| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0800/Э |
| Дугаар | 801 |
| Огноо | 2019-09-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ц |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 801
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сартуул овогт М-н Уд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73 дугаар хотхоны 1-4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хөдөлмөрийн чадвараа 60% алдсан, ухаан бүрэн / РД:Ц364070110 / Сартуул овогт М-н У нь:
- 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Лакс “ баарны орчимд иргэн Г.Баттулгыг машинаа замаас холдуулсангүй гэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний автомашины арын салхины шилийг чулуугаар хагалан, Г.Баттулгын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, дахин автомашин руу чулуу шидэж, хөлөөрөө өшиглөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас нийт 3.317.040 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Баттулга мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Гарч ирэхэд нэг согтуу нүд ам нь аймаар болчихсон хүн хүрч ирээд над руу үсчиж дайраад машин өшиглөөд байсан. Тэгэхээр нь би холдуулчихаад явах гэхэд миний зүүн нүд рүү цохиж хавдаасан. Тэгэхээр дахин холдуулчихаад машиндаа суугаад явж байхад миний машины хойд талын цонх руу чулуу шидээд хагалсан. Гараад “ Яаж байна аа “ гэхэд чулуу барьж надруу дайраад миний машин руу хөлөөрөө өшиглөөд гартаа барьсан чулуугаараа цохиод байсан. Би тэр хүнийг барьж унагаагаад дээр нь сууж байгаад цагдаа дуудсан гэжээ. / хх 9, 13 /
Гэрч У.Бат-Амгалан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн үед настайвтар ах хүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, нэг нүд нь хавдчихсан, хацар хэсэгтээ урагдаад тав тогтчихсон байсан. Тэгээд ланд-200 маркийн автомашины жолооч хүрч ирэхэд настайвтар ах хүү “ Чи энэ машины жолооч юм уу. Сүртэй юм бэ. Машинаа холдуул “ гэж хэлсэн. Тэр үед ланд 200 автомашины жолооч настайвтар ах хүүгийн хөл хэсэг рүү нэг удаа өшиглөөд нүүр хэсэг рүү нь мангасдаад давхар түлхсэн чинь нөгөө ланд 200 маркийн машины жолооч руу шороо цацсан. Тэгээд ланд 200 машины жолооч машиндаа суугаад хөдлөх гэхэд араас нь настай ах хүү газраас чулуу аваад шидсэн. Тэгсэн ланд 200 маркийн автомашины цонх нь хагарсан ба жолооч бууж ирээд “ Чи яаж байгаа юм бэ “ гээд хоорондоо заамдалцсан. Тэр үед настайвтар ах ланд 200 маркийн автомашины жолоочийг нэг удаа цохьсон. Тухайн үед ланд 200 машины жолооч нэг гараараа нүдээ дарчихсан, нөгөө гараараа заамдчихсан байсан. Тэгж байгаад настайвтар ах хүүг дугтарч газар унагаад цээжин дээр нь өвдгөөрөө дараад цагдаа иртэл байж бай гэж хэлсэн. Тухайн үед настайвтар ахтай цуг явж байсан хүн бууж ирээд салгасан чинь настайвтар ах хүү дахиад нөгөө ах руу дайраад дахиад машин руу нь чулуу авч шидээд нэг хаалгыг нь зурчихсан гэжээ. / хх 15-16 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6850 дугаартай дүгнэлтэнд:
1. Г.Баттулгын биед зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хөмсөгт шарх, баруун шуу, зүүн гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. 5.6 Дээрх шинэ гэмтлүүд байна.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. / хх 18 /
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 31-32 /
Яллагдагч М.У мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 12-13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн урд талын лакс баарны урд талын зогсоол дээр ланд 200 маркийн машин зам хаагаад зогсоод байсан ба би машин дээр байсан дугаар руу нь залгаад уг машины эзэнтэй холбогдож машинаа холдуул гэж хэлсэн чинь машины жолооч хүрч ирэхээр нь машинаа холдуул гэж дахин хэлсэн чинь машинаа холдуулахгүй байсан. дараа нь бид 2 үүнээс болж хоорондоо үл ойлголцож маргалдсан. Тэгээд бид 2 хоорондоо зодолдоод дийлэхгүй болохоор би | түүний унаж байсан ланд 200 маркийн машины хойд талын шилрүү нь чулуу шидээд хагалчихсан юм. ...Тухайн үед би ланд 200 маркийн машины жолоочийн нүүр рүү нь цохиод дийлж чадаагүй учраас машиных нь зүүн урд хаалгыг нь 2 удаа өшиглөсөн юм гэжээ. / хх 44 /
Эд зүйлийн үнэлгээ / хх 31-32 /
Шүүгдэгч М.У-ыг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 41-44 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 53 / зэрэг болно.
Шүүгдэгч М.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 3.300.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч М.У нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Лакс “ баарны орчимд иргэн Г.Баттулгыг машинаа замаас холдуулсангүй гэж маргалдан улмаар чулуу шидэж автомашины арын салхины шилийг хагалан, хаалга, крылог зурж бага хэмжээнээс дээш буюу 3.317.040 төгрөгний хохирол учруулсан, гараараа нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Миний зүүн нүд рүү цохиж, машины хойд талын цонх руу чулуу шидээд хагалсан. Машиныг хөлөөрөө өшиглөөд гартаа барьсан чулуугаараа цохиод байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Баттулгын мэдүүлэг / хх 9, 13 /, ... ланд 200 автомашины жолооч настайвтар ах хүүгийн хөл рүү нэг удаа өшиглөөд нүүр рүү нь мангасдаад түлхсэн чинь нөгөө ах жолооч руу шороо цацсан. Тэгээд ланд 200 машины жолооч машиндаа суугаад хөдлөх гэхэд настай ах чулуу шидтэл автомашины цонх нь хагарсан ба жолооч бууж ирээд хоорондоо заамдалцсан. Настайвтар ах жолоочийг нэг удаа цохьсон. Цуг явж байсан хүн нь бууж ирээд салгасан чинь настайвтар ах хүү дахиад нөгөө ах руу дайраад машин руу нь чулуу авч шидээд нэг хаалгыг нь зурчихсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч У.Бат-Амгалангийн мэдүүлэг / хх 19 /, …Эд зүйлийн үнэлгээ / хх 31-32 /, ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6850 тоот дүгнэлт / хх 18 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч М.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн буруутай ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.У нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан прокурорын санал болгосон торгох ялаар шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.У нь цагдан хоригдоогүй, хохирогч Г.Баттулга нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй / хх 75 / гэсэн тул түүнийг төлөх төлбөргүй болохыг дурьдаж, шүүгдэгч М.У нь групптэй тул торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэсэн өмгөөлөгч О.Оюунчимэгийн хүсэлтийг харгалзан торгуулийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт М-н У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М-н У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Уд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн 900 / есөн зуун / нэгж буюу 900.000 / есөн зуун мянган / төгрөгөөр тогтоосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.У-д оногдуулсан 900.000 төгрөгний торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.У нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
7. М.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ