Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 212/МА2025/00058

 

А.Ж-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 302/ШШ2025/00557 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч  *************** багт оршин суух А.Ж-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч **************** багт оршин суух, О.С-д холбогдох,

 

“5,230,350 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч А.Ж-, хариуцагч О.С-,  хариуцагчийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Нэхэмжлэгч А.Ж- нь хариуцагч О.С-, хамтран хариуцагч Б.Б- нарт холбогдуулан 5,230,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.2. “З” гэдэг дэлгүүр надаас тамхийг зээлээр авч, төлбөрийг нь төлөөгүй. Тухайн үед “З” дэлгүүрийг О.С- ажиллуулж байсан.

1.3. Хамгийн анх 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр надаас зээлээр тамхи худалдаж авсан. Сүүлд нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тамхи зээлээр худалдаж авсан байдаг. Нийтдээ 5,230,350 төгрөгийн барааг зээлдэж авсан.

1.4.Тухайн үед О.С-тай тохиролцож, надаас барааг зээлээр худалдаж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч А.Ж-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан 5,230,350 төгрөгийн үнэтэй тамхийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр З нэртэй хүнсний дэлгүүрийн нэр дээр авсан. Тус дэлгүүр нь миний эхнэр Б.Б-ы нэр дээр бүртгэлтэй дэлгүүр байгаа.

2.2.Дээрх барааг хүлээн авч дэлгүүрт байрлуулсны дараа Б.Б-, бид хоёр хоорондоо муудалцаж одоо тусдаа амьдарч байгаа. 2025 оны 03 дугаар сарын эхээр би гэрээсээ явсан ба одоо эцэг эхийн гэрт амьдарч байна. Тэрнээс хойш уг дэлгүүрийг Б.Б-ы ээж А.Ш ажиллуулж байгаа.

2.3.Би гэр орноос явахдаа дэлгүүрээс ямар нэгэн эд зүйл авч яваагүй, дээрх тамхи дэлгүүрт үлдсэн. Уг нь тамхийг борлуулж орлогоос нь үнийг төлөх ёстой боловч Б.Б-, түүний ээж А.Ш- нар мөнгийг шилжүүлэхгүй байгаагаас дээрх маргаан үүсээд байгаа.

2.4.Өмнө нь дэлгүүрийг миний бие ажиллуулж орсон орлогоос барааны үнийг тухай бүрт нь төлж явдаг байсан. Би дээр дурдсан шалтгаанаар гэр орноос явснаас хойш дэлгүүрээс нэг ч төгрөг аваагүй. Анх дээрх тамхийг авахдаа “З” дэлгүүрийн нэрээр авсан, зарлагын баримтад “З” дэлгүүрийн нэр бичигдсэн учир дээрх мөнгийг би төлөх ёсгүй. А.Ж- нь “З” дэлгүүрийн нэрээр нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хамтран хариуцагч Б.Б-ы хариу тайлбар, татгалзал:

3.1.Миний бие Б.Б- нь Өлгий сумын 11 дүгээр багт байрлах З дэлгүүрийн эзэн болох нь үнэн болно.

3.2.Надад ирсэн С- болон Монгол тамхи ХК хэрэгт би холбоогүй, энэ мөнгөний асуудалд холбоогүй. Энэ дэлгүүрийг анх нээсэн цагаас хойш нөхөр болох С- бараагаа татах, буцаалт, төлөлт зэргийг 100 хувь хариуцаж ажиллуулдаг байсан. Хаанаас ямар бараа татаж, өгч авч байгааг би мэддэггүй байсан.

3.3. Би өөрөө ажилтай, ажлын 8 цаг тухайн байдлаасаа шалтгаалж илүү цаг, нэмэгдэл цагаар ажилладаг байсан учраас дэлгүүрт хяналт тавих боломжгүй байлаа.

3.4. 2025 оны 02 сарын 27-ны өдөр гэр бүлийн маргаан гарч С- намайг зодож биед минь гэмтэл учруулж хаяад явсан. Түүнээс хойш нэг ч удаа холбоо бариагүй. Түүнээс хойш дэлгүүрийн бараа татдаг байгууллагуудаас мөнгө нэхэгдэж ирэх болсон. Өнгөрсөн оны 9 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сар хүртэл авсан бараа гээд 20,000,000 төгрөг, мөн дээрээс нь миний нэр дээр байсан машиныг банк бусад 10,000,000 төгрөгийн барьцаанд тавиад явсан байсан. Түүнээс хойш машинаа чөлөөлж аваад бас бус бараа авсан байгууллагад руу нийт 4,069,250 төгрөгийг төлөөд байна.

3.5. Тиймээс одоо би энэ хүний нэг ч төгрөгийг хариуцаж төлөлцөхгүй. Тухайн үед өөрөө дэлгүүрээ хариуцаж ажиллуулж байсан бүх асуудлаа өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.6.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Зарлагын баримт, 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Зарлагын баримт, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Зарлагын баримт, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Зарлагын барим зэргийг гаргаж өгсөн

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 302/ШШ2025/00557 дугаар шийдвэрээр:

4.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.С-аас худалдан авсан барааны үнэ 5,230,350 (таван сая хоёр зуун гучин мянган гурван зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ж-т олгож,

4.2. Хамтран хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

4.3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,636 (ерэн найман мянган зургаан зуун гучин зургаан) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.С-аас 98,636 (ерэн найман мянган зургаан зуун гучин зургаан) төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ж- олгож шийдвэрлэжээ.  

 

5. Хариуцагч О.С-ы давж заалдах гомдлын агуулга:

5.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 302/ШШ2025/00557 дугаартай шийдвэрээр О.С- надаас худалдан авсан барааны үнэ 5,230,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ж-т олгохоор шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

5.2. Миний бие нэхэмжлэлд дурдсан 5,230,350 төгрөгийн үнэтэй тамхийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “З” нэртэй хүнсний дэлгүүрийн нэр дээр авсан. Тус дэлгүүр нь миний эхнэр Б.Б-ы нэр дээр бүртгэлтэй дэлгүүр байгаа бөгөөд бүх баримт бичгүүд нь түүний нэр дээр байдаг. Дээрх барааг хүлээн авч дэлгүүрт байрлуулсны дараа Б.Б-, бид хоёр хоорондоо муудалцаж одоо тусдаа амьдарч байгаа.

5.3. 2025 оны 03 дугаар сарын эхээр би гэрээсээ явсан ба одоо эцэг эхийн гэрт амьдарч байна. Тэрнээс хойш дээрх дэлгүүрийг Б.Б-ы ээж А.Ш- ажиллуулж байгаа. Би гэр орноос явахдаа дэлгүүрээс ямар нэгэн эд зүйл авч яваагүй, дээрх тамхи дэлгүүрт үлдсэн.  Уг нь авсан тамхийг борлуулж орлогоос нь үнийг төлөх ёстой боловч Б.Б-, түүний ээж А.Ш- нар мөнгийг шилжүүлэхгүй байгаагаас дээрх маргаан үүсээд байгаа юм. Өмнө нь дэлгүүрийг миний бие ажиллуулж орсон орлогоос барааны үнийг тухай бүрт нь төлж явдаг байсан.

            5.4. Би дээр дурдсан шалтгаанаар гэр орноос явснаас хойш дэлгүүрээс нэг ч төгрөг аваагүй. Анх дээрх тамхийг авахдаа “З” дэлгүүрийн нэрээр авсан, зарлагын баримтад “З” дэлгүүрийн нэр бичигдсэн учир үнийг би төлөх ёсгүй.

5.5.Би энэ талаар шүүхэд гаргасан тайлбарт тодорхой дурдаж тэрний дагуу Б.Б-ыг хамтран хариуцагчаар татаж оролцуулсан боловч түүнийг хамааралгүй гэж үзэж түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

5.6. Б.Б- шүүхэд гаргасан тайлбарт З дэлгүүрийн эзэн мөн болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд дэлгүүрийг анх нээсэн цагаас хойш нөхөр болох С- бараагаа татах, буцаалт, төлөлт зэргийг 100 хувь хариуцаж ажилладаг байсан талаар, мөн м2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлийн маргаан гарч С- зодож биед гэмтэл учруулж хаяад явсан талаар тодорхой дурдсан.

5.7. Дээрх үйл явдал тамхи худалдаж авсан 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 10 хоногийн дараа болсон бөгөөд дээрх 10 хоногийн хугацаанд 5,230,350 төгрөгийн барааг худалдан борлуулах ямар ч боломжгүй.

5.8. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ “З” дэлгүүр нь хэний нэр дээр бүртгэлтэй байгаа, хуулийн этгээдээр бүртгүүлсэн эсэх талаарх холбогдох баримт бичгүүдийг хамтран хариуцагчаас гаргуулах, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 5,230,350 төгрөгийг тамхийг “З” дэлгүүрийн нэр дээр авсан уу, эсхүл О.С- гэдэг хувь хүн авсан уу гэдгийг тодруулсны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байсан.

5.9. Гэтэл анхан шатны шүүх зарлагын падаан дээр миний бие гарын үсэг зурсан гэдгийг үндэслэн тамхины үнэ 5,230,350 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

5.10. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 302/ШШ2025/00557 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх руу буцаах шийдвэр гаргаж өгнө үү.

 

6. Нэхэмжлэгч А.Ж-ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Хариуцагч О.С- барааг компани нэр дээр авсан гэж байна. Би 2025 оны 2 дугаар сард “З” гэдэг дэлгүүрт очиж  “барааны тамхи авсан тооцоогоо хийнэ үү” гэхэд Б-ы  ээж нь “наад тооцоог би огт мэдэхгүй. “З” гэдэг дэлгүүрийг 02 дугаар сарын 29-ний өдөр О.С-аас хүлээлгэж авсан. Тэрнээс өмнө нь хийсэн тооцоог мэдэхгүй, О.С- ямар компаниас ямар бараа авсныг би  мэдэхгүй, барааг авсан хүн мөнгийг чинь өгнө” гэж явуулсан. Тэгээд би О.С-д  хэлэхэд  “би төлж чадахгүй, Б-  мэднэ” гэсэн.

 

ХЯНАВАЛ:

 

            7. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй учраас хэрэгт цугларсан процессын нотлох баримтуудаар тогтоогдсон дараах нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцож, шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

            8. Нэхэмжлэгч А.Ж- нь хариуцагч О.С-д холбогдуулж худалдах-худалдан авах гэрээний үнэ 5,230,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

            9. Хэрэгт цугларсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэлд мөн сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 5 дугаар сарын 08-ны өдөр гардуулахаас өмнө 07-ны өдөр “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх, үүрэг”-ийг бичгээр танилцуулж, хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр хариу тайлбараа ирүүлсэн, шүүх 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх товыг мөн сарын 26-ны өдрийн 13:30 цагт тогтоож, тус шүүх хуралдаанаас шүүгчийн 01689 дугаар захирамж гарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Б-ыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, шүүх хуралдааныг хойшлуулж, тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар үргэлжлүүлэн явуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

 

            10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийг шүүгч дангаар, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх бөгөөд мөн зүйлийн 751.1.1 дэх заалтаар бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах тухай маргаан үүнд хамаарна. Энэ нь шүүхэд эрх олгосон бус, харин үүрэг болгосон зохицуулалт бөгөөд хуульд заасан тохиолдолд хэрэг маргааныг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх тухай процессын хэм хэмжээний зохицуулалтыг чандлан баримтлах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчим юм.

 

            11. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Ж-ийн хариуцагч О.С-д холбогдуулж гаргасан худалдах-худалдан авах гэрээний дагуу 5,230,350 төгрөгийн мөнгөн хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг “ердийн журмаар” хянан шийдвэрлэхдээ:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянаан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн  752.1 дахь хэсэгт “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, ... шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж, 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчийг татан оролцуулсан гэх шалтгаанаар хойшлуулсан буюу хэргийг нэг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн,
  2. Мөн хуулийн 755 дугаар зүйлийн 755.1 дэх хэсэгт “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ... хамтран  хариуцагч татан оролцуулах ажиллагаа хийгдэхгүй” гэж гэсэн хориглосон, императив шинжтэй зохицуулалтыг зөрчиж Б.Б-ыг тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулж, эрх үүрэг танилцуулан, хариу тайлбар авч, улмаар түүнд холбогдох нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
  3. Мөн хуулийн 757 дугаар зүйлийн 757.1.1 дэх заалтад “нэхэмжлэл гаргах, эсхүл иргэний хэрэг үүсгэхдээ энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасныг зөрчсөн”, 757.1.2 дахь заалтад “тухайн хэрэг нь эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байж болзошгүй...” гэсэн аль ч нөхцөл байдал хэргээс тогтоогдоогүй байхад, энэ талаар бодитой хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01689 дүгээр шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсгийн 3 дахь заалтаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийг ердийн журмаар үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд харшилсан, хуулиар тогтоосон тусгай журмыг илтэд баримтлаагүй байна.

 

12. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж, 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтад “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” гэж, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтад “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар1 бүлгээр зарим төрлийн бага үнийн дүнтэй иргэний хэрэгт тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд энэхүү нэмэлтийн үзэл баримтлал нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг ердийн бусад хэргээс богино хугацаанд, хялбар, зардал багатай журмаар шийдвэрлэх зорилготой юм.

 

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Ж-ийн хариуцагч О.С-д холбогдуулж гаргасан худалдах-худалдан авах гэрээний дагуу 5,230,350 төгрөгийн мөнгөн хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хуульд заасан тусгай журмаар шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, тус хэргийг нэг шүүх хуралдаанаар, хамтран хариуцагчийг татан оролцуулахгүйгээр, мөн хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдох тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

14. Шүүхийн хууль зөрчсөн дээрх үйл ажиллагаа нь хэргийн оролцогч нарын тус хэргийг тусгайлсан журмаар буюу харьцангуй богино хугацаанд, хялбар, зардал багатай, ердийнхөөс өөр, хуульд заасан тусгай журмаар шийдвэрлүүлэх позитив буюу хуулиар тодорхойлсон эрхийг зөрчсөн байх тул хариуцагч О.С-ы “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгөн үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй. Хариуцагчийн гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

 

15. Анхан шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийг хууль зөрчиж нэгэнт ердийн журмаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар1 бүлгийг баримтлаагүй, мөн хуулийн 115 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримталж “ердийн журмаар” шийдвэр гаргасан учраас тус шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах хэргийн оролцогчийн үндсэн эрхийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 302/ШШ2025/00557 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч О.С-ы давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,636.00 төгрөгийг төрийн сангийн зохих данснаас шүүгчийн захирамжаар гаргуулж, О.С-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            М.НяМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК