| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 156/2025/00079/И |
| Дугаар | 226/МА2025/00013 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 226/МА2025/00013
2025 09 04 226/МА2025/00013
Д.А-н нэхэмжлэлтэй,
хариуцагч Б.Б-д холбогдох
иргэний хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.П /онлайнаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 321/ШШ2025/00229 дугаар шийдвэртэй Д.А-н нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох “Эд хөрөнгөд учирсан хохирол 14 тооны үхэр, 1 тооны тугал, 28 тооны эм ямааны үнэ 29,280,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.А-н гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Б нь 2023 оны 6 дугаар сарын сүүлээр танай үхрийг өөрийн нутагтаа авч явж маллаж өгье гэж ирсэн. Бид харилцан тохиролцож цалингийн хэмжээг сар бүр 800,000 төгрөг, жилдээ нэг үхэр, адуу, мөн 100 тооны эм ямаа өгч явуулж төллүүлээд төлийг нь авч, тус тооны ямааг буцаан авах болзолтойгоор тохирсон бөгөөд түүнд цалинг тухай бүрд өгч байсан. Миний бие дээрх байдлаар Б.Б-тай цалингийн хэмжээг тохиролцсоны дагуу түүнд хариуцуулан 2023 оны 6 дугаар сард 142 тооны эр, эм нийлсэн том үхэр, 42 тугалыг маллуулахаар өгч явуулсан. Үүнээс хойш Б.Б-д хариуцуулан өгч маллуулж байсан үхэр дээрээ нэмж 2023 оны 10 дугаар сард 33 тооны эр, эм нийлсэн том үхэр нийлүүлсэн. Нийтдээ 176 том үхэр, 42 тугал, 100 эм ямаа хүлээлгэн өгсөн болно.
2023 оны 10 дугаар сарын сүүлээр үхэртээ тарилга хийхээр очиход 14 тооны үхэр, 1 тооны тугал дутуу байгааг олж мэдсэн. Мөн 2024 оны 5 дугаар сард Б.Б-с малаа авахаар очиход төллүүлээд төлийг нь өгч буцаан авах болзолтойгоор өгч явуулсан 100 эм ямаанаас 28 эм ямааг дутааж өгсөн. Тиймээс миний бие Б.Б-с 14 тооны үхэр, 1 тооны тугал, 28 эм ямааг мөнгөөр нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Б.Б нь 2023 оны 10 дугаар сард 14 үхэр, 1 тугал дутааснаасаа хойш одоог хүртэл танд төлж өгнө гэдэг боловч төлөөгүй өдийг хүрч байна. Иймд өөрт учирсан хохирлоо шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...
- Нас бие гүйцсэн 9 тооны үхэр, 2,000,000 төгрөг буюу нийт 18,000,000 төгрөг,
- Өсвөр насны 5 тооны үхэр, 1,200,000 төгрөг буюу нийт 6,000,000 төгрөг,
- Нас гүйцсэн эм 28 тооны ямаа, 160,000 төгрөг буюу нийт 4,480,000 төгрөг,
- Тугал 1 тооны, 800,000 төгрөг нийт 29,280,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээний талаар зохицуулсан байгаа. Тэгэхээр талуудын хооронд мал хөлсөөр харах, зун авч байгаа учраас тодорхой хэмжээний тарга тэвээрэг авхуулаад өвөл онд мэнд оруулаад хавар нь бүрэн бүтэн хүлээлгэж өгөх, хөлсөөр ажиллуулж байгаа тал нь цалин хөлсөө өгөх гэрээ байгуулагдсан байна. Энэ тохиролцооны дагуу талуудын хэн аль нь үүргээ гүйцэтгэж байсан. Энэ ажлыг гүйцэтгэх явцад үүргийн зөрчил гарсан байна. Энэ талаар маргахгүй байна. 28 тооны ямаа, 14 тооны үхэр, 1 тугал дутсан гэдэг үйл баримт тогтоогдож байна. Энэ үүргийн зөрчил нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэгч энэ үүргийн зөрчлөөс үүссэн хохирлоо шаардах эрхтэй байна.
Нөгөө талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д гэм хор учруулснаас үүсэх хохирлын асуудал дээр шүүх дүгнэлт өгөх ёстой байх. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Энэ тохиолдолд цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоосноор хууль бусаар санаатай, болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан үйл баримт тогтоогдохгүй байна. Тэгэхээр энэ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээнээс үүдсэн хохирол байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Хариуцагч сая үнэлгээ хийлгэе гэхээр манай аймагт үнэлгээний компани байхгүй. Мөнгө төгрөг нь болдоггүй гэж байна. Нэгэнт эрх бүхий байгууллагаас статистикийн мэдээллийг дундаж үнэ, аймаг, сумаар нь нарийвчлан харах боломжтойгоор тогтоосон байгаа учраас энэ үнэлгээнд үндэслээд нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие үхэр, ямаа хөлсөөр маллахдаа Д.А-тэй ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй. Мөн үхэр хулгайд алдах, байгалийн гамшигт үрэгдсэн тохиолдолд төлнө гэсэн хэлцэл хийгээгүй. Түр манай малыг харж бай гэж гуйхад нь зөвшөөрсөн. Иймд Д.А-н 15 тооны үхэр, 28 тооны ямааг төлөх хариуцлага хүлээхгүй. Хэнтий аймгийн прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 604 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан, иймд би хариуцлага хүлээхгүй...” гэжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Д.А-н нэхэмжлэлтэй, Б.Б-д холбогдох эд хөрөнгөд учирсан хохиролд 14 тооны үхэр, 1 тооны тугал, 28 тооны эм ямааны үнэ 29,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.А давж заалдсан гомдолдоо: “...Б.Б нь 2023 оны 10 дугаар сард 14 үхэр, 1 тугалын үнийг төлнө гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу юм. Мөрдөн байцаалтын шатанд хариуцагчаас уг тооны үхэр, тугал болон ямааны үнийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байсан бөгөөд энэ нь мэдүүлэгт тусгагдсан байдаг. Анхан шатны шүүх “...зохигчийн хооронд тодорхой хугацаанд мал маллаж цалин хөлс төлөх тохиролцоо хийгдэж, хэн алиных нь хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн тул тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан буюу Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн...” гэж дүгнэсэн.
Шүүхийн дүгнэснээр талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзвэл мөн хуульд зааснаар ажиллуулагч Д.А гэрээний үүргээ биелүүлж хөлсийг төлсөн. Харин ажиллагч Б.Б гэрээний үүргээ биелүүлээгүй ажиллуулагчийн хариуцуулан өгсөн малыг дутаасан тул тэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар дутаасан малын үнийг төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч нотлох үүргийн талаар буруу дүгнэлт хийсэн.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нотолж Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос эрхлэн гаргадаг статистикийн мэдээллийн нэгдсэн сан /1212.мн/ дэх зах зээлийн ханшийн талаар тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул нэхэмжлэгч уг баримтыг нотлох үүрэг хүлээхгүй юм.
Түүнчлэн, хариуцагч дээрх баримтыг үгүйсгэсэн буюу няцаасан баримт гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т "Зохигч, ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ" гэж, 25 дугаар зүйлийн 25.2.2-т "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх" үүрэгтэй гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй" гэж тус тус заасан. Хариуцагч Б.Б нь малыг дутагдуулсан буруутай үйлдэл байгаа гэдэг нь зохигчийн тайлбараар нотлогдож байгаа хэдий ч нэхэмжлэгч Д.А нь дутагдуулсан малын үнийг 29,280,000 төгрөг буюу өөрт энэ хэмжээний хохирол учирсан гэдгээ баримтаар нотлоогүй.” гэж буруу дүгнэсэн.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн мал дутаасан гэм буруутай үйлдэл болон малын зах зээлийн ханшийг нотолсон байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж заасан тул шүүх Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос эрхлэн гаргадаг статистикийн мэдээллийн нэгдсэн сан /1212.мн/ сайт дахь зах зээлийн үнэлгээг үнэлэх боломжгүй гэж үзсэн бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж шинжээч томилж малын зах зээлийн үнэлгээг тогтоох байсан.
Түүнчлэн, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдсоны дараа шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийн аль нэгийг гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасантай нийцнэ. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн ба хариуцагч өөрийн тайлбараа нотлоогүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон алдаа гаргасан.
Анхан шатны шүүх хууль хэрэглээний зөрчилтэй дүгнэлт хийсэн. Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж тус тус заасан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасны дагуу гэм хорын эрх зүйн хүрээнд хариуцагч гэм буруугүй гэдгээ нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж холбогдох баримтыг хавсаргаж, зах зээлийн ханшийн талаар нийтэд илэрхий үйл баримтын эх сурвалжийг заасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт нийцээгүй...” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.П давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч мал дутаасан гэх үйл баримтад маргаан үүсээгүй, дутааснаа хүлээн зөвшөөрсөн. Харин дутаасан малыг ямар үнээр тооцож төлөх вэ гэдэг маргаан шүүхэд шилжсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Цахим сайтад малын үнэ баг, сумаараа байдаг юм байна лээ.
Анхан шатны шүүхэд нийтэд илэрхий, хэн ч ороод харах боломжтой сайтын үнийг аваад маргааны үйл баримтыг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжтой гэдэг тайлбар гаргасан боловч түүнийгээ нотлоогүй гэж үзсэн. Нийтэд илэрхий буюу цахим сайтад байгаа үйл баримтыг үндэслэл хийх замаар хэрэгт бэхжүүлж авах ёстой юу гэдэг дээр давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү. Хэрэв шүүхээс хавтаст хэрэгт заавал байх ёстой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах үндэслэл үүссэн эсэх дээр дүгнэлт өгч шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Нийтэд илэрхий үйл баримтыг нотлохгүй гэж хуульд заасан учраас дээрх үйл баримтыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна.
Мөн шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний харилцааг буруу тодорхойлж бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн асуудалд дүгнэлт хийж өгнө үү. Малыг дутаасан гэдэг үйл баримт тогтоогдсон бөгөөд үнийг нь гаргуулж авч чадахгүй байгаа. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар дахин нэхэмжлэл гаргах боломжийг хаасан юм болов уу гэдэг тайлбарыг гаргаж байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А-н гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Б.Б-д холбогдуулан “эд хөрөнгөд учирсан хохирол 14 тооны үхэр, 1 тооны тугал, 28 тооны эм ямааны үнэ 29,280,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Б.Б “...Д.А-н малыг маллахаар амаар тохиролцож авсан хэдий ч гэрээ хэлцэл хийгээгүй, зуднаар мал хоргодсон, хадланд явсан хойгуур хүүхдүүд мал харж байхад 14 тооны үхэр, 1 тугал дутсан нь үнэн. Малаа авахдаа миний хөлсөнд авах байсан төл малыг бүгдийг нь аваад явсан, алдагдсан малын талаар цагдаад мэдэгдэж, би өөрөө хайсан боловч олдоогүй, би малыг төлөх үндэслэлгүй...” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч Б.Б нь хохирлыг арилгах үүрэгтэй...” гэж дүгнэсэн атлаа тус шийдвэрийн тогтоох хэсэгт “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөрүүтэй, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргахдаа /хэргийн 51 дүгээр хуудас/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсгийн 76.1.1 дэх заалтад заасан “...хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох...” гэсэн заалтыг үндэслэсэн атлаа чухам аль үндэслэлийг нь баримталж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж байгаагаа тодорхой тусгаагүй бөгөөд “...малын үнэ хэд болох, ямар хэмжээний хохирол учирсан гэдгийг баримтаар нотлоогүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэж заасан бөгөөд шаардлагатай гэж үзвэл шүүх санаачлагаараа шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах боломжтой байхад үнэлгээний талаар баримтаар баталгаажуулаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтад нийцээгүй ба шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.1 дэх заалтад “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэсэн үндэслэл тогтоогдвол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тусгасан тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул гомдолд дурдагдсан бусад асуудлыг хэлэлцэж дүгнэх боломжгүй болно.
Нэхэмжлэгч Д.А-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 321/ШШ2025/00229 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,350 (гурван зуун дөрвөн мянга гурван зуун тавь) төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.