Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 117

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Д.М , М.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Д.М, А овогт М ын Э  нарт холбогдох эрүүгийн 1915002160123 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, хувиараа газар тариалан эрхлэдэг, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, А овогт Д.М .

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа газар тариалан эрхлэдэг, ам бүл 7, ээж, аав, дүүгийн хамт Орхон аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, А овогт М ын Э .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М , М.Э  нар нь бүлэглэн /яллах дүгнэлтээр/ 2019 оны 05 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг “Шаврын гол” гэх газарт С.Г ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

1915002160123 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Гэрч С.Г ийн өгсөн: “...Тус өдрийн 22 цаг 19 минутад би өөрийнхөө машинтай эхнэр М , хүү 5 настай Б  нарын хамт Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг “Шаварын гол” гэх газарт найз П тэй уулзах гэж очсон. Тэгээд гэрэлтэй хашаа руу ортол байшин дотроос 2 хүн гарч ирээд “юун хулгайч нар вэ” гэхээр нь бид нар “Сэлэнгэ сумаас явна, П  гэж найзтайгаа уулзах гэж ирлээ” гэсэн. Тэгтэл 1 эрэгтэй нь та нарын машины зургыг авна, номерыг чинь авч цагдаад өгнө гээд байсан. Ингээд байж байтал машин дээр найз П  нь 2 залуугийн хамт ирсэн. Удаа ч үгүй байшингийн гадаа байсан хүмүүс “манай хашаанаас гарцгаа” гэхээр нь “за тэгье” гээд хашаанаас гарч зогссон. Тэгтэл найз П  нь “эдгээр хүмүүс бид нарын хулгайд сэрдээд байна, би энд хономооргүй байна, чамтай цуг сум руу явъя” гэхээр нь “тэг тэг” гэсэн. Би тэгээд машины арын суудал дээр байсан хүүхдийн ундаг дугуйг авч багааж руу хийх гээд тонгойтол араас хашгираад 2 эрэгтэй хүн ирж, махлагдуу ахимаг насны хүн нь намайг заамдаж хоолойг минь боосон. Тэгэхээр нь би болон манай эхнэр М  найз П , тэгээд тэнд байсан ахлагч залуу нар түүнийг надаас салгасан. Тэгтэл тэр 2 залуу намайг цохих гээд дайраад байхаар нь би өөдөөс нь түлхээд зугтсан. Намайг түлхэхэд тэр 2 залуу унаад л байсан. Тэгэхээр нь “та 2 согтуу юм биш үү” гэхэд нэг юм хэлээд л байсан. Би ингээд ухарч байгаад л нэг мэдэхэд ухаан алдаад унасан байсан. Тэгээд нэг мэдэхэд эхнэр маань миний хажууд байсан бөгөөд нөгөө 2 эрэгтэй хүн жаахан цаана байсан. Би тэгээд машиндаа суух гэж байтал нөгөө ахимаг насны хүн нь лоом барьж ирээд миний машин болон намайг цохих гэхээр нь ахлагч залуу салгаж авсан. Ингээд би эхнэр, П , ахлагч залуугийн хамт миний машинтай сумын төв рүү ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 20-21 тал/,

Гэрч Б.М гийн өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн үед нөхөр С.Г , хүү 5 настай Б  нарын хамт Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг “Шаварын гол” гэх газарт найз П тэй уулзах гэж очсон. Тэгээд явсаар байгаад гэрэлтэй байшингийн хажуу руу ортол байшин дотроос 1 эрэгтэй гарч ирээд “юун хүмүүс вэ’ гэхээр нь “П тэй уулзах гэж байгаа юм аа” гэтэл “хойно байгаа” гэж хэлсэн. ...Удаа ч үгүй байшингийн гадаа байсан хүмүүс “манай хашаанаас гарцгаа” гэхээр нь “за тэгье гээд хашаанаас гарч зогссон. Тэгтэл бид нарын араас 1 эрэгтэй хүн гарч ирээд шууд нөхөр Г ийн шилэн хүзүү рүү цохисон. Тэгтэл нөхөр маань “яаж байгаа юм бэ” гэтэл тэр 2 эрэгтэй хүн цохих гээд дайраад байхаар нь нөхөр маань цааш нь түлхсэн. Тэгээд л тэр 2 эрэгтэй хүн нөхрийг минь зодоод байсан би энэ үед машины багаж янзалж байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс тэд нарыг салгасан. Энэ үед нөхөр маань ухаан алдаад газар хэвтэж байсан. Би нөхрөө сэрээгээд найз П , тэнд байсан ахлагч залуу нарын хамт сумын төвд ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 24 тал/,

Гэрч А.Ч ын өгсөн: “...Тус өдрийн 22 цагийн үед бид нарын байрлаж байсан газарт манай тогооч П ийн найз гэх машинтай эрэгтэй, эмэгтэй 2 хүн хүүхдийн хамт ирсэн. Тэр машинтай хүмүүс манай ажиллаж байсан ногоон талбайны эзэн М ын хашаан дотор орж зогссон. Тэгэхээр нь би, П ийн хамт тэд нар дээр очиход М ын хүү Э  нь гэрийнхээ гадаа тухайн машинтай хүмүүст хандан “юун хулгайч нар вэ, хүний газар дураараа орж ирлээ” гэж байсан. Тэгэхээр нь “уучлаарай” гээд машинтай хүмүүс хашаанаас гарч зогсоход М  нь араас ирж машинтай ирсэн Г  гэх хүнийг шууд заамдаж аваад боогоод багаж руу нь түлхсэн. Мөн түүний нүүр руу 2-3 удаа гараараа цохисон. Тэгтэл “та нар согтуу байгаа юм уу” гээд Г  нь М ыг түлхэхэд тэрээр газар унасан. Тэгтэл Э  гүйж ирээд Г ийг цохих гэтэл тэрээр мөн түлхэж унагаасан. М  нь тухайн машины хойд болон урд хаалгыг нь өшиглөөд, цаанаас лоом барьж ирээд “наадхыг чинь лоомдоод хаячихъя” гээд машин болон Г  руу дайраад байхаар нь би лоомыг нь булааж авсан. Тэгтэл Г  нь Э , М  хоёроос хойшоо зугтаж байгаад бүдрээд газар унасан. Тэгтэл тэр 2 хоёулаа түүний дээрээс цохиод байсан. Би цаанаас цэргүүдийг дуудаж салгаарай гээд салгуулсан. Ингээд М  гэх эмэгтэй нөхөр Г ийг татан авч машиндаа суулгахад П  бид хоёр тэдний машинтай сумын төв руу явсан. Ийм л үйл явдал болсон. ...” гэх мэдүүлэг /хх 25 тал/,

Гэрч Г.П ийн өгсөн: “...Тус өдрийн 12 цагийн үед би найз Г  руу утсаар ярьж “би Сэлэнгэ сумын 2-р баг “Шаврын гол” гэх газарт ногооны талбай дээр тогоочоор ажиллаж байгаа, чи ирэхдээ ойр зуурын юм аваад ирээч” гэж хэлсэн. Тэгтэл тэрээр “юу тарьж байгаа юм бэ гэхээр нь голланд сортын сонгино тарьж байгаа” гэхэд би “сонирхож үзье л даа” гэсэн. Ингээд би цэргүүдийг ахалж Ч д хандан “манай найзууд ирэх юм аа, тэгээд энэ тарьж байгаа сонгиныг үзье гэнээ үзүүлж болох уу” гэтэл тэрээр “болох байлгүй дээ” гэж хэлсэн. Ингээд 20 цагийн үед нэг цэрэг нь биедээ жаахан сонгино авч явж байгаад ногооны эзэн М тай таарсан байсан. Тэгээд дарга аваад явж бай гэж хэлсэн байсан. Тэгтэл М  нь бид нарыг хулгайч гэж хэл амаар доромжилж дайрсан. Ингээд 22 цагийн үед найз Г , түүний эхнэр М  нар хүүхэдтэйгээ машинтайгаа ирсэн. Тэгээд миний байгаа газрыг андуурч М ын хашаа руу орсон байсан. Тэгэхээр нь би, Ч   болон нэг цэргийн хамт тэд нар дээр ирэхэд Э  нь найз Г ийг хулгайчаар нь дуудаад байж байсан. Тэгэхээр нь тэдний хашаанаас бүгдээрээ гараад зогсож байтал М  нь “яасан даварсан пизда нар вэ” гээд лоом барьж ирээд машин болон Г ийг цохих гээд байсан. Тэгтэл Э  нь бас хүрч ирээд аав М ынхаа хамт Г  руу дайрсан. Бид нар салгах гээд дийлэхгүй болохоор нь би Ч д хандан “цэргүүдээ дуудаач” гээд дуудуулан салгуулсан. Тэгээд би Г ийн машинд Ч  хамт сууж сумын төв руу зугтаасан. Ийм л үйл явдал болсон. ...” гэх мэдүүлэг /хх 26 тал/,

Гэрч Г.Э ын өгсөн: “...Тус өдрийн 20 цагийн үед би сонгино тарьж буй талбай дээр очиход тэд нар бууна гээд байж байсан. Би үлдэгдэл булаагүй сонгины үрийг нийлүүлж уутанд хийсэн. Тэгтэл нэг ууттай сонгиныг цэрэг авч явсан залуу нь “наадхаа үлдээчих” гэсэн. Тэгэхээр нь би “яах гэж байгаа юм” гэхэд тэрээр хүнд үзүүлэх гэж байгаа юм гэж хэлсэн. ...Үүнээс хойш харанхуй шөнө болж байх үед машинтай хүмүүс ирээд М ын гэрийн гадна зогссон. Тэгтэл М ын хүү Э  тэдгээр хүмүүсийг “хашаанаас гар” гэж хэлсэн. Ингээд хоорондоо маргалдан хашаанаас гарсан. Ингээд хашааны гадна машинтай ирсэн залуу болон М , Э  нар хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгтэл цэргүүд ирээд салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 27-28 тал/,

Гэрч А.А : “...Тухайн өдрийн 22 цагийн үед ногооны эзний найз гээд машинтай 1 эрэгтэй, 2 эмэгтэй ирсэн. Тэгэхээр нь би тухайн машин дээр ногоог өгч, багийг ахалж яваа ахлах ахлагч Ч ын захисан тамхийг авсан юм. Би тэгээд амарч байсан байрруугаа явсан. Төд удалгүй машинтай хүмүүс явна гээд байж байтал урд нь Э  нь зогсоод явуулахгүй гээд байсан. Тэгээд М , Э  нар нь машинтай ирсэн ахыг зодоод, М  нь лоом барьж тэд нарыг цохих гээд дайраад байсан. Тэгээд лоомоо хаяад жаал ноцолдож байгаад унагаачихаад дээрээс нь М , Э  хоёр цохиод байсан. Тэгтэл нөгөө ах ухаан алдаж унасан. Тэгэхээр нь би салгасан бөгөөд араас манай цэргүүд цуварч ирсэн. Ингээд бид нар салган нөгөө ахыг машинд нь суулгахад Э  машин  руу нь өшиглөөд байсан. ...” гэх мэдүүлэг /хх 29-30/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дүгээр сарын 22-ны өдрийн 133 дугаартай:

1.2. Магадлуулагч С.Г ийн биед зүүн дээд зовхинд  оёдол бүхий шарх, цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, зулай, баруун хөмсөг, хацар, мөр, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

3.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 

4. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 37 тал/,

Шүүгдэгч Д.М ын яллагдагчаар өгсөн: Манай ногооны тариалангийн талбай Булган аймгийн Сэлэнгэ сумын “Шаварын голын адаг” гэх газар байдаг ба 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн үед манай тариалангийн талбай дээр ажилладаг цэрэг Д  /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ 10 гаран килограмм сонгино аваад явж байхаар нь асуусан чинь “дарга аваад яв” гэсэн гэхээр нь би цэргүүдийг ахалж байсан Ч тай уулзаж “чи яагаад цэргүүдээр сонгино хулгай хийлгээд байгаа юм” гэсэн чинь Ч  “тогооч П  эгч Сэлэнгэ сумаас ирэх найзууддаа үзүүлэх гэж байгаа юм” гэхээр нь би “ийм ихээр нь үзүүлдэг юм уу, надад яагаад хэлээгүй юм бэ” гэсэн чинь тогооч П  /П / “Би Ч аас гуйсан юмаа, миний буруу, Сэлэнгэ сумаас найзууд ирж үзэх гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд харанхуй болсон үед 22 цагийн үед П ийн найзууд гэх Г , түүний эхнэр /нэрийг нь мэдэхгүй/ нар машинтай ирэхээр нь хүү Э  “орой болсон байхад хашаанд орж ирлээ, юу хулгай хийх гээд байгаа юм бэ, яваач” гэсэн чинь тэр хүмүүс гарахгүй байсан. Г  гэдэг нь “би нутагтаа явж байна” гээд гарахгүй байхаар нь би гарч очоод “та нар заавал хулгай хийж авч явж байхаар мөнгөөрөө аваад тарьчихаж болдоггүй юм уу” гэсэн чинь Г ийн эхнэр нь гэх эмэгтэй “мөнгөөрөө аваад тарьчихаж чадна” гэхээр нь би “тэгээд аваад тарьчихгүй яагаад хулгай хийж авах гээд байдаг юм” гэсэн чинь Г  машинаасаа бууж ирээд намайг заамдаж гараараа нүүр рүү нэг удаа цохиход нь би газар унасан чинь хүү Э  “яаж байнаа” гэж хэлээд Г  руу дайрсан. Г  Э ын нүүр рүү гараараа нэг удаа цохиод газар унагасан. Би босоод Г  руу дайрсан чинь Г  намайг дахиад нүүр рүү гараараа цохиод унагасан, Э  бас дайрсан чинь бас нүүр рүү нь гараараа цохиж унагасан. Бид хоёрыг унахад Г  “энэ хоёр чинь согтуу байгаа юм биш үү” гээд инээгээд байсан. Энэ хооронд нь би түлээн дээрээс шургааг мод аваад өөдөөс нь айлгасан, гэхдээ биед нь хүрээгүй. Г ийн эхнэр нь миний нуруу руу гараараа цохиж татаад, Г ийг салгаж машиндаа суулгаад явсан гэх мэдүүлэг /хх 47-48 тал /,

Шүүгдэгч М.Э ын яллагдагчаар өгсөн: 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манай ногооны талбай дээр 21 цагийн үед байх машинтай хүмүүс ирсэн. Машин дотор нь танихгүй хүмүүс байсан ба сүүлд нэрийг нь сонсоход Г  гэж байсан. Г , эхнэр /нэрийг нь мэдэхгүй/-тэйгээ ирсэн. Г  гэдэг хүнтэй би “хулгай хийх гэж байгаа юм уу, хашаанаас гар” гэж хэлснээс хоорондоо муудалцсан. Уг залуу халамцуу байсан. Тэр залуу аав М , бид хоёрыг гараараа нүүр рүү 2, 2 удаа цохиж унагаасан. Тэгээд би тэр залуутай барилцаж аваад харилцан нүүр рүү нь болон бие рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр хүн надаас салахгүй байхаар нь би цэргүүдийг дуудаж салгаачээ гэсэн. Аав М  хажуунаас орж ирж салгасан. Г  бид хоёр зууралдаж байхад Г  газар унасан, тэгэхэд аав М  болон цэргүүд ирж бид хоёрыг салгасан гэх мэдүүлэг /хх 49-50 тал /,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-2, 4-5 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд /хх 51-54, 68-70 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх 72-73 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М , М.Э  нар нь үйлдлээрээ нэгдэн 2019 оны 05 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг “Шаврын гол” гэх газарт С.Г ийг “орой болсон байхад хашаанд зөвшөөрөлгүй машинтай орж хулгай хийх гэлээ” гэх шалтгаанаар хувийн тааламжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа С.Г ийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

        Хохирогч С.Г ийн өгсөн мэдүүлгийн эх сурвалж мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.М , А.Ч , Г.П , Г.Э , А.А , Д.Дэжиддагва нарын хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 133 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Д.М , М.Э  нарын гэм буруутай үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Д.М , М.Э  нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч Д.М , М.Э  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.М , М.Э  нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч С.Г  159200 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргасныг шүүгдэгч нар төлснөөр хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Д.М , М.Э  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт шүүгдэгч Д.М , М.Э  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч А овогт Д.М, А овогт М ын Э  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М , М.Э  нарыг тус тус 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д заасныг баримтлан шүүгдэгч Д.М , М.Э  нар нь торгуулын ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгуулын ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Д.М , М.Э  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М , М.Э  нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.М , М.Э  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ЦЭРЭНХАНД