Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 226/МА2025/00015

 

 

 

 

 

 

 

 

 2025         09           05                                           226/МА2025/00015

 

 

 

Х  ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Хэнтий аймгийн .... тамгын газарт

 холбогдох иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /цахимаар/,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Н.Ү,

Нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Маринагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн  561 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х-ТӨХХК-ийн Тэжээлийн буудайн үнэ болон алданги 787,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Хэнтий аймгийн ... тамгын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Н.Үнарын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

2. Нэхэмжлэгч байгууллагын  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Х- ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол орны нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан гарсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн А/101 дугаартай” Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалыг үндэслэн Х- ТӨХХК-д нөөцөлсөн 750тн тэжээлийн буудайг нэг бүрийн үнэ нь 700,000 төгрөгөөр тооцож нийт 525,000,000 төгрөгийн зээлийг Хэнтий аймгийн .... Тамгын газар нь авсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тооцооны үлдэгдэл хугацаа хэтэрсэн өр 525,000,000 төгрөг байна. Үүнд:

- 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ТБ-А/2024-01 дугаартай “Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах” гэрээгээр 525,000,000 төгрөгийн тэжээлийн буудайг 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 525,000,000 төгрөг байна. Гэрээний 5.2-т зааснаар нэг хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон өнөөдрийн байдлаар 164 хоног хугацаа хэтэрсэн алданги 430,500,000 төгрөг болж байгаа ба Иргэний хуулийн 232.4-т заасныг баримтлан анзыг 50 хувиар тооцоход 262,500,000 төгрөг, ТБ-А/2024-01 тоот гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 525,000,000 төгрөг, анз 262,500,000 төгрөг, нийт 787,500,000 төгрөг байна.

 

Иймд Хэнтий аймгийн ... Тамгын газраас үндсэн төлбөр 525,000,000 төгрөг, алданги 262,500,000 төгрөг, нийт 787,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

3. Хариуцагч байгууллагын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/101 тоот “Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаал гарсан. Энэ хүрээнд хавсралтаар дурдсан нэр бүхий аймгуудад тэжээлийн буудайг 1 тонныг 700,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулах ажлыг Х- ТӨХХК-ийн захирал Б.Ц-д даалгаж, үүний дагуу буудайн гэрээ хийгдсэн. Х- ТӨХХК нь бид нартай адил төрийн байгууллага тул харилцан ажиллаж зудын нөхцөл байдлыг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Гэрээ байгуулагдах үед бид орон нутгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн, бусад хүмүүстэй холбогдоход тэжээлийн буудайн үнийг Засгийн газар шийдвэрлэнэ, аймгийн төсөвт дарамт үзүүлэхгүй гэсэн чиглэлийг өгч байсан тул гэрээ байгуулсан. Хэнтий аймгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах зардал нь 500,000,000 төгрөгийн төсөвтэй байдаг. Үүнд Хэнтий аймгийн 18 сум, 4 тосгон ордог бөгөөд гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн зардал юм. 500 сая төгрөгийг зөвхөн буудайнд зарцуулах боломжгүй байдаг тул гэрээ байгуулахын өмнө мэдээлэл авч буудайн үнийг Засгийн газар чөлөөлнө гэж үзээд гэрээг байгуулсан. Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаартай тогтоол гарсан. Үүнд Х-ТӨХХК-ийн тэжээлийн буудайн үнэ болох 7,140,000,000 төгрөг, тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс худалдан авах тэжээлийн буудай болон малын тэжээлийн үнэд шаардагдах зардлыг тооцон 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Б-д үүрэг болгосугай гэсэн Засгийн газрын тогтоол албажиж гарсан. Уг тогтоол нь гэрээ байгуулагдсаны дараа гарч баталгаажуулсан. Өвөлжилт хаваржилтыг даван туулахтай холбоотой асуудлыг анхнаасаа Х.Болорчулуун сайдад үүрэг болгож байсан. Үүний дагуу Х.Б  сайд зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газраас төлбөрийг чөлөөлөх талаар тогтоол гарсан байдаг. Энэ зун томоохон хэмжээний үер, гамшгийн эрсдэл Хэнтий аймагт тохиолдсон. Аймгийн төв, Батширээт, Бор-Өндөр, Дадал, Баян-Адарга сумын нөхцөл байдал хүндэрсэн учраас үүнтэй холбоотой зардал 500 сая төгрөг гараад энэ мөнгө зарцуулагдаад дуусаж байгаа. Үүнээс өөр батлагдсан төсөв байхгүй. Хэрэв бид өөр батлагдсан хөрөнгө мөнгө байдаг бол буудайн төлбөрийг сайн дураар төлөх үүрэг хүлээх байсан байх. Гэвч Хэнтий аймагт ямар ч төсөв байхгүй, энэ үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулаад орон нутгуудад зудын нөхцөл байдлаа даван туулахад дэмжлэг үзүүлсэн ажил болсон гэж ойлгож байгаа.

Иймд Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаартай “Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 3 дахь хэсэгт “Х төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний тэжээлийн буудайн үнэ болох 7,140,000,000 төгрөг, тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс худалдан авах тэжээлийн буудай болон малын тэжээлийн үнэд шаардагдах зардлыг тооцон 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Б-д үүрэг болгосугай” гэж тогтоол гарсан тул энэхүү төлбөрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцна, манайх хариуцагч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

4. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8-т заасныг баримтлан хариуцагч Хэнтий аймгийн ... Тамгын газраас 525,000,000 /таван зуун хорин таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х- ТӨХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 262,500,000 /хоёр зуун жаран хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Н.Ү  нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Д.М, Н.Ү бид Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Х төрийн өмчит" ХХК-ийн нэхэмжлэлтэй Хэнтий аймгийн .... Тамгын газарт холбогдох гэрээний үүрэгт 787,500,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэрэгт хариуцагчаар оролцсон. Тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 156/ШШ2024/00561-p шийдвэрийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан бөгөөд дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Зудын нөхцөл байдлыг даван туулахтай холбогдуулан Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн тэжээлийн будааг цагаан болон төмөр зудтай аймгуудад үнэ төлбөргүй тараах чиглэлийг Улсын их хурлын гишүүд болон холбогдох албан тушаалтнуудаас мэдэгдэж байсны дагуу гэрээ байгуулсан ч Хөдөө аж ахуйн карпораци төрийн өмчит ХХК нь хэт нэг талийг баримтлан ЗГ-н тогтоол албажихаас өмнө гэрээг яаралтай байгуулан тэжээлийн буудайг татах арга хэмжээг зохион байгуулахыг шаардсаны дагуу гэрээ байгуулсан нь "Монгол улсын Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2 болон 58.3.3 дахь заалтуудын дагуу төөрөгдүүлэн хийсэн гэрээ тул, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн А/101 тоот тушаалаар цагаан болон төмөр зудтай 14 аймагт 10,200 тн тэжээлийн буудайг тараах шийдвэр нь МУ-н ЗГ-н 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар тогтоолоор 10,200 тн тэжээлийн буудайн үнийг холбогдох сайдад үүрэг болгосон нь тус тогтоолоор тогтоогдож буй тул, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар тогтоолоор баталсан өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан төмөр болон цагаан зудтай аймгуудад олгох, хүргүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулан тэжээлийн буудай, малын тэжээлийн үнэнд шаардагдах зардлыг батлагдсан төсвийнхөө хүрээнд зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Б-д үүрэг болгосон тул, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 156/ШШ2024/00561-р шийдвэрийн 10 дахь хэсэгт Монгол улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар тогтоолыг нотлох баримтаар үнэлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасанчлан тус тогтоол хадгалагдаж байгаа газарт хандан шинжлэн, судалж нотлох баримтаар тогтоон хянан, үзэж дээрх үндэслэлүүдээр Хэнтий аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

6. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

7. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Н.Ү  нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Давж заалдах гомдлыг хангаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн зүйлийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Н.Ү нарын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр  нэхэмжлэгч “Х” ТӨХХК-ийн  тэжээлийн буудайн үнэ 525,000,000 төгрөг, алданги 262,500,000 төгрөг, нийт 787,500,000 төгрөгийг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Хэнтий аймгийн ... тамгын газарт  холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх   ажиллагаа болон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

9.  Нэхэмжлэгч “Х” ТӨХХК нь нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлээ “Хэнтий аймгийн ... тамгын газартай 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ТБ-А/2024-01 тоот “Тэжээлийн буудай зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулж,  үнэ 525,000,000 төгрөгийг нэг сарын дотор төлж барагдуулахаар зээлж авсан боловч, гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 525,000,000 төгрөг, алданги 262,500,000 төгрөг, нийт 787,500,000 төгрөгийг  гаргуулна гэж тайлбарлав.

 

10. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Н.Ү нарын  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үгүйсгэж гаргасан хариу тайлбартаа: 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Тэжээлийн буудай зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан. Гэхдээ гэрээний  төлбөрийг Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаартай тогтоолд зааснаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцна.” гэж маргав.

 

11. Хэрэгт авагдсан тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ, зохигчдын тайлбар, төлбөр нэхэмжлэх тухай мэдэгдэл зэргээс үзвэл Х-ТӨХХК нь Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газартай 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ТБ-А/2024-01 дугаартай “Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан нэг тонныг 700,000 төгрөгөөр тооцож, 750 тонн тэжээлийн буудай авч, түүний үнэд 525,000,000 төгрөгийг нэг сарын дотор төлөхөөр тохиролцсон үйл баримт нотлогдсон. /хх-8-12х/

 

 12. Талуудын хооронд  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт: “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар  худалдагч тал болох Х- ТӨХХК нь 525,000,000 төгрөгийн үнэ бүхий 750 тонн тэжээлийн буудайг шилжүүлсэн ба худалдан авагч Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар нь зээлээр худалдан авсан тэжээлийн буудайн үнийг төлөх гэрээний  үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байна.

 

13. Нэхэмжлэгч “Х” ТӨХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт  зааснаар  Хэнтий аймгийн ... тамгын газарт  2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/640 дугаар “Төлбөр нэхэмжлэх тухай мэдэгдэл”-ээр 2024 оны 05 дугаар сарын 31-ний дотор,  мөн оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/788 дугаартай  “Төлбөр нэхэмжлэх тухай мэдэгдэл”-ээр 2024 оны 09 дүгээр сарын 10-ны дотор тус тус төлбөр төлөх хугацааг  тогтоон мэдэгдэж байсан боловч үүрэг гүйцэтгүүлэгчээс үүрэг гүйцэтгэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ  гүйцэтгэх нэмэлт хугацаа хоёр удаа тогтоосон боловч, үр дүн гараагүй. /хх-5-6т/

 

14. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн  60.1.5-д зааснаар аймгийн Засаг дарга нь аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч байх ба мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байна” гэж зааснаар  тэжээлийн буудай зээлээр худалдах худалдан авах гэрээнд  Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Ч  болон түүний  тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Д нар гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсон байна.  

 

15. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд  Х.Б-ны  2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/101 тоот тушаал болон хавсралтад улсын хэмжээнд өвөлжилт болон хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан 14 аймагт 10,200 тонн тэжээлийн буудай өгч, түүний үнэ төлбөрийг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан төвлөрүүлэх арга хэмжээ авахыг “Х” ТӨХХК-ны төлөөлөн удирдах зөвлөл /Ц.Болорчулуун/-д үүрэг болгосон байгааг дурдах нь зүйтэй. /хх-13-16т/

16. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  нь давж заалдах шатны шүүх хуралдаанд тэжээлийн буудай худалдах-худалдан авах гэрээ байгуулагдах үед улсын хэмжээнд 14 аймгийн 111 сумдад  байгалийн гамшиг буюу цагаан болон төмөр зудтай  байсан нөхцөл байдлыг харгалзан алданги болох 262,500,000 төгрөгөөс татгалзсан тайлбар өгсөн учир үүнд дүгнэлт хийгээгүй болно. /хх-99х/

 17. Хариуцагч Хэнтий аймгийн ... тамгын газар нь шүүхэд Монгол улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар тогтоол хуулбарыг нотлох баримтаар ирүүлсэн боловч, уг материалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байх тул хэрэгт баримтаар үнэлэхгүй гэсэн байна. Засгийн газрын тогтоол нь нийтэд илэрхий  улсын хэмжээнд дагаж мөрдөх нэг удаагийн үйлчлэлтэй захирамжилсан шинжтэй захиргааны акт учир бусад нотлох баримтын  адил Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага тавигдахгүй.

18. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “Монгол улсын Засгийн газрын 2024 оны  76 дугаар тогтоолоор тэжээлийн буудайн үнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцах ёстой” гэж тайлбарладаг боловч, талуудын хооронд байгуулагдсан тэжээлийн буудайг худалдах-худалдан авах гэрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, мөн тогтоолын 3-т заасан “Х”  ТӨХХХК-ийн тэжээлийн буудайн үнэ болох 7,140,000,000.0 төгрөгийг 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж  ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд үүрэг болгосугай.” гэх заалт хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй, хариуцагч энэ талаар нотлох үүргээ биелүүлээгүй учир зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт хангагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Н.Ү нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох тэжээлийн буудайн үнэ 525,000,000 төгрөгийг  хангаж шийдвэрлэхдээ хариуцагчаас түүний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 2,782,950 төгрөгийг гаргуулаагүй байх тул шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов. /хх-37т/

Хариуцагч байгууллага давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 2,782,950 төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар түүнээс нөхөж гаргуулахаар магадлалын тогтоох хэсэгт тусгах зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Н.Ү нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн  561 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжинд 2,782,950 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг зааснаар хариуцагч Хэнтий аймгийн ... тамгын газраас 2,782,950 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

Гурав. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.