| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0119/Э |
| Дугаар | 120 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 120
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
Шүүгдэгч М.Н , Э.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Н т, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.С нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 19150000620111 дугаартай, 163/2019/0119/Э индекстэй хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгч мэргэжилтэй, Булган аймгийн ... замчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт М.Н.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... газар оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Н овогт Э.С .
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 01 дүгээр сарын 30-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Э.С нь иргэн Ц.Э ын хөмсгөн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч М.Н нь толгойн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх,
1915000620111 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:
Хохирогч Ц.Э ын өгсөн: 2019 оны 1 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн үед тогоогоо асуухаар Б гэдэг айлд найз О тай хамт ороход С , Н , Б , Ц 4 архи, пиво уугаад сууж байсан. Тэгээд тэр дөрөвтэй бид хоёр нийлээд бид зургуулаа архи, пиво ууцгааж суух үед гаднаас Б орж ирсэн. Тэр үед Н намайг “гарч уулзая” гэж хэлээд түрүүлээд гарахаар нь би араас нь гарсан чинь намайг цамцны захаар боогоод би муужирхад гараараа толгой руу 1-2 удаа цохьсон. Энэ үед Б гэрээс гарч ирж таараад Н ыг надаас салгахаар нь гэрлүү ороод зүүн талын орон дээр суусан. Тэгээд байж байтал С “бие засна” гээд миний урдуур гарахдаа гараараа толгой руу нэг удаа цохьчихоод гараад явсан. Тэр үед миний ухаан санаа орж гараад байхаар нь тэндээсээ шууд гэртээ харьсан гэх /хх-27-28тал, ...нийлж бүлэглэж зодоогүй, надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулчихвал гомдол, санал байхгүй гэх /хх-29-30 тал/, ...надад энэ хэргийн улмаас 5 сая төгрөгийн хохирол учирсан. Э.С , М.Н нар нь өмнө нь бэлнээр 2400000 төгрөг өгсөн, ...өнөөдөр үлдэгдэл 2600000 төгрөгөнд тооцож “Портер” машин өгч хохирлоо бүрэн барагдуулсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 107 тал/,
Гэрч Г.Д ийн өгсөн: Намайг Т гэдэг айлд байхад манай ах Ж гаднаас орж ирсэн. ...Харахад хүнд зодуулсан байдалтай хөмсөг хавьцаа нь арьс нь язарсан харагдсан. Тэгээд би ахаас хэнд зодуулсан талаар нь асуусан чинь ах надад хэлэхдээ “С зодсон, хүргэн Н нь болохоор намайг айлаас гадагшаа чирч авч гаргаад зодсон” гэж хэлсэн. Удаагүй Т ын ээж Ц ирээд Ж ахыг гэрлүүгээ аваад явсан. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний үүрээр 04 цаг болж байхад ээж маань гар утсаар над руу залгаад “Ж ахын чинь бие тааруу байна, цусаар бөөлжөөд байна” гэхээр нь би босоод ээжийнх рүү очсон. Тэгээд намайг ээжийн гэрт ороход Ж ах унтаж байгаа бололтой хивсэн дээр хөнжилтэй хэвтэж байсан. Тэгээд би ээжээс юу болсон талаар асуухад “ах чинь орон дээр хэвтэж чадахгүй бөөлжөөд байхаар нь газарт хэвтүүллээ” гэж хэлсэн. Тэгээд ээж бид хоёр ахыг унтаж байна гэж бодоод 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13 цаг хүртэл харсан. Тэгсэн боловч ах ерөөсөө сэрэхгүй болохоор нь цагдаа, эмч хоёр дуудсан. Орой 20 цаг болох гэж байхад ахыг сумын эмч Г Улаанбаатар хот руу авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,
Гэрч О.Б ын өгсөн: ...Ж , Н хоёр гараад явсан юу ярьж гарсныг би сонсоогүй тэр хоёр нэг их удалгүй гаднаас орж ирсэн. Тэгээд нэг хартал Ж гийн хамар нь нил цус болчихсон сууж байсан, яагаад хэзээ цус гарсаныг мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/,
Гэрч Г.Б ийн өгсөн: ...Ж ах, Н ах хоёр юунаас болж муудалцсаныг мэдэхгүй байна. Муудалцаад тэр хоёр заамдалцаад гэрээс гарсан. Тэгээд би тэр хоёрын хойноос гэрээс гарсан. Гэрээс гарахад Н ах, Ж хоёр гэрийн үүдэнд заамдалцаад зогсож байсан. Би тэр хоёрыг салгах гээд дийлэхгүй дундуур нь орж явсаар байгаад хашааны үүдэнд очсон. Тэгэхэд Ц эгч гэрээс гарч бид гурав дээр ирсэн. Тэгээд Ц эгч бид хоёр Ж ах, Н ах хоёрыг салгасан. Тэгээд би Н ахыг, Ц эгч Ж ахыг аваад гэр лүү оруулсан. Гэрт оруулаад би Н ахыг гэрийн баруун талын орон дээр, Ц эгч Ж ахыг гэрийн зүүн талын орон дээр суулгасан. Дөнгөж Ц эгч Ж ахыг орон дээр суулгасны дараа С ахын гар утас нь дуугараад Ж ахын хажуугаас босоод шууд Ж ахын нүүр лүү нэг удаа цохьчихоод, гар утсаа бариад гараад явсан. ...Ж ах цохиулсныхаа дараа цусаа 00-ын цаасаар арчиж, цэвэрлэчихээд босч ирээд “Отгоо өвгөөн явъя” гэж хэлээд Б ахын гэрээс гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,
Гэрч М.О ийн өгсөн: ...Н Ж гийн зүүн талын мөрөн дээрээс нь татаад аваад гарсан. Би Н ыг “чи яах гээд байгаа юм” гэтэл Н “би Ж ахтай уулзчихаад ирье” гээд гарсан. Тэр хоёрыг гарсны дараа Б араас нь гарсан юм. Би мөн нэг их удалгүй араас нь гартал Ж , Н хоёр бие биенээ заамдчихсан маргалдаад зогсож байсан. Тэгээд би Ж г салгаад гэртээ оруулсан. ...Тэгээд нэг их юм яриагүй сууж байтал С гийн утас нь дуугараад утсаар ярих гээд гарахдаа Ж гийн нүүрэн тус газар луу нь гараараа нэг цохьсон. Тэгтэл Ж гийн хөмсөгний орчмоос цус гараад Ж тонгойгоод суугаад байсан юм. Тэгэхээр нь би ОО-ын цаасаар цусыг нь цэвэрлэж өгсөн. ...С гаднаас утсаар ярьж дууссан бололтой орж ирсэн. С г гаднаас орж ирэхэд нь Ж С г “чи ахыгаа яаж байгаа юм бэ?” гэсэн. Тэгэхэд нь С юм дугараагүй. Тэгээд удалгүй Ж буюу Э “Ц эгчээ би гэртээ харьлаа” гээд гараад явсан, араас нь 10 минут болоод Б , би мөн араас нь гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 40-47 тал/,
Гэрч Д.О ын өгсөн: ...Б ахынд очиход Б ах, эхнэр Ц , Л ах, С , Н , Б нар байсан. Бид хоёрыг ороход нэг шил архи талдаа орчихсон, 1 пиво бас талаасаа өнгөрчихсөн байж байсан юм. Тэгээд хэсэг сууж байсан чинь С “та хэдийн үе өнгөрсөн шүү, томрохгүй шүү” гээд байсан чинь Н гэнэтхэн босч ирээд Ж тэй барьцалдаж аваад гарсан. Тэгээд удалгүй буцаад ороод ирсэн. Гадаа гараад сүртэй хашгирч, хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй. Удалгүй орж ирээд суухад Ж гийн толгойноос цус гоожчихсон орж ирсэн юм. Н , Ж хоёрын араас Б гарсан юм. Ж орж ирээд нэг их юм яриагүй сууж байтал С гарах гэж байгаа юм шиг болоод урдуур нь өнгөрөхдөө Ж гийн нүүрэн тус газар луу нь гараараа цохьсон. Нэлээд хүчтэй цохьсон. Тэгэхээр нь би “яаж байгаа юм” гэж хэлсэн. Ж тонгойгоод сууж байхаар нь Ц эгч 00-ын цаасаар цусыг нь тогтоож өгсөн. Тэгээд удалгүй Ж гараад явсан. Ж г явсны дараа 10-20 минутын дараа Ж гийн ээж Ц орж ирээд Н , С хоёр луу “та хоёр яагаад хүүхдийг маань зодож байгаа юм бэ” гээд загнасан гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 тал/,
Гэрч Д.Лхагвын өгсөн: ...С , Ж хоёр хоорондоо маргалдсан. Юуны талаар маргалдсан гэхээр дээр үед Ж С г бага байхад нь дарамталж байсан гээд муудалцаад байх шиг байсан. Тэгээд Н Ж ийг заамдаад аваад гарсан. Тэр хоёрын араас Б гарсан юм. Хэсэг байж байгаад Ц хойноос нь гараад “яагаад байгаа юм бэ? та нар” гээд хашгирсан, тэгээд тэр дөрөв цуг орж ирсэн. Тэгээд С маргаан хийж байгаад босч ирэнгүүтээ Ж ийн нүүр лүү нэг удаа цохиод гадагшаа гараад явсан. Тэгсэн чинь Ж ийн хөмсөгний хавиас цус гарч Ц 00-ын цаас авч өгч цусыг нь тогтоосон. Тэгээд хэсэг байж байгаад Ж Б ын гэрээс гараад явсан. Тэгээд ойролцоогоор 20-30 минутын дараа Ж ийн ээж Ц ирээд Н , С хоёрыг хүүхэд зодлоо гэж загнасан гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 тал/,
Гэрч Ч.Г ийн өгсөн: …Биеийн байдал нь маш хүнд ухаангүй, ямар ч хариу урвал байхгүй, амин үзүүлэлтүүд нь унасан байсан учир эмчилгээ хийж тогтворжуулаад амь насны заалтаар Улаанбаатар хотын Гэмтэл согог сэргээх үндэсний төвд хүргэж өгсөн. Зүүн хөмсөгний дээд талд битүү хөхрөлттэй байсан. Түүнээс өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тархины битүү гэмтэл байна гэж урьдчилсан онош тавиад хот руу авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 51 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2393 дугаартай:
1. Ц.Э ын биед тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, цусан хурааг авах мэс ажилбарын дараах байдал, зүүн хөмсөгт шарх зэрэг гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. ШЭГЗТЖ-н 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэл болно.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс шалтгаална" гэх дүгнэлт /хх-ийн 61 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 468 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд:
1. Ц.Э ын биед учирсан тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, цусан хурааг авах мэс ажилбарын дараах байдал зэрэг гэмтэл нь ШЭГЗТЖ-ийн 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Зүүн хөмсөгний шарх нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.
2. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1 болон 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц, эдгэрэл төгсгөлөөс шалтгаална гэх дүгнэлт /хх-ийн 62-63 тал/,
Шүүгдэгч М.Н ын яллагдагчаар татагдаж өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би Б гэж айлд Б ах, эхнэр нь Ц эгч, Л , Б , Б , Э.С нарын хамт архи ууцгаасан. Тэгээд байж байхад гаднаас Э , О нар орж ирсэн ба Э нь согтуу архи уучихсан хүн хүн рүү агсарч байгаад Б тэй маргалдсан. Тэгэхээр нь би түүнийг цамцаар нь боогоод чирээд гэрээс аваад гарсан. Тэгээд Э ын хамар, толгой руу нь тус бүр нэг удаа цохиод, бид хоёрын араас гарч ирсэн Б бид хоёрын салгаад аваад гэрлүү орсон. Тухайн үед би архи уучихсан байсан ба нэг их согтуу байгаагүй. Тэгээд С ах Э ыг “яах гээд хүн амьтантай маргалдаж муудалцаад байдаг юм”, зүгээр л архи дарс уугаач” гэж хэлээд босоод гарахдаа түүний хөмсөг рүү баруун гараараа нэг удаа цохичихоод гараад явсан. Тэгтэл тэр цохиулсан зүүн хөмсөг нь язарчихсан байсан. Би Э ын толгой хамар орчим руу нь цохиж гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би түүний биед гэмтэл учруулахдаа ямар нэг эд зүйл, зэвсэг хэрэглээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 87 тал/,
Шүүгдэгч Э.С гийн яллагдагчаар татагдаж өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би Б гэж айлд Б ах, эхнэр Ц эгч, Л , Б , Б , М.Н нарын хамт архи ууцгаасан. Тэгээд байж байхад гаднаас Э , О нар хамт орж ирсэн ба Э нь согтуу архи уучихсан байсан. Тэгээд Н , Э ыг аваад гарсан. Б араас нь гараад муудалцаад байх шиг байсан ба Э ын хамар, хөмсөгний орчимоос нь цус гарчихсан орж ирсэн. Тэгээд Э ыг “яах гээд хүн амьтантай муудалцаад байдаг юм, зүгээр л архи дарс уугаач” гэж хэлээд түүний хөмсөг рүү баруун гараараа нэг удаа цохичихоод гараад явсан. Тэгтэл тэр цохиулсан зүүн хөмсөг нь язарчихсан байсан. Би түүний биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 89 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, түүнийг танилцуулсан тэмлэглэл /хх 1-10/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 15 /, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-22/, эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-24/, өвчний түүх /хх-70-81/, эмнэлгийн болон хохирлын талаарх баримт /хх 100-105/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 91-98/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 102-110/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгов.
Дээрхи нотлох баримтуудаар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны орой Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт гэртээ О.Б нь Ц.Э , М.О , Д.Л , Г.Б , Э.С , М.Н нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, энэ үед Э.С , М.Н , Ц.Э нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсч маргалдах явцдаа Э.С нь Ц.Э ын хөмсгөн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, М.Н нь мөн түүний толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ц.Э , гэрч Г.Д , О.Б , Г.Б , М.О , Д.О , Д.Л , Ч.Г нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2393, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 468, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 277 дугаартай дүгнэлт, өвчний түүх зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Э.С , М.Н нарын хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж бие, эрх чөлөөнд нь халдсан үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Э.С г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч М.Н ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.С , М.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгч М.Н нь эрхэлсэн тодорхой ажил, орлоготой, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.С , М.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйл үгүй гэснийг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.20м*1.80м харьцаатай, ногоон өнгөтэй, орны бүтээлгийг түүний эзэмшигч С.О т буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Э.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т овогт Мягмарсүрэнгийн Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н ыг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.С д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сарын хугацаагаар, шүүгдэгч М.Н т оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгуулийн ялыг эхний сард 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр, үлдэх 35 /гучин тав/ сард сар бүр 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н , Э.С нар нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.Н , Э.С нарт сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч М.Н , Э.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйл үгүй гэснийг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.20м*1.80м харьцаатай, ногоон өнгөтэй, орны бүтээлгийг түүний эзэмшигч С.О т буцаан олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Түшигбаярт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н , Э.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Н , Э.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД