал нь 2015 онд хийсэн хурал байдаг. Миний үйлчлүүлэгч болох Ц.Түвшинбаяр нь 50%-ийг эзэмшдэг байсан нь энэ хурал дээр эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр тогтоол гаргаж Улсын бүртгэлийн хэлтэс дээр өөрчлөлт хийсэн гэж бүртгүүлэх гэж удаа дараа хандаж сүүлдээ шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Улсын бүртгэлийн хэлтэс бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Анх 2009 онд энэ компанийг байгуулахаас өмнө улсаас авсан зээлээ дарах гэж Батзараа ХХК-аас зээлийн гэрээ байгуулан зээл аваад зээлийн гэрээний үүргийн дагуу буцааж төлсөн байдаг. Жиндалай ХХК-д Баяндалай нь эрх мэдэл нь давуу гэсэн байдлаар үүсгэн байгуулсан бичиг баримтад нь өөрчлөлт оруулах гэж дайрсан байна. Анх 12.600.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх боловч компанийн үндсэн хөрөнгө нь гуравдагч этгээдийн үндсэн хөрөнгө байдаг. Тухайн компанийн эргэлтийн мөнгөн хөрөнгө болох 9.600.000 төгрөг нь Ц.Түвшинбаярын хөрөнгө байдаг. Нийт 12.600.000 төгрөгийн хөрөнгөтэй компанийн байгаа юм. Тэгэхдээ ямарч хөрөнгө оруулалт байхгүй гэж тайлбарладаг. 2009 оны бүх тариалалтын ашиг болон улсаас өгсөн урамшууллыг Л.Баяндалай нь авсан байдаг. Тухайн компанийн үйл ажиллагаанаас олсон ашгаараа шинээр техник төхөөрөмж авсныг нь Л.Баяндалай авч зарж үрэгдүүлсэн байдаг. 2015 онд болсон хурал нь компанийн хуулийг зөрчиж хийгдсэн хурал байдаг. Улсын бүртгэлийн хэлтэс хүртэл 50%-ийн эзэмшигч болох Ц.Түвшинбаярын гарын үсэг, түүний санал зэрэг нь байхгүй учраас бүртгэхээс татгалзаж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу бүртгэхээс татгалзсан байдаг. Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д зааснаар бол Улсын бүртгэлийн бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн бүрдэл дутуу гэж үзсэн байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг Ц.Түвшинбаярт шуудангаар мэдэгдсэн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдохгүй байгаа юм. Улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар шаардлагатай тохиолдолд итгэмжлэлээр гэж байгаа юм. Л.Баяндалайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон ямар нэгэн баримт байхгүй учраас Улсын бүртгэлийн хэлтэс нь татгалзах нь үндэслэлтэй байна. Миний үйлчлүүлэгч Ц.Түвшинбаяр нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь;
“Жиндалай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Баяндалай нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан "Жиндалай” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар компаний үүсгэн байгуулах бичиг баримтуудад оруулсан өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч Л.Баяндалай нь “Жиндалай” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш боловч тэрээр “Жиндалай” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг болохын хувьд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргах эрх бүхий этгээд “Жиндалай” ХХК-ний үүсгэн байгуулагч, гишүүн учир түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн болно.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн иргэн Ц.Түвшинбаяр, “Батсарай” ХХК-ийн захирал Л.Баяндалай нар хамтран 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Жиндалай” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулсан болох нь хэргийн материалд авагдсан “Жиндалай” ХХК-ий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэрэг болон компаний дүрэм, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
Ц.Түвшинбаяр, Л.Баяндалай нар нь анх 2009 онд “Жиндалай” ХХК-нийг үүсгэн байгуулахдаа 2 гишүүнтэй, компанийн өөрийн хөрөнгө буюу дүрмийн сан нь 9.6 сая төгрөгийн үл хөдлөх ба хөдлөх хөрөнгө, 3.0 сая төгрөгийн мөнгөн тэмдэгтээс бүрдсэн нийт 12.6 сая төгрөгийн хөрөнгийг гишүүд хуваан эзэмших бөгөөд үүсгэн байгуулагч Ц.Түвшинбаяр 10 хувь, хамтран байгуулагч Л.Баяндалай 90 хувь эзэмшихээр компаний дүрмээ баталж шийдвэрлэсэн болох нь нэхэмжлэгч Л.Баяндалайгийн тайлбараар ”Жиндалай ХХК нь анх хоёр гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж хувьцааны 90 хувийг үүсгэн байгуулагч Л.Баяндалай би, 10 хувийг үүсгэн байгуулагч Ц.Түвшинбаяр тус тус эзэмшихээр дүрэмдээ тусган улсын бүртгэлд буюу тухайн үеийн татварын албанд бүртгүүлэхээр бүрдүүлсэн” гэх тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар болон баримтуудаар нотлогдож байна.
Түүнчлэн Үндэсний Татварын албанд Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан гаргасан өргөдөлд “ ...татвар төлөгч Ц.Түвшинбаяр нь ...Хөрөнгө оруулалтын 10% буюу 1260000 төгрөгийн хэмжээгээр, татвар төлөгч Г.Баяндалай нь ... хөрөнгө оруулалтын 90% буюу 11340000 төгрөгийн хэмжээгээр компанийхаа хувийг эзэмшиж татвар төлөх” гэж тусгасан, мөн талууд энэ талаар маргаагүй, хүлээн зөвшөөрдөг зэргээр нотлогдож байна.
Гэвч хариуцагч байгууллага нь тухайн үед буюу 2005 оны 5 дугаар сарын 13-ны өдөр компаний үүсгэн байгуулах шийдвэр, дүрмүүд болон өргөдлүүдийг хүлээн авч холбогдох улсын бүртгэлийг бүртгэж, улмаар хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн талаарх мэдээллийг улсын бүртгэлийн жагсаалтад оруулахдаа “Жиндалай” ХХК-ний үүсгэн байгуулагч Л.Баяндалай компанийн хөрөнгийн 50 хувь, Ц.Түвшинбаяр 50 хувийг тус тус эзэмшдэг мэтээр бүртгэсэн байдал нь ойлгомжгүй.
Харин Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 1/904 тоот албан бичгээр ”Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 31 дүгээр шийдвэр, хувийн хэрэг дэх нотлох баримтыг үндэслэн 4125398 регистрийн дугаартай “Жин далай” ХХК-ний хөрөнгө эзэмшигч Л.Баяндалай хувьцааг 90%, Ц.Түвшинбаяр хувьцааг 10%-иар тус тус эзэмшдэг тухай 2017.04.04-ны өдрийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан болно” гэсэн тайлбарын хамт өөрчлөлт оруулсан тухай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг ирүүлсэн болно. /хх-55-66 хуудас/
“Жиндалай” ХХК-ний үүсгэн байгуулагч Л.Баяндалай 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлыг ганцаараа хийж, “Жиндалай” ХХК-ний тус компанийн хувьцааг Л.Баяндалай 100 хувь дангаар эзэмшинэ гэж шийдвэрлэн компаний дүрмэнд өөрчлөлт оруулж, Хувьцаа эзэмшигчдийн хурлыг тогтоолд дангаараа гарын үсэг зурсан явдал нь гуравдагч этгээд Ц.Түвшинбаярын эрх, ашиг хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, "Жиндалай” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар компаний үүсгэн байгуулах бичиг баримтуудад оруулсан өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй байна.
Учир нь: Компаний тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн биеэр буюу Иргэний хуульд заасны дагуу бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр өөр этгээдээр төлөөлүүлэн оролцож болно” гэж заасны дагуу уг компаний гүйцэтгэх захирал Ц.Түвшинбаярыг хуралд оролцох боломжоор хангаагүй, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Энэ хуулийн 60.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ” зэрэг үүргээ компаний хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэр гаргасан этгээд биелүүлээгүй, өөрөө ганцаараа хурлыг удирдан хуралдаж, улмаар Ц,Түвшинбаярын эзэмших хувийг өөртөө 100 хувь эзэмшихээр шийдвэрсэн дүрмэндээ өөрчлөлт оруулсан тогтоол үйлдэж, улмаар энэхүү шийдвэрээ үндэслэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг шүүхээс шаардаж байгаа явдал нь буруу байх бөгөөд хариуцагч байгууллагаас дээрхи бүртгэлийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д ”Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэж заасан заалтыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Иймээс "Жиндалай” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар компаний үүсгэн байгуулах бичиг баримтуудад оруулсан өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах тухай" нэхэмжлэийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг баримтлан “Жиндалай” ХХК-ний үүсгэн байгуулагч, гишүүн Л.Баяндалайгийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл хэлтэст холбогдох "Жиндалай” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар компаний үүсгэн байгуулах бичиг баримтуудад оруулсан өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН