Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 800

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,                                   

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч Ч.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өндөө овогт Ч-ны Х-д холбогдох эрүүгийн 1909019020894 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа барилгын засал хийдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймаг, Баянгол 5 дугаар баг, Цавын-Ихэрт оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 4-64 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЙВ 81012903 / Өндөө овогт Ч-ны Х нь:

 

- 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Оюунчимэгийн гээгдэл эд хөрөнгө болох “Самсунг эс-8” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас 1.165.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Оюунчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи таур”-ын гадна Приус 10 маркийн тээврийн хэрэгслээр хүргүүлээд буухдаа өөрийн “Самсунг эс-8” загварын гар утсаа мартаж буусан учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. Би өөрийн гар утсаа хүлээн авсан байгаа. Санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 16-17 /

 

Гэрч Ц.Уламбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр гэртээ хариад гэрээсээ гараагүй байж байгаад орой 20 цагийн үед эхнэрийг ажилд дээрээс очиж авах үед манай эхнэр Ч.Х машины ард шалан дээрээс гар утас олсон гээд надад харуулсан. Гадуураа шаргал өнгийн гэртэй гар утас байсан. Тэгээд би тэр үед нэг их тоогоогүй. Тэр утсыг яасныг ч мэдээгүй. Тухайн үед эхнэр өглөө нэг эмэгтэй машинд сууж таксидсан талаар хэлж байсан. Тэрнийх байж магадгүй л гэж хэлж байсан гэжээ. / хх 19 /

 

Яллагдагч Ч.Х мөдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би нөхрөөсөө “Энэ юун гар утас вэ” гэж асуусан. Тэгсэн чинь манай нөхөр өглөө нэг эмэгтэй гар өргөж суусан юм. Тэрнээс өөр хүн тухайн өдөр суугаагүй. Тэр хүнийх л байх гэж хэлж байсан. Тэгээд тэр утсыг цэнэглэх гэсэн чинь энгийн Андройд гар утасны цэнэглэгч таарахгүй арай өргөн байсан. Тэгэхээр нь дэлгүүрээс тухайн гар утасны цэнэглэгчийг худалдаж аваад цэнэглээд асаасан чинь тухайн гар утас кодтой нээгдэх боломжгүй байсан. Тэгэхээр нь маргааш өдөр нь буюу 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би тухайн гар утасны кодыг тайлуулахаар 3,4 дүгээр хороололд байдаг нэг гар утас засварын газарт очиж тухайн гар утсыг форматлуулж дахин шинээр ачааллуулаад гар утсанд байсан сим картыг нь авч хаяад оронд нь өөрийнхөө Юнител сим картыг хийж тухайн гар утсыг ашиглаж байсан гэжээ. / хх  30 /

Эд зүйлийн үнэлгээ / хх 24-25 /

 

 Юнител ХХК-ний албан бичиг / хх 9 /

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 13-14 /

 

            Шүүгдэгч Ч.Х-г 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 2-3 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 27 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Гар утсыг нь буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Ч.Х нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Оюунчимэгийн гээгдэл эд хөрөнгө болох “Самсунг эс-8” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас 1.165.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Приус 10 маркийн тээврийн хэрэгслээр хүргүүлээд буухдаа өөрийн “Самсунг эс-8” загварын гар утсаа мартаж буусан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Оюунчимэгийн мэдүүлэг / хх 16-17 /, ...Манай эхнэр Ч.Х машины ард шалан дээрээс гар утас олсон гээд надад харуулсан. Гадуураа шаргал өнгийн гэртэй гар утас байсан. Тэгээд би тэр үед нэг их тоогоогүй. Тэр утсыг яасныг ч мэдээгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Уламбаярын мэдүүлэг / хх 19 /

 

...Би нөхрөөсөө “Энэ юун гар утас вэ” гэж асуухад нөхөр өглөө нэг эмэгтэй гар өргөж суусан юм. Тэрнээс өөр хүн тухайн өдөр суугаагүй. Тэр хүнийх л байх гэж хэлж байсан. Тэгээд тухайн гар утсыг форматлуулж, дахин шинээр ачааллуулаад гар утсанд байсан сим картыг нь авч хаяад оронд нь өөрийнхөө Юнител сим картыг хийж тухайн гар утсыг ашиглаж байсан гэж мэдүүлсэн яллагдагч Ч.Хгийн мэдүүлэг / хх  30 /, …Эд зүйлийн үнэлгээ / хх 24-25 /, ... Юнител ХХК-ний албан бичиг / хх 9 /, ...Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 13-14 / зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Х нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага  хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.Х нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан прокурорын санал болгосон 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Хг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Х цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй болохыг дурьдав.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                               

1. Шүүгдэгч Өөдөө овогт Ч-ны Х-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага  хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч-ны Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Х нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Ч.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ОЮУНЧИМЭГ