Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/01548

 

 

 

 

 

 

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/07581 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,649,473.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох зээлийн хүү 5,710,121.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 939,352.51 төгрөг, нийт 6,649,473.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******, ******* нартай 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 15,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, тохиролцсон хуваарийн дагуу хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээсэн байгаагаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Талууд гэрээндээ зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Зээлдүүлэгчээс зээлийн мөнгөн хөрөнгө болох 15,000,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлсэн эсэх үйл баримтын талаар зохигч маргаагүй бөгөөд харин зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

4.2. Хариуцагч *******, ******* нар Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол зээлийн гэрээний хугацаа 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дуусахад зээл, зээлийн хүүнд нийт 19,392,111 төгрөгийг төлөх байжээ.

Гэтэл хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас гэрээний үүргийн зөрчил үүссэн учир Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээний хэтэрсэн хугацаанд тооцогдох зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээнэ.

Өөрөөр хэлбэл, сар бүр үндсэн төлбөрөөс төлсөн хэмжээгээр хасагдах бүрэн хорогдох зээл бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээний хуваарийн дагуу зээлийг буцаан төлөөгүйгээс төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд хүүгээс гадна нэмэгдүүлсэн хүү мөн адил тооцогдож, хуримтлал үүссэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

5. Нэхэмжлэгч нь зээл, хүүгийн тооцооллыг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар гаргаж, улмаар зээлийг буцаан төлүүлэхээр шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн байна. Тодруулбал,

5.1. Хариуцагч нарын ...нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн татгалзал үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2024/21187 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар хариуцагч нарыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 182/ШШ2024/04707 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлуулж, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсон байна.

5.2. Түүнчлэн, талууд 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 36 сарын хугацаатай байгуулж, гэрээний хугацаа 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дуусч, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дууссан байх боловч хариуцагч *******ийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* ХК-ийн тусгай активийн газарт сарын цалин 10 ба 25-нд буудаг тул сард 500,000 төгрөг төлөх боломжтой. Тиймээс энэ хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд мөн хамгийн сүүлд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлийн төлбөрийг төлсөн байна.

Иймээс үүрэг хүлээсэн этгээд болох хариуцагч нар зээлийг буцаан төлөхөө зөвшөөрсөн, зээлийг төлж байсан үйл баримтаар нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу тасалдаж, шинээр тоологдож эхэлсэн байна.

6. Хариуцагч нар 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл 2,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 924,699 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 5,889,024 төгрөг байсан талаар маргаагүй ба энэ өдрөөс хойш 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 150,000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 26-ны өдөр 50,000 төгрөг, 06 дугаар сарын 12-ны өдөр 50,000 төгрөг, нийт зээл, зээлийн хүүнд 250,000 төгрөг төлжээ.

Иймд, нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойшхи хугацааны зээлийн хүүгийн үлдэгдэл 5,710,121 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 939,352 төгрөг, нийт 6,649,473.61 төгрөг нэхэмжилснийг буруутгахгүй.

Хэдийгээр Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан боловч нэхэмжлэгч ******* ХК-ийг зээлийн гэрээний үүргээ шаардаагүй, шударга бус хандсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нэхэмжлэгчид зээлийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд 500,000 төгрөгөөр төлөх хүсэл зоригтой байгаагаа илэрхийлж байсан, түүнчлэн 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн зээлийг буцаан төлж байсан байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг санаатай /шударга бус/-аар хэтрүүлсэн гэж шууд дүгнэх боломжгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх, хэргийн нотлох баримтад үндэслэх зарчимд нийцээгүй байна.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******, ******* нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 6,649,473.61 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй.

7. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,342 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас 121,342 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт оруулах нь хуульд нийцнэ.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч *******, ******* нараас 6,649,473.61 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/07581 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 6,649,473.61 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай. гэж өөрчилж,

2 дахь заалтын ...дурдсугай... гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас 121,342 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,342 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Э.ЭНЭБИШ