Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 5

 

                               
                            
С.Агваансодовын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн талаар

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Л.Наранбаяр, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд  Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж шийдвэрлэсэн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 322 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэлийн давж заалдах гомдлоор С.Агваансодовын нэхэмжлэлтэй, “ажиллаж байсан байдлыг болон нас тогтоолгох” тухай иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Агваансодов шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Агваансодов би 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн. БХЯ-ны сайдын 1975 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн н/155 тоот тушаалаар 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан барилгын цэргийн 022 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн н/137 тоот тушаалаар 1978 оны 08 дугаар 15-ны өдөр цэргийн албанаас халагдсан. 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Батширээт сумын мод бэлтгэх үйлдвэрт нормын ажилчнаар ажиллаж байгаад Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар 1983 оны 11 дүгээр сараас 1991 оны 06 дугаар сар хүртэл ажилласан.  
Одоо өндөр насны тэтгэвэрт гарахаар баримтуудаа бүрдүүлтэл  Батширээт сумын мод бэлтгэх үйлдвэр нь шатсан тул ямар ч баримт бичиг байхгүй байна. Мөн Хэнтий аймгийн архиваас миний “Батжил” нэгдэлд ажиллаж байх үеийн цалингийн тодорхойлолт, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн болон бусад тушаалууд маань  бүрэн гарахгүй байна.
Мөн намайг анх төрөхөд аав ээж маань Дорж гэх нэрийг хайрласан боловч би багадаа өвчин тусч лам нэрийг маань сольж Агваансодов болгон өөрчилсөн. Ингээд нэрийг маань солихдоо миний төрсөн он, сар, өдрийг бас солиод биччихсэн байсан. Тухайн үед нь би хүүхэд байсан учир энэ бүхний учир холбогдлыг бүрэн гүйцэт ойлгоогүйн улмаас одоо энэ бүхэн маргаантай болоод байна.
Иймд миний төрсөн он, сар, өдөр нь 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөн болохыг болон Хэнтий аймгийн Батширээт сумын мод бэлтгэх үйлдвэрт нормын ажилчнаар 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар 1983 оны 11 дүгээр сараас 1991 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1 тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Агваансодов нь 1956 оны 12 дугаар сарын 15-нд Хэнтий аймгийн Батширээт суманд Сандагийн 8 дахь хүүхэд болон мэндэлсэн. Анх аав ээж нь түүнд Дорж гэх нэрийг хайрласан боловч биеийн байдал нь муудаж, лам залтал нэр нь хүндэдсэн байна гээд Агваансодов гэж нэрлэх болжээ. Ингээд нэрийг нь солихдоо түүний төрсөн он, сар, өдрийг бас солиод биччихсэн байна. Тухайн үед С.Агваансодов нь хүүхэд байсан учир энэ бүхний учир холбогдлыг бүрэн гүйцэт ойлгоогүйн улмаас одоо энэ бүхэн маргаантай болоод байна.
Ингээд С.Агваансодов нь БХЯ-ны сайдын 1975 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн н/155 тоот тушаалаар 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн ангийн 022 дугаартай ангид алба хааж, мөн сайдын 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн н/137 тоот тушаалаар 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Тэгээд Батширээт сумын мод бэлтгэх үйлдвэрт нормын ажилчнаар 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар 1983 оны 11 дүгээр сараас 1991 оны 06 дугаар сар хүртэл ажилласан.
Одоо өндөр насны тэтгэвэрт гарахаар баримтуудаа бүрдүүлтэл  Батширээт сумын мод бэлтгэх үйлдвэр нь шатсан тул ямар ч баримт бичиг байхгүй байна. Мөн Хэнтий аймгийн архиваас түүний Батжил нэгдэлд ажиллаж байх үеийн цалингийн тодорхойлолт, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн болон бусад тушаалууд нь бүрэн гарахгүй байна.
Иймд С.Агваансодовын насыг тогтоож төрсөн он, сар, өдөр нь 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөн болохыг, Хэнтий аймгийн Батширээт сумын мод бэлтгэх үйлдвэрт нормын ажилчнаар 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар 1983 оны 11 дүгээр сараас 1991 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

    Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 322 дугаартай шийдвэрээр:
    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар 1. нэхэмжлэгч Шарайд овогт Сандагийн Агваансодовыг 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож,
    2.Нэхэмжлэгч С.Агваансодовын 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Мод бэлтгэлийн үйлдвэрт нормын ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
    3.Нэхэмжлэгч С.Агваансодов нь 1975 оны 05 дугаар сарын19-ний өдрөөс 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгаас цэрэгт татагдан Барилгын цэргийн 022 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг дурдаж,
    4.Нэхэмжлэгч С.Агваансодовын 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
               5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Агваансодовоос улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгий тал хувь болох 35100 төгрөгийг улсын орлогод үлдээж, 35100 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.
     Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл нь давж заалдах гомдолдоо: Иргэн С.Агваансодовын нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл би 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 322 дугаар шийдвэрийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргав.
Учир нь нэхэмжлэлд нас тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд үүнтэй холбогдуулан шүүх хуралдаанд нотлох баримт гаргахад шүүгч уг баримтыг үндэслэлгүйгээр нотлох баримтаар авахаас татгалзаж, шүүхийн шийдвэрт уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүйд гомдолтой байна.
Жич: юуны учир, яагаад уг баримтыг хүлээн авахаас татгалзсан нь учир битүүлэг бөгөөд уг үндэслэлээ тайлбарлаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нас тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.
    Нэхэмжлэгч С.Агваансодовын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл нь анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нас тогтоолгохтой холбогдуулан олон хүүхэдтэй эхийн дэвтрийг, төрсөн ах С.Чойгомбыг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргахад шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдоогүй гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу талаар гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой байна.
    Хэргийн оролцогч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “ ...нотлох баримтаа өөрөө гаргаж цуглуулах үүрэгтэй,  мөн хуулийн 25-р зүйлийн 25.2.2-т зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэх үүднээс шүүх хуралдаанд нотлох баримт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан нь буруу байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.9-т
зааснаар “...хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авах татгалзах эрхийг шүүх эдлэх” бөгөөд  өөрөөр нотлох баримтыг хүлээн авахаас татгалзах эрх шүүхэд хуулиар олгогдоогүй байна.

Мөн хавтаст хэргийн 17-р талд итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Бадамгэрэлийн 2016 оны 05 сарын 12 ны өдөр ирүүлсэн гэрч асуулгах хүсэлтийг хангах эсэх талаар захирамж гаргаагүй, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй зэрэг зөрчлийг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг буцаан олгохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 24 ний өдрийн 322 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59-р зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Б.ДЭНСМАА
                      ШҮҮГЧИД                                     Л.НАРАНБАЯР
                                          Я.АЛТАННАВЧ