Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 123

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Д.Сүрэнхор,

шүүгдэгч Л.Л , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.Л д холбогдох 163/2019/0124/Э индекстэй, эрүүгийн 1915001580131 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, ам бүл 1, Улаанбаатар хотын... оршин суух, Б овогт Л.Л .  

Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Л.Л  нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг “Ар толгой” гэх газарт **-** УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар зорчигч Т.Х гийн амь насыг хохироосон  гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:  

         Шүүгдэгч Л.Л  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

1815003850228 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Л.Л ын өгсөн: Миний ээжийн бие сүүлийн 2 жил тааруу, харвалт өгчихсөн байсан учир дүү Л.Л  бид хоёр ээлжлэн асарч байсан. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу дүү Л.Л  өөрийн машинтай ээжийг авч яваад замдаа буюу Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт зам тээврийн осолд орсон юм. Тэгээд ээж маань Улаанбаатар хотын Гэмтэл согогийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зүрхний цусан хангамжийн дутагдлаар нас барсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-21-22 тал/, 

Гэрч Н.Ө ын өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр би цагийг сайн санахгүй байна, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас эгч Л , эмээ Х  нарын хамтаар **-** УБР улсын дугаартай Ланд крузер-100 маркийн машинтай Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед Л.Л  эгч машин барьж явсан ба Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Гуртын гүүр” өнгөрөөд явж байхад “тас” хийгээд нилээд хүчтэй чимээ гараад ...машин хоёр тийшээ дайвалзаад  эхэлсэн, ...нэг мэдсэн машин дээш харчихсан, цонх нь хагарсан байсан. ...эмээ Х  машины хажууд хэвтэж байхаар нь биеийг нь асуусан чинь ёолоод “гайгүй, гайгүй” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,

Шүүгдэгч Л.Л гийн яллагдагчаар татагдаж өгсөн: ....Урд талын баруун дугуй хагарсанаас болж зам тээврийн осол гарсан, техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлаа хангаж чадаагүй нь миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  ...“Toyota Land cruiser 100” маркийн **-** УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, нилэнхүйдээ эвдэрсэн, сайн хараагүй. Миний нуруу 8.9 дүгээр үедээ хугаралтай, өвчүү хугаралтай, баруун эгэм хугаралтай, одоо биеийн байдал сайнгүй байна гэх мэдүүлэг /хх-76-78 тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 111 дугаартай:

1. Магадлуулагч Т.Х гийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн цусархаг няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт, комын байдал, хоёрдогч цус багадалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

4. Магадлуулагч Т.Х гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-36 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1043 дугаартай:

4. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлүүд үжлээр хүндэрч, биеийн ерөнхий хордлогод орсоны улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ.

5.Талийгаач 2019.4.30-ны өдрийн 14 цаг 10 минутанд нас барсан байна /ГССҮТ-ийн 04496 дугаартай өвчний түүхээс/.

6.Талийгаач В/// бүлгийн цустай байна гэх дүгнэлт /хх-55-59 тал/,

Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай:

  1. Жолооч Л.Л гийн  В ангилалын ****** дугаартай жолоодох

эрхийн үнэмлэх хүчинтэй байна. 

  1. Жолооч Л.Л  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн

 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна.

  1. Уг осол гарах болсон шалтгаан нь жолооч Л.Л гийн  тээврийн

хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйгээс болж гарсан байна гэх дүгнэлт /хх-48 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-3 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-6 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-8 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-12 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-15 тал/, “Т” ХХК-ийн шинжээчийн “Toyota Land cruiser 100” маркийн **-** УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6185000 төгрөгийн шууд, 3985000 төгрөгийн шууд бус хохирол учирсан болохыг тогтоосон дүгнэлт /хх-66-71 тал/, амь хохирогчийн өвчний түүх /хх-80-152 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-153-159 тал/  нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Л  нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хотын чигглэлд “Toyota Land cruiser 100” маркийн **-** УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгслээр зорчин явсан Т.Х  нь амь насанд аюултай хүнд гэмтэл авсаны улмаас Улаанбаатар хотын          ГССҮТ-д эмчлэгдэж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цаг 10 минутанд нас барсан хууль зүйн факт, хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон үеийн нөхцөл байдлын талаар хохирогч Л.Л , гэрч Н.Ө  нарын өгсөн мэдүүлгүүд, Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “зам тээврийн осол, хэрэг гарсан шалтгаан”-ыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, амь хохирогчийн биед учирсан гэмтэл болон нас барсан шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны болон  Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Л гийн МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гаргаж, Т.Х гийн амь насыг хохироосон гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.                             

       Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, Шүүхийн шинжилгээний болон Зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

  Шүүгдэгч Л.Л гийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх ба авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь хохироосон гэмт хэргийн шинжийг агуулж байна.

       Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Л.Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Л  нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Л.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

       Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Л.Л  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.                  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт Л.Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Л.Л гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Л д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч Л.Л  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг  мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Л д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Л д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД