Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 96

 

                                                    ******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаар магадлалтай, ******д холбогдох 2226004510038 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******, 1992 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “******” ХХК-д угсралтын техникч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй,

****** нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын ****** багийн нутаг “******” гэх газар хатуу хучилттай авто замд Ланд Круйзер-200 загварын ******* ****** улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоож боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу хэсэг рүү онхолдож, тус автомашинд зорчиж явсан хохирогч ******ы эрүүл мэндэд “1 дүгээр нугалам их бие шахагдсан, бяцарсан хугарал, нугас шахагдал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт үйлдэлд нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч ******ыг тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******ыг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч ******д мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолохоор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч ******ы нэхэмжилсэн 3,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ****** нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг, цаашид гарах эмчилгээтэй холбоотой болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******нд 3,500,000 төгрөг төлсөн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******ыг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******ыг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Прокурор Б.Эрхэмбаатар хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж тодорхойлжээ. Зорчих эрхийг хязгаарлах ял нь хорих ялыг бууруулж, хорихоос өөр төрлийн ялыг нэмэгдүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг богино хугацаанд сэргээх нөхцөлийг бүрдүүлэх буюу нийгмээс тусгаарлахгүйгээр зарим эрхийг хязгаарлан, ажил эрхлэх, сурч боловсрох боломжийг олгож, гэр бүл, олон нийтийн дунд засарч хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх болон цээрлүүлэх зорилготой бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах...” хүний суурь эрхэд хориг, хязгаарлалт тогтоосон эрүүгийн хариуцлагын төрөл юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д  “...өөрийн оршин суух газраас явахыг хориглох...” гэж заасан ба оршин суух газар гэх ойлголтыг Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог ойлгоно гэж хуульчилсан. Шүүгдэгч ****** нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын хэмжээнд тогтоож, эдлүүлэхээр заасан нь эрүүгийн хариуцлагын зорилтод нийцээгүйн дээр анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэх үндэслэлээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Хяналтын журмаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч ****** тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч ******ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраасаа явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 сараас 5 жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж хуульчилсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосон. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, түүний ажил хөдөлмөр эрхлэх боломж зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох гэсэн өөрчлөлтийг оруулсан байна. Хэрэгт шүүгдэгчийн нийгмийн даатгал төлсөн баримт авагдсанаас өөр түүний ажил хөдөлмөр эрхлэлтийн талаар баримт байхгүй байна. Давж заалдах шатны шүүх ямар баримтыг үндэслэж түүний зорчих нутаг дэвсгэрийг өргөн хүрээгээр тогтоосон нь ойлгомжгүй байх тул Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэв шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг байдал тогтоогдсон, ажилладаг байгууллагын хаяг, очиж ажиллах газрын байршил зэрэг баримтууд хэрэгт авагдаж тогтоогдсон тохиолдолд шүүхээс түүний зорчих чиглэлийг тогтоох боломжтой. Өөрөөр хэлбэл, тухайн газраа ажиллаж байгаад өөр дүүрэгт тодорхой цаг хугацаанд ажиллах шаардлага гарсан тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.1-т заасны дагуу хүсэлт гаргаж прокурор зөвшөөрлөөр шийдвэрлэх боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд прокурорын бичсэн эсэргүүцлийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 462 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд холбогдох хэргийг хэлэлцэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2. Шүүгдэгч ****** нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын ****** багийн нутаг “******” гэх газар хатуу хучилттай авто замд Ланд Круйзер-200 загварын ****** ****** улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас замын хажуу хэсэг рүү онхолдож, тус автомашинд зорчиж явсан хохирогч ******ы эрүүл мэндэд “1 дүгээр нугалам их бие шахагдсан, бяцарсан хугарал, нугас шахагдал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос түүний үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар нь гагцхүү прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагддаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй, шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан болно.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна  мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

4. Анхан шатны шүүх шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнийг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглосон өөрчлөлтийг оруулсан байна.

5. Хоёр шатны шүүх шүүгдэгч ******д ял оногдуулахдаа цээрлүүлэх бус эрүүгийн хариуцлага хүлээсэн хүнийг нийгэмшүүлэх зорилго, зорчих эрхийг хязгаарлах ялын талаар хуульд тусгайлан заасан ойлголт, уг ялыг хүлээлгэх үндэслэл, журам, зарчмыг үндэслэлтэй тайлбарлан хэрэглэж чадаагүйн улмаас уг ялын хүрээ, хязгаарыг оновчгүй тодорхойлж, Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан шүүгдэгчийн хөдөлмөрлөх эрхэд шууд нөлөөлөхүйц дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэм хэмжээ, хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох эсхүл тодорхой газар очихыг хориглох эсхүл шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

6. Зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүний эрхийг дээдлэх зарчимд тулгуурлан зүй зохистой байдлыг бүрдүүлэх үүднээс хамт олон, гэр бүлийнхээ орчинд хүмүүжих, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд хөдөлмөрлөх эрхийг нь хангахаас гадна суралцах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг эдлүүлж, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг болон үйлдсэн гэмт үйлдлээ ухамсарлах боломжийг олгоход чиглэсэн байдаг.

Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулж болох гэмт хэрэгт  зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, ялын хэрэгжилтийг нэг мөр хангуулах нөхцөлийг бүрдүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүний байнга, түр оршин суух хаяг, үйл ажиллагаа явуулдаг болон ажлын байрны байршил, хэрэгт холбогдсон хүний эрүүл мэндийн байдал, бусдад аюул учруулах эрсдэлтэй эсэх, түүнчлэн уг ял хэрэгжих боломжтой нөхцөл байдлыг нарийвчлан тогтоосон байх ёстой.

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж буй этгээдийн байнга болон түр оршин суух хаягийг зөв тодорхойлсноор эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөл бүрдэх юм.

Нөгөөтээгүүр ял шийтгүүлж буй этгээд бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь нотлогдсон тохиолдолд тодорхой газар очихыг хориглох, нэр бүхий хүнтэй болон бусадтай харилцахыг хориглодог.

7. Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хязгаарлалт, хориглолтын аль нэгийг заавал тогтоох бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тодорхой ямар газар очих болон тухайлсан хүнтэй уулзах, харилцахыг хориглож буйг албан ёсны хаяг, бүртгэл, нэршил, овог нэрээр нь шийтгэх тогтоолд тусгах бөгөөд зорчих бүс, чиглэлийг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн тодорхой заах үүрэгтэй.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийслэл, дүүрэг гэсэн хууль зүйн нэр томьёоны ойлголтыг үндэслэж, шүүгдэгч ******ын зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг тогтоосон нь хялбарчилсан, баримжаалсан шинжтэй болсон байхаас гадна зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго, агуулгыг алдагдуулсан, шүүгдэгчийн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг хангахуйц болж чадаагүй байна.

Тодруулбал, шүүгдэгч ******ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолтод “...2022 оны 12 сард ажил олгогч  “******” ХХК, “******” ХХК...” /хх-75/ гэж бичигдсэнээс өөр шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хүрээ хязгаарыг тогтооход шаардлагатай баримт хэрэгт авагдаагүйгээс шүүгдэгчийн Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг зөрчихөд хүрч болзошгүйг хоёр шатны шүүх анхаарч үзээгүй, хүний эрх, шударга ёсны зарчим зэрэг хүчин зүйлсэд зөв үнэлэлт өгөлгүй орхигдуулжээ.

9. Иймд шүүгдэгч ******ын зайлшгүй хэрэгцээ, шаардлагад тулгуурлан хөдөлмөрлөх эрхийг тодорхойлж хязгаарлалтын бүсийг хяналтын шатны шүүх тогтоох боломжтой хэдий ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ХОСБАЯР

                                          ШҮҮГЧИД                                      Б.БАТЦЭРЭН

                                                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

             Б.ЦОГТ