Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 711

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Д.Нямбат, шүүгдэгч Ж.З, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигин овогт Ж.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808058190174 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овогт Ж.З, Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эхнэр дөрвөн хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын Ар хустайн 1 дүгээр багт түр оршин суудаг, регистрийн дугаар ……….., урьд:

- Сэлэнгэ аймгийн сум дундын I дүгээр шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тэнсэж хянан харгалзсан,

- Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

- Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ж.З нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, МИК-ийн 1 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух Д.Бын эзэмшлийн хашаанаас цахилгаан мотор, реминийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1,036,000 төгрөгийн хохирол учруулахдаа учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу боолт тайлах түлхүүр ашиглаж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Боржигин овогт Ж.З нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, МИК-ийн 1 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух Д.Бын эзэмшлийн хашаанаас боолт тайлах түлхүүрээр цахилгаан мотор, реминийг тайлж, улмаар нууцаар, хууль бусаар авч явж, бусдад 1,036,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ж.Зийн шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс Бынд манай эхнэр жижүүрээр, би гагнуурчнаар ажиллах болсон. Хэрэг гарах өдөр гагнуур хийгээгүй амарч байсан. Тэгээд О гэх залуутай хамт бага зэргийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 14 цагийн үед төмрийн хог цуглуулж байгаад эрээн хучлагаар хучсан тоног дээр мотор байхыг хараад гэнэт л авмаар санагдсан. Тэгээд тухайн эрээн хучлагыг дээш нь сөхөөд моторын 4 ширхэг боолтыг гараараа эргүүлээд үзсэн чинь 2 ширхэг боолт нь тайлагдчихсан. Дараа нь мотороос нь барьж байгаад хоёр тийш нь займчуулсан. Тэгсэн хөдлөхгүй болохоор нь доошоо хартал моторын рам доор нэлээн зэвэрсэн хар түлхүүр харагдсан. Тэр түлхүүрийг аваад боолт руу хийхэд бага зэрэг томдсон, тэгэхээр нь хазайлгаж байгаад эргүүлэхэд хий эргэж байснаа дээд талын конторлосон боолтынх нь нэг нь эргэсэн. Тэгэхээр би гараараа тайлж авсан. Нэг боолт үлдэхээр нь займчуулж байгаад мөн гараараа тайлж аваад моторыг рам дээрээс нь буулгаж авч явсан...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мах импекс комбинатын 1-12 тоотод байх хашаа байшиндаа байдаггүй болохоор өрөөнүүдийг хүмүүст түрээслүүлээд Г гэдэг хүнтэй хашаа байшингаа бүхэлд нь харж хандуулахаар тохирч 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс нэг өрөөнд нь амьдруулахаар оруулсан. Сарын 500,000 төгрөгийн цалин өгөхөөр тохирсон. 2018 оны 8 дугаар сарын 9-ны 16 цагийн үед хашаандаа ирэхэд Г болон нөхөр, хүүхдүүд нь байхгүй болохоор нь хашаан дотуур явж байгаад зүүн мухарт байсан мотор, ремин алга болсон байхаар нь цагдаад хандсан. Мотор нь Хятад Улсад үйлдвэрлэсэн 11 KW хүчин чадалтай цэнхэр өнгийн цахилгаан мотор байсан, “100 айл”-аас 1,100,000 төгрөгөөр худалдаж авч байсан, ремин нь 40,000 төгрөгийн үнэтэй...” гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг (1хх-ийн 191-192 дугаар хуудас);

- “...миний хулгайд алдсан цахилгаан мотор төхөөрөмжийнхөө үндсэн рам дээр 4 ширхэг 24-ын үхлүүт боолтоор боогдсон байсан, гараар тайлж авах ямар ч боломжгүй. Ж.З мотор хулгайлах гээд түлхүүр багажаар тайлаад зогсож байхыг хуучин ажиллаж байсан О гэх залуу харсан байна лээ...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 164 дүгээр хуудас);

            3. Гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай дугуй засварын газрын хавиар архи уугаад яваад байдаг 40 орчим насны эрэгтэй хүн над дээр ирээд 380-ын мотор авах уу гэхээр нь хамтдаа хашаан нь очиж үзэхэд хөх өнгийн генератор мотор байсан. Би авахгүй гэж хэлээд явсан. Тэгтэл 10-аад минутын дараа нөгөө залуу надад үзүүлсэн мотороо цагаан өнгийн шуудайнд хийгээд тэргэн дээр түрээд Содон хороолол тал руу зам дагаад явж байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 200 дугаар хуудас);

            4. Гэрч З.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Ж.Ж.З мотор тэргэн дээр түрээд явж байгаа бичлэг бичигдсэн байсан. Моторыг хаана зарсныг мэдэхгүй, надад хэлээгүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 203 дугаар хуудас);

            5. Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Б ахын нийтийн байрны манаачаар ажиллаж байсан. Цалингийнхаа үлдэгдэл 20,000 төгрөгийг авах гээд нийтийн байранд очоод байхгүй болохоор нь урагшаа бие засах гээд явж байтал манаачаар ажилд орсон гэх Ж.Зоо ганцаараа гартаа түлхүүр барьчихсан моторыг тайлаад байж байсан. Тэгэхээр нь би “наад моторыг чинь Б ахтай нийлж наад төхөөрөмжид чинь боосон юм, нэг сая гаран төгрөгөөр худалдаж авч байсан, чи хулгай хийж болохгүй” гэж хэлээд гэр лүүгээ явсан. Маргааш нь Б ах над руу яриад мотор алга болсон байна гэхээр нь өчигдөр Ж.З түлхүүр багаж бариад тайлж байхаар нь би болиулаад гэрт нь оруулаад явсан гэдгээ хэлсэн. Тухайн үед Ж.З моторын бэхэлгээний 4 боолтыг тайлаад сулласан байсан, гараараа тайлах боломжгүй...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 166 дугаар хуудас);

            6. “Т” ХХК-ны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 294 дугаартай “...хуучин, цахилгаан мотор 1 ширхэг 1,000,000 төгрөг, хуучин ремин 1 ширхэг 36,000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (1хх-ийн 208-210 дугаар хуудас);

             7. Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол (1хх-ийн 204 дүгээр хуудас), камерын бичлэгт үзлэг хийж өнгөт хэвлэлээр бэхжүүлсэн тэмдэглэл (2хх-ийн 16-19 дүгээр хуудас), хохирогч Д.Боос ирүүлсэн 2 ширхэг гэрэл зураг (2хх-ийн 20-22 дүгээр хуудас);

            8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 179-183 дугаар хуудас);

            9. Шүүгдэгч Ж.Зийн яллагдагчаар өгсөн: “...Б гэх хүнтэй манай эхнэр Г уулзаж үйлчлэгч буюу жижүүрээр ажилд орохоор болж бид хоёрыг нийтийн байрныхаа голд нэг өрөөнд оруулсан...хашааны зүүн урд байсан цахилгаан мотор, реминийг аваад цагаан өнгийн шуудайнд хийж боогоод усны тэргээр түрж гаргаад такси бариад Гурвалжны гүүрний ард байдаг барилгын материалын газарт гудамжинд танихгүй хүнд 200,000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөөр архи, хүнсний зүйл аваад үрээд дуусгасан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 60 дугаар хуудас);

            -“...би моторын сул байсан 4 боолтын 2-ыг нь гараараа тайлсан. Үлдсэн 2 боолтыг 2 тийш хөдөлгөж байгаад сулласан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 169 дүгээр хуудас);

10. Шүүгдэгч Ж.Ж.Зийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 234 дүгээр хуудас), урьд гурван удаа ял шийтгүүлж байсан талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 214 дүгээр хуудас), урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 217-229 дүгээр хуудас);

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.Ж.Зийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох хуучин нэг ширхэг цахилгаан моторыг 1,000,000 төгрөгөөр, нэг ширхэг хуучин реминийг 36,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 1,036,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Ж.Ж.Зийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Моторыг 24-ийн боолтоор боосон байсан гэх боловч  энэ талаар нотлогдсон зүйл байхгүй. Хавтас хэрэгт ашигласан түлхүүр нь эд мөрийн баримтаар авагдаагүй. Эргэлзээ бүхий ийм нөхцөл байдал байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр гэм буруутайд тооцож өгнө үү. Түүнчлэн, шүүгдэгч түлхүүрийг урьдчилж тусгайлан бэлтгээгүй. Тухайн үед боолтыг тайлах явцад олдсон түлхүүрээр тайлсан талаар өөрөө мэдүүлсэн. Гэвч тухайн түлхүүр нь таарахгүй томдсон, займчуулж хөдөлгөж байгаад боолтуудыг тайлсан, түлхүүрийг хэрэглэсэн гэхэд учир дутагдалтай. Гэрч Отгон-Эрдэнийн мэдүүлгийн хувьд тэрээр хохирогчийн удирдлага дор байдаг хүн учир түүний хэлснээр л мэдүүлэг өгсөн гэж үзэж байна...” гэж гэм буруугийн талаар  мэтгэлцэж, хууль зүйн дүгнэлт өгсөн болно.

Шүүгдэгч Ж.Ж.З нь энэ гэмт хэргийн халдлагын зүйл болох моторыг их биеэс нь тайлж авах зорилгоор боолт тайлах үйлдвэрийн зориулалт бүхий түлхүүр ашигласан болох нь гэрч Л.Онийн “...би Бын ахын нийтийн байрны манаачаар ажиллаж байсан. Цалингийнхаа үлдэгдэл 20,000 төгрөгийг авах гээд нийтийн байранд очоод байхгүй болохоор нь урагшаа бие засах гээд явж байтал манаачаар ажилд орсон гэх Ж.Зоо ганцаараа гартаа түлхүүр барьчихсан моторыг тайлаад байж байсан. Тэгэхээр нь би “наад моторыг чинь Б ахтай нийлж наад төхөөрөмжид чинь боосон юм, нэг сая гаран төгрөгөөр худалдаж авч байсан, чи хулгай хийж болохгүй” гэж хэлээд гэр лүүгээ явсан. Маргааш нь Б ах над руу яриад мотор алга болсон байна гэхээр нь өчигдөр Ж.З түлхүүр багаж бариад тайлж байхаар нь би болиулаад гэрт нь оруулаад явсан гэдгээ хэлсэн. Тухайн үед Ж.З моторын бэхэлгээний 4 боолтыг тайлаад сулласан байсан, гараараа тайлах боломжгүй...” гэсэн (2хх-ийн 166 дугаар хуудас) мэдүүлэг, хохирогч Д.Бын “...миний хулгайд алдсан цахилгаан мотор төхөөрөмжийнхөө үндсэн рам дээр 4 ширхэг 24-ын үхлүүт боолтоор боогдсон байсан, гараар тайлж авах ямар ч боломжгүй. Ж.Ж.З мотор хулгайлах гээд түлхүүр багажаар тайлаад зогсож байхыг хуучин ажиллаж байсан О гэх залуу харсан байна лээ...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 164 дүгээр хуудас) гэсэн мэдүүлгээр хөдөлбөргүй нотлогдсон болно.

Гэрч Л.Онийн хувьд шүүгдэгч Ж.Ж.З нь боолт тайлах зориулалт бүхий түлхүүр багаж ашиглаад моторын боолтыг тайлж байхыг харсан, мөн зүй ёсны шаардлага тавьсан хүн байх бөгөөд түүнд хэргийн талаар худал мэдүүлбэл хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тайлбарлан сануулсны үндсэн дээр түүнээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч, тэмдэглэлийг хэрэгт бэхжүүлсэн байх тул шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хохирогчийн удирдлага дор байдаг хүн учир түүний хэлснээр л мэдүүлэг өгсөн гэж үзэж байна” гэсэн таамаглалын шинжтэй дүгнэлтийг харгалзан үзсэнгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хууль тогтоогч зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдгийг хууль зүйн хувьд албан ёсоор тайлбарлахдаа “иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно” гэжээ.

Хууль зүйн хувьд “учрах саадыг арилгах зорилгоор” гэдэг нь гэмт этгээд гэмт санаагаа туйлд нь хүргэх буюу гэмт хэргээ төгсгөх, гэмт хэргийн хор аюулын хэр хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх, хэргийн газраас аль болох богино хугацаанд холдон одох зэрэг зорилгыг өөртөө багтаах өргөн ойлголт юм.

Энэ хэргийн хувьд моторын боолтыг түлхүүр багаж ашиглаагүй бол тайлж авч чадахгүй буюу гэмт хэргээ төгсгөж чадахгүйд хүрэх тул учрах саадыг арилгах зорилгоор үйлдвэрийн хийц бүхий түлхүүрийг зэвсэг болгон ашигласан гэж үзнэ.

Харин тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэг нь тухайн хэрэгт зориулж урьдаас бэлтгэсэн буюу хийсэн, засаж тохируулсан буюу өөрчилсөн хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгохоор хууль тогтоогч тайлбарласан тул гэмт хэрэгт зориулж хийгээгүй, эсхүл засаж тохируулан өөрчлөөгүй бөгөөд дээр дурдсан хууль зүйн үндсэн шинжийг хангасан эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг зэвсэг хэмээн ойлгоно.  

Шүүгдэгч Ж.Ж.З нь хохирогч Д.Бын эзэмшлийн хашаанаас цахилгаан мотор, реминийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор боолт тайлах үйлдвэрийн хийц бүхий түлхүүрийг зэвсэг болгон хэрэглэж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болох тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг хангасан байх бөгөөд прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд “...тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж...” гэсэн шинжийг хасаж зөвтгөн дүгнэв.

Тодруулбал, прокурор учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хэмээн боолт тайлах үйлдвэрийн зориулалт бүхий нэг төрөл зүйл түлхүүрийг хууль зүйн хувьд ялгаатай хоёр ойлголтод багтаасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Шүүх ийнхүү зөвтгөн дүгнэхэд шүүгдэгчид сонсгосон гэмт хэргийн зүйл, хэсэг, заалт өөрчлөгдөхгүй, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.Ж.Зийг “хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Ж.З нь хохирлын 1,036,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан талаарх баримтыг шүүхийн шатанд гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Ж.З нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ж.Ж.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, түүний цагдан хоригдсон хоногийг хорих ялын хугацаанд оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди-г хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах саналтай байна...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Миний үйлчлүүлэгч өөрөө гэм буруу дээр маргаагүй гэдгийг шүүх харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Хувийн байдлын хувьд бага насны 4 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, тухайн өрхийг тэжээдэг ганц хүн нь Ж.Ж.З юм гэдгийг харгалзан үзнэ үү...” гэв.

            Шүүх шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч Ж.Ж.Зоос өмгөөлөгчийнхөө байр суурьтай холбоотой хэлэх зүйл, өөр санал байна уу хэмээн тодруулан асуухад тэрээр өмгөөлөгчтэйгөө ижил буюу “зүйлчлэл хөнгөрүүлэх” байр суурьтай байна гэж хариулсан болно.

            Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх гэдэг нь хууль зүйн хувьд хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл болон учирсан хохирол, хор уршгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх ойлголт тул өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг  хүлээн авах боломжгүй.

            Шүүх шүүгдэгч Ж.Ж.Зийн урьд гурван удаа ял шийтгүүлсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Ж.З нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон нийт 144 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолно.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ж.З нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигин овогт Ж.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасанхулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Ж.Зт гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж.Зт оногдуулсан 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж.Зийн цагдан хоригдсон нийт 144 (нэг зуун дөчин дөрөв) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ж.З нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ж.Ж.Зт урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Ж.Зт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА