Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01606

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ТБАГУТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч О.Одгэрэл, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04154 дугаар шийдвэртэй,

 

******* ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

Гаалийн татвар, алданги 53,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* ХХК нь 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 02-2091006-10-I31064R дугаартай гаалийн мэдүүлгээр 225,750 кг дизелийн түлш импортолж тухайн бүтээгдэхүүнд ноогдох нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татварыг Засгийн газрын шийдвэрийг үндэслэн гаргасан Сангийн сайдын 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3-5а/4905 дугаар албан тоотын дагуу 30 хоногийн хугацаагаар хойшлуулсан байдаг. Дээрх бараанд ногдуулсан татварууд өнөөг хүртэл төлөгдөөгүй бөгөөд татварын өр 35,500,000 төгрөг, мөн Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1-т заасан гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулна гэснийг үндэслэн хүү 17,750,000 төгрөг, нийт 53,250,000 төгрөг байгаа болно. Гэвч тус компани бүртгэлтэй хаягтаа байхгүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/00251 дугаар захирамжаар нотлогдсон тул тухайн үед гүйцэтгэх захирал байсан *******аар дээрх өр 53,250,000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Иймд, хариуцагчаас хугацаа хожимдуулсан нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар, түүний хүү болон нийт 53,250,000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт төвлөрүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч иргэнийхээ хувьд хариуцах этгээд нь биш. Нэхэмжлэгчийн яриад байгаа татвар бол ******* ХХК-д холбоотой татвар гэдэг нь харагдаж байна. Хүн, хуулийн этгээд гэдэг бол Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар эдлэх эрх, хүлээх үүрэг нь тус тусдаа бие даасан эрх зүйн этгээдүүд учраас компанийн хариуцах өр төлбөрийг хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага байсан гэдэг утгаар төлөх эрх зүйн боломж байхгүй.

Энэхүү маргаан нь Иргэний журмаар хянан шийдвэрлүүлэх маргаан биш гэж үзэж байна. Учир нь, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгаар татварын алба нь өөрөө шүүхийн шийдвэрээр баталгаажуулахгүйгээр татвар хураах ажиллагааг хийж болохоор заасан байгаа. Тухайлбал тодорхой байгууллагууд руу хандаж дансыг нь битүүмжлэх ч юм уу гэх мэтчилэн холбогдох ажиллагааг өөрсдөө хийдэг болсон учраас энэ маргааныг иргэний шүүхээр хянан шийдвэрлэх маргаан биш, нарийвчилсан хуулиар тусгайлсан зохицуулалттай маргаан гэж үзэж байна. Тэгэхээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1, 2941 дүгээр зүйлийн 2941.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ас 53,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******ас 424,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нарын давж заалдах гомдлын агуулга:

Нэг. ...Гаалийн мэдүүлгийн Хүлээн авагч/Импортлогч гэдэг дээр ******* ХХК, РД: гэсэн байх бөгөөд тус мэдүүлгийн 5 дугаарт Санхүүгийн хувьд хариуцагч байгууллага гэдэгт мөн л ******* ХХК-г бичсэн байна.

Мэдүүлэгч нь ******* ХХК бөгөөд ын хувьд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн хувьд нэр нь бичигдсэн билээ. Түүнчлэн хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан Татвар - туслах цахим системд татварын өр төлбөр нь ******* ХХК дээр бүртгэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл дээрээ татварын өрийг компанийн нэр дээр хойшлуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан гэдгийг дурдсан байдаг. Иймд, анхан шатны шүүхийн ******* нь татвар төлөгч байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хоёр. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухай:

Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасны дагуу төлөх хугацааг нь Засгийн газрын шийдвэрээр хойшлуулсан татварыг хураахдаа Татварын ерөнхий хуулийг баримтална.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 2019 онд батлагдсан Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгаар татварын өрийг хураах ажиллагаа нь 12 дугаар бүлэгт зохицуулсан бөгөөд татварын өр хураах ажиллагааг шүүхэд хандах замаар хэрэгжүүлдэг байсан хуучин зохицуулалт /Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйл/-ыг халж, улмаар Татварын алба нь өөрөө татварын өр төлбөрийг төлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх эрх хэмжээтэй болсон. Өөрөөр хэлбэл татварын өр төлүүлэх ажиллагаа нь Татварын ерөнхий хуулиар тогтоосон тусгайлсан зохицуулалттай тул иргэний шүүхээр шийдвэрлүүлэх маргаан биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа болно.

Түүнчлэн Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар хувь хүн, компани нь эрх зүйн харилцаанд бие даан эрх эдэлж, үүрэг хүлээх тусдаа эрх зүйн этгээдүүд тул компанийн өр төлбөрийг хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан гэдэг утгаар хувь хүн хариуцах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй юм.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх нотлох баримтыг олон талаас нь авч үзээд маш үндэслэлтэй дүгнэсэн гэж үзэж байгаа. Тийм учраас *******ас мөнгөө авах нь зүйтэй гэж үзсэн. Хариуцагч тал хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэх тайлбарт, Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ гэж заасан байдаг. Тиймээс анхан шатын шүүх Гаалийн ерөнхий хууль, Гаалийн тарифын тухай хууль, гаалийн татварын тухай хуульд зааснаар *******ас гаргуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан нь зөв. Ийм учраас анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ТБАУТҮГ нь хариуцагч *******д холбогдуулан гаалийн татвар, алдангид нийт 53,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. ******* ХХК нь 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаалийн хилээр 225,750 тн дизель түлш импортлон оруулж ирсэн бөгөөд тухайн барааны гаалийн татварын төлбөрийг тус компани төлөхөөр гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг бөглөсөн байна. /х.х-ийн 7/

 

3.2. Улмаар уг компани 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гаалийн татварын төлбөр болох 48,800,000 төгрөгийн 8,800,000 төгрөгийг төлж, үлдэх 40,000,000 төгрөгийг 5 сарын хугацаанд төлж барагдуулах талаар албан бичгийг 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* ТБАГУТҮГ-т хүрүүлж байжээ. /х.х-ийн 10/

 

3.3. ******* ТБАГУТҮГ-ын Татвар-туслах цахим системд ******* ХХК-ийн татварын өр төлбөрийн үлдэгдэл 35,500,000 төгрөг гэж тооцсон байна. /х.х-ийн 9/

 

4. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д татвар төлөгч гэж Монгол Улсын гаалийн хилээр бараа нэвтрүүлэхээр мэдүүлсэн этгээдийг хэлнэ гэж, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д мэдүүлэгч гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг хэлнэ гэж,

 

мөн Гаалийн хилээр нэтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих зааврын 1 дүгээр зүйлийн 1.2-т Гаалийн мэдүүлэг нь дараах 4 хэсгээс бүрдэнэ гээд 1 дүгээр хэсэг ерөнхий мэдээлэл (мэдүүлгийн 1-20 болон A хүснэгт)... гэж, 2 дугаар зүйлд Гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичих гээд 2.4-т ...Бараа хүлээн авагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нэр, хаяг, утас, регистрийн дугаар, аж ахуйн нэгжийн гэрчилгээний бүртгэлийн дугаарыг бүрэн гүйцэд бичнэ... гэж тус тус заажээ.

 

5. Хэрэгт авагдсан 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн 4.Хүлээн авагч/Импортлогч хэсэгт ...Per № , ХХК | MN, *******, *******, ******* хороо, ******* хороолол ... гэж бичигдсэн байгаагаас үзвэл Монгол Улсад 225,750 тн дизель түлш импортолсон гаалийн мэдүүлэг гаргагч нь ХХК байна.

 

Энэ талаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... ХХК-ийг 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 02-2091006-10-I31064R дугаартай гаалийн мэдүүлгээр 225,750 кг дизелийн түлш импортолж... гэж дурдсан байна.

 

Тодруулбал, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт ХХК-ийн регистрийн дугаарыг бичсэн байхаас гадна санхүүгийн хувьд хариуцагч байгууллага нь мөн тус компани байх бөгөөд хүлээн авагч хэсэгт тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ын нэрийг бичсэн нь түүнийг шууд гаалийн татварыг төлнө гэж үзэх үндэслэл болохгүй учир энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт алдаатай болжээ.

 

6. Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т Мэдүүлэгч дараахь үүрэг хүлээнэ гээд 57.2.1-т гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах гэж, 2941 дүгээр зүйлийн 2941.1-т Гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулах бөгөөд энэ заалтын хүү гэсэн ойлголт нь Иргэний хуулийн анз гэсэн ойлголтод үл хамаарна гэж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т Гаалийн болон бусад татварыг татвар төлөгч төлнө гэж тус тус заасан.

 

Иймд, ХХК нь гаалийн мэдүүлэгч болохын хувьд дээрх хуульд зааснаар гаалийн татварын төлбөрийг хугацаа хожимдуулсан хоног тутамд ногдуулсан хүүгийн хамт хариуцах үүрэгтэй байна.

 

7. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус заажээ.

 

Хавтаст хэргийн 25 дугаар талд авагдсан ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл хэсэгт Оросын Холбооны Улсын иргэн Соловьева Аллаа Викторовна нь хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгдсэн байна.

 

Хэдийгээр хариуцагч ******* нь 2010 онд ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан боловч тэрээр тус компанийн хувьцаа эзэмшигч биш байх тул компанийн хүлээх үүргийг буюу татварын өр төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тус компанийн гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлдэггүй, тэрээр шатахуун импортолсон тус харилцаанд гаалийн мэдүүлэгч буюу татвар төлөгч биш тул 53,250,000 төгрөгийг төлөх хариуцлага хүлээхгүй.

 

8. Харин уг маргаан нь Иргэний шүүхээр хянан шийдвэрлүүлэх маргаан биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь,

 

Нэхэмжлэгч ******* ТБАГУТҮГ нь татвар төлөгч биш этгээд болох хариуцагч *******д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх Татварын ерөнхий хуульд заасан журмын дагуу шүүхийн бус журмаар татварыг төлүүлэх ажиллагааг явуулах харилцаа биш гэж үзэж хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг буруутгахгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04154 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Гаалийн тариф, татварын тухай хуулийн 39 дүгээр 39.1, Гаалийн тухай тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох 53,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ТБАУТҮГ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 424,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  О.ОДГЭРЭЛ

 

Б.МАНДАЛБАЯР