Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2026/0022

 

 

“М***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Монгол Улсын Засгийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Танхимын тэргүүн:    Д.Мөнхтуяа

Шүүгчид:                       Д.Батбаатар

                                        Ц.Цогт

                                        П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            М.Батсуурь

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/ШШ2025/0032 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяраа (№0114), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*** нарыг оролцуулан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолтой хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“М***” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “нэхэмжлэгчээс 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 25/15 дугаар албан бичгийн хариуг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж, шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоолын дагуу сэргээгдсэн хайгуулын талбай (77,808.35 га)-д дүйцүүлэх нөхөн олговрыг хуульд заасан зохих журмын дагуу олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.“М***” ХХК-аас 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 25/15 дугаар албан бичгээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасныг үндэслэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоолын дагуу олгогдох хайгуулын талбайд дүйцүүлэх нөхөн олговрыг хуульд заасан зохих журмын дагуу олгож өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт гаргажээ.

2.1.Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10/2040 дүгээр албан бичгээр “... хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь бүхэлдээ ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарлаж хориглосон талбайтай давхцалтай тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” агуулгатай хариуг “М***” ХХК-д хүргүүлсэн байна.

2.2.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоолоор: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн  2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 271 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д заасныг баримтлан Цөмийн энергийн газрын цөмийн материалын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр “М***” ХХК-д олгосон Ц-002Х тусгай зөвшөөрлөөр олгосон 105,937.5 гектар талбайгаас Улсын Их Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор байгалийн цогцолбор газрын ангилалд хамруулсан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын 2010 оны 34 дүгээр шийдвэрийн Ц-003Х тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээжээ.

3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М***” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “нэхэмжлэгчээс 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсны Засгийн газарт хандан гаргасан 25/15 дугаар Хүсэлт гаргах тухай албан тоотын хариуг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж, шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоолын дагуу сэргээгдсэн хайгуулын талбай (77,808.35 га)-д дүйцүүлэх нөхөн олговрыг хуульд заасан зохих журмын дагуу олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

4.Нэхэмжлэгч М***” ХХК-ийн төлөөлөгч Х.Б***-ээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргасан. Үүнд:

4.1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага болох хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн хариуг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаа өнгөрсөн төдийгүй шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлэгдэх хугацаанд ч хариу өгөхгүй байгааг ямар үндэслэлээр зөвтгөсөн талаар шүүхийн шийдвэрт огт дүгнэхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

4.2.Монгол Улсын шүүхийн хууль ёсны хүчин төгөлдөр эцсийн шийдвэрийн дагуу сэргээгдэх байсан нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь 10 гаруй жилийн хугацаанд бодитоор сэргэхгүй байгаа талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад 7 хавтаст хэрэг бүхий нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдсон. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн 9 дэх хэсэгт “ ... 10,02619 га талбайн тухайд ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгүүлэх боломжтой болохыг тэмдэглэв” гэсэн байна.

4.3.Ашигт малтмал, газрын тосны газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын аль аль нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд эдгээр байгууллагууд шүүхийн хүчин төгөлдөр хууль ёсны шийдвэрийг хэрэгжүүлэх нь бүү хэл эсрэгээр тухайн талбайг төслийн сонгон шалгаруулалтын талбайн ангилалд авсан болохыг шүүхээс анхаарч үзээгүй.

4.4.Шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгаагийн улмаас нэхэмжлэгч талаас хууль ёсны эрхээ сэргээлгэх зорилгоор шүүхэд хандаж байхад дахиад огт хэрэгждэггүй шийдвэрийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол сэргэх боломжгүй болсон нь нотлох баримтуудаар тогтоогдсон, нөгөөтээгүүр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, түүнчлэн шүүхийн шийдвэр гарах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн байсаар атал захиргааны хэргийн шүүхээс энэхүү үр дагаврыг анхаарч үзэхгүйгээр “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гүйцэтгүүлэх боломжтой” гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр зайлшгүй биелэгдэх шинжийг үгүйсгэсэн шийдвэр болсон байна.

4.5.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрт олгогдсон нийт хайгуулын ажлын талбайд зориулж хайгуулын ажлын төсөв төлөвлөгөөг баталж, эдийн засгийн үр ашгаа тооцоолж, бизнес төлөвлөгөөг боловсруулах замаар үйл ажиллагаа явуулдаг. Анх олгогдсон газрын 1/10 буюу 10 хувьтай тэнцэх талбайг, ингэхдээ уг талбайг өөрөөр сонгохгүйгээр хэсэгчлэн үлдээгээд хайгуул хийх боломжтой гэж үзэх нь уул уурхайн салбарын үйл ажиллагаанд тохирохгүй юм. Харин тухайн талбайг анхнаас нь хайгуулын талбайгаар авч хайгуулыг төлөвлөгөөний дагуу үр ашигтай, бүрэн дүүрэн гүйцэтгэсэн тохиолдолд сая эрдэс баялгийг илрүүлэх үр ашигтай үйл ажиллагаа болдог билээ.

4.6.Энэхүү маргааны тухайд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын талбайд дүйцүүлэх замаар нөхөн олговрын талбайг олгох байдлаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэг талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч хохиролгүй болох, нөгөө талаар төрийн зүгээс хохирол төлбөр зардал төлөх үүрэг хүлээхгүй байх, түүнчлэн хайгуулын шинэ талбайг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг эдийн засгийн үр ашигтай, хуульд нийцсэн шийдвэр болох байсан. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/ШШ2025/0032 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, “10,026.19 га талбайд ногдох нөхөн олговрыг зохих журмын дагуу олгохыг даалгаж” шийдвэрлэж өгнө үү.

4.7.Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарын дагуу орон нутгийн байгууллагаас тусгай хэрэгцээнд авсан талбайд дүйцүүлсэн нөхөн олговор олгохгүй гэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд анх олгогдсон талбайн 10 хувьтай тэнцэх хэсэгт дүйцүүлэн нөхөн олговрын талбай гаргуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

5.Хариуцагчаас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу давж заалдах журмаар хэргийг бүхэлд нь хянахад, анхан шатны журмаар хэргийг хэлэлцсэн шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний зэрэгцээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

7.“М***” ХХК-ийн хувьд, Цөмийн энергийн газрын Цөмийн хэлтсийн даргын 2010 оны 34 дүгээр шийдвэрээр Сүхбаатар аймгийн **** сумдын нутаг *** уул гэх байршилд “105,937.6 гектар талбайг хамрах Ц-002Х дугаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл” олгогдсон.

8.Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд тусгай зөвшөөрөл бүхий газрын давхцалын талаарх лавлагаанд[1] дурдагдсанаар, нэхэмжлэгч хуулийн этгээдэд анх олгогдсон 105,937.6 гектар талбайгаас Улсын Их Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолд заасан байгалийн цогцолбор газартай 28,129.25 га талбай нь давхацсан, энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоолд дүгнэж шийдвэрлэсэн, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

9.Тодруулбал, Сүхбаатар аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэрэгт “... Ц-002Х дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон 105,937 гектар талбайгаас давхцаагүй хэсгээр нь “М***” ХХК цацраг идэвхт ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй, үүний улмаас нэхэмжлэгч (Сүхбаатар аймгийн Засаг дарга)-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй тул зөвхөн давхцалтай хэсгийг нь хүчингүй болгох нь зөв” гэж дүгнээд давхцалтай хэсгийн хувьд хүчингүй болгож, үлдэх давхцалгүй хэсгийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор уг талбай нэхэмжлэгчид хадгалагдан үлджээ.

10.Гэсэн ч дээрх 249 дүгээр шүүхийн шийдвэр биелэгдээгүй байх хугацаанд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, үлдэх хэсэг нь сонгон шалгаруулалтаар олгох талбайд хамаарсан нөхцөл байдал тогтоогдсон байх тул тус бүрд нь дүгнэлт өгөх нь зүйтэй.

Нэг.Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай холбоотой шаардлагын тухайд:

11.Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр, нэхэмжлэгчид сэргээгдэн үлдсэн 77,808.35 га талбайгаас 64,941.05 га нь Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 25, 27, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолуудаар орон нутгийн тусгай хэрэгцээнд Газрын тухай хуульд зааснаар авсан нь тогтоогджээ.

12.Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж зааснаар хайгуулын зөвшөөрлөөр олгогдсон талбайг хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авч, зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох хуультай.

13.Мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарласан 13 дугаар тогтоолд “... Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Газрын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, хуульд заасан зориулалтаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тохиолдлыг энэ заалтын “тусгай хэрэгцээнд авах” гэдэгт хамааруулан ойлгохгүй”[2] гэж тайлбарласан бөгөөд уг тайлбарын дагуу дээрх зохицуулалт нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсантай холбоотой нөхөх олговор олгох харилцаанд хамааралгүй юм.

14.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад хамаарч буй 64,941.05 га газрын хувьд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр улсын тусгай хэрэгцээнд аваагүй, харин Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байхад нэхэмжлэгч хуулийн этгээдээс орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар тодорхойлж, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу Засгийн газраас нөхөн олговор олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

15.Иймээс давж заалдах шатны шүүхийн “... нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 64,941.05 га талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан зохицуулалтыг хэрэглэхгүй буюу Монгол Улсын Засгийн газарт нөхөх олговрыг хуульд заасан зохих журмын дагуу олгохыг даалгаж шийдвэрлэх боломжгүй ...” гэж дүгнэсэн нь зөв, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт болон Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 13 дугаар тогтоолд нийцжээ.

16.Түүнчлэн уг орон нутгийн тусгай хэрэгцээнд (усны хамгаалалтын бүс болон ойн сан бүхий газрын хилийн заагтай давхцалтай) авсан газартай холбоотойгоор нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрсөн буюу давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “... Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу орон нутгийн байгууллагаас тусгай хэрэгцээнд авсан талбайд дүйцүүлэн нөхөн олговор олгохгүй гэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа ...”[3] гэж дурдсаныг тэмдэглэх нь зүйтэй.

17.Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг үндэслэн орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан этгээдээс нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй, шүүхийн энэ шийдвэр саад болохгүй.

Хоёр.Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудаар улсын тусгай хэрэгцээнд авсан газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

18.Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 194, 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 289 дүгээр тогтоолуудаар усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг, ойн сан бүхий газрын хилийн заагийн газрыг тогтоож, үүний улмаас нэхэмжлэгчийн маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас нийтдээ 3,743.28 га газрыг тусгай хэрэгцээнд авсан нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогджээ.

19.Өмнө дурдсанчлан, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөн олговор шаардах эрхтэй; нөгөө талаас нөхөн олговрыг зайлшгүй олгох үүргийг тухайн шийдвэр гаргасан этгээдэд нь хуулиар хүлээлгэсэн.

20.Нэгэнт нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газраас Засгийн газрын шийдвэрээр тусгай хэрэгцээнд авч, тухайн газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон тодорхой нөхцөл байдал тогтоогдсон энэ тохиолдолд, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар “нөхөн олговор авах” эрх нэхэмжлэгчид үүссэн, харин шийдвэр гаргасан этгээд болох хариуцагч Монгол Улсын Засгийн газарт нөхөх олговрыг хуульд заасан журмын дагуу олгох үүрэг үүссэн байхад 2012 оноос хойших цаг хугацаанд нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасанд нийцнэ.

21.Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаачлан “дүйцүүлэх талбай олгохыг” хариуцагчид шууд даалгах боломжгүй.

22.Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг ... тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж зааснаар нөхөх олговрыг шийдвэрлэхдээ дүйцүүлж өөр талбай олгох эсэх асуудал нь Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэд хамаарч байна.

23.Түүнчлэн, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарласан 13 дугаар тогтоолоор[4] “... энэ заалтын “тусгай зөвшөөрөл олгож болно” гэснийг нөхөх олговрын зориулалтаар талбай олгох эсэх нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан “сонгох боломж” бөгөөд Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах эрхтэй, Засгийн газраас шийдвэр гаргасан тохиолдолд тухайн шийдвэрийг үндэслэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал эрхэлсэн нэгжийн даргын шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг ойлгоно; ... Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан үндэслэлээр улсын хэрэгцээнд авсан бөгөөд нөхөх олговорт энэ зүйлд заасан талбай олгох талаар Засгийн газрын шийдвэр гараагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөх олговрыг мөнгөн дүнгээр тооцуулах хэлбэрээр авах боломжийг өөрт хадгалагдсан гэж ойлгоно” гэж тайлбарласан.

24.Дээрхээс үзэхэд, хэдийгээр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Засгийн газар тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд нөхөн олговрыг зайлшгүй олгох үүрэгтэй боловч мөнгөн дүнгээр олгох, эсхүл дүйцүүлэн өөр талбай олгох эсэх нь захиргааны сонгох боломжийн хүрээнд Засгийн газарт олгогдсон бүрэн эрх тул шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчид талбай олгохыг хариуцагчид шууд даалгах боломжгүй, харин нөхөх олговрыг хуульд заасан журмын дагуу олгохыг даалгах нь зүйтэй.

25.Давж заалдах шатны шүүх Засгийн газрын тогтоолуудаар усны сан болон ойн сан бүхий газрын хилийн заагийн давхцалтай (3,743.28 га) нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсэгт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу.

Гурав.Сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгох боломжтой 10,026.19 га газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

26.Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчийн тайлбараас үзэхэд өмнө дурдсанчлан, нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас Улсын Их Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор давхацсан хэсгийг хасаж, үлдэх талбай нь нэхэмжлэгчид хадгалагдан үлдэх үйл баримтын талаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 249 дүгээр тогтоолд дүгнэгдсэн боловч уг хэргийн хариуцагч Ашигт малтмал газар (Ашигт малтмал, газрын тосны газар) нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас дээрх тусгай хэрэгцээнд авсан газраас үлдэх хэсэг болох   10,026.19 га газар нь сонгон шалгаруулалтаар олгогдох газарт хамааруулжээ.

27.Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт тусгайлан зохицуулж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” талаар тус тус хуульчилсан.

28.Гэтэл өмнөх хэргийн хариуцагч Ашигт малтмалын газар нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ хэрэгжүүлж шийдвэрийн биелэлтийг хангах ажиллагаа хийгээгүйн улмаас нэхэмжлэгчид үлдсэн (10,026.19 га газартай) холбогдох тусгай зөвшөөрлийн талбайг энэхүү хэргийн хариуцагч Засгийн газар сонгон шалгаруулалтаар олгох талбайд хамааруулж, бодит байдалд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

29.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:” гээд 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... байгаа” тохиолдолд, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл ... шүүх хуралдааны үед тогтоогдвол ... шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэсэн зохицуулалттай, нэхэмжлэлийн энэхүү хэсэгт хамаарах шаардлага нь өмнөх шүүхийн шийдвэрээр дүгнэгдэж шийдвэрлэгдсэн бөгөөд шүүхийн шийдвэр биелүүлэх журмын хүрээнд шийдвэрлэгдэхээр байна.

30.Тиймээс 10,026.19 га талбайтай холбоотой үйл баримтын талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

31.Анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх энэ талаар дүгнэлт өгч, нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.            

32.Иймд, дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 221/ШШ2025/0032 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “М***” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 249 дүгээр тогтоолын дагуу сэргээгдсэн хайгуулын талбайд хамаарах 10,026.19 га талбайд дүйцүүлэх нөхөн олговрыг хуульд заасан зохих журмын дагуу олгохыг хариуцагчид даалгах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж;

2 дахь заалтыг “2.Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М***” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 194, 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 289 дүгээр тогтоолуудаар тусгай хэрэгцээнд авсан талбайд дүйцүүлэх нөхөн олговрыг хуульд заасан зохих журмын дагуу олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговрыг хуульд заасан зохих журмын дагуу олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газарт даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                      Д.БАТБААТАР

Ц.ЦОГТ

П.СОЁЛ-ЭРДЭНЭ

М.БАТСУУРЬ

 

 

[1] 1 хх 75 дахь тал.

[2] УДШ, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарлах тухай, 2022, тогтоол №13, х.4, Тайлбарлах нь хэсгийн 1 дэх заалт.

[3] 4 хх 229 дэх тал.

[4] УДШ, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарлах тухай, 2022, тогтоол №13, х.5, Тайлбарлах нь хэсгийн 2, 3 дахь заалт.