Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 798

 

 

 

 

 

 

 

2019          09          06                                   2019/ШЦТ/798

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч П.Бямбасүрэн, шүүгдэгч Ё.Ч хохирогч Ч.Нүрзэд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хан хөгшин овогт Ёндонгийн Чулуунбатын холдбогдох эрүүгийн “1909016360761” дугаартай, 185/2019/0769/Э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1942 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 77 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр настны тэтгэвэрт ам бүл 7, ач, охин, гуч, зээгийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ахмадын хотхон 902 дугаар байр 116 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 31 дүгээр гудамж 9 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Хан хөгшин овогт Ёндонгийн Чулуунбат /РД:УС42021217/,

           Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Ё.Чулуунбат нь 2019 оны 04 дүгээр сарын 03, 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөрүүдэд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Ахмадын хотхоны 902 дугаар байр 91тоотод оршин суугч Ч.Нүрзэдийн гэрт нь хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар цохисоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Ё.Чулуунбат хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...Гэрээр дүүрэн хүүхдүүд байхад манай авгай байна уу гэж манай гэрийн хаалгыг тогшсон. Тэгээд би юун авгай гээд хүүхдүүдээсээ санаа зовоод нэг удаа цохисон, нэг удаа өшиглөсөн. Байранд архи уусан нь үнэн.Би эдний гэрээс юм хулгайлаагүй гэв. Тайван  гээд хүүхэний хүүхдийг би цэцэрлэгт оруулж өгсөн тэрнээс хардаад байсан байх гэв.

Хохирогч Ч.Нүрзэд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Миний тархи толгой руу цохисон. Миний үед бүх зүйл үнэлгээтэй байдаг байсан. Би бол

доромжлуулаад л байгаам л даа.Ийм сэтгэлтэй хүнийг уучлана гэж байдаггүй юм.Би улсад 40 гаран жил ажилласан, шүүх хурал мурал гэж үзээгүй. Шүүх эмнэлгээр орж үзүүлсэн 8000 төгрөг нэмээд эмчилгээний мөнгөө авмаар байна гэв.

 

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ч.Нүрзэдийн:..2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр намайг манай 12 давхарын хөгшин Чулуунбат нь манай гэрээс эд зүйл хулгайлаад байхаар нь би эд зүйлээ зүйлээ авмаар байна гэж хэлэхэд би чамаас юу авдын гэж хэлээд намайг зодож цохисон. Өчигдөр би хулгайч гээд хэлчихсэн чинь толгойн тус газар луу цохисон, толгойн тус газар гараа атгаж байгаад цохисон. Миний биед учирсан гэмтлийг үнэн зөв тодорхойлсон байна. Энэ гэмтлийг Ё.Чулуунбат учруулсан. Эмчилгээний зардалд 80.000 төгрөг нэхэмжилж байна. Толгойн зураг авахуулсан, Ё.Чулуунбат нь манайд ганц нэг юм уугаад гардаг байсан. Надаас 300000 төгрөг зээлсэн, тэрнээс болоод маргалдсан, одоо болтол өгөөгүй байгаа. Эмчилгээний баримтаа хайгаад олохгүй байна, өгөх баримт байхгүй гэх мэдүүлэг. /хх-н 16/,                 

2.2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5068 тоот актын:

1.Ч.Нүрзэдийн биед 1 хавирганы бороолж буй хуучин хугарал, хамар ясны хуучин хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Дээрх гэмтлүүд нь ямар цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Ахлах зэргийн шинжээч эмч Н.Туяа гэх дүгнэлт. /хх-н 19/,

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

  3.1. Улсын яллагч:..хавтаст хэргээс16, 24-25 34-35 хохирогч Ч.Нүрзэдийн мэдүүлэг, 19 дүгээр хуудас шинжээчийн 5068 дугаартай дүгнэлт, 31-32 дугаар хуудас шинжээч эмч Н.Туяагийн мэдүүлэг, 4-5 дугаар хуудас яллагдагч Ё.Чулуунбатын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Хохирогч: шинжлэн судлуулах баримт байхгүй гэв.

Шүүгдэгч: шинжлэн судлуулах баримт байхгүй гэв.  

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч Ё.Чулуунбат нь 2019 оны 04 дүгээр сарын 03, 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөрүүдэд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Ахмадын хотхоны 902 дугаар байр 91тоотод оршин суугч Ч.Нүрзэдийн гэрт нь хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар цохисоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн нь хохирогч Г.Болормаа, Шүүх эмнэлгийн шинжилгээний 7300 тоот дүгнэлт, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн мэдүүлэг, шүүгдэгч болон хохирогч нарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн прокуророос Ё.Чулуунбатыг гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ё.Чулуунбат нь гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 Иймд прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

 

Шүүхээс шүүгдэгч Ё.Чулуунбат болон хохирогч Ч.Нүрзэд нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ё.Чулуунбатыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Хохирогч Ч.Нүрзэд 80000 төгрөгний хохиролыг шүүгдэгч Ё.Чулуунбатаас нэхэмжилсэн боловч эмчилгээ хийлгэсэн нотлох баримт байхгүй тул хэлэлцэхгүй орхиж, цаашид эмчлүүлэхэд гарсан зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйл болон   битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй

болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.


        Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                          

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хан хөгшин овогт Ёндонгийн Чулуунбат нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Чулуунбатыг 450 /дөрвөн  зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ё.Чулуунбатад оногдуулсан торгох ялыг  10  /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Энхсайхан нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5.  Хохирогч Ч.Нүрзэд нь цаашид эмчлүүлэхэд гарсан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

6.Шүүгдэгч Ё.Чулуунбат нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Чулуунбатад  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ