| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0135/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/141 |
| Огноо | 2019-09-16 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.ДУЛАМЖАВ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа
Улсын яллагч Б.Цогтбадрах
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун
Шүүгдэгч А.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын ерөнхий прокурорын орлогч Б.Цогтбадрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Батбаярт холбогдох эрүүгийн 1936001530137 дугаартай, 178/2019/0135/Э/ индекстэй хэргийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс-захчин, бүрэн дунд боловсролтой, Ховд их сургуулийн Байгал шинжлэл, технологийн сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт оршин суух хаягтай, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Домбот хотхоны 14 тоотод түр оршин суух, ПЕ98112015 регистрийн дугаартай, Шагдар овогт Амарсанаагийн Батбаяр
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч А.Батбаяр нь Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэр шороон зам дээр 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 22 цагийн орчим өөрийн авга ах З.Алтанхуягийн эзэмшлийн 77-78ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Ж.Энхсайханы амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Батбаярын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр авга ах З.Алтанхуягийн Ланд-80 маркийн машиныг гуйж аваад Бугат үзүүрт очоод Б.Ганзул, Г.Эрдэнэбат, Т.Лувсан, талийгаач нарыг аваад аймаг руу явж байгаад осолд орж Ж.Энхсайхан ах нас барсан.Машинд суухдаа Ж.Энхсайхан ах нэлээд согтуу байсан.Тэнд байхдаа машины шар гэрэл ассан байсан болохоор машинаа унтраалгүй байж байгаад юмаа ачаад явсан.Би 2017 онд Олны буян жолооны сургуульд сурч төгссөн.Хохиролд 50 сая төгрөг төлөхөө илэрхийлээд 30 сая төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн мөнгөн дээр гэрээ хийсэн байгаа.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн... Уг хэрэг гарсан газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэр Бугат үзүүр гэх газар байв.Хэргийн газарт 77-78 ХОА улсын дугаартай хар ногоон өнгийн тээврийн хэрэгсэл хажуу талаараа унасан байдалтай байв.Тээврийн хэрэгслийн зүүн хойт хэсэгт эрэгтэй хүний цоцгос байсан бөгөөд тээврийн хэрэгсэл байх газрыг В цэгээр, цогцос байх газрыг Г цэгээр тэмдэглээд В цэгээс Г цэг хүртэл 5.9метр байв. Уг осолд орсон тээврийн хэрэгсэл нь хойноос урагшаа чиглэлд явж байсан бөгөөд замаас гарсан мөрийн эхлэх хэсгүүдийг 1,3,5,7 тоогоор тэмдэглэв... гэх тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-11-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 16-18-р хуудас/
Хувцсанд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 21-22-р хуудас/
Гэрч Д.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Намайг очих үед талийгаач машины урд суудалд сууж явсан ах согтуу, Ч.Аюурзана багш машиндаа унтаж байсан, бусад хүүхдүүд зүгээр байсан. Бүгд дор бүрнээ эд зүйлээ хамжаад байж байсан.А.Батбаярын машинтай Б.Ганзул,Т.Лувсан, урд суудал дээр нь нэг танихгүй согтуу ах суугаад явсан.Тэд нар яваад ирэхгүй удаад байхаар нь утсаар залгаж асуухад осолд орсон байна гэсэн... гэх мэдүүлэг / хэргийн 24-25-р хуудас/
Гэрч Б.Одмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Бид нарыг очих үед тэнд нэг согтуу хүн, Ч.Аюурзана багш, Тэмжүүжин, Ц.Мөнхзаяа, Баасандаш, Т.Лувсан, Г.Эрдэнэбат нар байсан.Бид нар очоод хог түүгээд юмаа ачаад явах гэтэл Ганзул, Пүрэвсүрэн бид хоёрыг суулгаагүй.Аймаг ороод бензин аваад хүмүүс болон ачаагаа буулгаад буцаж ирээд авъя гээд явсан чинь ирээгүй... гэх мэдүүлэг/ хэргийн 27-28-р хуудас/
Гэрч Ц.Мөнхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай ангийнхан анги удирдсан багш Ч.Аюурзаны хамт Бугат үзүүр лүү зугаалганд явсан. Тэр оройгоо манай ангийн 6 эрэгтэй хүүхэд тэнд хонож 3 эмэгтэй хүүхэд 4 багш буцаж ирсэн. Маргааш өглөө нь Ч.Аюурзана багш нас бардаг ах хоёр халамцуу ирээд нэг шил архи хувааж уугаад амарсан. Тэр үед А.Батбаяр аймаг явж машин авчраад бид нарыг аймаг руу зөөхөөр болсон. Орой 21 цагийн үед нас барсан ах, Г.Эрдэнэбат, Т.Лувсан, Б.Ганзул нар А.Батбаярын машинд суугаад аймаг явсан. А.Батбаяр тэр хүмүүсийг хүргэж өгөөд буцаад бид нарыг авах байсан боловч замдаа осолд орсон. А.Батбаяр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй... гэх мэдүүлэг /хэргийн 29-30-р хуудас/
Гэрч Б.Ганзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...А.Батбаяр бид хоёр З.Алтанхуяг ахыг буулгаад А.Батбаярын найз охиныг найзтай нь хамт аваад Бугат үзүүр лүү явсан. Тэнд очоод майхан эд зүйлээ ачаад машинд нас барсан ах урд талын суудалд, би жолоочийн ард суугаад Т.Лувсан нэг найзтайгаа ард суугаад явсан. Машин хөдлөөд явж байгаад шарваад унасан. Би машин унасан үеэс эхлээд ухаангүй болсон байсан.Нэг сэрэхэд эмнэлэг дээр ирсэн байсан.Надад ямар нэгэн гэмтэл учраагүй... гэх мэдүүлэг / хэргийн 35-36-р хуудас/
Гэрч Г.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Тухайн үед машинд жолооч А.Батбаяр, багштай согтуу ирсэн ах урд жолоочийн хажуугийн суудалд суугаад би хойно Б.Ганзул,Т.Лувсан хоёрын хамт суусан.Машин явж байгаад гэнэт хөндлөн шарваж явж байгаад өнхөрсөн. Машин өнхөрч байгаад зогсох үед А.Батбаяр түрүүлж гараад ард явсан Лувсан, Б.Ганзул бид гурвыг гаргаж авсан.Бид нар гарч ирээд урд суусан ахыг хартал машинаас гараад хажуу талд нь унасан байсан.Очоод харахад огт хөдлөхгүй цус гарчихсан байхаар нь айгаад ойртоогүй.Гэтэл Б.Ганзул миний цээж өвдөөд байна гээд газарт суухаар нь А.Батбаяр,Т.Лувсан бид гурав ойрхон харагдсан гэрэл рүү шууд гүйсэн. Тэгээд тэр айлын утсаар дуудлага өгсөн...гэх мэдүүлэг / хэргийн 38-39-р хуудас/
Гэрч Т.Лувсангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Тэгээд хөдлөөд аймаг руу явж байтал машин унасан. Нэг мэдэхэд А.Батбаяр машины арын багажийг нээгээд намайг гараарай гэхээр нь би гарсан.Машинаас гараад нэлээд манарч байгаад урд суусан хүн хаана байна гээд А.Батбаяр бид хоёр машинаа тойроод хартал харагдаагүй. Тэр үед шороо их боссон, бид нар манарсан байсан болохоор анзаараагүй байсан.Тэгтэл нөгөө ах машины дугуй талд хэвтэж байсан.Очоод харахад толгойноос нь их цус гарсан байхаар нь ойртоогүй. Тэгээд яаралтай түргэн дуудъя гээд А.Батбаяр, Г.Эрдэнэбат бид гурав айлд очиж утсаар нь дуудлага өгсөн. Надад ямар нэг гэмтэл учраагүй... гэх мэдүүлэг / хэргийн 41-42-р хуудас/
Гэрч З.Алтанхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Тэгээд нөгөө айлаас хөдлөөд манай гэрийн гадаа ирээд би буугаад А.Батбаярт “ чи машинаа унтраахгүй нармаалдуулж байгаад хүрээд ир” гэж хэлээд үлдсэн.Тэр үед 21 цаг болж байсан. Гэрт ороод 1 цаг орчим болж байтал нэг дугаараас залгаад “ ах аа машин унагачихлаа, нэг хүн муу байна” гэхээр нь би ахынхаа машинтай шууд гарсан. Ах, бэргэн, бид гурвыг осол болсон газарт очиход нэг эмэгтэй уйлаад хажууд нь нэг эмэгтэй байхаар нь би хамт явсан юм байх гэж бодоод та нар хүний аминд хүрчихлээ гэж хэлсэн. Би А.Батбаярыг 2,3 удаа цохиж аваад эмнэлэг дуудсан уу гэхэд дуудсан гэсэн. Б.Ганзул нас барсан залуугааас 8 метр орчим зайд доош хараад унасан байсан.А.Батбаяр архи уудаггүй учраас би итгээд машинаа өгч явуулсан... гэх мэдүүлэг / хэргийн 51-52-р хуудас/
Гэрч Д.Шинэхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Тэр орой амрах гээд байж байтал аймаар хүчтэй дуу чимээ гарсан. Бид нар машин унах шиг боллоо гээд гараад харахад их шороо боссон байсан бөгөөд удалгүй 3 хүн дуугараад эрэг дээр гараад ирсэн. Нөхөр бид хоёр ороод хувцсаа сольж байтал айж сандарсан байдалтай 3 хүүхэд орж ирээд 103 руу дуудлага өгсөн. Бид хоёр хүүхдүүдийг өөрийнхөө машинд суулгаад хэргийн газарт ирэхэд хоёр хүн машины ойролцоо хэвтэж байсан.Тэгээд удалгүй нас барсан залуугийн эхнэр, жолоочийн ар гэрийнхэн ирсэн... гэх мэдүүлэг / хэргийн 55-57-р хуудас/
Гэрч Н.Дэлгэрцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Дуудлага хүлээж аваад биднийг очих үед машины хажууд нэг эрэгтэй хүн нас барсан байдалтай, 10 алхмын зайд 21 орчим насны залуу ухаангүй хэвтэж байсан.Тухайн залуугийн толгойноос нь их хэмжээний цус алдсан, амьсгал хураасан байсан ба нөгөө залуугийнх нь даралт өндөр байсан учраас 103-т авчирч гэмтэлд хэвтүүлсэн. Мөн тэнд байсан 3 залуугийн биед үзлэг хийхэд даралт хэвийн, гэмтсэн зүйлгүй байсан... гэх мэдүүлэг / хэргийн 62-63-р хуудас/
Цогцсонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хэргийн 79-80-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээниы албаны 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай шинжээчийн...Ж.Энхсайханы цогцост суурь ясны дунд 2 хонхор болон арын 2 хонхорын хэсгийг хамарсан бяцарсан хугарал, зулай ясны бяцарсан хугарал зулай ясны бяцарсан хугарлаас дух яс дайрч суурь ясны бяцарсан хугарал хурсан хугарал,тархины хоёр тал бөмбөлгийн суурь хэсгийг хамарсан цусан бүлэн, тархины баруун чамархай хэсэгт цусан бүлэн, доод эрүүний зүүн болон баруун талын 1 дүгээр шүднүүдийн хугарал, толгойн хуйхны дотор зулай хэсэгт цус хуралт, зулайн баруун хэсэг болон баруун шанаа хацар, хэсгийг хамарсан зулгаралт, баруун хацар хэсэгт зулгаралт, баруун мөрний хэсэгт цус хуралт, хүзүүний баруун хэсэгт, баруун мөр хэсэгт, цээжний баруун ар хэсэгт, хэвлийн баруун ар хэсэгт баруун гуяны урд хэсэгт баруун шилбэний урд дээд хэсэгт, баруун хөлийн шилбэний урд хэсэгт зулгаралтууд, 2 гарын шуу болон сарвууны ар хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, баруун хөлийн тахим хэсэгт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.Ж.Энхсайханы цогцост учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, шинэ үүссэн гэмтлүүд байна. Ж.Энхсайхан нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 81-85-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 84 дугаартай шинжээчийн...А.Батбаярын биенээс авсан гэх шингэн цус шинжилгээнд тэнцэнэ. А.Батбаярын биенээс авсан гэх шингэн цусанд этилийн спирт илрээгүй... гэх дүгнэлт./ хэргийн 94-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 323 дугаартай шинжээчийн... Г.Эрдэнэбатын биед духны баруун хэсгийн зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Энэ нь хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.Г.Эрдэнэбатын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт / хэргийн 98-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 322 дугаартай шинжээчийн... Т.Лувсангийн биед баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Энэ нь хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.Т.Лувсангийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт / хэргийн 103-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаартай шинжээчийн... Ж.Энхсайханы цогцосноос авсан гэх шингэн цус шинжилгээнд тэнцэнэ.Ж.Энхсайханы цогцосноос авсан гэх шингэн цусанд 4.1 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 112-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Авгас овогт Цэвээндоржийн Жавзандуламын / ПО89061821 регистрийн дугаартай, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Төрийн банкинд ахлах теллер ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 16 цагийн үед нэг хүүхэд утсыг нь аваад “ танай нөхөр Бугат үзүүрт майханд унтаж байна” гэсэн. Би “ та нар юу хийж байгаа юм бэ “гэхэд “ бид над ангиараа зугаалж байна” гэсэн.Орой нь би ХОИС-ийн Гурвандаваа багш руу залгаад Ч.Аюурзана багшийг асуухад “ Бугат үзүүрт байгаа ирээгүй байна” гэхээр нь “ хоёулаа Бугат үзүүр лүү хамт яваад ирье” гээд дуудсан. Тэгээд бид хоёр аймгаас гараад дээшээ явж байтал нэг машин унасан байсан бөгөөд хажууд нь манай нөхөр хэвтэж байсан.Мөн хажууд нь хэдэн хүүхэд байсан. Би тухайн үед ухаан алдаад хэдэн хүн байгааг мэдээгүй.Намайг очоод 20 орчим минутын дараа түргэний машин ирээд эмч үзээд манай нөхрийг нас барсан байна гэж хэлсэн. Бид хоёр гэр бүл болоод 7 жил болж байгаа бөгөөд 2-4 насны 2 хүүхэдтэй...гэх мэдүүлэг / хэргийн 125-126-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Батбаяр нь Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэр шороон зам дээр 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 22 цагийн орчим өөрийн авга ах З.Алтанхуягийн эзэмшлийн 77-78ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Ж.Энхсайханы амь насыг хохироосон болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Жавзандуламын мэдүүлэг, гэрч Б.Ганзул, Б.Одмаа, Г.Эрдэнэбат,Т.Лувсан, Д.Пүрэвсүрэн, Ц.Мөнхзаяа, З.Алтанхуяг, Д.Шинэхүү, Н.Дэлгэрцэцэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Батбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн...Жолооч А.Батбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан ”Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалт, мөн дүрмийн 3.4.б-д заасан ”хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэх заалтуудыг зөрчсөнөөс осол гарах шалтгаан болсон... гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэснээр шүүгдэгч А.Батбаярын үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу бусдын эзэмшлийн өмнө нь барьж байгаагүй тээврийн хэрэгслийг жолоодсоноор ямар нэгэн хор уршиг учруулж болзошгүйг мэдэх боломжтой байсан боловч хүний амь насыг хохироох, хохирол учруулахыг мэдэлгүйгээр үйлдэгдсэн нь болгоомжгүй гэмт хэрэг гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэжээ.
77-78 ХОА улсын дугаартай Landcriuser 80 маркийн автомашины эзэмшигч нь З.Алтанхуяг болох нь “Бэрс финанс” ББСБ-ийн менежер Б.Энх-Амгаланбаатарын “ 77-78 ХОА улсын дугаартай, Landcriuser 80 маркийн автомашиныг З.Алтанхуяг нь 12 сарын хугацаатай барьцаалан зээл авсан болно.Зээлийн төлбөр графикийн дагуу төлөгддөг “ гэх мэдүүлгээр /хх-70-71/ нотлогдож байна.
Иймд шүүгдэгч А.Батбаярыг тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс Ж.Энхсайханы амь нас хохирсон нь тогтоогдож байх тул 27.10 дугаар зүйлийн 3-д заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Батбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-142/-аар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлын 30 сая төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 20 сая төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцсон тухай нотариатаар гэрчлүүлсэн Эвлэрлийн гэрээ, хохирол хүлээн авсан баримт зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Батбаярт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч А.Батбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч,03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх... гэх дүгнэлт,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: хохирлын тухайд бэлнээр 30 сая төгрөгийг авсан, үлдсэн 20 сая төгрөгөн дээр гэрээ байгуулж, хохирлоо төлөхөө илэрхийлсэн байгаа тул шүүгдэгчид хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэж байна гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Шүүгдэгч А.Батбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад учруулсан хохирлыг төлсөн, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан. А.Батбаяр нь Ховд их сургуулийн 2 дугаар курсийн оюутан зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч А.Батбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн,үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Батбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хохирогчид 30 сая төгрөг төлж, үлдсэн 20 сая төгрөгийг төлөхөө илэрхийлсэн,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1184183 дугаартай А.Батбаярын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл 36.2, 36.6-36.8,36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шагдар овогт Амарсанаагийн Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Шагдар овогт Амарсанаагийн Батбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 / гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 / нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Батбаярт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч А.Батбаярт тайлбарласугай.
5.Шүүгдэгч А.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 30 сая төгрөг төлж, 20 сая төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1184183 дугаартай А.Батбаярын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч А.Батбаярт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form