| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0810/Э |
| Дугаар | 810 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Х |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 810
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,
Улсын яллагч Ш.Хосбаяр,
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хошуут овогт Э-н Э-од холбогдох эрүүгийн 1909029270886 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийн бодлого төлөвлөлтийн газарт механизмч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа 2 дугаар гудамжны 79 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ШЕ 87061210 / Хошуут овогт Э-н Э нь:
- 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Үндэсний номын сангийн орчимд таксигаар үйлчлүүлж явж байхдаа согтуурсан үедээ жолооч М.Баярсайханыг тамхи өгсөнгүй гэж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд зүүн чихний дэлбэн, эрүү, уруул буйлны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч М.Баярсайхан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 08 дугаар сарын 04-ний шөнийн 01 цаг өнгөрч байхад Шангрилагийн гаднаас хоёр хүн суугаад урд талын машиныг дагаад явчих гэхээр нь дагаад явж байсан чинь суусан хоёр хүн тамхи гээд яриад байхаар нь би анзаараагүй юм. Тэгтэл надаас асуусан юм байна лээ. Тэгэхээр нь би өөр хоорондоо юм ярьж байна гэж бодлоо гэж хэлсэн. Тэгээд урд талын машины хажуугаар ороод зогсож байх үед хойно сууж байсан залуу бууж ирээд надтай маргалдаад миний нүүр хэсэг рүү шууд цохьсон. Тэгэхээр нь би “Чи яаж байна” гэхэд ахиад миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгээд би цагдаад хандаж байна гэжээ. / хх 5-7 /
Гэрч Г.Батболд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Шангрилла төвд манай үеэлийн хурим болсон юм. Тэгээд тэндээс 01 цагийн үед гарсан. Тэр үед манай хамаатан шахуу гээд яриад байсан нэг залуу танилцсан. Хамт гарах уу гэж хэлсэн. Тэгээд арга хэмжээнээс гараад эхнэр, эгчийн хамт такси барин суусан. Тэгээд номын сангийн орчим очин тамхи авах гээд таксинаас буусан. Тэр үед ар талд хүмүүс дуугараад хүүе хаая болоод байсан. Эргээд хартал таксины жолооч ахыг нэг залуу цохих шиг болсон. Гэтэл манай хамаатан шахуу гээд яриад байсан залуу байсан гэжээ. / хх 9 /
Гэрч Э.Э мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би өчигдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Шангрилла Молл төвд хүний хуриман дээр уригдаж очсон юм. Тэгээд тэндээ архи дарс хэрэглээд нэлээн согтсон. Бүр шөнө 01 цагийн орчим Шангриллагаас гарсан. Тэгээд би гарах үедээ коридорт маргалдаж байсан яг ямар хүн байсныг нь санахгүй байна. Маргалдаад салсан. Би ч өөрөө нэлээн согтсон байсан. Тэндээс надтай хамт манай үеэлийн нөхөр Болдоо гэдэг залуу бид хоёр хамт гараад таксинд суусан. Тэгээд явж байгаад би таксины жолоочтой маргалдаад байх шиг байсан. Номын сангийн буудал дээр ирээд зогсох шиг болсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй, би таксины жолоочид уурлаад машинаас буугаад таксины жолоочийг нэг удаа гараараа цохиж авсан. Тэгтэл л манай үөэлүүд ээж нар өөр машинаас гарч ирээд намайг салгаад аваад явсан. Би тэр жолоочоос тамхи асуугаад тамхин дээрээс л болж маргалдсан байх. Тэрнээс өөрөөр бол маргалдах том шатгаан болоогүй. Нэг удаа нүүр рүү нь цохьсон, ахиж цохиогүй гэжээ. / хх 8 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9475 дугаар дүгнэлтэнд:
1. М.Баярсайханы биед зүүн чихний дэлбэн, эрүү, уруул буйлны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ.
Шүүгдэгч Э.Э-ыг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 23-24 /
Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 25 / зэрэг болно.
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш ихээр гэмшиж байна. Хохиролд 300.000 төгрөг төлсөн гэв.
Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Үндэсний номын сангийн орчимд таксигаар үйлчлүүлж, согтуурсан үедээ жолооч М.Баярсайхантай тамхи өгсөнгүй гэж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд зүүн чихний дэлбэн, эрүү, уруул буйлны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Машины хойно сууж байсан залуу бууж ирээд надтай маргалдаад миний нүүр хэсэг рүү шууд цохьсон. Тэгэхээр нь би “Чи яаж байна” гэхэд ахиад миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч М.Баярсайханы мэдүүлэг / хх 5-7 /, ... номын сангийн орчим тамхи авах гээд таксинаас буусан. Тэр үед ар талд хүмүүс дуугараад хүүе хаая болоод байсан. Тэгээд эргээд харсан чинь таксины жолооч ахыг манай хамаатан шахуу гээд яриад байсан залуу цохих шиг болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Батболдын мэдүүлэг / хх 9 /, ... манай үеэлийн нөхөр Болдоо гэдэг залуу бид хоёр хамт гараад таксинд суусан. жолоочийг нэг удаа гараараа цохиж авсан. Би тэр жолоочоос тамхи асуугаад тамхин дээрээс л болж маргалдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Эын мэдүүлэг / хх 8 /, ...М.Баярсайханы биед зүүн чихний дэлбэн, эрүү, уруул буйлны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9475 дугаар дүгнэлт зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Э нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Э нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Э.Э-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хошуут овогт Э-н Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Э.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ