| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Баатарсүх |
| Хэргийн индекс | 156/2025/00011/И |
| Дугаар | 226/МА2025/00014 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 226/МА2025/00014
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Хэнтий аймгийн ...
сумын Засаг даргад холбогдох
иргэний хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б /цахимаар,
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Ж ,
Нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 204 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хамтран ажиллах гэрээний үүрэгт 12,800,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, хариуцагч Хэнтий аймгийн ... сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагч Б.А-н гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Хэнтий аймгийн ... сумын ойн анги, Засаг даргатай 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хуш модны самар түүж бэлтгэх №42 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ... сумын нутаг дэвсгэрээс 20 тн хуш модны самрыг түүж бэлтгэхээр Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2012 оны А/125 дугаар тушаалаар хуш модны самрын нөөцийн төлбөр 1 кг тутамд 800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1 кг тутамд 50 төгрөг төлөхөөр Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам-ын 4.5-д заасны дагуу бэлтгэх самрын нөөцийг өөрийн хөрөнгөөр тогтоолгох харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тус гэрээний хүрээнд манай байгууллагын зүгээс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Монголын татварын албаны 2211000554759 дугаартай төлбөрийн даалгаврын дагуу 16,000,000 төгрөгийг тэмдэгтийн хураамж нөхөн сэргээлтийн төлбөрт 700,000 төгрөгийг тус тус төлсөн. Бид байгуулсан гэрээний хугацаанд хуш модны самар бэлтгэх гэтэл Улсын онцгой комиссын шийдвэрээр нийт улс орон даяар онцгой байдал буюу ковидын цар тахал үүссэн тул самар бэлтгэх боломжгүй нөхцөл үүссэн. Ингээд 2022 онд самар бэлтгэх зөвшөөрөл хүссэн боловч Байгаль орчин аялалын жуулчлалын сайдын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/290 дугаар тушаалын хавсралтаар тухайн жилийн ханшийн зөрүү гарч 1 кг тутамд 1400 төгрөг болгосноор өмнөх тушаалын болон бидний хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 16,000,000 төгрөгөөс 12,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү, бид хариуцагч талаас зөвшөөрөл 1кг 1400 төгрөгөөр тооцож самар бэлтгэхээр эвлэрэх боломжтой...” гэв.
3. .....сумын Засаг дарга Б.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н ХХК-тай манай сумын өмнөх Засаг дарга болох Г.Г гэрээ байгуулсан нь үнэн. Гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүй, нэхэмжлэгч талаас гэрээний үнэд 16,00,000 төгрөгийг шилжүүлсэн нь ч үнэн. Тухайн үед гэрээ байгуулагдахад Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2012 оны А/125 дугаар тушаалаар хуш модны самрын нөөцийн төлбөр 1 кг тутамд 800 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан боловч одоо уг журам хүчингүй болж, самрыг 1кг тутмыг 1400 төгрөгөөр тооцох бөгөөд тендер зарлагдаж тухайн самар бэлтгэх компанийг тодруулах тул *******-тай шууд гэрээ дахин байгуулах боломжгүй юм. Бид уг мөнгийг өгөхдөө маргаагүй хэдий ч Засаг даргын зүгээс ямархуу байдлаар буцаан олгох нь ойлгомжгүй байдалд хүрчхээд байна, эвлэрэн хэлэлцэх боломжгүй... гэв.
4. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: .Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Хэнтий аймгийн ... сумын Засаг даргаас ойн нөөцийн төлбөрт шилжүүлсэн 12,800,000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч ... сумын Засаг дарга Б.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 10-т. Энэ нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буй журам болох Байгаль орчин уур, амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/737 дугаар тушаалын хавсралтаар баталсан 1кг-ыг 1400 төгрөгөөр тооцож 12.800.000 төгрөгт ногдох самрыг бэлтгэж эвлэрэн хэлэлцэх боломжтой боломжтой... гэх боловч хариуцагч талаас уг эвлэрлээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэх тул "Н" ХХК-иас гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрийг буцаан шаардаж байгаа нь үндэслэлтэй юм. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад хэрэгжүүлэх тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан байдаг ба хэрэгт авагдсан Хуш модны самар бэлтгэх тухай гэрээ, тэдгээрийн тайлбар зэргээс үзвэл зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэвч гэрээ хэрэгжээгүй, гэрээг цаашид үргэлжлүүлэн боломжгүй хэмээн хариуцагч тайлбарлаж байна", 11-т "Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотойгоор хариуцагч Хэнтий аймгийн ...сумын Засаг даргатай байгуулсан гэрээний нэхэмжлэгч "Н" ХХК-ийн ашиг сонирхолд зөрчигдөж байх тул хамтран ажиллах гэрээний үүргийг биелүүлэх этгээд болох ... сумын Засаг дарга ойн нөөцийн төлбөрт шилжүүлсэн 12,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Н” ХХК-д буцаан олгох үндэслэлтэй гэж дүгнэв." гэжээ. Дээрх шүүхийн дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 476.1-т заасан "Хамтран ажиллах гэрээ"-ний эрх зүйн харилцаа хэмээн дүгнэсэн учир зохигчдын гэрээнээс гарах, гэрээ дуусгавар болох, гэрээг цуцлах харилцааг мөн тус хуулийн 48 дугаар бүлэгт заасан нарийвчилсан зохицуулалтыг ашиглан тайлбарлаж дүгнэх учиртай байсан. Нэхэмжлэгч "Н” ХХК нь "Хуш модны самар бэлтгэн нийлүүлэх гэрээ"-ний 2.1-т заасны дагуу гэрээний төлбөр, хураамжид 16,000,000 төгрөг төлсөнтэй хариуцагч тал маргаагүй. Иргэний хуулийн 477.1-т "Хамтран ажиллах гэрээний дагуу гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна", 477.3-т "Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна." гэж заасны дагуу Нэхэмжлэгч "Н " ХХК-ийн гэрээний төлбөрт шилжүүлсэн Хамтран ажиллах гэрээний хураамж 16.000.000 төгрөг нь талуудын дундын өмчлөх хөрөнгө болсон байна. Талуудын хооронд байгуулагдсан "Хуш модны самар бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ"-ний зорилго нь зохигчдын хэн алины буруутай, гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой байдлаар хэрэгжих боломжгүй болоогүй талаар шүүх зөв дүгнэлт хийсэн тул тус гэрээ нь Иргэний хуулийн 480.1.4-т заасан "хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон" үндэслэлээр дуусгавар болсон гэж үзнэ. Нэгэнт үүргийн зөрчил гараагүй талуудын аль нэгний буруутай үйл ажиллагаа байхгүй нь тогтоогдсон тул гэрээний талууд буюу зохигчид Иргэний хуулийн 478.1.1-т заасны дагуу дундаа өмчлөх хөрөнгө хуваарилж, алдагдлаа хамтран хариуцаж гэрээг дуусгавар болгох учиртай. Дээрхээс дүгнэвэл Нэхэмжлэгч "Н " ХХК нь "Хуш модны самар бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ"-ээс гарахдаа тус гэрээний дагуу хамтран ажиллах гэрээний алдагдлаа Хариуцагч талтай хамтран хариуцаж, шилжүүлсэн төлбөрийн 50%-ийг л буцаан гаргуулах хууль зүйн боломжтой гэж үзэж байна. Учир нь Хариуцагч тал ч мөн адил тус гэрээний дагуу Нэхэмжлэгч Н ХХК-ийг хуш модны самрыг бэлтгэн нийлүүлэх бүхий л боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлж, тодорхой зардлуудыг гаргаж ажилласан билээ. Мөн шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3-т шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, талуудын гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдсан байх боловч Нэхэмжлэгч "Н" ХХК-ийн зүгээс гэрээний дагуу төлбөр шилжүүлсэн баримт хэрэг нотлох баримтаар авагдаагүй байна. Нэхэмжлэгч "Н" ХХК нь нэхэмжлэлдээ 16,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид, 700,000 төгрөгийг нөхөн сэргээлтийн төлбөрт төлсөн гэдэг бол Хариуцагч тал 16,000,000 төгрөг хураамжид төлсөн талаар маргахгүй хэмээн тайлбарласан. Гэтэл Нэхэмжлэгч "Н” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 12,800,000 төгрөгөөр буюу даруй 3,900,000 төгрөгийн хэмжээгээр бууруулж тодорхойлсон байна. Энэ үнийн зөрүүг талууд яаж тодорхойлж тогтоосон, ямар учраас нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн гэрээний дагуу төлсөн төлбөрөөс бага хэмжээгээр тогтоогдсон болох нь талуудын хооронд үүссэн харилцааг тогтооход ач холбогдолтой байсан. Хэргийг нэг мөр шийдвэрлэхийн тулд Нэхэмжлэгч тал үлдэх төлбөрөө нэхэмжлэхээс татгалзаж байна уу, эсхүл хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийн тулд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг хуулийн шаардлагын хэмжээнд нийцүүлэн бууруулж, шүүхэд 2 дахин хандах зорилготой байгаа эсэх асуудлыг тодруулах шаардлагатай байсан байна Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие давж заалдах шатнаас өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага байсан. Тухайн хамтран ажиллах гэрээг судлахад хамтран ажиллах гэрээний хоёр тал нь “Н” ХХК нөгөө тал нь ... сумын ойн анги гэсэн хоёр субъектийн хооронд болсон гэрээ. Энэ гэрээтэй холбоотой асуудлыг шүүх шийдсэн. Гэрээний тал биш батламжилсан гарын үсэг зурсан хүн болох Засаг дарга хариуцах ёстой гэж үзээд Засаг даргаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргасан. ... сумын засаг дарга гэрээний тал биш харин Н, Б сумын ойн анги байгаа. 12,800,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал 16,000,000 төгрөг тушаасан баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Энэ баримт нь Засаг даргын нэрийн данс үйл ажиллагаатай холбоотой данс биш харин ямар байгууллагын данс гэдэг нь тодорхойгүй нэхэмжлэл үүсгэсэн. 16,000,000 төгрөгийн баримт хавсаргасан. 16,000,000 төгрөг хийхдээ Н ХХК юм уу Н ХХК-ын захирал А гэж биш хэргийн оролцогч биш хүний баримт авагдсан. Тухайн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2 дугаар зүйл заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх шийдвэр гаргах үндэслэл болгосон нь өөрөө агуулга зөрчсөн. Шүүх дүгнэхдээ нэхэмжлэгч тал хөл хорио тогтоосны улмаас үлдэгдэл самар борлуулж чадаагүй гэсэн тайлбар өгдөг гэтэл үүнийг нотолсон нотлох баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэгчийн дүгнэлтээр шийдвэр гарсан нь хууль бус нотлох баримтад үндэслэгдэн дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн нотлох баримт бүгд хуулийн шаардлага хангаагүй иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2 дугаар зүйлд бичмэл нотлох баримтыг эх хувиар эсвэл нотариатаар батлуулсан баримт өгнө гэсэн заалтыг зөрчсөн. Хоёр сарын хугацаанд 4 тонныг олборлосон үлдэгдлийг олборлоогүй гэж байгаа. Гэтэл хамтран ажиллах гэрээний заалтад халдвар хамгааллын дэглэм баримталж ажиллах талаар тусгасан байтал энэ хүмүүс корона гарсан учраас бид нар хийж чадаагүй гэж байгаа нь үгүйсгэгдэж байгаа. Хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд иргэний хэргийн шүүх хуралдааныг хойшлуулсан захирамж гаргасан. Энэ захирамжид нэхэмжлэгч тал 2 хариуцагч татсан гэтэл тамгын газар хариуцагчаар оролцоогүй байна гэх үндэслэлээр хойшилж үүнтэй холбоотой ажиллагаа хийхийг даалгасан захирамж гаргасан байсан. ... сумын Засаг даргын тамгын газар хариуцагчаар нэхэмжлэл гардаж аваад эрх үүрэг танилцаад нөлөөллийн мэдүүлэг бөглөөд явснаас өөр ахиж ямар ч ажиллагаанд оролцуулаагүй байсан. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж гомдол гаргасан...” гэв.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн шийдвэрийг хариуцагч ... сумын Засаг дарга эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Давж заалдах гомдолтой танилцсан. Н ХХК нь ... сумын засаг даргатай 2021 оны 11 дүгээр сарын 06-аас 2021 оны 12 дугаар сарын 31-н хүртэл хугацаанд тус сумын нутаг дэвсгэрээс хуш модны 20тонн самар түүж бэлтгэх гэрээ 42 дугаартай гэрээ байгуулсан. Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2012 оны А 125 дугаар тушаалын дагуу байгалийн нөөц ашигласны төлбөр 1кг самрыг 800 төгрөгөөр тооцож 16,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 6-нд тус сумын орон нутгийн дансанд шилжүүлж төлсөн байдаг. Гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байхад дэлхий даяныг хамарсан КОРОНА цар дахал дэгдэж улсын онцгой комисс хорио цээр тогтоосны улмаас тухайн үеийн орон нутгийн засаг дарга ажиллуулахгүй гэсэн шалтгаанаар зогссон байдаг. Н компани нь энэ гэрээний дагуу 5 тонн самар түүвэрлэж 15 тонн самар энэ шалтгаанаар түүж чадаагүй. 2021-2023 онд самар нөхөн түүх хүсэлтийг зохих газар өгсөн боловч цар тахалтай самрын хураамжид өөрчлөлт орсон гэх зүйлээр түүлгээгүй байдаг. Тиймээс гэрээнээсээ татгалзаж гэрээний төлбөрт байгалийн нөөц ашигласны 16,000,000 төгрөг урьдчилан төлсөн. 12,800,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримт Иргэний хуулийн 476.1 дүгээр зүйлд заасан хамтран ажиллах харилцаа гэрээг хэрэгжүүлэх боломжгүй байдал үүссэн тул аль нэг тал мөн хуулийн 205.1-д заасан гэрээнээс татгалзах эрхтэй энэ тохиолдолд өгсөн авсан зүйлийг буцаах үүрэг хуулийн дагуу хүлээх гэсэн үндэслэлээр зүйлчилж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч тал 12,800,000 төгрөг төлсөн баримт хэрэгт байхгүй байна гэж байна. 16,000,000 төгрөг төлсөн баримт нь хэрэгт байгаа. 5 тонн хуш модны самар түүсэн гэсэн баримт нь байгаа. Энэ гэрээг Засаг даргатай байгуулсан Засаг даргыг төлөөлж ойн ангийн албан тушаалтан гэрээний үйл ажиллагаанд оролцсон. Засаг дарга баталсан учраас засаг даргад холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч. Давж заалдах гомдол дурдсан агуулга үндэслэлгүй байна гэсэн тайлбар гаргаж байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хэнтий аймгийн ... сумын Засаг дарга Б.А-н давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хамтран ажиллах гэрээний үүрэгт 12,800,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, хариуцагч Хэнтий аймгийн ... сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.
9. Нэхэмжлэгч “Н” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... хуш модны самар бэлтгэх тухай гэрээний дагуу 1 кг самрыг 800 төгрөгөөр бэлтгэхээр тохирсон боловч, ковид цар тахлын улмаас хугацаандаа самрыг бэлтгэж чадаагүй учир Батширээт сумын Засаг даргаас гэрээний дагуу шилжүүлсэн 12,800,000 төгрөгийг буцаан гаргуулна.”гэж тодорхойлжээ.
10. Хариуцагч ... сумын Засаг дарга Б.А нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзан хариу тайлбартаа: “... нэхэмжлэгч Н ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өмнөх Засаг дарга Г.Г болон Хэнтий аймгийн ... сум дахь сум дундын ойн ангитай хуш модны самар бэлтгэх тухай гэрээ байгуулахад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2012 оны А/125 дугаар тушаалын дагуу самрыг 1 кг тутамд 800 төгрөгөөр байгуулж, түүний үнэд 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн. Хуш модны самар бэлтгэх гэрээг тендер зарлаж, шалгарсан компанитай гэрээ байгуулах ёстой тул “Н” ХХК-тай дахин гэрээ байгуулж, самар бэлтгүүлэх боломжгүй, мөн нэг килограмм самрын үнэ Байгаль орчин, аялал жуулчлал, уур амьсгал, өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/737 дугаар тушаалаар баталсан хавсралтад 1 кг-ыг 1400 төгрөг болсон, төсөвт суугаагүй зэргээс нэхэмжилсэн 12,800,000 төгрөг буцаан төлөхгүй.” гэж маргав.
11. Нэхэмжлэгч “Н” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагчийг одоо ажиллаж байгаа “Хэнтий аймгийн ... сумын Засаг дарга” гэж тодорхойлсон учир түүнд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.
12. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулан талуудыг шүүх хуралдаанд мэтгэлцүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, тухайн харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан байна.
Тодруулбал: Хэрэгт авагдсан хуш модны самар бэлтгэх гэрээний хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримт, зохигчийн тайлбар зэргээс үзвэл “Н” ХХК нь Хэнтий аймгийн ... сумын Засаг дарга Г.Г болон Б сумын “Б” сум сундын ойн ангитай 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаартай хуш модны самар бэлтгэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулан, 2021 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаатайгаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2012 оны А/125 дугаар тушаалд самрыг 1 кг тутамд 800 төгрөгөөр байгуулан 20 тонн самар бэлтгэхээр тохиролцож, түүний үнэд Батширээт сумын ойн нөөцийн төлбөрт 16,000,000 төгрөг шилжүүлсэн ба түүсэн 4 тонн самарт ногдох 3,200,000 төгрөгийг хасаж, үлдсэн 16 тонн самарт ногдох 12,800,000 төгрөгийг нэхэмжилсэн” үйл баримт нотлогдсон бөгөөд хариуцагчаас ойн нөөцийн төлбөрт 16 сая төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч буцааж төлөх боломж бага талаар хариу тайлбар өгчээ. /хх-3-7,122-123х/
13. Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний биелэлтийн ихэнхи хэсэг хэрэгжээгүйд зохигчдын хэн алиных нь буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй, тэдгээрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу 2021-2022 онд “ковид-19” цар тахлын улмаас нийтийн хөл хорио тогтоож байснаас шалтгаалж, нэхэмжлэгч “Н” ХХК хамтран ажиллах гэрээнд заасан 20 тонн хуш модны самар бэлтгэхээс 16 тонн самрыг бэлтгэж авч чадаагүйгээр түүний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
14. Нэхэмжлэгч “Н” ХХК нь “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний нөгөө тал болох Хэнтий аймгийн ... сумын Засаг даргаас ойн нөөцийн төлбөрт шилжүүлсэн 12,800,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байх тул хариуцагч Хэнтий аймгийн ... сумын Засаг дарга Б.А-н “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай” агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Хариуцагч ... сумын Засаг дарга Б.А-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 204 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг зааснаар хариуцагч Хэнтий аймгийн ... сумын Засаг дарга Б.А давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Гурав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Дөрөв. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 зүйлийн 7511. 2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
Тав. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.