Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 202/МА2025/00018

 

 

 

 

Д.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүн /зайнаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 308/ШШ2025/00257 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч: * нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * холбогдох

10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүний ирүүлсэн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нэхэмжлэгч Д.Э нь А.Атай 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2010 онд үйлдвэрлэгдсэн Fotor BJ 1018 загварын (* ) арлын дугаартай * улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсоны дагуу * улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг А.Ад шилжүүлэн өгсөн, А.А  нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр машины үнэд 10,000,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байгаа тул үлдэгдэл 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ...тээврийн хэрэгслийн үнийг 18,000,000 төгрөгөөр тохирсон тул машины үнийн үлдэгдэл 8,000,000 төгрөг, заруулахаар өгсөн тэжээлийн үнэ 2,000,000 төгрөгийг нэмж бүгд 10,000,000 төгрөг гэсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ зохигчдын хооронд гар утасны мессежээр харилцсан бичлэгийн хуулбарыг хэрэгт хавсаргасан, шүүхээс уг бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэгт үндэслэсэн.

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан ба хариу тайлбартаа ...машины үнийг 18,000,000 төгрөгөөр тохирсон ба 8,000,000 төгрөг төлөөгүй байснаас 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1,200,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 13,200,000 төгрөгийг шилжүүлсэн, одоо үлдэгдэл 4,800,000 төгрөг байгаа гэж маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар, татгалзлаа өөрийн банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулганд үндэслэсэн.

3.Анхан шатны шүүх ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Агаас 4,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эад олгож, үлдэх 5,200,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.Энэ шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүнээс эс зөвшөөрч ...3,200,000 төгрөг нь тэжээлийн төлбөр, 10,000,000 төгрөг нь машины төлбөр, ...2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн тооцоогоор үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар харилцсан. Анхан шатны шүүх тэжээлийн төлбөрт төлсөн 3,200,000 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзсэн.

Тодруулбал: Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг худалдах, худалдан авах хэлцлийг зохигчид амаар тохирч хийсэн гэж зөв тодорхойлсон ба хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчдын эрхийг хасаж, хязгаарласан зүйлгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хуулийг зөв тайлбарласан байна.

6.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хянаж үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар(хх24, 47)-аар Foton Bj1018 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг 18,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон ба нэхэмжлэгчийн хаан банк дахь * тоот дансанд 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1,200,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 13,200,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь А.Агийн хаан банк дахь * тоот дансны хуулга(хх25-33)-аар тус тус тогтоогдсон тул анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудад үндэслэн хариуцагч А.Агаас машины үнээс төлөгдөөгүй гэх 4800,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.

7.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Д.Эын гар утсанд хийсэн үзлэг (хх59-60)-ээр ...99905235 дугаарын А.Агийн эзэмшлийн үүрэн холбооны дугаараас ...одоо удаахгүй өвсний үлдэгдэл хэд машины үлдэгдэл хэд байна та бүгдийг сайн бодоод явуулчих гэх зурвасыг нэхэмжлэгчид илгээж, нэхэмжлэгчээс тус дугаар руу машины үлдэгдэл 8,000,000, тэжээлийн үлдэгдэл 2,000,000 төгрөг гэх хариуг ирүүлсэн байх боловч хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт энэ тухай огт дурдагдаагүй, шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагийнамжилаас ...тэжээлийн талаар харилцаа байхгүй гэж маргасан.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Б.Энхбат шүүхэд хариуцагч А.Агаас заруулахаар өгсөн ногоон тэжээлийн үнийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ...2,000,000 төгрөг нь заруулахаар өгсөн ногоон тэжээлийн үнэ гэснийг нь анхан шатны шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргасан гэж үзэхгүй тул анхан шатны шүүх ...18,000,000 төгрөгөөр зарсан машины үлдэгдэл үнийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болсон.

8.Иймд эдгээр нөхцөл байдалд үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүнээс гаргасан давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 308/ШШ2025/00257 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,150 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН

ШҮҮГЧ А.САЙНТӨГС