| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0104/э |
| Дугаар | 104 |
| Огноо | 2019-09-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 104
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Н.Мөнхбат
Шүүгдэгч А.Есимбек нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь- Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Есимбекэд холбогдох 1916002310122 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1999 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, малчин, ам бүл 6, аав ээж, эмээ, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, ПЛ99030215 регистрийн дугаартай, Ители-Күйк овогтой Атшыбайгийн Есимбек гэв.
Яллагдагч А.Есимбек нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын засмал зам дээр 11-57 ХОА улсын дугаартай Тоёота королла маркын цагаан өнгийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчин явсан зорчигч А.Ахмаралын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Азбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч А.Есимбек нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын засмал зам дээр 11-57 ХОА улсын дугаартай Тоёота королла маркын цагаан өнгийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчин явсан зорчигч А.Ахмаралын эрүүл мэндэд хүзүүний 7-р нугамалын хажуу сэртэнгийн хугарал, баруун тохойн мултрал, дух, зүүн хацар, дээд урууланд шарх, нүүрний зүүн талд зулгаралт гэмтэл буюу гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр гэмтэл, Б.Азбаярын биед зүүн гарын 2-р хуруунд шарх, баруун гарын бугалганд цус хуралт, зүүн гарын 1-р хуруунд зулгаралт гэмтэл буюу түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.Есимбек гэм буруутай болох нь:
Шүүгдэгч А.Есимбекийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би Улаанбаатар хотоос 09-нд шилжих шөнө 01 цаг 30 минутад гарсан. Замд явж байхад манай найзын машины нум хугараад машин нь эвдэрсэн. Манай найзын машин Бууцагааны цаад талд эвдрээд Бууцагаан дээр ирж нумыг нь янзлуулаад наашаа 11 цаг 30 минутын үед гарсан. Засмал зам руу ороход 10 километр дутуу байхад миний нойр хүрээд байна гэж хэлээд 40 минут орчим унтсан. Тэгээд манай хэд наадам үзмээр байна явъя гэхээр нь наашаа хөдөлсөн. Тэгээд замд явж байхад манай эгч даараад байна гэхээр нь халуун паар тавьж өгөөд Говь-Алтай 90, Дэлгэр сум 5 километр гэсэн самбар өнгөрсөнг мэдэж байгаа. Тэгээд 10 километр явж байгаад ийм зүйл болсон. Тухайн үед 2 хоног нойргүй явсан. Ядарсан байсан. Архи уугаагүй. 85-90 километр цагийн хурдтай явж байсан. Хохирогч нараас А.Ахмаралд 3 сая төгрөг өгсөн. Б.Азбаярт манай аав эмнэлэгт үзүүл гэж хэлээд 500000 төгрөг өгөх гэтэл аваагүй. Чиний 500.000 төгрөгөөр чихэр авч идэх юм уу? гэж хэлсэн. Гэхдээ хотод гэмтлийн тасагт үзүүлсэн. 300.000-аад төгрөг өгсөн байх. Б.Азбаярт хөнгөн гэмтэл учирсан тэгээд эмнэлэгт үзүүлье гэхэд чамаас заавал 3 сая төгрөг авна гомдолтой гэж хэлсэн. ...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын биед хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. торгуулийн ялыг бууруулж өгнө үү” гэсэн мэдүүлэг,
Хохирогч А.Ахмаралын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 07 дугаар сарын 09-ний шөнө Улаанбаатар хотоос Ховд аймаг руу А.Есимбектэй тоёота королла тээврийн хэрэгсэлтэй хамт явж байгаад осолд орсон. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, бид нарт санаандгүй золгүй явдал болсон учраас ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх22-рт/,
Хохирогч Б.Азбаярын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Улаанбаатар хотоос Ховд аймаг руу явах тоёота королла маркын авто машины жолоочийн ар талын суудалд суугаад явсан. Шөнө 4 цагийн үед жолооч үүрэглээд жаахан унтмаар байна гээд 40 орчим минут унтсан. Жолоочийг сэрээгээд цааш яваад цаг орчмын дараа осол болсон гэхээр жолооч үүрэглэснээс болж осол болсон гэж миний хувьд үзэж байна. Машины хаалганы шил хагарч зүүн гарын эрхий хурууны хойд хэсгийг зүссэн. Баруун гарын мөрний хэсэг болон баруун хөлний гуяны гадна хэсэгт хөхөрсөн, нуруундаа зөөлөн эдийн гэмтэл авсан. Буруутай этгээдээс эмчилгээний зардлаа гаргуулж авах хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /хх25-рт/, болон зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх5-рт/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх6-11/, Б.Азбаярын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, А.Ахмаралын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 223, 224 дугаартай акт /хх34, 40-рт/, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шинжээч, цагдаагийн ахмад Л.Лхагвадоржийн гаргасан “...11-57 ХОА улсын дугаартай Т.Королла маркын цагаан өнгийн автомашины жолооч А.Есимбек нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөн байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх46-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Есимбекид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч А.Есимбекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч А.Есимбекид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч А.Есимбек нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, А.Ахмаралд учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэвтаст хэргийн материалд хүзүүний эгц, толгой /CT64/, бүсэлхий нуруу /CT64/-ны зураг авахуулсан төлбөрт 275.000 төгрөг, эмчийн үзлэгт 15.000 төгрөг, гэмтэл, согогийн зөвлөх эмчийн үзлэг, зөвлөгөөнд 30.000 төгрөг төлсөн нийт хохиролтой холбоотой 320.000 төгрөгийн баримт байгаа ба шүүхийн хэлэлцүүлгээр уг мөнгийг шүүгдэгч А.Есимбек төлсөн нь тогтоогдож байна.
Хохирогч Б.Азбаяр нь эмчилгээний зардал болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй байна гэж шийдвэрлээ. Учир нь хохирогч Б.Азбаяр нь Сэтгэшгүй эмнэлэгээс 10 хоног курс эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх эмнэлгийн магадлагаа ирүүлж, хохиролтой холбоотой зардлыг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтан А.Есимбек нь хохирогч Б.Азбаярын эмчилгээнд 320.000 төгрөгийг төлсөн, хохирогч А.Ахмарал нь нэхэмжилсэн зүйлгүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан цагдан хоригдоогүй, хохирогч Б.Азбаяр нь эмчилгээний зардал болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ители-Күйк овгийн Атшыбайгийн Есимбекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч А.Есимбекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Есимбекид оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9, 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Есимбек нь 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтан А.Есимбек нь хохирогч Б.Азбаярын эмчилгээнд 320.000 төгрөгийг төлсөн, хохирогч А.Ахмарал нь нэхэмжилсэн зүйлгүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан цагдан хоригдоогүй, хохирогч Б.Азбаяр нь эмчилгээний зардал болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Есимбекийн 1177256 дугаартай жолооны үнэмлэх, 11-57 ХОА улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ТА1227915 дугаартай автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, 18046401982951 дугаартай жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ зэргийг ялтан А.Есимбекид буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан А.Есимбекид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан А.Есимбекид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА