Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 212/МА2025/00057

 

Б.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 302/ШШ2025/00469 дүгээр шийдвэртэй,  нэхэмжлэгч  **************** оршин суух Б.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн  Статистикийн хэлтэс / дарга Н.Е/-д холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч Б.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Статистикийн хэлтсийн дарга Н.Е, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд, Х.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст холбогдуулан Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.2. Би Б.А- 2012 оны 4 дүгээр сараас эхлэн тус аймгийн Статистикийн хэлтсийн жолоочоор ажиллаж эхэлсэн. Тус байгууллагад 14 дэх жилдээ жолоочоор ажиллаж байгаа.

1.3. 2020 оноос эхлэн дарга Н.Е- нь намайг хавчин гадуурхаж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан надтай ажил гүйцэтгэх гэрээ давхар байгуулан цалин хөлсөө үндэслэлгүйгээр бууруулан хөдөлмөрлөх эрхийг маань зөрчиж ирсэн.

1.4. 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байгууллагын шинэ жилийн үдэшлэг болсон ба хэлтсийн дарга Н.Е- нь судлаач ажилтай К-ийг зодох гээд дайрсан үед түүнийг зогсоох гэж оролдоход намайг ч гэсэн зодож танхайрч биед халдсан тул Цагдаагийн газарт гомдлоо гаргаж байсан. Үүнээс болж Н.Е- намайг ажиллах нөхцөлөөр хангаж өгөөгүй, ажлаас чөлөөлсөн тушаал ч өгөхгүйгээр миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтэс нь үндсэн 6 орон тоотойгоор буюу хэлтсийн дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 3, нягтлан бодогч 1 гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

2.2. Харин Үндэсний Статистикийн Хорооноос улирал тутам зохион байгуулдаг Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа болон ажиллах хүчний судалгааны мэдээлэл цуглуулагчдыг хөдөө сумаас сонгогдсон 10 өрхөөс мэдээ цуглуулахад автомашинаар аюулгүй тээвэрлэн хүргэж, буцаж ирэхэд нь Б.А-, Ж.А нартай Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, гүйцэтгэсэн ажлын хөлсийг сар бүр олгож байсан болохоос түүнтэй байнгын ажлын байр гэж хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулаагүй.

Учир нь, тус хэлтэст жолоочийн орон тоо гэх албан ёсны орон тоо байхгүй юм. Үндэсний Статистикийн Хорооноос тус аймгийн сумдаас санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 10 өрхөөс дээрх Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа, ажиллах хүчний судалгааны мэдээллийг цуглуулахдаа хөдөө сумдад мэдээлэгчдийг тээврийн хэрэгслээр авч явах жолоочийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллуулах ба тус хэлтсээс хэнтэй ч ажил гүйцэтгэх гэрээ хийж, зохих хөлсийг төлж болдог. Учир нь тухайн жолооч нь байнгын ажлын байр биш, зөвхөн хөдөө сумдад мэдээлэл цуглуулагч очиж мэдээлэл цуглуулах үед л мэдээлэгч нарыг тээврийн хэрэгслээр тэдний аюулгүй байдлыг хангаж, мэдээлэл цуглуулах боломжийг бүрдүүлэх буюу сонгогдсон 10 өрхөөс мэдээлэл цуглуулахад нь тээврийн хэрэгслээр авч явж, буцаж ирэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээж гэрээгээр ажиллах л хүн юм.

2.3. Үндэсний Статистикийн Хорооны Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/12 дугаартай тушаалаар Үндэсний Статистикийн хорооны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан орон нутаг дахь хэвийн үйл ажиллагааг хангахад туслах үүрэг бүхий гэрээт албан хаагчийн цалинг тогтоож, гэрээт албан хаагч нь нягтлан бодогчийн ажил үүргийг хавсран гүйцэтгэж байгаа тохиолдолд үндсэн цалингийн 25% хүртэл, нярав, архив, бичиг хэрэг, жолоочийн ажил үүргийг хавсран гүйцэтгэж байгаа тохиолдолд үндсэн цалингийн 15% хүртэл цалин нэмэгдлийг олгохоор тогтоосон байсан боловч дараагаар нь үүнийг өөрчилж, Үндэсний Статистикийн Хорооны даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/161 дугаартай “Аймаг, нийслэл, дүүргийн Статистикийн газар, хэлтсийн орон тоог шинэчлэн тогтоох тухай” тушаалын 2 дугаар хавсралтаар Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн бүтэц, орон тоо, албан тушаал, ангилал, зэрэглэлийг баталсан бөгөөд тус хэлтэс нь уг 2 хавсралтаар хэлтсийн дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 3, зохион байгуулагч 1 гэж нийт 6 хүний орон тоотой батлагдсан. Дараа нь Үндэсний статистикийн хорооны даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/166 дугаар тушаалаар “Аймгийн статистикийн хэлтсийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтаар Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтэс нь (хэлтсийн дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 3, нягтлан бодогч 1 гэж нийт  6 орон тоотойгоор бүтэц нь батлагдаж энэхүү бүтэц орон тоогоор өнөөдрийг хүртэл явж байгаа. Иймд тус хэлтэст дээд газраас баталж өгсөн дээрх үндсэн 6 орон тоогоос өөр жолоочийн орон тоо байхгүй бөгөөд хөдөөгийн багуудаас судалгаа авах үед ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулж байгаа жолоочийг байнгын ажлын байр гэж үзэх үндэслэлгүй юм. Тус хэлтсээс ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулж байсан Б.А-тай 2022 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээг 2024 онд шинэчилж, нэг жилийн хугацаатайгаар байгуулан ажиллуулсан ба гэрээний хугацаа нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан. 2025 оны 01 дүгээр сард хөдөө сумуудаас 10 өрхөөс очиж мэдээ авах мэдээлэл цуглуулагч нар тухайн ажлаар явах гэхэд Б.А- нь 2025 оны ажил гүйцэтгэх гэрээг дахин байгуулахаар ирээгүй, гэрээ байгуулаагүй.

2.4. Гэтэл тухайн сарын мэдээлэл цуглуулах хугацаа нь болсон тул судалгааны ажлыг тасралтгүй хэвийн явуулахын тулд мэдээлэл цуглуулагчийг өөр жолоочтой ажил гүйцэтгэх гэрээ байгуулж явуулсан болно. Б.А- нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэлтсийн дарга надад ирж би энэ ажлыг цаашид хийхгүй, Улаанбаатар хотод очиж өөр ажил хийхээр явах байх, би өөрийнхөө замыг хөөе, надад ажил олдоно гэж гарч явсан. Түүний энэхүү үйлдэл нь ажил гүйцэтгэх гэрээнээс өөрөө татгалзсаныг илтгэх юм. Гэвч Б.А- нь хөдөө сумдаас мэдээлэл цуглуулах ёстой хугацаа өнгөрсний дараа буюу 2 дугаар сарын 19-ний өдөр ирж, өмнөх ажлаа хийхийг шаардсан боловч тухайн үед түүнийг ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулах шаардлага үүсээгүй бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын мэдээлэгч нар мэдээллийг өөр жолоочоор очиж авсан байх тул Б.А-тай тухайн ажлыг хийлгэх шаардлагагүй болсон. Мөн хуулийн дагуу ажил гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож тухайн сарын Б.А-аар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагагүй болсон юм. Учир нь тухайн сарын мэдээллийг тухайн сардаа л цуглуулж дээд газарт хүргүүлэх юм. Нэгэнт Б.А- нь зөвхөн мэдээлэл цуглуулагч нар хөдөө сумдаас мэдээлэл авахаар очих үед л ажил гүйцэтгэх гэрээний дагуу тээврийн хэрэгслээр авч очих үүрэгтэй тул түүнд ажил гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй буюу тухайн үеийн ажлыг өөр жолоочоор гүйцэтгүүлсэн болно.

2.5. Мөн Б.А- нь ажил гүйцэтгэх гэрээг зөрчиж, хариуцуулж өгсөн автомашинд засвар үйлчилгээг гэрээнд заасны дагуу хийгээгүй буюу тээврийн хэрэгслийг үзлэг, оношилгоонд хамруулах зардлыг тус хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Авто тээврийн үндэсний төвийн Баян-Өлгий аймаг дахь салбарт шилжүүлсэн боловч авто машиныг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хамруулаагүй зөрчил гаргаснаар авто машины үзлэг оношилгоонд миний бие 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өөрөө машиныг тус төвд авч очиж хамруулсан болно. Мөн машины эд анги болох амортизатор эвдэрснийг хэлж солиулаагүй, босоо тэнцүүлэгч нь мултарсныг анзааралгүй явсан. 2025 оны эхний сарын тогтоосон хугацаанд мэдээлэл авах мэдээлэгч нарыг тээврийн хэрэгслээр авч явах үүргээ биелүүлээгүй зэрэг гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул түүнтэй ажил гүйцэтгэх гэрээг үргэлжлүүлэн хийх шаардлагагүй болсон.

2.6.Иймд гомдол гаргагч Б.А- нь Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн батлагдсан бүтэц орон тоонд ажиллаж байгаа албан хаагч биш бөгөөд тус хэлтэст жолоочийн албан ёсны баталсан орон тоо байхгүй тул түүнийг жолоочийн ажилд эгүүлэн тогтоох боломжгүй тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 302/ШШ2025/00469 дүгээр шийдвэрээр:

3.1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.А-ыг  Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн жолоочоор үргэлжлүүлэн ажиллуулахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн даргад даалгаж,

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн дарга Н.Е- би “Жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202-5 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 302/ШШ2025/00469 дугаартай шийдвэрийг 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан журмаар давж заалдах гомдол гаргаж байна.

4.2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 302/ШШ2025/00469 дугаартай шийдвэрийн “Үндэслэх нь" хэсгийн 10-рт нэхэмжлэгч Б.А-ыг хариуцагчийн зүгээс “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажилласан гэх боловч “хөлсөөр ажиллах гэрээ” байгуулан ажилласан байна гэж шүүх дүгнэсэн нь нотлох баримтыг хуульд заасан журмаар дүгнээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д  'гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196,1.2-д “гэрээг бичгээр байгуулах нөхцөлд баримт бичиг үйлдэж, талууд гарын үсэг зурах, бусад байдлаар хүлээн зөвшөөрснийг илэрхийлсэн үйлдэл хийснээр гэрээг байгуулсанд тооцно” гэжээ. Гэрээний талууд болох захиалагч Статистикийн хэлтсийн дарга Н.Е-, ажил гүйцэтгэгч Б.А- нар 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “жолоочтой байгуулах ажил гүйцэтгэх гэрээ” 01 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээний эрх зүйн зохицуулалтыг Иргэний хуулийн “гучин нэгдүгээр” бүлэгт заасан “ажил гүйцэтгэх гэрээ”-ний зохицуулалт болох Иргэний хуулийн 343-358 дугаар заалтуудаар зохицуулахаар гэрээний талууд тохиролцон гарын үсэг зурж, гэрээний агуулгыг “ажил гүйцэтгэх гэрээ” гэж тохирсон тул шүүхээс “хөлсөөр ажиллах гэрээ” гэж дүгнэх нь иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасныг зөрчсөн байна.

4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 13-рт “хариуцагч тал Б.А-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ’’-ээс Иргэний хуулийн 221 дүгээр зүйл, 225 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байхад гэрээнээс татгалзах, цуцлах шийдвэр гаргасан, энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй гэж хэрэгт хамааралгүй буруу дүгнэлт өгчээ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан “гэрээнээс татгалзах” зохицуулалт нь зөвхөн урт хугацаатай гэрээнд хамаарах ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан “гэрээнээс татгалзах” зохицуулалт нь “гэрээ зөрчсөний улмаас нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах” нөхцөл байгаа юм. Энэ хоёр зохицуулалт бидний маргааны үйл баримтад огт хамаарахгүй юм.

4.4. Нэхэмжлэгч Б.А-ын хувьд гэрээний талууд 2024 онд ажил гүйцэтгэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан байх ба гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байдаг. Харин нэхэмжлэгч Б.А- нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсныг мэдсээр байж, 2025 оны 3 дугаар сар хүртэл захиалагчтай шинээр гэрээ байгуулах санал гараагүй, ажлын байранд огт ирээгүй учир захиалагч тал өөр этгээдтэй гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон байна. Нэгэнт Б.А-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусгавар болсон" тул Иргэний хуулийн зохицуулалтаар талуудын хооронд “үүрэг дуусгавар” болсон байдаг.

4.5. 3асгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрэгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл”-ийн “дөрөв” дүгээр бүлгийн 4.1,1-д заасан цөөн хүнтэй төсвийн байгууллагад Статистикийн хэлтэс тооцогдох бөгөөд тухайн журмын 3.5 дахь хэсэгт зааснаар “талууд гэрээг жил бүр дүгнэх, цааш нь сунгах, эсвэл цуцлах эрхийг Төсвийн захирагчид олгосон байдаг билэн. Мөн журмын 4.3 дахь хэсэгт “жолооч” гэх ажлын байрыг гэрэгээр гүйцэтгүүлэхээр тогтоосон юм. Иймд Б.А-ыг “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулан ажиллуулж, хугацаа дууссан үндэслэлээр гэрээг сунгаагүй явдал хууль зөрчөөгүй болно.

4.6. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт “... захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж, мөн Хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалт болох 364 дүгээр зүйлийн 364.1-д “Хөлсөөр ажиллаах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж заасан байгааг анхан шатны  шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд давж заалдах шатны шүүхээс хүсэх нь:

4.7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 302/ШШ2025/00469 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Энэ нь Б.А-ын нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэрэг юм. Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 302\ШШ2025\00469 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.2. Анхан шатны шүүх Б.А-ын нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн даргад холбогдох жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

5.3. Тус хэлтэс нь үндсэн 6 орон тоотой буюу хэлтсийн дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 3, нягтлан бодогч 1 тус тус ажилладаг нь харин жолоочийн үндсэн орон тоо байдаггүй бөгөөд Үндэсний Статистикийн Хорооноос улирал тустам зохион байгуулагдах Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа болон Ажиллаж хүчний судалгааны мэдээлэл цуглуулагчдыг хөдөө сумаас сонгогдсон 10 өрхөөс мэдээ цуглуулахад автомашинаар аюулгүй тээвэрлэн хүргэж, буцаж ирэхэд түр хугацаагаар ажил гүйцэтгэх гэрээгээр хүн авч ажиллуулдаг нь хариуцагч талаас иргэний хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна.

5.4. Ажил олгогчоос жолооч Б.А-тай 2024 оны 12 дугаар сарын 31-ний  өдөр хүртэл ажиллахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байсан ба уг гэрээний хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан байна. Ингэхээр  Б.А- нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэлтсийн дарга Н.Е-тай уулзаж Би энэ ажлыг цаашид хийхгүй, Улаанбаатар хотод очиж өөр ажил хийхээр явна, би өөрийнхөө замыг хөөнө, надад ажил олдоно” гэж хэлж байсан нөхцөл байдал, Б.А-ын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн ажлын хэсгийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн акт зэргээр уг ажил гүйцэтгэх гэрээг цаашид сунгах шаардлагагүй болсон гэж үзэж байна.

5.5. Анхан шатны шүүх нь иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ’’ гэснийг зөрчиж үндэслэл муутай хууль зүйн дүгнэлт хийсэн нь уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

5.6. Өөрөөр хэлбэл ажил олгогч А.А-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан байхад анхан шатны шүүх зориуд мушгин хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан мэтээр үйл баримтыг дүгнэж байгаа явдалд гомдолтой байна.

5.7. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 130\ШШ2024\00469 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч А.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтэст олон жил ажилласан. Би тухайн байгууллагад зөвхөн жолооч биш, бичиг хэрэг зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэж, тогтмол цалин авдаг байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж байсан. Урьд өмнө нь тухайн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Шинэ жилийн өмнө нь бүх ажлаа дуусгаж, тайлан өгөөд, ямар нэгэн зөрчил дутагдалгүй, байгууллагын шинэ жилийн цэнгүүнд орсон.

6.2. Тэр үед зодоон цохионы асуудал гараад, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажилдаа ирсэн чинь дарга өрөөнд оруулж, уурлаж, загнасан. Би 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл ажил дээр байсан. Дарга намайг үл тоогоод, урьд өмнө нь ажилд гарахаас өмнө нь “судалгаанд бэлдээрэй, тээврийн хэрэгсэлд хийх юм байна уу” гэж асуудаг байсан. Тэр нь ч байхгүй. 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр даргатай уулзаж, “би юу хийх үү” гэхэд “чамд хийх ажил байхгүй” гэсэн. Надад гэрээг цуцалсан талаар ямар нэгэн юм хэлээгүй. Судлаач нарын өрөөнд өдөрт 2-3 цаг суугаад явдаг байсан. Гэрч нар худлаа мэдүүлэг өгсөн байна.

6.3. Надад гэрээг цуцалсан талаар ямар нэгэн зүйл мэдэгдээгүй, би нэг сар бүтэн ажлын байранд очиж, явдаг байсан. Би 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр даргын өрөөнд ороод “дарга би яах уу” гэхэд “та одоо амиа бодсон нь дээр байх аа” гэсэн. Тэрний дараа би гомдол гаргаж эхэлсэн. Өвлийн хүйтэнд ажлаас гаргасан, эхнэр маань өвчтэй, би гэр бүлээ тэжээж байгаа ганц хүн, ядаж хавар 5,6 дугаар сард ажлаас гаргавал би гомдохгүй байсан, өвлийн хүйтэнд ажлаас гаргасан. Дарга хоёр талаас ямар нэгэн зөрчил гараагүй бол гэрээ хэвээрээ сунгагдаад явдаг гэж хэлдэг байсан. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дарга  тээврийн хэрэгслийг өөрийн хашаанд оруулж авсан байна.  Тухайн тээврийн хэрэгсэл наад дээр байсан бол би өөрөө засвар хийх байсан. Шинэ жилийн цэнгүүнд зодоон цохионы асуудал гарсны маргааш нь тээврийн хэрэгслийг хашаанд оруулж авсан.

6.4. Нягтлан бодогч, судлаач хоёр гэрчээр мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ядаж би зөрчил гаргасан бол ажилчдын хурал дээр, “Б.А- зөрчил гаргасан, машиныг үзлэгт оруулаагүй” гэж сануулж хэлбэл би тухайн ажлыг хийх байсан. Би шүүхэд гомдол гаргасны дараа миний гарын үсэг зураагүй акт тогтоосон баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн байна. Тээврийн хэрэгслийг үзлэгт 12 дугаар сарын 20 хэдний өдөр оруулах ёстой байсан. Тэр үед би хөдөө судалгаанд явж байсан, хөдөөгөөс ирэнгүүт шинэ жилийн цэнгүүн болсон.  2025 оны 01 дүгээр сарын 1, 2-ны өдрүүд тээврийн хэрэгслийг үзлэгт оруулах боломжтой байсан. Гэхдээ машиныг дарга өөрийн хашаанд оруулж авсан тул оруулах боломжгүй болсон.

 

 

ХЯНАВАЛ:

 

            7. Б.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст холбогдох тус хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай маргааныг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

            8. Ажилтан Б.А- нь “2012 оноос аймгийн Статистикийн хэлтэст жолоочоор ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах орон тоонд ажил гүйцэтгэх гэрээ байгуулан цалинг үндэслэлгүйгээр бууруулсан, 2024.12.29-ний өдөр байгууллагын шинэ жилийн үеэр Н.Е- бусдыг зодох гэж дайрах үед саад хийх гэсэн Б.А-ыг зодсон тул цагдаад гомдол гаргасан. Үүний улмаас ажиллах нөхцөлийг нь хангахгүй, ажлаас чөлөөлөх тушаал ч өгөхгүйгээр хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн” гэж үзэж, жолоочийн ажилд нь эгүүлэн тогтоохыг хүсэж нэхэмжлэл гаргасан;

            Хариуцагч дээрх гомдлыг эс зөвшөөрч “Тус хэлтэс нь 6 орон тоотойгоор ажилладаг бөгөөд жолоочийн албан ёсны орон тоо байхгүй. Б.А-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулаагүй, харин автомашинаар мэдээлэл цуглуулагчдыг тээвэрлэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээгээр 2022 оноос 2024 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай ажиллуулсан. 2025 оны 01 дүгээр сард гэрээний хугацаа дууссаны дараа Б.А-тай дахин гэрээ байгуулаагүй тул өөр жолоочтой гэрээ байгуулан ажиллуулсан. Мөн Б.А- өмнөх гэрээний үүргээ зөрчиж, хариуцсан автомашинд гэрээний дагуу засвар үйлчилгээ хийгээгүй” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж шүүхэд хариу тайлбар ирүүлж талууд маргасан байна.

 

            9. Хэрэгт талуудаас гаргаж өгсөн, зохигчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар:

  • Үндэсний статистикийн хорооны холбогдох шийдвэрийн дагуу Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтэс нь нийт 6 орон тоотой (дарга-1, ахлах мэргэжилтэн-1, мэргэжилтэн-3, нягтлан бодогч-1),
  • байгууллагын бүрэлдэхүүнд жолоочийн орон тоо батлагдаагүй,
  • харин зохигчийн тайлбар, гэрээг дүгнэсэн акт, ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаагаар Б.А-тай хөдөлмөрийн гэрээ бус, урт хугацаанд хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, жолоочоор ажиллуулж ирсэн ба ажил олгогчоос томилсон ажлын хэсгийн 2024 оны 12 сарын 31-ний өдрийн ажил дүгнэх актаар тэрээр гэрээний дагуу хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн, 
  • тус гэрээг дүгнэсэн актыг үндэслэж Б.А-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг сунгах боломжгүй буюу хугацаа дууссан, гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр ажиллагчид гэрээний дагуу ажил, үйлчилгээг гүйцэтгэх нөхцөл бололцоогоор ажиллуулагч нь хангаагүй, ажиллуулаагүй ба үүнийг гэрээг үүрэг гүйцэтгүүлэгчийн нэг талын санаачилгаар цуцалсан гэж тайлбарласан,
  • үүний дараа 2025 онд ажиллуулагч нь бусад иргэдтэй (А.Б, Ж.А) автомашин хөлслөх буюу тэдгээрийг жолоочоор ажиллуулах хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, Б.А-ын оронд ажиллуулсан,
  • 2024 оны турш хэлтэст нийт 6 ажилтанд тогтмол цалин олгогдсон нь цалин, ажлын цагийн баримтаар тогтоогдсон,
  • гэрчүүдийн мэдүүлгээр Б.А- нь 2024 оны 12 сарын сүүлээр ажилдаа ирэхээ больсон, түүний ажлыг гэрээний дагуу дүгнэсэн боловч ажилгүй болсон шалтгааныг тодорхой мэдэхгүй байна гэх,
  • Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 180 дугаар шийтгэврээр хэлтсийн дарга Н.Е- нь Б.А-, Б.К- нарт холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 29-ний орой “танхайрах, хүний биед халдах” зөрчил үйлдсэн нь тогтоогдож, 100,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж байсан зэрэг үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогджээ.

 

10. Хариуцагчаас талуудын хооронд байгуулагдсан гэрээг шүүхэд гаргаж өгөөгүй, харин 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг дүгнэсэн акт, зохигчийн тайлбар, Б.А-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтууд (2012-2024 оныг дуустал), хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл, Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс болон иргэн Б.А- нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан, 01 дугаартай хөлсөөр ажиллах гэрээгээр “Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулан явуулдаг Өрхөд суурилсан нийгэм, эдийн засгийн болон Ажиллах хүчний судалгааны мэдээлэл цуглуулах ажлаар хөдөө сумуудад мэдээлэл цуглуулагч нарыг тус хэлтсийн мэдлийн автомашиныг жолоодож хүргэх, буцаан авч ирэх” тодорхой ажил, үйлчилгээг ажиллагч Б.А-аар гүйцэтгүүлэх, харин ажиллуулагч аймгийн Статистикийн хэлтэс нь нэгж ажлын тоогоор, сар бүр хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд талуудын хооронд жил бүрийн эцсээр дүгнэгддэг, тогтмол, урт хугацаанд үргэлжилсэн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан нь тогтоогдсон байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн ба хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

11. Ажиллуулагч нь тухайн хөлсөөр ажиллах гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан гэж тайлбарлах боловч энэ талаарх Иргэний хуульд заасан журмыг баримтлаагүй буруутай байна. Тодруулбал, гэрээний талууд гэрээнээс татгалзаж болох боловч энэ процесс нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хуульд заасан журамд нийцсэн байх шаардлагатай ба тус хуульчилсан журам нь гэрээний тогтвортой байдлаас гадна талуудын итгэлцлийг хамгаалах зорилготой юм.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах журмыг, харин 225 дугаар зүйлд гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөнөөс гэрээнээс татгалзах, гэрээг нэг талын санаачилгаар цуцлах журмыг хуульчилсан бөгөөд ажиллуулагч нь ажиллагчтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах болсон үндэслэлээ нотлохоор гэрээг дүгнэсэн ажлын хэсгийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн актыг гаргаж өгсөн боловч уг актад “гүйцэтгэгч нь захиалагчийн тавьсан шаардлагын дагуу техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй, техникийн саатал гарсан үед түүнийг бүрэн арилгаж чадах ур чадваргүй” буюу гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн тухай үндэслэл нь баримтаар болон ажиллагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь гэрчүүдийн мэдүүлгээр тус тус нотлогдоогүй байх тул ажиллагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

 

12. Түүнчлэн ажиллуулагч нь ажиллагчтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнээс татгалзахдаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан нөгөө талдаа мэдэгдэх, гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал тогтоох журмыг биелүүлээгүй. Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтэс нь ажиллагч Б.А-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг нэг талын санаачилгаар цуцлахдаа тухайн гэрээнээс татгалзах болсон үндэслэлээ нотлоогүй, гэрээнээс нэг талын санаачилгаар татгалзах хуульд заасан журмыг зөрчсөн байх тул ажиллуулагчийг ажилтан гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх боломж, бололцоогоор хангах үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж, хариуцагчид талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу Б.А-ыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн жолоочоор ажиллуулахыг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцсэн, шүүх хуулийг маргааны үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

13. Иргэний хуулийн 363 дугаар зүйлийн 363.1 дэх хэсэгт зааснаар ажиллуулагч нь ажиллагчийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, гүйцэтгэх ажлын онцлог, шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмжөөр буюу түүнийг гэрээнд заасан ажил, үйлчилгээг явуулах нөхцөлөөр хангах үүрэгтэй. Гэтэл хариуцагч аймгийн Статистикийн хэлтсийн дарга Н.Е- нь тус хэлтсийн жолоочийн ажлыг хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг Б.А-т тэдгээрийн хооронд үүссэн таарамжгүй харилцааны улмаас байгууллагын тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөхгүй байх, ажиллах орон байраар хангахгүй байх, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үндэслэлгүйгээр дүгнэлт гаргах, Б.А-ын он удаан жил гүйцэтгэж байсан ажил, үүргийг өөр бусад этгээдтэй гэрээ байгуулж, гүйцэтгүүлэх зэргээр ажилтныг гэрээгээр хүлээсэн ажил үүрэг, үйлчилгээгээ явуулах нөхцөлөөр хангагүй нь хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

14. Иргэний хуулийн Гучин хоёрдугаар бүлэгт хөлсөөр ажиллах гэрээг цуцлах тусгайлсан хугацааг хуульчилсан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаанаас үзвэл, талууд нэгж ажлын тоогоор, хөлсийг сар бүр төлж гэрээг хэрэгжүүлдэг байжээ. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 365 дугаар зүйлийн 365.1.3 дэх заалтаар хөлсийг сараар төлөхөөр тохиролцсон бол хөлс төлсөн сарын арван тавны дотор гэрээг цуцлах журам үйлчилнэ. Харин хуулийг уг заалтыг хэрэгжүүлж, талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээг хэзээ, хэрхэн цуцалсан тухай ажиллуулагчийн үйл ажиллагаа хуулийн уг заалтад нийцээгүй байна.

 

15. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг агуулгаар нь хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх зарчмыг хангах үүднээс талуудын хооронд 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан, 01 дугаартай хөлсөөр ажиллах гэрээний нөхцөлөөр ажилтан Б.А-ыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн жолоочоор ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгож, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын шинжтэй өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч төсвийн байгууллагын давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 302/ШШ2025/00469 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн эхний заалтад “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс болон иргэн Б.А- нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 01 дугаартай хөлсөөр ажиллах гэрээнд заасан нөхцөлөөр ажилтан Б.А-ыг ажиллуулагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн жолоочийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагч буюу Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн дарга Н.Е-д үүрэг болгосугай” гэж найруулгын шинжтэй өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК