| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0819/Э |
| Дугаар | 822 |
| Огноо | 2019-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 822
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,
Улсын яллагч Г.Ганбагана,
Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Ц-н М-ад холбогдох эрүүгийн 1909028970936 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 9 дүгээр гудамж 449 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 47 дугаар байр 34 тоотод түр оршин суух, “Шинэ даяар од констракшн” ХХК-д аж ахуйн ажилтнаар ажилладаг,
Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 09 хоногийн баривчлах ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилээр тогтоосон,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ХД 79050212 / Боржигон овогт Ц-н М нь:
- 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн задгай тоотод өөрийн эхнэр Ц.Удвалыг “Гадуур хоноод гэртээ ирсэнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.Удвал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн орой ажил дээрээ байж байхад 21 цагийн орчим нөхөр хүүхэд өвдөөд байна гэж дуудахаар нь гэртээ буюу Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн задгай тоотод ирэхэд нөхөр Ц.Э согтуу байсан. Хүүхдээ харсан чинь халуурах нь гайгүй байсан бөгөөд “Хүүхэд өвдөөгүй байхад яагаад дуудсан юм бэ?” гэсэн чинь юм хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би ажилдаа явлаа гэж хэлтэл нөхөр “Яв яв” гээд гэрээс гараад дүү Амарсайханаа дуудаад гарч байтал араас нөхөр Ц.Э хүрч ирээд газар унагаад толгойгоор минь газар мөргүүлээд намайг босож ирэхгүй болохоор цамцнаас зуураад чирсэн. Тэгээд гэртээ ороод байж байтал дүү Амарсайхан ирсэн. Тэгээд дүүг ирэхэд нөхөр хаалгаа түгжчихээд оруулахгүй байсан бөгөөд би гараад дүүгийн машинд суугаад болсон явдлын талаар дүү сонсоод цагдаа дуудсан гэжээ. / хх 23-24 /
Яллагдагч Ц.Э мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай эхнэр 2019 оны 06 дугаар сарын 25-наас хойш 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл гэртээ ирээгүй бөгөөд би хүүхдийн бие халуураад байхаар нь дуудсан. Тэгээд эхнэр ирээд хүүхэд халуураагүй гайгүй байна гээд буцаад ажилдаа явлаа гэхээр нь би өнөөдөртөө гэртээ хонохгүй юу гээд улмаар маргалдан эхнэр гараад явахаар нь араас нь очоод толгой хэсэгт нь цохиод унагаасан. Тэр үед эхнэр цаашаа мөлхсөн. Тэгээд босоод дахиад цаашаа явахаар нь би дахиж нэг удаа цохьсон. Тэгээд гэртээ ороод байж байтал дүү нь ирсэн. Тэгээд эхнэр дүүтэйгээ явлаа гээд гарсан удалгүй цагдаа нар орж ирсэн гэжээ. / хх 5 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8374 дүгээр дүгнэлтэнд:
1. Ц.Удвалын биед духанд зулгаралт, шарх, зүүн шанаа, зүүн хацар, баруун зүүн хуйханд зулгаралт, зүүн гарын тохой, баруун ташаанд зулгаралт, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. / хх 30 /
Шүүгдэгч Ц.М-ыг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-5 /
Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 35 / зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Мшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш ихээр гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн задгай тоотод өөрийн эхнэр Ц.Удвалыг “Гадуур хоноод гэртээ ирсэнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... “Хүүхэд өвдөөгүй байхад яагаад дуудсан юм бэ?” гэсэн чинь юм хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би ажилдаа явлаа гэж хэлтэл нөхөр “Яв яв” гээд гэрээс гараад дүү Амарсайханаа дуудаад гарч байтал араас нөхөр Ц.Э хүрч ирээд газар унагаад толгойгоор минь газар мөргүүлээд намайг босож ирэхгүй болохоор цамцнаас зуураад чирсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Удвалын мэдүүлэг / хх 23-24 /, ... эхнэр ирээд хүүхэд халуураагүй гайгүй байна гээд буцаад ажилдаа явлаа гэхээр нь би өнөөдөртөө гэртээ хонохгүй юу гээд улмаар маргалдан эхнэр гараад явахаар нь араас нь очоод толгой хэсэгт нь цохиод унагаасан. Тэр үед эхнэр цаашаа мөлхсөн. Тэгээд босоод дахиад цаашаа явахаар нь би дахиж нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ц.Эын мэдүүлэг / хх 5 /, ...Ц.Удвалын биед духанд зулгаралт, шарх, зүүн шанаа, зүүн хацар, баруун зүүн хуйханд зулгаралт, зүүн гарын тохой, баруун ташаанд зулгаралт, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8374 дүгээр дүгнэлт / хх 30 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Э нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Ц.М-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ц-н М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц-н М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.М нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Ц.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ