| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 221/2024/0053/З |
| Дугаар | 001/ХТ2025/0116 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2025/0116
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн,
өмгөөлөгч Б.З***-ийн нэхэмжлэлтэй,
Боловсролын сайдад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Г.Банзрагч
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 221/ШШ2025/0024 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхтайван (№3568), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*** нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Б.З***-аас Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдуулан “... тус сайдын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дугаар тушаалын хавсралтаар баталсан “Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журам”-ын 2.2, 2.3, 4.2, 5.2 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох“ нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Бага, дунд боловсролын тухай хуулийн (2002) 14 дүгээр зүйлийн 14.8 дахь заалтыг тус тус үндэслэн хавсралтаар Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журмыг баталжээ. Тус журмын 2 дахь хэсгээр Элсэлтийн шалгалтад орох шалгуулагчдад тавих шаардлагыг; 4 дэх хэсгээр Элсэлтийн шалгалт зохион байгуулах талаар; 5 дахь хэсгээр Элсэн суралцах шалгалтын дүн гаргах, шалгуулагчийг баталгаажуулах талаар тус тус зохицуулжээ.
3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 221/ШШ2025/0024 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, Бага, дунд боловсролын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.З***-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дугаар тушаалаар батлагдсан “Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журам”-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б***-аас шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах (агуулгаар нь тусгав) гомдлыг гаргажээ. Үүнд:
4.1.Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийн “Гадагш чиглэсэн” гэснийг тайлбарласан тайлбарт дурдсан тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт, зохицуулалтын шинжийг агуулсан, нийтээр заавал дагаж мөрдөхгүй, байнга давтагдах шинжгүй, зөвхөн төрийн өмчийн нэр бүхий 4 ерөнхий боловсролын сургуульд элсэхийг хүсэгч хүүхэд шалгалтад хамрагдах тохиолдолд жилд нэг удаа зохион байгуулагдахад мөрддөг юм. Шүүх маргаан бүхий актыг захиргааны хэм хэмжээний акт гэж шийдвэрлэсэн нь захиргааны хэм хэмжээний акт болон захиргааны байгууллагын үйл ажиллагааг дутуу, холилдуулан ойлгон дүгнэсэн байна
4.2.Маргаан бүхий актыг батлах үед буюу 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр батлах эрх олгосон заалт байсан ч тухайн журам нийтээр заавал дагаж мөрдөх, гадагш чиглэсэн шинжийг агуулаагүй тул ... захиргааны актын хэлбэрээр баталж ... тус журмыг хэрэгжүүлж байна. Хэрэв шүүхийн шийдвэрийн дагуу захиргааны хэм хэмжээний акт гэж үзэж батлах тохиолдолд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа боловсролын салбарын хуулиудад тус журмыг батлах эрх олгоогүй тул Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын нэгдсэн санд бүртгэх боломжгүй нөхцөл байдал үүснэ ... Шүүх энэ нөхцөл байдлыг үнэлээгүй, эрх зүйн үр дагаврыг тооцоололгүй шийдвэр гаргасан.
4.3.Шүүх нэхэмжлэгч талын ямар эрх, ашиг сонирхол хөндсөний улмаас тус маргаан бүхий журмыг хүчин төгөлдөр бусад тооцсон нь маш тодорхойгүй буюу ямар эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүйг тогтоогоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасныг зөрчсөн.
4.4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” гэж заасныг хангаагүй.
4.5.Нэхэмжлэгч Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Элсэлтийн журам шинэчлэн батлах тухай” А/*** дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журам”-ын 2.2, 2.3, 4.2, 5.2 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж дүгнэлт хийн, журмыг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, дүгнэлт болон тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
7.Маргаан бүхий акт болох Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журам” (цаашид “маргаан бүхий журам” гэх)-аар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын хөтөлбөрийн сургалттай дөрвөн ерөнхий боловсролын сургуульд бусад ерөнхий боловсролын сургуулийн 5 болон 8 дугаар анги төгсөгчдөөс суралцагч сонгон шалгаруулж, элсүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулжээ.
8.Нэг.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа нийтийн эрх ашгийг төлөөлж, тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргасан талаар дурджээ.
9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ...” гэж, Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Өмгөөлөгч энэ хуульд заасан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заасан.
10.Тодруулбал, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх талаар “хуулиар тусгайлан эрх олгогдсон” этгээдэд ямар хүрээнд, ямар асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тухайн хуульд тусгайлан зааж баталгаажуулсан байхыг хуулийн 18.3 дахь заалтын “тусгайлан” гэх агуулгад хамааруулан ойлгоно. Харин тухайн хуульд захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх нэхэмжлэл гаргах эрхийн хүрээ хязгаарыг тогтоогоогүй бол хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэхээр[1] Улсын дээд шүүхээс тайлбарласан.
11.Иймд нэхэмжлэгч өмгөөлөгч Б.З***-г Өмгөөллийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус заасны дагуу хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нийтийн эрх, ашиг сонирхлыг төлөөлж өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.
12.Нөгөө талаас, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж тус тус зааснаар аливаа этгээдээс захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж буй тохиолдолд нэгдүгээрт, тухайн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцээгүй байхын зэрэгцээ, хоёрдугаарт, тухайн маргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй бол шүүх нэхэмжлэлийг хангах зохицуулалттай.
13.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын хувьд тодорхой этгээдэд хаяглагдаж шууд эрх зүйн үр дагавар үүсгэж байдаг бол мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний акт (үүний зэрэгцээ мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасан төлөвлөлтийн адил) нь тодорхой этгээдэд шууд хаяглаж чиглэдэггүй, байнга давтагдах шинжээрээ үр дагавар нь эрх зүйн харилцаанд орсон тохиолдолд илэрдэг тул уг харилцаанд орж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн төдийгүй зөрчигдөж болзошгүй этгээдэд шүүхээс урьдчилсан хамгаалалт (хяналт) хийх зорилгоор нэхэмжлэл гаргах эрхийг хууль тогтоогч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмаар баталгаажуулжээ.[2]
14.Иймд эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй үндэслэлээр хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох агуулгаар нэхэмжлэл гаргах тохиолдолд тодорхой субьектив эрх зөрчигдсөн байхыг шаардахгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “… Шүүх нэхэмжлэгч талын ямар эрх, ашиг сонирхол хөндсөний улмаас тус маргаан бүхий журмыг хүчин төгөлдөр бусад тооцсон нь маш тодорхойгүй буюу ямар эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүйг тогтоогоогүй ...” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд шүүх “урьдчилсан хяналт”-ын хүрээнд захиргааны хэм хэмжээний актын хууль ёсны эсэхэд дүгнэлт өгөх боломжтой .
15.Хоёр.Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” хэмээн захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоогч тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актаас “нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан” болон “үйлчлэл нь байнга давтагдах” гэсэн шинжээр ялгагддаг.
16.Тодруулбал, “хэм хэмжээний акт нь тухайн харилцаанд оролцогчдод чиглэсэн нийтлэг зохицуулалт агуулсан, шалгуур, үйл ажиллагааны шат дараалал, цаг хугацаа тогтоосон байдаг бөгөөд ирээдүйд үүсэх ижил тохиолдолд дахин давтагдан хэрэглэгдэх зэрэг шинжүүдээрээ хуультай адилтгах эрх зүйн эх сурвалж болдог. Энэ нь нэг талаас, тухайн хэм хэмжээний актын үйлчлэл чиглэсэн (улсын хэмжээнд, аль нэг засаг захиргаа, нутаг дэвсгэрт эсхүл тодорхой салбарын) хүрээнд хамаарч буй бүх этгээдэд үйлчлэх шинжтэй хэм хэмжээ тогтоосон байх; нөгөө талаас, уг хэм хэмжээний актаар зохицуулагдах харилцаанд оролцох тодорхой бус тооны этгээдэд үйлчлэх дахин давтан хэрэглэгдэх шинжтэй бөгөөд үүгээрээ захиргааны актаас ялгагддаг.
17.Мөн нэг удаагийн актын үйлчлэл нь тухайлан зорьсон тодорхой зүйл, харилцааг зохицуулаад дуусдаг, зорилго нь биелдэг бол хэм хэмжээний акт нь нэг удаагийн тохиолдолд үйлчлээд дуусгавар болох бус эрх бүхий этгээдээс өөрчлөх, хүчингүй болгох, шинэчлэн найруулах зэргээр шийдвэрлэх хүртэл тухайн ижил харилцаанд байнга давтан үйлчлэх шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн бус ижил тохиолдлуудад дахин давтан хэрэглэгддэг, тодорхой субьектээс үл хамаараад нийтэд нэгэн адил үйлчилдэг байхыг ойлгоно”[3] хэмээн үздэг.
18.Маргаан бүхий журмын 1.1-д “Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд /цаашид “сургууль” гэнэ/ ерөнхий боловсролын сургуулийн 5, 8 дугаар анги төгсөгчдөөс суралцагч элсүүлэхтэй холбогдох харилцааг энэхүү журмаар зохицуулна” гэж зааснаас үзвэл тус журам нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулийн 5 болон 8 дугаар ангийг төгсөгчдөөс олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн сургуульд элсэхээр хүсэлт гаргах хүн бүрд буюу тодорхой бус тооны этгээдэд чиглэж буй тул гадагш чиглэсэн болон нийтээр заавал дагаж мөрдөх шинжийг агуулж байна.
19.Түүнчлэн журамд гагцхүү нэг удаагийн элсэлтэд мөрдөгдөх тухай заалт тусгагдаагүйгээс гадна 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан цагаасаа хойш холбогдох ерөнхий боловсролын сургуулийн жил бүрийн элсэлтийн үйл ажиллагаанд тухай бүр мөрдөгдөж байжээ. Өөрөөр хэлбэл, энэ журмын үйлчлэл нь гагцхүү нэг эсхүл хэд хэдэн удаагийн тохиолдолд бус, элсэлт зохион байгуулагдах тухай бүр буюу байнга давтагдах шинжийг агуулж байна.
20.Иймд олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журам Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан шинжийг бүрэн хангаж, захиргааны хэм хэмжээний актад хамаарах тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “… шүүх маргаан бүхий актыг захиргааны хэм хэмжээний акт гэж шийдвэрлэсэн нь захиргааны хэм хэмжээний акт болон захиргааны байгууллагын үйл ажиллагааг дутуу, холилдуулан ойлгон дүгнэсэн байна” гэх гомдлын үндэслэл няцаагдана.
21.Гурав.Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ” гэж, 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно” гэж захиргааны хэм хэмжээний актын хүчин төгөлдөр болох урьдач нөхцөлийг хуульчилжээ. Мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдээгүй тохиолдолд эрх зүйн үйлчлэлгүй тухай тусгажээ.
22.Энэ тохиолдолд, хариуцагч маргаан бүхий журмыг хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй тул хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох хэлбэрийн шаардлага хангагдаагүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ. Харин, нэгэнт хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болоогүй байхад давж заалдах шатны шүүх журмын агуулгад дүгнэлт хийсэн нь учир дутагдалтайг дурдах нь зүйтэй.
23.Дөрөв.Нэхэмжлэлийн шаардлага “Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журам”-ын 2.2, 2.3, 4.2, 5.2 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох агуулгатай хэдий ч хариуцагч тус журмыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох хуульд заасан хэлбэрийн шаардлага хангагдаагүй энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх журмыг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гэж үзэх үндэслэлгүй.
24.Учир нь захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлээгүй хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргийн зөрчлийг зөвтгөх үндэслэлгүй тул гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хязгаарлагдан журмын тодорхой заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцож, бусад заалтыг хүчинтэй үлдээх хууль зүйн боломжгүй.
25.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “… нэхэмжлэгч журмын 2.2, 2.3, 4.2, 5.2 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж дүгнэлт хийн журмыг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн” гэх гомдлыг хангахгүй орхив.
26.Харин, давж заалдах шатны шүүх хэрэглэх шаардлагагүй хуулийн заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 221/ШШ2025/0024 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаас “Бага, дунд боловсролын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлд” гэснийг хасаж, ТОГТООХ хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ
[1] УДШ, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай, 2023, тогтоол №30, х.10, мөр 1-9.
[2] Ө**** ХХН ба Санхүүгийн зохицуулах хороо, 221/2021/0021/З, УДШ (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2022/0030, х.8, м.29-41.
[3] Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн тайлбар, анхны хэвлэл, х.274-284, (2017)