Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 202/МА2025/00017

 

 

Б.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, Ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний нээлттэй шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 308/ШШ2025/00228 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч: *ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: *-т холбогдох,

Чиргүүл ашигласан төлбөрт 40,000,000 төгрөг гаргуулж, * улсын дугаартай чиргүүлэн авах үндсэн нэхэмжлэлтэй, 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгч С.Энхзулын ирүүлсэн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч С.Энхзул (зайнаас цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга, тайлбартаа: ...Б.М миний бие 2021 оны 10 сард хоёр улсын хил хаасан цагаас хойш Замын-Үүд суманд У.Эын ах Энхбатын хашаанд * , * улсын дугаартай машинаа тавьж хил онгойхыг хүлээж байв. Энэ үед У.Э гэх залуу чи ачаанд ийш тийш явахгүй байгаа бол чиргүүлээрээ түр хэд рэйс чирүүлээч гэж гуйхад нь би тэг тэг гээд өгсөн. Тэгэхэд У.Э хүний дугуй хагарна элэгдэнэ гээд хэдийн өөрийнхөө чиргүүлийн дугуйг сольж тавьсан байсан ч гагнуур раам нь муудах шинжтэй болохоор нь би одоо болсон гээд чиргүүлээ зогсоож дугуйг нь салгаж өгөөд өөрийнхөө дугуйнуудаа тавьж орхичхоод ирсэн. Хотод байж байтал нэг өдөр У.Э над руу утасдаж чи чиргүүлээ зарах уу гэсэн би 25 саяд авбал ав, гэхдээ бичиг баримт нь Замын-Үүдэд байгаа гэсэн чинь хаясан гээд дахиад авчих, тэгээд нэрээ шилжүүлээд өгчих гэж яаруулаад би хотод Хөсөг трэйд дээр очиж шилжүүлж өөрөөсөө 50-60 мянган төгрөг гаргаж байж дахин гэрчилгээ авч шилжүүлж өгөөд явуулах гэтэл 2 хоногийн дараа залгаад чиргүүлийг маань муулаад урьд нь чирч хэрэглэж байгаагүй юм шиг зан гаргаад байхаар нь за буцвал буц гээд би 20 саяыг нь тэр дор нь шилжүүлсэн. Тэгээд чиргүүл хүргэж ирж өг, нэрээ шилжүүлж авъя гэхээр авчирч өгөхгүй, чи өөрөө мөнгөө авчирч өгөөд, чиргүүлээ өөрөө ав гээд надаас 5 сая төгрөг нэхсэн. Чиргүүлээ би хүн олж авхуулах гээд хүн явуулахаар чиргүүл чинь алга гэнэ, тэнд нь зарах гээд хүн явуулна бас л байхгүй, тэгээд би У.Э луу залгаад чиргүүл алга гэж байна чи яагаад миний чиргүүлийг хэрэглээд байгаа юм бэ гэхээр нь би хэрэглээгүй ах л тэр хоорондоо чирсэн гэсэн энэ тэр гэж хэрэлдээд би чиргүүлээ ч олж авч чадахгүй, зарж ч чадахгүй бүтэн жил боллоо. Одоо би бүтэн жил чамд хэрэглүүлсэн тарж унасан чиргүүл авахгүй мөнгөө авъя гэхээр өгдөг газартаа өг чи надаас юу ч олж долоохгүй, ална хядна гэж ах дүүстэйгээ дарамтлаад байна. Наймаа хийж чадахгүй буцахдаа буцаж чадахгүй, заль гаргаж хүний өмчийг эзэмшиж авсан У.Эаас буцаж өгсөн 20,000,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлттэй байна. гэжээ.

2.Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2024 оны 12 сарын 13-ны өдөр Б.М миний бие хариуцагч У.У.Эаас 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 42,677,551 төгрөг мөн тухайн үеийн тээврийн үнэлгээ тогтоолгосны 400,000 төгрөг нийт 43,077,551 төгрөгийг хариуцагч У.У.Эаас гаргуулж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу өөрийн * улсын дугаартай чиргүүлээ буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. гэжээ.

3.Хариуцагч У.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: У.Э миний бие Б.Мын нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулж дараах хариу тайлбар, хүсэлтийг гаргаж байна.

* улсын дугаартай чиргүүлээ буцаан авна гэснийг хүлээн зөвшөөрч байна. Чиргүүлийг шүүгчийн туслахын хажууд хүлээлгэн өгч, бичиг баримтыг шилжүүлэн өгье.

Нийт 43.077.551 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хөрөнгө Эстимэйт үнэлгээний ХХК нь 2024 оны 09 сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 2022 оны 04 сарын 09-ны өдрөөс 2022 оны 10 сарын 26-ны өдөр хүртэлх Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу 9 удаагийн тээвэр хийсэн зардлыг нийт 42.677.551 төгрөг гэж тооцож гаргасан нь бодит байдалтай нийцээгүй, хөөсөрсөн үнэ, шатахуун түлш, жолоочийн ажлын хөлс болон бусад зардлыг тооцож хасаагүй, толгой нь бусдынх байхад тээврийн зардлыг бүтэн тооцож гаргасан байна. Иймд 2022 оны 04 сарын 09-ны өдрөөс 2022 оны 10 сарын 26-ны өдөр хүртэлх Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу 1 удаагийн ачаа тээвэрлэн хүргэх тээврийн хөлс хэдэн төгрөг болох үүнээс шатахуун түлш, жолоочийн хөлс болон бусад хасагдах зардлыг хасаж, цэвэр ашиг хэдэн төгрөг байх, Тээвэрлэж яваа ачаа бараанаас хамаарч хөлс өөрчлөгддөг эсэх, мөн 2022 оны 04 сарын 09-ний өдрөөс 2022 оны 10 сарын 26-ны өдрийн хүртэлх Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу чиргүүл түрээслэн ачаа ачих үнэ ханш хэдэн төгрөг байсан болохыг Ашид Билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулж тогтоолгох хүсэлтэй байна. гэжээ.

4.Хариуцагчийн төлөөлөгч С.Энхзул шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: У.Э нь яаралтай чиргүүл хэрэгтэй болсон тул Б.Мын өмчлөлийн * улсын дугаартай чиргүүлийг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 25,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 12-ны өдөр Б.М руу шилжүүлсэн байна. У.Э нь төлбөр шилжүүлснийхээ дараа чиргүүлээ үзэхэд нь муу доголдолтой байсан учир энэ байдлыг Б.Мад хэлж,  өгсөн авснаа буцаахаар тохирч, М тэр даруй буюу 2022 оны 02 сарын 14-ны өдөр У.У.Эаас авсан 25,000,000 төгрөгөөс буцаан 20,000,000 төгрөгийг түүний Хаан банкны данс руу шилжүүлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар өгсөн авснаа буцаахаар тохирсон тул У.У.Эын үлдэгдэл 5,000,000 төгрөгийг Б.Маас гаргуулж өгнө үү. гэжээ.

5.Нэхэмжлэгч Б.М сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ...У.Э нь 2021 оны 10, 11 сард миний чиргүүлийг контейнер ачдаг зориулалттай гэдгийг ашиглан, одоо ачаа тээвэр дандаа контейнер болсон чи ажилгүй байгаа бол чиргүүлээ түр өгөөч гэж гуйж аваад надаас өөрийн амаар гуйж аваад Замын-Үүд Улаанбаатар хооронд 9,10 удаа нэг ч төгрөгийн түрээс өгөлгүй чирч хэрэглэсэн. Би 2021 оны 12 сард  өөрийн биеэр ирж чиргүүлээ харахад бүх дугуйг нь сольсон, нэлээн гагнуур тасарч ханзарсан байсан. Тэгээд би одоо болно, дахиж чирүүлэхгүй гэж хэлээд өөрийнхөө дугуйнуудыг буцааж тавьж нэг жолооч залуугаар чиргүүлдээ гагнуур хийлгэж янзлуулаад хашааных нь үүдэнд гаргаж тавьчхаад явсан. Тэгтэл 2022 оны 02 сарын 12-нд чиргүүлээ зарчих гэж гуйж ирж 25,000,000 төгрөг шилжүүлж эзэмшигчийн нэр өмчлөлийг нь сольж авч байгаад гэнэт дөнгөж анх харж байгаа мэт чиргүүлийг минь муулаад наймаа буцаая гэхэд нь би итгээд 20,000,000 төгрөгийг буцаагаад өгчихсөн чинь 5,000,000 төгрөгөө ч нэхэхгүй чиргүүлийг чинь ч өгөхгүй миний чиргүүлийг залилж аваад бүтэн жил хэрэглэсэн. Тэгээд У.Э луу залгаад чамд миний чиргүүл хэрэгтэй байгаа бол надад мөнгө 20,000,000 төгрөгөө өг үгүй бол миний чиргүүлийг өг, өгдөг газар нь өгнө шүү гэсэн чинь өг өг чи надаас юу ч олж долоохгүй гээд инээж хэл амаар доромжилдог. Би өөрийн биеэр чиргүүлээ авах гэж 2022 оны 04 сарын 27-ны өдөр ирэхэд чиргүүл өгөхгүй хэл амаар дайрч доромжилж төрсөн ах Энхбаттайгаа нийлж намайг зодож зайл гэж нохой мэт хөөсөн. Иймд У.У.Эаар элэгдэж муудсан чиргүүл ч авахгүй, 5,000,000 төгрөгийг ч өгөхгүй. Тэр үеийн хийсэн наймаа тухай үеийн ханшаар бодож өөрийнхөө буцааж өгсөн 20,000,000 төгрөгөө л гаргуулж авах хүсэлтэй байна. гэжээ.

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч У.У.Эаас 19,012,500 төгрөгийг, * улсын дугаартай чиргүүлийн хамт гаргуулж нэхэмжлэгч Б.Мад, нэхэмжлэгч Б.Маас сөрөг нэхэмжлэлийн чиргүүлийн үлдэгдэл үнэ 5,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч У.У.Эт тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 15,987,500 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч У.Э нь * улсын дугаартай чиргүүлийн бичиг баримтыг нэхэмжлэгч Б.Мын нэр дээр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрснийг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 631,288 төгрөгөөс 443,538 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 94,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.У.Эаас 323,212.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мад, нэхэмжлэгч Б.Маас 94,950 төгрөгийг гаргуулж хариуцагч У.У.Эт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 187,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Б.Мад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

7.Хариуцагчийн өмгөөлөгч С.Энхзул давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...Хоёр үндэслэлээр гомдлоо гаргасан. Анхан шатны шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг. Чиргүүл ашигласны төлбөр 40,000,000 төгрөг гаргуулах мөн 43-70 улсын дугаартай чиргүүлийг хувьдаа авъя гэдэг шаардлагаа гаргасан байдаг. Үүний дагуу анхан шат хэргийг шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад хамааралгүй нотлох баримтыг үнэлсэн байгаа. Энэ нь өөрөө нотлох баримт үнэлж дүгнэх журмыг зуун хувь үнэлээгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч талаас 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хамтран ажиллах гэрээг гаргасан. Энэ гэрээ болохоор ойлгомжтой гарчихсан. Тухайн үед цар тахалтай нөхцөл байдал байсан. Ачаа бараа тээвэрлэлтийн хуулиар маш бага зардлаар улс оролцоотой зохицуулагдаж байсан гэдэг нөхцөл байдлыг нотлох үүднээс л бид нар өгсөн. Гэтэл хэргийн үйл баримтад огт хамааралгүй нотлох баримтыг шүүх үнэлж төлбөр гаргуулах үүднээс хандсан. Яагаад гэхээр энэ гэрээ нь зөвхөн хилээс Замын-Үүд сум хоорондын хөлсийг зохицуулж байгаа гэрээ байгаа. Гэтэл яг хэргийн үйл баримт нь өөрөө Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу 9-н удаагийн тээвэрлэлт хийсэн үйл баримт байгаа. Энэ хэрэгт огт хамааралгүй нотлох баримтыг үндэслэж энэ нь өөрөө хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримыг үнэлэх журмыг зөрчсөн байна гэж нэг дэх үндэслэлээ тайлбарлаж бичсэн байгаа. Хоёрт хариуцагч талаас гэрчээр Мягмартөгс, Зоригтбаатар, Э, Э, Б, Ц, Э, Ж нарыг гэрчээр мэдүүлэг авхуулсан байдаг. Эдгээр гэрч нар бүгдээрээ яг тухайн нөхцөл байдалд тээвэр хийж байсан. Тээврийн ханш маш бага байсан 3,000,000-3,500,000 төгрөг байсан. Энэ хооронд бензин болон жолоочийн төлбөр гээд бид нарт цэвэр ашиг нь 1,000,000 төгрөг байсан. Үүнийг ямар нэгэн зохицуулсан дүрэм журам байгаагүй. Жолооч нар яг энэ ханштайгаар зохицуулж байсан гэдэг гэрчийн мэдүүлгүүдийг авхуулсан байдаг. Гэтэл шүүхээс тухайн гэрчийн мэдүүлгийг бүгдийг нь авч үнэлээгүй байдаг. Худал мэдүүлэг өгсөн гэдэг үндэслэл тогтоогддоггүй. Зарим нэг нь нэхэмжлэгчтэй төрсөн дүү мөн жолооч нь байх хэдий боловч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгнө гээд гарын үсэг зураад мэдүүлэг өгсөн байдаг. Энэ нотлох баримтуудыг шүүх өөрөө огт үнэлээгүй. Үнэлээгүй нь өөрөө нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үндэслэлээ гаргасан. Тийм учраас тухайн 9-н удаагийн тээвэрлэлтийн бодит олсон ашиг 1,000,000 төгрөг байсан. Нийт 9 удаа явсан гэхээр 9,000,000 төгрөг болно. Тийм учраас анхан шатын шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна. гэв.

8.Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М миний бие 2022 оны 01 сард Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд анх удаа гомдол гаргаж байсан. Тэрнээс хойш 3 жил 8 сарын хугацаанд иргэний хэргийн анхан шат 3-н удаа шүүх хурал хийж Дорноговь аймгийн давж заалдах шүүхэд хоёр удаа шүүх хурал хийж хол байдаг намайг 3 жил 8 сарын хугацаанд өнөөдрийнхтэй 6 дахь удаагаа шүүх хурал хийлгэж нэлээн чирэгдэл учруулж байгаад миний хувьд хохирч байна. Нэхэмжилсэн 20,000,000 төгрөгөөс давсан хэмжээний зарлага гарч байгаа. Энэ хугацаанд Замын-Үүд сумын анхан шатны шүүх хэргийг шударгаар огт шийдвэрлэж байгаагүй. Хариуцагч У.Эын хэлсэн ярьсан бүхнийг хууль бус байсан ч хангаж шийдвэрлэдэг байсан. Ах нь Э жолооч нь Э гээд бүгд хамаатан садан, холбоо хэлхээтэй хүмүүс. Тэд нар нь урьд урьдын шүүх хурлуудад дандаа худал мэдүүлэг өгч байсан. Миний эсрэг мэдүүлэг өгч байсан нь олон удаагийн шүүх хурлын явцад нотлогдож байгаа. Хоёрт хамгийн үнэн зөв бодит баримт болох миний 9 удаагийн рейс Замын-Үүд сумын Зам тээврийн хөгжлийн яамнаас шүүж гаргаж өгсөн байдаг. Энэ нь надад хангалтгүй байгаа. Яагаад вэ гэхээр 2021 оны 10 сараас эхэлж хариуцагч У.Э миний чиргүүлийг анх гуйж хэрэглэж байсан. 2021 оны 10 сараас 12 сар хүртэл өөрөө ч гэсэн хүлээн зөвшөөрдөг. Дугуйг нь элэгдүүлчихнэ гээд өөрийнхөө чиргүүлийн дугуйг тавьж 3, 4 удаа рейс хийж байсан гэж ярьдаг. 2022 оны 02 дугаар сарын 12-нд надаас худалдаж авсан. Тэгээд 02 дугаар сарын 14-нд нь нөгөө чиргүүл ачаатай Улаанбаатар хот руу ороход нь өөрөө тосож үзчихээд арай л муу чиргүүл байсан гэдгийг хүртэл амаараа хэлдэг. Гэтэл Улаанбаатар Замын-Үүд сум хоёрын хоорондох рейсийг шүүхэд 02 дугаар сарын 14-ний рейс ч гарч ирдэггүй. 2022 оны 4 дүгээр сарын 07-ноос эхэлж 12 сар хүртэлх 9-н рейс тооцогдож байгаа. Гарч ирж байгаа баримт нь гээд энэ дээрээ тулгуурлаж би нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлсэн. У.Эын дансны хуулгыг шүүж өгөөч гэсэн хүсэлтийг анхан шатны шүүх ханган шийдвэрлэж Хаан банкны дансны хуулгыг нь харахад 2021 онд У.Э бүтэн жилийн хугацаанд орлого зарлагын гүйлгээ нь 180,000,000 гаруй төгрөг болж жилийн эцэст 10,000,000 сая төгрөгтэй дансандаа үлдэж байсан бол 2022 онд яг миний чиргүүлийг хэрэглэж байх үедээ 2,800,000,000 төгрөг дансаар нь орж гарч жилийн эцэст 180,000,000 гаруй төгрөгийн дансны үлдэгдэлтэй бүр эрс өөрчлөгдөж 2022 оныг үдэж байсан. Энэ дээр банкныхаа хуулгыг нарийн шүүгээд үзэхэд нэг контейнер 9,800,000 төгрөг, хоёр контейнер 19,800,000 төгрөг гэсэн гүйлгээний дүнгүүд байдаг. Энэ нь тээврийн ханшны хөлс гэхээр энэ контейнерын татвар, гаалийн татвар надад бүгд хамт орж ирдэг байсан гэж өөрөө хэлж байгаа. Гэтэл гаалийн татвар гээд тэр мөнгөнөөс буцаагаад зарлага хийсэн баримт байдаггүй. Энэ нь яг цэвэр тээврийн ханш гэж үзэж байгаа. 2021, 2022 онд цар тахлын үед тээврийн ханш тэнгэрт тулсан. Одоогийн 17-н хавтантай чиргүүл дээд тал нь 60,000,000 төгрөгөөр нэг тээврийг хийж байсан. Би 2020 онд анх машин аваад 25,000,000 төгрөгөөр нэгхэн удаа рейс хийж зогсоод У.Эт чиргүүлээ хулхидуулснаас болж одоо би чиргүүл ч үгүй, тээвэрт ч явж чадахаа байсан. Улаанбаатар хотод үнэлгээ гаргуулсан албан ёсны зөвшөөрөлтэй ийм компаниар үнэлгээ гаргаж тэр үнэлгээний байгууллага нь бодит үнэлгээг надад гаргаж өгсөн. Яагаад гэвэл чиний чиргүүлийг машин чирсэн байгаа. Тэрний түлш, жолооч барьсан тэрний хөлс, цалин, хоол, замын пост гээд бүх гарч болох ёстой зарлагуудыг замын постуудыг хүртэл бүр тоогоор нь тавиад гарч болох ёстой зарлагуудыг бүгдийг нь хасаж надад 43,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргах тийм баримтыг гаргаж өгсөн байдаг. Үүнийг Замын-Үүд сумын шүүх бас хангаж шийдвэрлээгүй. Хэд хэдэн удаагийн хуралд анх удаагаа би анхан шатны шүүхэд ялалт байгуулсан. Миний санаанд нийцэхээр хэмжээнд шийдвэрлээгүй ч гэсэн холоос олон удаа явж үүнээсээ илүү зарлага гаргаж байгаагийн хувьд би залхаж энэ шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрье гэсэн байдалтай байж байхад хариуцагч тал давж заалдаж байгаад үнэхээр гайхаж байна. Гомдлыг зөвшөөрөхгүй байна. Хэргийн бодит байдал ийм байхад хариуцагч У.Эын гаргасан гомдлыг хүлээж авахгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагч У.У.Эын өмгөөлөгч С.Энхзулаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зүйлгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

2.Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.М, хариуцагч У.Э нар нь 2022 онд * улсын дугаартай чиргүүлийг 25,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиролцсоны дагуу У.У.Эаас чиргүүлийн үнийг Б.Мад шилжүүлж, чиргүүлийн өмчлөгчөөр У.Э болгон бичиг баримтыг шилжүүлсний дараа буюу 2 хоногийн дараа У.Э чиргүүлийн чанар байдал шаардлага хангахгүй байна, худалдаж авахаа болилоо гэсний дагуу Б.Маас 20,000,000 төгрөгийг У.Э руу буцаан шилжүүлж, үлдэх 5,000,000 төгрөгийг чиргүүлээ авч, бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлсний дараа өгнө гэж тус тус амаар хэлэлцэн тохиролцсон боловч У.Э чиргүүлийг, бичиг баримтын хамт буцааж өгөөгүй үйл баримт болсон.

Иймээс нэхэмжлэгч Б.М чиргүүлээ авч чадахгүй байгаа учраас түүнд чиргүүлийн үнэ гэж буцааж төлсөн 20,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж чиргүүлээ гаргуулж авах, уг чиргүүлээр тээвэр хийж ашиг олсон орлого буюу 42,677,551 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 400,000 төгрөг, бүгд 43,077,551 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч У.У.Эын банкны харилцах дансны хуулгаар 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн тухай хуулбар, чиргүүлийн гэрэл зураг (1хх-7, 22-30), Зам, тээврийн хөгжлийн төвөөс ирүүлсэн ...* улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2022 оны 2 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд Замын-Үүд төлбөр авах цэгээр 9 удаа бүртгэгдсэн тухай мэдээллийг хавсралтын хамт хүргүүлсэн тухай албан бичиг (2хх-38-39), хариуцагч У.У.Эын банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга (2хх 96-250, 3хх 1-40), Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/15 дугаартай Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх тариф тооцох аргачлал-ын тогтоох тухай тушаал (3хх 77-91), Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн * улсын дугаартай чиргүүлээр 9 удаа тээвэрлэлт хийсэн үйлчилгээний дундаж үнэ, ханшийг тогтоож 42,677,551 төгрөг гэж тогтоосон шинжээчийн дүгнэлт (3хх96-104) зэрэгт тус тус үндэслэсэн.

3.Хариуцагч У.Э ...өөрөө чиргүүлээ ирж авна гэсэн боловч ирж аваагүй тул чиргүүлийг нь буцааж өгнө, харин чиргүүлийн үнээс буцааж аваагүй үлдэгдэл 5,000,000 төгрөгөө буцааж авна гэж маргасан ба 5,000,000 төгрөгөө гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ * улсын дугаартай чиргүүлийн бодит үнэ ханшийг Хас үнэлгээ ХХК-аас 17,574,450 төгрөг гэж тогтоосон шинжээчийн дүгнэлт (1хх 175-192), Замын-Үүд дэх Автотээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер Б.Одбаяраас гаргасан * улсын дугаартай чиргүүлийн биет байдлын тал аарх гаргасан шинжээчийн дүгнэлт (1хх 206-216), маргаан бүхий чиргүүл нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Соёмбо гудамжны 17-1 тоотод биет байдлаараа байгаа эсэхэд шүүхийн журмаар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх 223-233), хариуцагчийн хүсэлтээр чиргүүлийн биет байдлын талаар М.Эийн гэрчээр асуусан тухай тэмдэглэл (1хх 249-250), хариуцагчийн хүсэлтээр * чиргүүлийг ашиглаж байсан эсэх талаар гэрч У.Э, А.Ж, У.Э /2хх 66-74/, гэрч У.Э, М.Э, У.Ц, А.Ж, Б.Э, Л.Б, Л.М, Д.З (3хх 158-180), хариуцагч У.У.Эын ХААН банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга (3хх182-243), Замын-Үүд сумын онцгой комисс, Автотээврийн үндэсний төв, нөгөө талаас жолооч нарын хооронд байгуулагдсан коронавируст халдварт цар тахлын үед Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журмын дагуу тээвэрлэлт хийх тухай Хамтран ажиллах гэрээ (3хх 244-247) зэрэгт тус тус үндэслэсэн.

4.Анхан шатны шүүх ...зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан чиргүүл худалдах, худалдан авах тухай гэрээг амаар хэлэлцэн тохирсон харилцаа бий болсон боловч хариуцагч тал гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа * улсын дугаартай чиргүүлийг биетээр нь, чиргүүлийг ашиглаж тээвэрлэлт хийсний ашиг орлогыг корона вирус цар тахлын үед Замын-Үүд сумын онцгой байдлын комисс, Автотээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбар болон жолооч нарын хооронд Замын-Үүдийн хилийн цогцолбороос гаалийн хяналтын бүртгэл хүртэлх богинын зайд тээвэрлэлт хийх тухай Хамтран ажиллах гэрээ-ний тариф үнэ 725,000 төгрөг дээр Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд хийх тээврийн дундаж үнэ ханшийг гэрчээр мэдүүлэг өгсөн жолооч нарын мэдүүлгүүдэд үндэслэн тээврийн хөлс 3,500,000 төгрөг гэж тооцож нэмж, нийлбэр дүнг тээвэр хийсэн автомашин болон чиргүүлд гэж хоёр хувааж 9 удаагийн тээвэр хийсэн чиргүүлийн ашиг орлогыг 19,012,500 төгрөг гэж тогтоож хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох машины үнэд төлөөд буцааж аваагүй үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж олгохоор шийдвэрлэсэн.

5.Хариуцагчийн өмгөөлөгч С.Энхзулаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч ...чиргүүлийг 9 удаагийн тээвэрт ашигласны үнэд 19,012,500 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй болсон, гэрчүүдийн мэдүүлгээр нэг удаагийн тээвэрлэлт хийхэд 3,500,000 төгрөгөөр тохирдог боловч жолоочийн хөлс, түлшний зардлыг хасахад цэвэр ашиг нь 1,000,000 төгрөгийг зарим үед л олдог болох нь тогтоогддог тул 1 удаагийн тээврийн ашгийг 1,000,000 төгрөг гэж тооцож, чирэгч толгой, чиргүүлд ашгийг 2 хуваан тооцоход 4,500,000 төгрөгийн ашиг олсон гэж үзэх боломжтой тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

6.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзсэн.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд зохигчид маргаан бүхий чиргүүлийг хариуцагчаас нэхэмжлэгчид олгох, сөрөг нэхэмжлэлийн дагуу гэрээнээс татгалзсанаас үүссэн төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид төлөх гэсэн шаардлагуудыг харилцан хүлээн зөвшөөрсөн байна.

* улсын дугаартай чиргүүл нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Соёмбо гудамжны 17-1 тоотод биет байдлаараа байгаа нь шүүхийн журмаар хийсэн үзлэгийн тэмдэглэл (1хх 223-233)-ээр тогтоогдсон байна.

Харин * улсын дугаартай чиргүүл хариуцагч У.У.Эын эзэмшил ашиглалтад байх хугацаанд 2022 оны 4 дүгээр сараас 10 дугаар сарын 26-ны хугацаанд 8 удаа, 2023 онд 1 удаа, нийт 9 удаа Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд тээвэрлэлтэд ашигласан нь Автотээврийн үндэсний төвийн ...Замын-Үүд төлбөр авах цэгийн автопүүний бүртгэлд бүртгэгдсэн гэсэн албан бичгээр тогтоогдсон ба чиргүүлийг тээвэрлэлтэд ашигласны хөлс, ашгийг нэхэмжлэгчээс Хөрөнгө эстимэйт үнэлгээний ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 42,677,551 төгрөг гэж тогтоосонд үндэслэн нэхэмжилсэнд талууд маргажээ.

7.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д ...хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасанд үндэслэн нэхэмжлэгч * улсын дугаартай чиргүүлийг, түүнийг ашигласнаас олсон ашгийн хамт тус тус нэхэмжилсэн нь энэ хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гаргасан маргаан бүхий чиргүүлээр 9 удаагийн тээвэрлэлт хийснээс олсон ашгийг 42,677,551 төгрөг гэж тооцсон Хөрөнгө эстимэйт үнэлгээний ХХК-ийн тооцоолол бодитой болж чадаагүй гэж дүгнэн, түүнийг шүүхийн шийдвэр үндэслэл болгоогүй нь зөв болсон буюу шүүхэд уг шинжээчийн дүгнэлт нь урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон нотлох баримт гэж үзэхгүй ба шүүх уг шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах шаардлагагүй юм.

Өөрөөр хэлбэл: Шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэг буюу Үнэлгээг тодорхойлсон байдал-д үнийг тодорхойлохдоо зах зээлийг судалсан гэх боловч энэ талаарх судалгаа дүгнэлтэд хавсаргагдаагүй, жишиг үнийг зөвхөн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын А/233 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтад заасан тарифт үндэслэн гаргасан байх тул шинжээчийн дүгнэлт бодитой болж чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх мөн үзсэн.

2022 оны байдлаар дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас Монгол Улсын нийгмийн амьдрал хязгаарлагдмал хүрээнд явагдаж байсан тул анхан шатны шүүх тээврийн хөлсийг тогтоохдоо Замын-Үүд сумын Онцгой байдлын комисс, Автотээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбар болон жолооч нарын хооронд Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журмын дагуу гаргасан 2022 оны Хамтран ажиллах гэрээ-ний жишиг үнийг гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн зах зээлийн үнэтэй тус тус зэрэгцүүлэн баримталсан нь тухайн цаг хугацааны нөхцөл байдалд нийцсэн, шүүхийн дүгнэлт зөв, үндэслэлтэй болсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хамтран ажиллах гэрээний дагуу Монгол Улсын хилээс гаалийн хяналт шалгалтын бүс хүртэлх богинын зайд нэг удаагийн тээвэрлэлтийн хөлсийг 725,000 төгрөгийн үнэ тухайн цаг хугацаанд хэрэгжиж байсан, мөн хэрэгт хариуцагч талаас гаргаж ирүүлсэн У.Э, М.Э, У.Ц, А.Ж, Б.Э, гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд нэг удаагийн тээвэрлэлтийн хөлс нь дунджаар 3,500,000 төгрөг гэх үнэ ханшийг шүүх нотлох баримтад үндэслэн гаргаж, энэ хоёр үнийг (725,000+3,500,000) нэгтгэж нэг удаагийн хөлсийг 4,225,000 төгрөгөөр тооцож, 9 удаагийн тээврийн хөлсийг 38,025,000 төгрөгөөр тогтоож, хөлсийг чирэгч автомашин, чиргүүлд гэж хоёр хувааж тооцон чиргүүлийн олох байсан ашгийг 19,012,500 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлтэй, шүүхийн тогтоосон энэ үнэлгээг нэхэмжлэгч Б.Мын зүгээс хүлээн зөвшөөрч маргаагүй гэдгээ давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн.

Шүүх хуралдааны тэмдэглэл (4хх 3-р талд) нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...нийт 35,000,000 төгрөг гаргуулж авъя гэж байгаа, өшөө доош нь татаад өгч байна, бүх зардлаа хасаад, хамаг зарлагаа нэмээд 35,000,000 төгрөг л гаргуулаад авъя гэж байна, одоо дуусгая, 3 жил боллоо, энэ 35 сая төгрөгт үнэлгээний мөнгө орчихоод байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг даргалагч шүүгчээс тодруулахад ...35,000,000 төгрөгөөр тохирч байна, олон жил явлаа, ядарч байна гээд багасгаж байгаа юм гэж тус тус тэмдэглэгдсэнд үндэслэн анхан шатны шүүх чиргүүлийн олох байсан орлогыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 35,000,000 төгрөгөөр тооцож улсын тэмдэгтийн хураамжийг энэ үнэд тооцон, илүү төлсөн гэж 187,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэлийн шаардлагад шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар мөн шаардсан тал дээр анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй дээр давж заалдах шатны шүүхээс дүгнэхэд шүүхийн шийдвэр нэхэмжлэгчээс гаргасан маргаан бүхий чиргүүлээр 9 удаагийн тээвэрлэлт хийж 42,677,551 төгрөгийн ашиг олсон гэж тодорхойлсон шинжээчийн дүгнэлтэд үндэслэгдээгүй учир уг нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй боловч нэхэмжлэгч тал шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээнд уг шаардлага орж тооцогдсон байна гэж үзсэн.

8.Иймд эдгээр нөхцөл байдалд үндэслэн хариуцагч У.У.Эын өмгөөлөгч С.Энхзулаас гаргасан чиргүүлийг ашигласнаас олсон орлогыг багасгаж өгнө үү гэсэн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 308/ШШ2025/00228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230.513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН

ШҮҮГЧ А.САЙНТӨГС