Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 202/МА2025/00020

 

 

М.Өын нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанд,

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 308/ШШ2025/00453 дугаар шийдвэртэй,

 

нэхэмжлэгч: *,

 

хариуцагч: * холбогдох,

 

27 ишигтэй ямаа, 15кг ноолуур эсхүл 4,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч И.Өын ирүүлсэн давж заалдсан гомдолд үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Ш.Ч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч И.Ө нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...миний бие 1994 онд М сумын социализмын зам нэгдэлд боловсон хүчнээр ажиллаж байхдаа 5 хүүхдийнхээ хамт тус нэгдлээс өмч хувьчлалд орж хувийн мал ахуйтай болсон. Хувьчлалд авсан 20 ишигтэй ямаагаа өөрийн худ Т.Ц  гэдэг хүнд 1994 оноос 1998 онуудад маллуулсан ба мал маллагааны хөлсөнд ноолуурыг өгдөг байсан. Манай худ миний малыг 4 жил төллүүлээд 7 ишигтэй ямаа нэмж өгөөд нийт 27 ишигтэй ямаа болсон байсныг 1998 оны 9-р сард Ш.Ч нь манай худ хөгшнийд морьтой очиж Өын ямааг авах гэсэн юм гэж худал хэлэн 27 ишигтэй ямааг миний өмнөөс буюу надад хэлэлгүйгээр аваад явсан байсан. Ш.Ч нь надтай чиний ямааг авъя барья гэж огт яриагүйгээр барахгүй бидний өмч хөрөнгөнд дур мэдэн гар дүрж 27 ишигтэй ямааг авч явсан байдаг. Ш.Ч 27 ишигтэй ямааг тоолж авч явахад миний дүү И.Н хадмындаа очсон байхад энэ үйл явдал болсон байдаг. 2000 онд Ш.Ч нь хүүтэйгээ Төхөмийн уснаас зүүн хойш Цагаан толгой гэдэг газар мал маллаж байхад нь очиж уулзсан. Ш.Ч намайг очиход чи малаа авах гэж ирэв үү энэ жил цаг муу төл авч чадаагүй гэх зэргээр баахан зовлон тоочсон. Нээрээ ч 27 ишигтэй ямаа эднийд тухайн үед байгаагүй. Ингээд би малаа авч чадаагүй. Би өөрөө 2009 онд малчин болсон. 2004 онд би малаа авъя гэхэд би чамд мал өгч чадахгүй мөнгө өгье гэсэн. 2020 онд би дахиад малаа авъя гэж утсаар холбогдоход бас л мөнгө өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл надад ганц ч төгрөг өгөөгүй. Ингээд би 2025 оны 04 дүгээр сарын 21 өдөр М сумд Ш.Чг гэртээ байхад нь зорьж очиж уулзаад би чамаас мал ч авч чадаагүй мөнгө ч авч чадалгүй олон жил боллоо одоо би малаа авъя гэж хэлсэн. Чи надад мал өгнө мөнгө өгнө гэж хэлээд 5 жил боллоо чи намайг олон жил ч хуурлаа би чамаас 27 ишигтэй ямаагаа ноос ноолууртай нь авна гэж хэлээд гарч явсан. Би буцахдаа Ш.Чгийн төрсөн охин Отэй хөдөө уулзаж 27 ишигтэй ямаагаа ноос ноолууртай нь авъя танайх 30 жил төл ноолууртай нь идлээ одоо болсон би малаа авах гэж явна гэхэд охин О нь би өөрөөсөө 10 гаруй ишигтэй ямаа өгье үлдсэн ямааг нь дүү О болон бусад хүмүүстэйгээ ярьж байгаад ямааг чинь бүрдүүлээд өгье гэж тохирсон. Ингээд би 2 удаа О рүү хэзээ очих талаар мессеж бичсэн боловч хариу өгөөгүй. Ингээд би 4 сарын 27-ны өдөр ярихад Ш.Ч би чамд мөнгө ч өгөхгүй мал ч өгөхгүй тэр цагдаагаа аваад над дээр хүрээд ир гэж утсаар загнасан. Ш.Ч нь өөрийн маллаж байсан мал хөрөнгөө төрсөн охин О, О нарт өвлүүлэн хувааж өгч үе залгамжилсан малчин болгосон байна. Энэ 2 охинд нь Ш.Чгаас өөр хувь хөрөнгө өгөх хүн байхгүй эдний малд тухайн үеийн миний 27 ямааны үр төл явж л байгаа Ш.Ч болон түүний мал өв хөрөнгийг хуваан өвлөсөн О, О нараар 27 ишигтэй ямаа болон ноос ноолуурыг төлүүлэн өгч Ө намайг олон жил хуурч залилан мэхэлсэн энэ хүмүүсээс миний дээрх эд хөрөнгийг төлүүлж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Ш.Ч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би 1990 оны эхэн үед буюу өмч хувьчлалын үеэр М сумын нэгдэлд Царай даргын эхнэр болох Өтай хамт ажилладаг байсан. Ө өмч хувьчлалынхаа 10-аад ямааг тавих айл байхгүй намайг авч бай гэж өгсөн. Тухайн нөхцөлд найз нөхдийн ойлголцол туслалцаа хэлбэрээр харилцаж байсан. Энэ үйлдэл нь ямар нэгэн гэрээ хэлцэл, бичгээр баталгаажсан баримтгүйгээр сайн санааны үндсэн дээр авч айлд тавьж байсан. Ийнхүү 30 гаруй жилийн турш нэхэмжлэгч талаас энэ талаар ямар нэгэн шаардлага, сануулга нэхэмжлэл тавьж байгаагүй, уулзсан үедээ ч энэ талаар маргаан үүсгэж байгаагүй ба харилцаа энхийн журмаар үргэлжилж ирсэн болно. Саяхан буюу энэ оны 4 сард Ө нь М суманд ирж ямаа өгөхгүй бол цагдаад өгнө гэсэн. Үүний хариуд би шүдлэн ямааны үнэ ямар үнэтэй байдаг болохыг асууж тэтгэврийнхээ хэдэн төгрөгөөс өгье гэхэд мөнгө авахгүй мал тоолж авна гээд явсан. Мөн миний охиноос хүртэл мал авна гэж загнасан болохыг сүүлд сонссон. Энэ талаар миний хүүхдүүд ч сайн мэдэхгүй. Би нь одоогоор ам бүл хоёул өөрийн өмчийн малгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй малыг өгөх боломж байхгүй. Миний биеийн эрүүл саруул, мал бэлчинтэй байхад мөн өөрийн малыг авах боломж бүрдсэн үедээ авалгүй мал нь үрэгдэж хорогдсон өчнөөн олон жил буюу 30 гаруй жилийн дараа хэл чимээгүй байж гэнэт нэхэмжлэл гарган шүүхэд хандаж буйд гомдолтой байна. Миний бие 2020 оны 12 сард тархинд цус хурсны улмаас харвалт өгч биеийн баруун тал мэдрэл багатай, хүний асаргаанд байдаг болсон. Мөн нааш, цааш унаанд явахад бие тааруу байдаг тул шүүхээс тогтоосон хугацаанд очиж уулзаж чадахгүй. Харин тухайн хэрэгтэй холбоотой мэдээлэл ирж авахад татгалзах зүйлгүй. Иймд дээр дурдсан үндэслэлийг харгалзан үзэж нэхэмжлэлийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүйд тооцож бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: ...1994 оны Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И.Өын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч И.Ө давж заалдсан гомдолдоо...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч Ш.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би хэлдэг зүйлээ өмнөх хурал дээр хэлсэн. Би 5 хүүхэдтэй. И.Ө намайг их доромжилж байна. Надад сэтгэл санааны гомдол их байсан. Би тухайн үед олон малтай, бие маань эрүүл саруул байсан. Тэр үед Ө Ц гэх найзтайгаа манайд очиж байсан. Ноднингоос хойш надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ямаа нэхэж эхэлсэн. Би одоо малгүй болсон, намайг малгүй болж, өгч чадахааргүй болсныг мэдэж байгаа. Би өгч чадахгүй, надад ямаанууд өгсөн гэх ямар ч бичиг баримт байхгүй. Надад хулгай, дээрэм хийсэн зүйл байхгүй. Надад олон удаагийн шүүх хуралдаанд оролцох хэцүү байна. И.Ө өөрөө ирээд малгүй байгааг минь харсан. Би 2 охинтой, 2 охин маань мал малладаг боловч миний нэр дээр нэгч тооны мал байхгүй. 30 гаруй жилийн өмнөх зүйл. Түүнээс хойш хэчнээн их зуд болсон билээ гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч М.Ө нь хариуцагч Ш.Чд холбогдуулан ...миний мал 27 ишигтэй ямаа болсон байсныг 1998 оны 9 сард Ш.Ч нь манай худ хөгшнийд морьтой очиж, Өын ямааг авах гэсэн юм гэж худал хэлсэн, 27 ишигтэй ямааг миний өмнөөс буюу надад хэлэлгүйгээр аваад явсан байсан, 27 ишигтэй ямаа, 15кг ноолуур эсхүл 4,890,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагаа Дорноговь аймгийн М сумын Богд М хоршооны тодорхойлолт/хх6/ болон өөрийн хариу тайлбарт үндэслэсэн байна.

 

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Ч эс зөвшөөрч ...1990 оны эхэн үед буюу өмч хувьчлалын үеэр И.Өтай хамт ажилладаг байсан, тухайн үед найз нөхдийн холбоотой байсан тул И.Өын ямааг авч айлд тавьж өгсөн, би нэхэмжлэгчийн малыг өгөх боломж байхгүй. Тухайн мал гучин хэдэн жилийн өмнө үхэж үрэгдсэн. Энэ хүн ямар ч баримтгүй нэхэж байна гэсэн тайлбар/хх9-10/ гарган татгалзжээ.

 

Анхан шатны шүүх 1994 оны Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч И.Өын 27 ишигтэй ямаа, 15 кг ноолуур, эсхүл 4,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Энэ шийдвэрийг нэхэмжлэгч И.Ө эс зөвшөөрч ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

 

2.Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтын эх сурвалжийг магадлан үзвэл Анхан шатны шүүх ...зохигчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа 1998 онд үүссэн байх тул мөн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа гурван жил, хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэл гаргах эрх үүссэн өдрөөс эхлэн тоолох талаар тус тус үндэслэл бүхий дүгнэжээ.

 

Тухайлбал Иргэний хууль/1994 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа гурван жил гэж заасан ба мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан,... үеэс үүснэ гэж заасан ба нэхэмжлэгч И.Ө нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй учир нь 1998 онд өмч хувьчлалаар олгогдсон малыг хариуцагч зөвшөөрөлгүй авч явсан цаг хугацаанаас хойш нэхэмжлэгч И.Ө тэдгээр малаа хариуцагчаас шаардаж аваагүй байх ба хүндэтгэн үзэх шалтгаангүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөн тухайгаа мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах шаардлага үүсдэг бөгөөд энэ үеэс эхлэн Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолдог учиртай. Харин нэхэмжлэгч И.Ө өөрийн эрх зөрчигдсөн тухайгаа 1998 онд мэдсэн байх боловч тухайн хөрөнгийг хариуцагч Ш.Чгаас буцаан шаардаж байгаагүй нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчид шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч И.Өын ...Ш.Ч 1998 онд 27 ишигтэй ямааг зөвшөөрөлгүй авч, явсан гэх, хариуцагчийн ...Ө өмч хувьчлалынхаа 10-аад ямааг тавих айл байхгүй, намайг авч бай гэж өгсөн, 30 гаруй жилийн турш надаас энэ талаар ямар нэг шаардлага, сануулга тавьж байгаагүй, саяхан буюу энэ оны 4 сард цагдаад өгнө гэсэн тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь маргаан бүхий хөрөнгийг хариуцагчаас Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа болох 3 жилийн хугацаанд буюу 1998-2001 онуудад шаардаж байсан нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтыг үзвэл Дорноговь аймгийн М сумын Богд М хоршооны 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн И.Ө нь ...хамт хувьчлалд орж ...ямаа 20... толгой малыг хувьчлалаар авсан болохыг тодорхойлов/хх6/ гэх баримтаар нэхэмжлэгч ямаа хувьчлалд авсан нь тогтоогдсон боловч хариуцагч нь Ш.Ч 20 толгой ямааг авсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч энэ талаар баримтаар нотлоогүй.

 

Хэдийгээр тухайн маргааны хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл шүүх тухайн хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болох хэдий ч хэрэгт үүнтэй холбоотой баримтаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд эдгээр нөхцөл байдалд үндэслэн нэхэмжлэгч И.Өын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч И.Өт шүүх хуралдааны товыг хэрэг хянан шийдвэрлэх журамд заасны дагуу мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч хуралдааны өмнөх өдөр ...эмнэлэгт хагалгаанд орох учир шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлэхдээ холбогдох эмнэлгийн баримтыг хавсаргаж, ирүүлээгүй байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг магадлалд тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 308/ШШ2025/00453 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч И.Өын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч И.Өаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  93,190 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН

 

ШҮҮГЧ А.САЙНТӨГС

 

ШҮҮГЧ Н.БОЛОРМАА