| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 197/2025/00356/И |
| Дугаар | 210/МА2025/01547 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/01547
|
|
|
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/07702 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.
4. Талууд 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, ******* нь ******* улсын дугаартай, ******* маркийн автомашиныг 21,200,000 төгрөгөөр *******-д худалдах, худалдан авагч тэрээр урьдчилгаа 6,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөх, үлдэх 15,200,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсоноор зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Тодруулбал, талууд уг гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ хэмээн нэрлэж, худалдсан эд зүйлийн үнийг нэг дор биш тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байх боловч тус гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ-ээс нэмэгдсэн шинжгүй, зөвхөн төлбөрийг хожим төлөх нөхцөлтэй байх тул энэ нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний бус худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч ******* нь автомашиныг хүлээн авч, гэрээ байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 6,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг хариуцагч *******ын данс руу шилжүүлжээ. Гэвч тэрээр гэрээний үнийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас худалдагч ******* нь гэрээнээс татгалзаж, шилжүүлж өгсөн автомашинаа буцаан авсан үйл баримтад талууд маргаагүй байна.
5. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээнээс татгалзсан нөхцөлд гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ нэгэн зэрэг харилцан буцаах үүрэгтэй. Энэхүү хэргийн хувьд худалдагч ******* нь автомашинаа буцаан авсан боловч худалдан авагч *******ад гэрээний үнэд шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймээс анхан шатны шүүх дээрх үндэслэлээр хариуцагч *******аас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
6. Хариуцагч төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул гэрээний дагуу алданги тооцсон, автомашиныг ашигласан хугацаандаа эвдрэл учруулсан тул засварласан зардалд суутгасан, буцаан төлөх үндэслэлгүй гэх тайлбар гаргажээ. Хариуцагч нь Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хугацаанд нэхэмжлэгч тухайн автомашиныг 3 сарын хугацаанд ашиглах явцдаа эвдрэл, гэмтэл учруулсан бол учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй боловч энэ талаар шаардлага гаргаагүй, татгалзлаа баримтаар нотлоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги нь гэрээний үүргээ хугацаа хожимдуулж биелүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тооцон төлөхөөр тохиролцож тогтоосон төлбөр юм.
Өөрөөр хэлбэл, алданги нь үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүсэх ба үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилго агуулах тул бусад үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэгэн адил үндсэн үүргээс хамааралтай үүсдэг акцессор /дагалдах/ шинжтэй бөгөөд үндсэн үүрэг хүчингүй болсон эсхүл дуусгавар болсон бол энэхүү арга хэрэгжих боломжгүй болно.
Иймд, талууд гэрээнээс татгалзсан учир нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд худалдан авагч нь гэрээний төлбөр төлөх үүргийг заавал биечлэн гүйцэтгэх шаардлага тавигдахгүй.
Энэ хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн төлбөл зохих гэрээний үнийг өөр этгээд болох н.Болормаа төлсөн нь хариуцагчийн татгалзлыг зөвтгөх, гэрээний үнийг нэхэмжлэгч төлөөгүй гэж татгалзах үндэслэл болохгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
9. Хариуцагчийн анхан шатны шүүх мэтгэлцэх нөхцөл боломжоор хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нь нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гардан авч хариу тайлбараа тус өдөр шүүхэд гаргажээ.
Ингээд шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр талуудад мэдэгдсэн байна. Тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас хариуцагчийг оролцуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулж, хариуцагч шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан байна.
Хариуцагч 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн 20-ны өдрийн шүүх хуралдаанд шүүхэд нотлох баримт гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаагүй, түүнчлэн 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хангаж, хэргийг 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулжээ. Энэ хугацаанд хариуцагч хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлсэн ч хэрэгжүүлээгүй байна.
Хариуцагчийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 4 сар 20 хоногийн хугацаанд сөрөг нэхэмжлэл, тайлбар, баримтаа шүүхэд гаргаагүй, мөн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шатгаангүйгээр оролцоогүй, түүний хүсэлтэд ойрын төрөл, садангийн хүн нас барсан тухай агуулга илэрхийлэгдээгүй байх тул шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй байна.
Түүнчлэн, хэн нэгэн этгээдийн ойрын төрөл, хамгийн дотны хүн нь нас барсан гэх үндэслэл зааж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байгааг тухайн цаг хугацаанд заавал нотлох шаардлагагүй. Харин хүсэлт гаргагч энэ хүндэтгэх шалтгаанаа хожим нотолсон байх үүрэгтэй ч хариуцагч энэ тухай үндэслэлээ нотлоогүй байна. Иймээс анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/07702 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЭНЭБИШ