| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0120/э |
| Дугаар | 787 |
| Огноо | 2019-08-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 787
2019 08 28 2019/ШЦТ/787
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, улсын яллагч Б.Мөнгөншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, шүүгдэгч Ж.Э түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа, өсвөр насны шүүгдэгч-хохирогч О.Б түүний хууль ёсны төлөөлөгч Г.Оюунтуяа, өсвөр насны шүүгдэгч-хохирогч Т.Т, түүний хууль ёсны төлөөлөгч С.Цэрэндулам, шүүгдэгч Ж.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А“ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жаргалангийн Энхбаясгалан,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Жагваралдоржийн Цэрэнсодном, Харнууд овогт Оюунтуяагийн Баатархүү,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Тогтохбаярын Тэмүүлэн, Боржигон овогт Жаргалангийн Энхбаясгалан нарт холбогдох “1809053820393” дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 25 настай, эрэгэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, эх нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Алтайн 14-77 тоотод оршин суух бүртгэлтэй,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргий анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заансаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдэлж байгаа, хэрэг хариуцах чадвартай,
Боржигон овогт Жаргалангийн Энхбаясгалан /РД:УЗ94100257/,
2.Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд
боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн 10-9 дүгээр ангийн сурагч, ам бүл 2, ээжийн хамт Баягол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 5-130 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Харнууд овогт Оюунтуяагийн Баатархүү /РД:ДЮ02272317/,
3.Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрдмийн Ундараа цогцолбор сургуулийн 10-3 дугаар ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 32-74 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,
Тогтохбаярын Тэмүүлэн /РД:УЦ03272119/,
4.Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын дотоод засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нрын хамт Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 60-136 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Тугчин овогт Жагваралдоржийн Цэдэнсодном /РД:ДА99011910/,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Шүүгдэгч Ж.Энхбаясгалан нь өсвөр насны яллагдагч Т.Тэмүүжин, О.Баатархүү нарт хүч хэрэглэхгүйгээр заналхийж тэднийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхээр заналхийж довтолж, ай фоне-7 загварын гар утсыг дээрэмдэж 534.000 /таван зуун гучин дөрвөн мянган/ төгрөгний хохирол учруулсан,
-мөн Ж.Ц, өсвөр насны шүүгдэгч О.Баатархүү нарыг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхгүйгээр заналхийж довтолж, түүний эзэмшлийн ай фоне-7 загварын гар утсыг дээрэмдэж 534.000 / таван зуун гучин дөрвөн мянган/ төгрөгний хохирол учруулсан, уг хэрэгт Т.Тг хамжигчаар оролцохыг зохион байгуулсан,
Шүүгдэгч Ж.Ц нь бусадтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхгүйгээр заналхийж довтолж, түүний эзэмшлийн ай фоне-7 загварын гар утсыг дээрэмдэж 534.000 / таван зуун гучин дөрвөн мянган/ төгрөгний хохирол учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч О.Баатархүү нь бусадтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхгүйгээр заналхийж довтолж, түүний эзэмшлийн ай фоне-7 загварын гар утсыг дээрэмдэж 534.000 / таван зуун гучин дөрвөн мянган/ төгрөгний хохирол учруулсан,
-Өсвөр насны шүүгдэгч Т.Т нь урьдчилан амлаж, Ж.Цэдэнсодом, О.Баатархүү нарыг 2018 оным 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхгүйгээр заналхийж довтолж, түүний эзэмшлийн ай фоне-7 загварын гар утсыг дээрэмдэж, 534.000 / таван зуун гучин дөрвөн мянган/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг :
1.1. Шүүгдэгч Ж.Энхбаясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ…Хангал, Нямдаваа нар манай гэрт байсан. Тэгсэн 3 дүү орж ирсэн. Бид хэд танилцаад 6 сар болж байгаа. Би энэ гурвыг мөнгө олж ир гэж хэлсэн нь үнэн, нэрийг нь заалгаж авсан, харин гэмт хэрэг хийгээд ир гээгүй.Харамсаж байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.
1.2. Шүүгдэгч Ж.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ…2018 оны 12 дугаар сарын 4-ны өдөр бид 3 утсаар тоглож байсан. Билгүүнийг сургууль руугаа явах замд нь утсыг нь тосоод авчих гээд өглөө 5 цагт Энхбаясгалан ах бид гурвыг гэрээс гаргасан. Баатархүү апликэйшн татаад авая гээд утсаа өгөхгүй болохоор нь би цохиод унагана шүү гээд тэгээд утсыг нь авсан, шахалтанд л орсон чадахгүйшдээ ахаа гэж хэлсэн л дээ уг нь, сүртэйн юм гээд байсан, зодсон юм бол байхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хөнгөн ял оноож өгнө үү гэв.
1.3. Өсвөр насаны шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ… Тухайн өдөр 2018 оны 12 дугаар сарын 4-нд бид гурав Энхбаясгалан ахынд байсан.Танилцаад 6 сар л болж байгаа.Энхбаясгалан ах намайг 00-д дагуулж ороод гайгүй утастай хүүхэд зааж өг гэж айлгаад, хохий шүү дараа нь яахыг мэдэж байгаа биздээ гээд байсан. Тэгээд би Билгүүнийг зааж өгсөн. Өглөө нь Баатархүү, Цэдэнсодном хоёр утсыг нь очиж авсан, цаашаа юу болсныг мэдэхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1.4. Өсвөр насны шүүгдэгч О.Баатархүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ… Тухайн өдөр хэрэг гарахын өмнө нь бид 3 утсаар тоглоод жижиг өрөөнд хамт байж байсан. Энхбаясгалан ах чанар шалгана гээд өглөө очиж утас дээрэмдэх арга зааж өгсөн.Ямар ч хамаагүй аргаар авчих гээд байсан.Миний дүүг дээрэлхсэн байна гэж хэлээд дагуулаад явсан. Билгүүнээс аль болох хүч хэрэглэхгүйгээр эвээр утсыг нь авахыг оролдсон. Тэгээд кодоо хэлэхгүй болохоор нь хэл амаар сүрдүүлж утасынх нь кодыг хийлгэсэн. Авсан утсаа Цэдэнсодномд өгсөн. Цэдэнсодном Энхбаясгалан ахад утсаа өгсөн гэсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тэнсэж өгнө үү гэв.
1.5. Өсвөр насны шүүгдэгч Т.Тгийн хууль ёсны төлөөлөгч С.Цэрэндулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..манай хүүхэд ер нь мундаг сайн олимпиадад ордог хүүхэд. Сүүлийн үед доошоо хараад яваад байсан юм. өдөр болгон 30 мянган төгрөг өгдөг. Одоо манай хүүхэд нүхнээсээ гардаггүй хулган шиг гэртээ байгаа гэв. Энэ зүйл ангийг мэдэж байгаа гэв.Их сайн хүүхэд юм байгаа юм. Түц-нд ажиллаад анхаарал суларсан байхад ийм юм болж. Би одоо фитнест ажиллаж байгаа гэв.
1.6 Өсвөр насны Өсвөр насны шүүгдэгч О.Баатархүүгийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...миний хүү 2 дүүгээ хараад гэрээс гардаггүй байсан. Сүүлийн үед энхүүш ах хоолонд оруулсан гэж нэг яриж байсан. манай нөхөр хөдөө ажилладаг. Манай амьдралын түвшин гайгүй. Эртхэн хэлсэн бол ийм асуудал гаргуулахгүй байсан гэв. Хохиролыг би барагдуулсан гэв.
1.7. Насанд хүрээгүй хохирогч О.Баатархүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ :..дахиж ийм хэрэг хийхгүй. Хохиролоо барагдуулсан. Нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй гэв.
1.8. Насанд хүрээгүй хохирогч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохиролоо барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүний:..Би 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өглөө 07:40 цагийн үед ах Мөнхцогт 99889489, дүү Ууганбаяр 85880514, дүү Энхтуяа 94215687 нарын хамт эгч Болорчимэгийн машинаар хүргүүлэн сургууль дээр буугаад 4 үүлээ хамт сургуул руу алхаж ах Мөнхцогтын найз Мөнхбаясгалан ирээд тэр хоёр түрүүлж алхаад бид 3 ард нь үлдээд алхаж байсан тэгээд яг сургуулийн хажууд явж байсан чинь нэг шар куртиктэй ах миний хажуугаар зөрөхдөө том хараад зөрснийхөө дараа буцаж хүрч ирээд нэг найзтайгаа хамт намайг 8-г ангийн /Батбаярын/ дүү яагаад дээрлэхээд байна гээд бариад авсан. Тэр үед манай 2 дүү сургууль руу орсон тэгээд тэр хооронд намайг цэцэрлэгийн хашаа руу явъя манай дүүгээс очиж уучилалт гуйгаатах гэсэн. Тэгээд би яагаачгүй хүүхэд дээрлэхдэггүй, гээд байж байсан чинь манай 2 найз Дөлгөөн, Сэргэлэн нар хүрээд ирсэн. Тэр хоёрыг харж байснаа та хоёр сургууль руугаа ор гэсэн тэгсэн чинь хонх дуугарсан тэр хоёр ороод манай найз Баттүшиг ирсэн. Бид хоёрыг дагуулж яваад 5 дугаар хорооны тэнд аваачаад дүүгээ хайгаад тэгж байснаа манай Дөлгөөнмөрөн гээд найз ирээд тэгээд бид гурав хамт байж байсан чинь нөгөө хоёрыг алий шүү утасныхаа кодыг хэл гэсэн хуруунынхаа хээг уншуулъя гэсэн чинь алий шүү гээд хэлүүлээд утсыг аваад яваад өгсөн. Бид гурав араас нь очоод агаа утсаа авъя гэсэн чинь энэ утсаа Энхүүшээс аваарай гэсэн. Тэгээд тоохгүй алхаад яваад байсан. Буцаад 5 дугаар хорооны цагдаа дээр очсон чинь байхгүй байсан. Тэгээд сургууль дээр очоод Батсүх менежерт хэлээд манай ангийн хүүхэд Хас жигүүрийн ээж цагдаа дуудсан. 160 см өндөртэй туранхай дуу жижиг биетэй, дух хэсгээрээ батгатай, цайвар царайтай, том хамартай, нүд нь бүлцгэрдүү, хулгардуу чихтэй, ногоон сааралдуу куртиктэй, баруун билүү, зүүн шанаан дээрээ мэнгэ шиг юмтай, бордуу казак шиг царайтай байсан. Хамт явсан намхан нь тэр хүнийг Очироо гээд дуудаад байсан, өндөр нь жоохон бөгтийж явдаг. Сонгинохайрхан дүүргийн 5 шарын 15 дугаар байрны сагсны шийт дээр тоглодог байсан. 15-16 орчим насны ах байдаг. 2018 оны 08 дугаар сард байрны тэнд зөрөөд явж байхад тааралдсан. Хоорондоо юм яриагүй. Тийм сайн танилууд биш. Айфон 7 загварын 2016 оны 08 дугаар сард 1.850.000 төгрөгөөр Гранд плаза төвийн “Ай хаус”-аас худалдаж авсан реүс голд өнгийн дэлгэцэндээ жоохон зураастай дэлгэцийнхээ хажуу хэсэгт нэги сэвтэй гар утас байгаа, гар утсаа 680.000 төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг. /хх-н 18-19/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Т.Тгийн:..манай гэр 3, 4 дүгээр хороололд байдаг. 2018 оны 08 дугаар сарын сүүлээр би ангийнхаа хүүхдүүдтэй 60 дугаар байрны гадна сагсны талбай дээр тоглож байхдаа Ж.Энхбаясгалан ахтай танилцаж байсан. Түүнээс хойш зүгээр л нэг танил ах дүүгийн холбоотой байсан. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баатархүү бид хоёрыг айлгаж сүрдүүлээд хэрэгт холбогдуулсан. Ж.Энхбаясгалан цохих гэж гараараа далайгаад миний үгэнд орохгүй бол яахаа мэдэж байгаа биз дээ би гэрийг чинь мэднэ гэх зэргээр хэл амаараа айлган сүрдүүлж байгаад Баатархүү, Цэдэнсодном нарт гайгүй утастай, хүүхдээ зааж өг гээд байсан. Тэгээд би аргагүйн эрхэнд Б.Билгүүнийг зааж өгч байсан. Зодож цохисон зүйл байхгүй, хэл амаараа айлгаж дарамтлаад байсан гэх мэдүүлэг. /хх-н 96-97/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч О.Баатархүүгийн:.. манай гэр 3, 4 дүгээр хороололд байдаг. 2018 оны 08 дугаар сарын сүүлээр би ангийнхаа хүүхдүүдтэй 60 дугаар байрны гадна сагсны талбай дээр тоглож байхдаа Ж.Энхбаясгалан ахтай танилцаад хэд хэдэн удаа хамт тоглож байсан. Тэмүүлэн бид хоёрыг сагс тоглож байхад Энхбаясгалан хүрч ирээд хоёр дүү ахынхаа гэрийг нүүлгэлцээд өгчих гээд гэрийнх нь эд зүйлийг зөөж өгөөд салсан. Тэгээд түүнээс хойш тааралдахгүй байж байгаад 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Тэмүүлэн бид хоёрыг гэртээ дуудаж хамт хоноод маргааш нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Цэдэнсодном, Тэмүүлэн бид гуравыг айлгаж, сүрдүүлээд уг гэмт хэрэгт холбогдуулсан. Ж.Энхбаясгалан нь Тэмүүлэн бид хоёрыг гэрт нь байхад дүү нарын чанарыг шалгая би маргааш Замын-Үүд явах гээд мөнгө хэрэгтэй байна гээд Тэмүүлэнг 00-ын өрөөрүү дагуулж ороод гайгүй утас барьдаг таньдаг хүнээ зааж өг гэж шахаж айлгасан гэж байсан. Цэдэнсодном бид хоёроос бас гайгүй утас барьдаг хүүхэд байна уу гэж асуухад нь байхгүй гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь бид нарыг Тэмүүлэнгийн зааж өгсөн хүүхдийн гар утсыг нь ямар нэгэн аргаар авч ир хоосон ирж болохгүй шүү. Хэрэв ирэхгүй бол дараа нь уулзана ш дээ лалруудаа хохино шүү гэх зэргээр дарамталдаг байсан. Тухайн хэрэг гарсан өдөр намайг зодож цохиогүй, өмнө нь намайг нэг удаа цохиж байсан. Яагаад тэгэж хэлсэнийг мэдэхгүй байна. Цэдэнсодном өөрөө Энхбаясгалангаас айсандаа тэгж худлаа хэлсэн гэж бодож байна гэх мэдүүлэг. /хх-н 99-100/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Цэрэндолгорын:..Миний хүү Тэмүүлэн нь 2003 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрөх газар төрөөд Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэгт суралцаж байгаад 2009 онд Баянгол дүүргийн 54 дүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн ангид ороод 8 дугаар ангиа төгсөөд Сонгинохайрхан дүүргийн Ирээдүйн цогцолборын 36 дугаар сургуульд шилжин орж 9 дүгээр анги төгссөн. Монгол Солонгосын хамтарсан полотехникийн коллежийн механикчийн ангид 2 cap сураад өөрт нь таалагдахгүй байна гээд сургуулиасаа гараад Баянгол дүүргийн 77 дугаар сургуулийн 10 дугаар ангид шилжин орж одоо суралцаж байна. Миний хүү 6 дугаар ангиасаа сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багт тоглож 3 жил дарааллан цогцолбороосоо алтан медал, 5 дугаар ангидаа ДҮДҮ машины тэмцээнд орж өөрийн бүтээсэн машинаараа 3 дугаар байранд орж хүрэл медаль, ангийнхаа эд аж ахуйн дарга хийдэг. Зан аашийн хувьд их даруухан, үг дуу цөөтэй, хүнд тусархуу, нийтэч, хүний үгэнд амрхан ордог, хүн тэг гэвэл үгүй гэж хэлж чаддаггүй. Би өөрөө амралтын өдөр ч ажилтай байдаг. Манай нөхөр хөдөө ажилдаг, Тэмүүлэн 13 настай, 10 настай 2 дүүгээ харж хоол ундыг нь хийж өгдөг. Миний хүү архи, тамхи хэрэглэдэггүй. Нэг болохгүй байгаа зүйл нь хүнд амархан татагдаж хүний хэлсэн зүйлийг хийх гээд байдаг. Энэ байдал нь 2 удаа хэрэгт холбогдуулж байна. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Цэдэнсодном, Энхбаясгалан нарын хамт энэ хэрэгтэй адилхан хүнээс гар утас авсан гээд шалгагдаад хэрэг нь одоо хаагдсан байгаа. Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Буянжаргал гэдэг байцаагч дээр шалгагдсан гэх мэдүүлэг. /хх-н 28-29/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Наранбаатарын:..Миний эгч Оюунтуяа нь ганц хүүтэй, тэр хүү нь Баатархүү, 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Аав нь Алтанхуяг гэдэг гэдэг хүн байдаг. 6,7 настай байхад нь ээжээс нь салаад хаяад явсан. Баатархүү Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгт суралцаж төгсөөд 7 настай байхдаа буюу 2009 онд Баянгол дүүргийн Эрдмийн ундраа цогцолборын 78 дугаар сургуулийн 1 дүгээр ангид орж одоо 10 дугаар ангид суралцаж байна. Шүлэг зохиох, уран зохиолын хичээлдээ сайн. Би тусдаа гарахаасаа өмнө эгчтэйгээ хамт амьдардаг байсан. Баатархүүгийн хичээлийг нь үзэж даалгаварыг нь хийлгэдэг байсан. Сургуулиас зохион байгуулж байгаа бүх л арга хэмжээнд оролцдог, нийгмийн идвэх их сайтай хүүхэд байгаа. Зан аашийн хувьд их даруухан, уран яруу үг сайн хэлдэг, ээжийгээ сайн харж халамжилдаг, найз охингүй, архи тамхи хэрэглэдэггүй. Хичээл сурлагандаа их сайн гэх мэдүүлэг. /хх-н 30-31/,
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Түвшинжаргалын:..Баатархүү нь 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод байдаг миний эгч Оюунтуяагийн том хүү болж төрсөн, эхээс ганцаараа. Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгт суралцаж байгаад 2009 онд Баянгл дүүргийн Эрдмийн ундраа цогцолборын 78 дугаар сургуулийн 1 дүгээр ангид элсэн одоо 10 дугаар ангид суралцаж байна. Аав ээж хоёр нь бага байхад нь салсан. Ээж нь хувийн цайны газарт үйлчлэгч хийдэг. Одоо ээжтэйгээ ам бүл 2-уулаа амьдардаг. Зан аашийн хувьд их даруухан, үг дуу цөөтэй, хүний үгнээс гараад байдаггүй гэх мэдүүлэг. /хх-н 32-33/,
2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Оюунтуяагийн:.. Би оюутан байхдаа 1998 онд Алтанхуяг гэх залуутай танилцаж Увс аймагт хадмынхаа гэрт хамт амьдарч байгаад 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдөр увс аймгийн Улаангом сумын төрөх эмнэлэгт хүү Баатархүү төрсөн. Миний ганц хүү, хадамуудтайгаа таарахгүй байсан учраас хүүгээ 1 настай байхад нь буюу 2003 онд Улаанбаатар хот руу нөхөр хүүхдийн хамт шилжиж ирээд хороололд амьдарч байсан. Хүү маань 2 настайгаасаа эхлэн Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгт суралцаж байгаад 7 настайдаа буюу 2019 онд Эрдмийн Ундраа цогцолборын 78 дугаар сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж ахлах ангиасаа 77 дугаар сургуульд шилжиж одоо 10 дугаар ангид сурдаг. Миний хүү шүлэг зохиох, унших дуртай, мөн илтгэл бичиж илтгэлийн тэмцээнд ордог. Математикийн кенгерүү олимпиадад оролцож өргөмжлөлөөр, миний дэлгүүрээ зарласан эссе бичлэгийн уралдаанд орж шагнал авч байсан. Зан аашийн хувьд их даруухан, үг дуу цөөтэй боловч надтай их нээлттэй бүх болсон зүйлээ ярьдаг. Надаас ер нь юм нуугаад байдаггүй, миний хүү архи, тамхи хэрэглэгдэггүй. Ангийн багш нь их сайн, хичээл сурлагандаа сайн байдаг. Миний хүү их амархан айдаг тэр байдлыг нь далимдуулаад ийм хэрэгт оруулчихлаа гэх мэдүүлэг. /хх-н 34-36/,
2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Наранцацралын: ...О.Баатархүү нь миний том охины ганц хүү бөгөөд 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Увс аймагт төрөөд 2 настайгаасаа хойш Улаанбаатар суурьшин амьдарч, 78 дугаар сургуульд суралцаж байгаад одоо 77 дугаар сургуулийн 11 дүгээр ангид орно. Миний зээ хүү Баатархүү нь зан байдлын төлөв даруу зантай, хичээл сурлага сахилга батдаа сайн хүүхэд байгаа яаж яваад энэ хэрэгт холбогдсон талаар хэлж мэдэхгүй байна. Баатархүү ямар нэгэн архи тамхи хэрэглэж гадуур тэнээд байдаг хүүхэд биш бөгөөд ээжтэйгээ хоёулаа байр түрээсэлж амьдарч байгаа гэх мэдүүлэг. /хх-н 106-107/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Улсын яллагч:..хавтаст хэргээс 19-20 дугаар хуудас хохирогч Б.Билгүүний мэдүүлэг, 22 дугаар хуудас яллагдагч Т.Тгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 96-99 дүгээр хуудас яллагдагч Т.Тгийн мэдүүлэг, 102-103 дугаар хуудас хохирогч Т.Тгийн мэдүүлэг, 23-24 дүгээр хуудас яллагдагч Ж.Цын гэрчээр өгсөн мэдүүлэг, 39-40 дүгээр хуудас сэжигтэн Ж.Цын мэдүүлэг, 110-111 яллагдагч Ж.Цын мэдүүлэг, 38 дугаар хуудас яллагдагч О.Баатархүүгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 65-68 дугаар хуудас яллагдагч О.Баатархүүгийн мэдүүлэг, 105-106 дугаар хуудас хохирогч О.Баатархүүгийн мэдүүлэг, 56-26 дугаар хуудас яллагдагч Ж.Энхбаясгалангийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 58-59 дугаар хуудас яллагдагч Ж.Энхбаясгалангийн мэдүүлэг, 41 дүгээр хуудас яллагдагч Ж.Энхбаясгалангийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, 124-125 дугаар хуудас хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн тайлан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Минжүүрдорж:..хавтас хэргээс хүч хэрэглээд довтолсон юм байхгүй хууль бусаар авсан байна. Хавтаст хэргээс шүүгдэгч Т.Тгийн мэдүүлэг 22-23 хуудас, 27 30, 31, 33, 34-35 дүгээр хуудас Т.Тгийн хувийн байдлыг тодорхойлсон, 59-62 дугаар хуудас О.Баатархүүгийн мэдүүлэг, 63 дугаар хуудас ял шалгах хуудас О.Баатархүүгийн, 66 дугаар хуудас ял шалгах хуудас Т.Т, О.Баатархүүгийн гэрчээр өгсөн мэдүүлэг 67, 69, 70 дугаар хуудас, 73-83 дугаар хуудас О.Баатархүүгийн хувийн байдлыг тодорхойлсон баримт, 108 дугаар хуудас О.БаатархүүТ.Т нарын нас тоолсон тэмдэглэл, 104-105 дугаар хуудас Ж.Цын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлсэн судлав.
Шүүгдэгч Ж.Энхбаясгалангийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа: ...код хэлүүлэх дээр байгаа болохоос дээрэм дээр хүч хэрэглэсэн юм байхгүй байна. Гэмт хэрэг үйлдэхээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд хохирогчоор тогтоогдож байгаа 2 хүүхдийн ар гэрийн амьдрал тийм ч сайн биш. Хавтаст хэргээс Ж.Энхбаясгалангийн хувийн байдлыг тогтосон баримтыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилэн ирүүлсэн шүүгдэгч Ж.Энхбаясгалан нь өсвөр насны яллагдагч Т.Тэмүүжин, О.Баатархүү нарт хүч хэрэглэхээр заналхийж тэднийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхээр заналхийж довтолж, ай фоне-7 загварын гар утсыг дээрэмдэж 534.000 /таван зуун гучин дөрвөн мянган/ төгрөгний хохирол учруулсан,
-мөн Ж.Ц, өсвөр насны шүүгдэгч О.Баатархүү нарыг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхээр заналхийж довтолж, түүний эзэмшлийн ай фоне-7 загварын гар утсыг дээрэмдэж 534.000 / таван зуун гучин дөрвөн мянган/ төгрөгний хохирол учруулсан, уг хэрэгт Т.Тг хамжигчаар оролцохыг зохион байгуулсан,
Шүүгдэгч Ж.Ц нь бусадтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхээр заналхийж довтолж, түүний эзэмшлийн ай фоне-7 загварын гар утсыг дээрэмдэж 534.000 / таван зуун гучин дөрвөн мянган/ төгрөгний хохирол учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч О.Баатархүү нь бусадтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхээр заналхийж довтолж, түүний эзэмшлийн ай фоне-7 загварын гар утсыг дээрэмдэж 534.000 / таван зуун гучин дөрвөн мянган/ төгрөгний хохирол учруулсан,
-Өсвөр насны шүүгдэгч Т.Т нь урьдчилан амлаж, Ж.Цэдэнсодом, О.Баатархүү нарыг 2018 оным 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхээр заналхийж довтолж, түүний эзэмшлийн ай фоне-7 загварын гар утсыг дээрэмдэж, 534.000 / таван зуун гучин дөрвөн мянган/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхээр заналхийлж довтолж, түүний эзэмшлийн айфоне 7 загварын гар утсыг дээрэмдэж 534 000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Жаргалангийн Энхбаясгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Харнууд овогтой Оюунтуяагийн Баатархүү, насанд хүрээгүй шүүгдэгч Тогтохбаярын Тэмүүлэн, Тугчин овогтой Жагваралдоржийн Цэдэнсодном нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилэх нь зүйтэй байна.
Мөн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Энхбаясгалангийн бусдыг гэмт хэрэгт татан оруулсан гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь зөв байна.
Иймд шүүгдэгч Боржигон овогт Жаргалангийн Энхбаясгаланг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхгүйгээр түүний эзэмшлийн айфоне 7 загварын гар утсыг хууль бусаар авсан гэмт хэрэгт Т.Тг хамжигчаар оролцохыг зохион байгуулсан гэмт хэрэгт гэм буруутайд,
мөн насанд хүрээгүй шүүгдэгч Харнууд овогтой Оюунтуяагийн Баатархүү, Тугчин овогтой Жагваралдоржийн Цэдэнсодном нарыг бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхгүйгээр түүний эзэмшлийн айфоне 7 загварын гар утсыг хууль бусаар авсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд,
мөн насанд хүрээгүй шүүгдэгч Тогтохбаярын Тэмүүлэнг урьдчилан амлаж Ж.Ц, О.Баатархүү нарыг 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхгүйгээр түүний эзэмшлийн айфоне 7 загварын гар утсыг хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хамжигчаар оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн шүүгдэгч Ж.Энхбаясгаланг Т.Т, О.Баатархүү нарт хүч хэрэглэхээр заналхийлж, тэднийг 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 08 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Билгүүнд хүч хэрэглэхгүйгээр түүний эзэмшлийн айфоне 7 загварын гар утсыг хууль бусаар авсан гэмт хэрэгт татан оруулсан гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч /прокурор/ гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтэндээ:шүүгдэгч Ж.Энхбаясгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 5 сар 14 хоногийн хорих ялыг нэмт нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 10 сар 1 хоногийн хугацаагаар нээлттэй хорих ялаар, шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журмалан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайл тооцуулж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч Т.Т, О.Баатархүү нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар Т.Тд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, О.Баатархүүд 2 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх санал гаргасан болно.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар маргаж шүүгдэгчийн өмгөөлөгч Минжүүрдорж нь О.БаатархүүЖ.Ц хоёрын хувьд заналхийлсэн асуудал байхгүй харагдахгүй байна, заавал довтолсон үйлдэл харагдах ёстой, Т.Тгийн хувьд гэм буруу дээр маргахгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож өгнө үү, мөн шүүгдэгчийн Ж.Энхбаясгалангийн өмгөөлөгч Эрдэнэтуяа нь хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон идэвхитэй үйлдэл байх ёстой, хөлөөр өшиглөсөн гэх мэт, довтолсон зүйл бол байхгүй тул 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нотлогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд гэм буруу дээр маргах зүйл байхгүй гэж тус тус санал гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн болно.
Өөрөөр хэлвэл хавтаст хэрэгт насанд хүрээгүй хохирогч Б.Билгүүн нь мэдүүлэхдээ ... Тэр үед манай 2 дүү сургууль руу орсон тэгээд тэр хооронд намайг цэцэрлэгийн хашаа руу явъя манай дүүгээс очиж уучилалт гуйгаатах гэсэн. Тэгээд би яагаачгүй хүүхэд дээрлэхдэггүй, гээд байж байсан чинь манай 2 найз Дөлгөөн, Сэргэлэн нар хүрээд ирсэн. Тэр хоёрыг харж байснаа та хоёр сургууль руугаа ор гэсэн тэгсэн чинь хонх дуугарсан тэр хоёр ороод манай найз Баттүшиг ирсэн. Бид хоёрыг дагуулж яваад 5 дугаар хорооны тэнд аваачаад дүүгээ хайгаад тэгж байснаа манай Дөлгөөнмөрөн гээд найз ирээд тэгээд бид гурав хамт байж байсан чинь нөгөө хоёрыг алий шүү утасныхаа кодыг хэл гэсэн хуруунынхаа хээг уншуулъя гэсэн чинь алий шүү гээд хэлүүлээд утсыг аваад яваад өгсөн. Бид гурав араас нь очоод агаа утсаа авъя гэсэн чинь энэ утсаа Энхүүшээс аваарай гэсэн. Тэгээд тоохгүй алхаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-н 19 хуудас/, гэрчээр анх удаа Ж.Цын, О.Баатархүү нарын өгсөн мэдүүлэг /хх-н 23 тал утасных нь ID кодыг нь асууж аваад Энхүүш ахаасаа аваарай гэж хэлээд яваад өгсөн... гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд энэ төрлийн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон идэвхитэй үйлдэл, хөдөлгөөнөөр илэрдэг бөгөөд бодит хүчирхийлэл, эсхүл гэнэтийн түрэмгий, аюултай үйлдлүүд хамаарах тул тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн ангилал, гэмт хэргийн шинж зэрэгт үнэлэлт өгсний үндсэн дээр шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн болно.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан бүлэглэн оролцсон, тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, өсвөр насны байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Т.Т, О.Баатархүү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, 2.5-т зааснаар оршин суух газар, ажил сургуулиа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Ж.Энхбаясгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно гэж заасан байна.
Шүүгдэгч Ж.Энхбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 3 жилийн хугацаагаар тогтоох,
Мөн шүүгдэгч Ж.Энхбаясгалан нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 14 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Б.Билгүүн нь ..2019 оны 07 дугаар сарын 14-ны өдөр 530 000 төгрөг гаргуулж авсан, хохирол барагдуулсанд тооцож өгнө үү санал хүсэлт байхгүй...” гэсэн тайлбар гаргасныг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Энхбаясгалан нь ял эдэлж байгаа бөгөөд 43 хоног цагдан хоригдсонг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч О.БаатархүүЖ.Ц, Т.Т нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Жаргалангийн Энхбаясгалан, насанд хүрээгүй шүүгдэгч Харнууд овогтой Оюунтуяагийн Баатархүү, насанд хүрээгүй шүүгдэгч Тогтохбаярын Тэмүүлэн, Тугчин овогтой Жагваралдоржийн Цэдэнсодном нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2.Боржигон овогт Жаргалангийн Энхбаясгалан, Харнууд овогтой Оюунтуяагийн Баатархүү, Тогтохбаярын Тэмүүлэн, Тугчин овогтой Жагваралдоржийн Цэдэнсодном нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн шүүгдэгч Боржигон овогт Жаргалангийн Энхбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүч хэрэглэхээр заналхийлж насанд хүрээгүй Т.Т, О.Баатахүү нарыг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Шүүгдэгч Боржигон овогт Жаргалангийн Энхбаясгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, өсвөр насны шүүгдэгч Харнууд овогтой Оюунтуяагийн Баатархүү, Тогтохбаярын Тэмүүлэн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Энхбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Энхбаясгаланд энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энхбаясгаланд оногдуулсан 3 жил 5 сар 14 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, өсвөр насны шүүгдэгч О.БаатархүүТ.Т нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Харнууд овогтой Оюунтуяагийн Баатархүү, Тогтохбаярын Тэмүүлэн нарт энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Оюунтуяагийн Баатархүү, Тогтохбаярын Тэмүүлэн, шүүгдэгч Жагваралдоржийн Цэдэнсодном нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулий өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Харнууд овогтой Оюунтуяагийн Баатархүү, Тогтохбаярын Тэмүүлэн нарт шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавих үүргийг тэдний хууль ёсны төлөөлөгч болох эх С.Цэрэндулам, Г.Оюунтуяа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Харнууд овогтой Оюунтуяагийн Баатархүү, Тогтохбаярын Тэмүүлэн, шүүгдэгч Т.Цэдэнсодном нарт тэнссэн болон шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүрэг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
11.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нар гомдол саналгүй болохыг дурдсугай.
12.Шүүгдэгч Ж.Энхбаясгалангийн цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, өсвөр насны шүүгдэгч Харнууд овогтой Оюунтуяагийн Баатархүү, Тогтохбаярын Тэмүүлэн, шүүгдэгч Т.Цэдэнсодном нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
13.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Энхбаясгаланд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэжлүүлж, өсвөр насны шүүгдэгч Харнууд овогтой Оюунтуяагийн Баатархүү, Тогтохбаярын Тэмүүлэн, шүүгдэгч Т.Цэдэнсодном нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүсүгэй.
14.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ