Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 021

 

Н.Болд-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1031 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Болд-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Хөвсгөл АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компанид холбогдох

13.025.506 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Болд-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Болд-Эрдэнэ нь Төрийн өмчийн хорооны 2006 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 479 дүгээр тогтоолоор “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн захирлаар томилогдсон болно. ...Тус байгууллагын холбогдох санхүүжилт орж ирэхгүй байсны улмаас ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй болж улмаар миний бие өөрийн нэр дээр Төрийн банк /хуучнаар Хадгаламж банк/-наас 10.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж хувьдаа нэг ч төгрөг авалгүйгээр “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-нд 4 сарын хугацаатайгаар 10.000.000 төгрөгийг зээлсэн болно. 2012 оны 3 дугаар сараас хойш зээлсэн мөнгөө авч банканд буцаан төлөх шаардлагатай байна, хүү нь яваад байна, үүнийг би өөрөө төлөөд байхад хүндрэлтэй байгаа талаараа нягтлан бодогчдоо хэлж байсан бөгөөд тухайн үедээ зээлсэн 10.000.000 төгрөг банкны хүүг нь хамт төлнө гэж байсан боловч байгууллагын санхүүгийн боломж олдохгүй байсны улмаас зээлсэн мөнгөө авч чадахгүй байсаар 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 106 дугаар Төрийн өмчийн хорооны тогтоолоор захирлын албан тушаалаас чөлөөлөгдөж Б.Чимэдцэрэнг уг албан тушаалд томилсон. Зээлсэн мөнгөө банкны хүүний хамт авах тухайгаа Б.Чимэдцэрэнд хэлэхэд удахгүй 2 сарын дотор 10.000.000 төгрөгийг чинь банканд төлсөн хүүгийн хамт төлж таны хохирлыг барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөхгүй байна.

Иймд миний бие өөрийн нэр дээр цалингийн зээл авч “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-нд өгсөн 10.000.000 төгрөг болоод тухайн зээлтэй холбогдуулан хүүнд нь төлсөн 3.025.506 төгрөгийг надад учирсан хохирлын хамт нийт 13.025.506 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Болд-Эрдэнэ нь 2006 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл “Хөвсгөл АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байсан бөгөөд байгууллагын холбогдох санхүүжилт орж ирэхгүй байсны улмаас ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй болсон тул өөрийн нэр дээр Хадгаламж банкнаас 10.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж “Хөвсгөл АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компанид 4 сарын хугацаатайгаар зээлсэн. Ингээд уг зээлийг Хадгаламж банканд 18 сая төгрөг болгож төлсөн байдаг. Н.Болд-Эрдэнэ нь анх шүүхэд үндсэн мөнгө 10.000.000 төгрөг, хүү 3.025.506 төгрөг, нийт 13.025.506 төгрөг нэхэмжилсэн боловч “Хөвсгөл АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компаниас 2 сая төгрөгийг авсан байх тул нэхэмжлэлийнхээ шаардлагаас хасч байна. Иймд “Хөвсгөл АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компаниас үндсэн зээл 8.000.000 төгрөг, хүү 3.025.506 төгрөг, нийт 11.025.506 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чимэдцэрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн үед Болд-Эрдэнээс ажлыг нь хүлээж авсан бөгөөд ямар нэгэн өр төлбөрийн талаар бидэнд хандаж байгаагүй, компанийн хувьд Болд-Эрдэнэд ямар нэгэн өглөг байхгүй байсан. Тэрээр зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар нэг ч удаа бидэнд хандаж байгаагүй. Болд-Эрдэнэ нь гүйцэтгэх захирал байх хугацаандаа цалингийн зээл авч, уг зээлийн 10.000.000 төгрөгийг “Хөвсгөл АЗЗА” ТӨХКомпанид зээлсэн гэх боловч энэ нь огт үндэслэлгүй юм. Болд-Эрдэнэ нь нягтлан бодогчтойгоо хуйвалдан, үгсэн тохиролцож “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн өмнөөс хуурамчаар зээлийн гэрээ байгуулж, хувийн сонирхлоор өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ийм баримт бичиг үйлдэн их хэмжээний мөнгө компаниас шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй.

Мөн “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, эрх бүхий албан тушаалтнууд нь их хэмжээний мөнгө болон сонирхлын зөрчил бүхий этгээдтэй хэлцэл хийхдээ заавал ТУЗ-өөс зөвшөөрөл авах шаардлагатай байдаг боловч энэ шаардлагыг хангаагүй байдлаас үзэхэд ч гэсэн Н.Болд-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байгааг харуулж байгаа болно гэжээ.

Хариуцагч “Хөвсгөл АЗЗА” Төрийн өмчид хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл АЗЗА” Төрийн өмчид хувьцаат компани нь Н.Болд-Эрдэнээс 10.000.000 төгрөгийг зээлж үйл ажиллагаандаа зарцуулсан болох нь харагддаг боловч 2011, 2012 оны санхүүгийн тайланд тусгаагүй байдаг. Мөн 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хоёр даргын ажил хүлээлцсэн актад Н.Болд-Эрдэнэд томилолтын 308.000 төгрөгийн өглөгтэй гэсэн байна. Үнэхээр өөрт нь тус компани 10.000.000 төгрөгийн өглөгтэй байсан бол тухайн үед нь хэлж яриад актдаа тусгуулахгүй яасан юм бэ? Уг актад Н.Болд-Эрдэнэ дарга мөн гарын үсэг зурсан байдаг. Мөн тус актын байгууллагад өгөх өглөг хэсэгт Хадгаламж банк зээл Болд 5.242.990 төгрөг гэсэн байна. Үүнийг бид Н.Болд-Эрдэнэ гуайн зээл гэж үзсэн бөгөөд уг зээлээс тайлангийн эхний үеийн үлдэгдэл мөнгийг хасаад 2.869.038 төгрөгийг компани төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1031 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл АЗЗА Төрийн өмчид хувьцаат компаниас 2.869.038 /хоёр сая найман зуун жаран есөн мянга гучин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Болд-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.156.468 /найман сая нэг зуун тавин зургаан мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288.077 /хоёр зуун наян найман мянга далан долоо/ төгрөгөөс 223.078 /хоёр зуун хорин гурван мянга далан найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 64.999 /жаран дөрөн мянга есөн зуун ерэн ес/ төгрөг, хариуцагчаас 60.855 /жаран мянга найман зуун тавин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Болд-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Баасанбаяр нар давж заалдах гомдолдоо: ...  “Хөвсгөл АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компанийн дарга нарын ажил хүлээлцсэн актад өглөг хэсэгт Н.Болд-Эрдэнэд буюу Хадгаламж банканд 5.242.990 төгрөгийн өглөг тусгагдсан байдаг ба анхан шатны шүүх энэ хэмжээгээр хангаж шийдвэрлэхийн оронд энэ дүнгээс ямар ч үндэслэлгүйгээр хасч 2.869.038 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх ядаж бодит байдалд нийцсэн шүүхийн дүгнэлт хийж чадсангүй. Жишээ нь: Нэхэмжлэгч тал нотлох баримтаа ирүүлээгүй нь 2.869.038 төгрөгийг гаргуулж шийдэх үндэс болов зэрэг хөнгөн хуумгай дүгнэлт хийжээ.  Иймд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх  журмыг хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.Болд-Эрдэнэ нь шүүхэд гаргасан үндсэн зээл 10.000.000 төгрөг, зээлийн хүү 3.025.506 төгрөг нийт 13.025.506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нийт 11.025.506 төгрөгийг хариуцагч “Хөвсгөл АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч тус компаний санхүүгийн тайланд тусгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 2.869.038 төгрөг төлнө үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Н.Болд-Эрдэнэ нь 2011 оны 11 дүгээр сард Төрийн банк /хуучнаар Хадгаламж банк/-наас зээлж авсан 10.000.000 төгрөгийг тус компаний үйл ажиллагаанд зарцуулсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдсан ба талууд энэ талаар маргаагүй байна. 

Нэхэмжлэгч Н.Болд-Эрдэнэ нь 10.000.000 төгрөгийг банкнаас зээлж авсан, зээлийн хүүг би өөрөө төлсөн, тухайн үед хүү тооцох гэрээ байгуулаагүй дараа нь буюу 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хэлцэл хийж банктай байгуулсан зээлийн гэрээний хүүг төлөхөөр тохиролцсон  тул хүү 3.025.506 төгрөг нэхэмжилж байгаа гэж тайлбарлажээ.

Гэрээний оролцогч талууд гэрээний нөхцөлийг өөрчлөх, амаар байгуулсан гэрээг бичгийн хэлбэрт шилжүүлэх, хүүгүй зээлийг хүүтэй болгох, хугацаагүй гэрээг хугацаатай болгох зэрэг нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан  гэрээний  талуудын хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хамаарах ба талуудын хооронд 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан хэлцлийн агуулгыг зохигчид хуульд нийцүүлэн тодорхойлж чадаагүй, гэрээний чөлөөт байдал алдагдсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т заасны дагуу зээлийн хүү шаардах эрх зүйн үр дагавар үүсэхгүй юм.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас 2.869.038 төгрөгийг хариуцагчаас гаргуулж зээл, зээлийн хүү нийт 8.156.468 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б.Чимэдцэрэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “.... 10.000.000 төгрөгийн төлбөрийн талаар санхүүгийн баримтад тусгаагүй байдаг,  компанид мөнгө зээлдүүлэхдээ ТУЗ-с зөвшөөрөл аваагүй, захирал, нягтлан 2 гарын үсэг зурж зээлийн гэрээ байгуулж эрх мэдлээ хэтрүүлсэн, санхүүгийн баримтаар тогтоогдож байгаа 2.869.038 төгрөгийг төлнө” гэх тайлбар нь Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  42 дугаар зүйлийн 42.1-д заасан шаардлагад нийцсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдсан байна.

Нэхэмжлэгч Н.Болд-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар болон түүнтэй холбоотой нотлох баримтыг няцааж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...Шүүх  бодит байдалд нийцсэн шүүхийн дүгнэлт хийж чадсангүй, нэхэмжлэгч тал нотлох баримтаа ирүүлээгүй нь 2.869.038 төгрөгийг гаргуулж шийдэх үндэс болов зэрэг хөнгөн хуумгай дүгнэлт хийсэн тул хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1031 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.840 /ерэн найман мянга найман зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

                  ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                           Т.ГАНБАТ