Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 22

 

 

      2025       07        22                                            206/МА2025/000022

 

 Х.*******ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 319/ШШ2025/00227 дугаар шийдвэртэй,

******* аймаг, ******* сум, Бургасан багт оршин суух, ******* ******* ******* ******* ******* *******ын нэхэмжлэлтэй,

******* ******* *******  холбогдох, “******* ******* ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/05 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан харуулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг ******* ******* ******* даалгуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат/цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

1.1 Х.******* миний бие 2024 оны 09 сарын 15-ны өдөр ******* ******* ******* эрхлэгчийн Б/14 дугаартай тушаалаар харуулаар ажилд орсон. 2025 оны 01 сарын 20-ны хүртэл ажилласан бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй байна. Намайг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий Б/05 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д заасныг баримталсан нь үндэслэлгүй. Миний хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байсан. Харуулын орон тоонд төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх шаардлагагүй. Би харуулын ажилд 4 сар 5 хоног ажилласан. Намайг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 3 сар ажиллуулаад жинхлэх ёстой байсан. Миний ажиллаж байгаа орон тоо түр ажил биш, байнгын орон тоо байсан, хэн нэгэн чөлөө авсан болон ажлын орон тоо хадгалагдаж байгаа зүйл байгаагүй гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1  Х.******* нь тус туршилтын хугацаагаар ажиллаж байсан. 2025 оны 01 сарын 06-ны өдөр тус ажлын байрныхаа сонгон шалгаруулалтад тэнцээгүй учраас чөлөөлөгдсөн. Сумын Засаг даргаас туршилтаар ажиллаж байгаа үйлчилгээний албан хаагчдын орон тоон дээр сонгон шалгаруулалт зарла гэсэн шаардлага удаа дараа тавьж, мөн 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 1/258 тоот албан тоот ирүүлснийг тухайн албан хаагч Х.******* болон бусад 3 албан хаагчдад танилцуулж, ийм шаардлага ирээд байгаа учраас сонгон шалгаруулалт явуулах талаар сонсгоход сонгон шалгаруулалт явуулахад татгалзах зүйлгүйгээр Х.******* болон бусад 3 ажилтан шалгалтад оролцсон. Сонгон шалгаруулалтыг зарлаж, зарын дагуу 21 хүний өргөдөл ирснээс 15 хүн товлосон өдөр сонгон шалгаруулалтад оролцсон. Х.******* сонгон шалгаруулалтыг хүлээн зөвшөөрч оролцсон боловч сонгон шалгаруулалтад тэнцээгүй, мөн шалгалтын дүнтэй танилцан хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан.Сонгон шалгаруулалтыг төрийн жинхэнэ албаны шалгалт хэлбэрээр зохион байгуулаагүй, байгууллагын сонгон шалгаруулалтын журмаар зохион байгуулж явуулсан болно гэжээ.

3.******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 319/ШШ2025/00227 дугаар шийдвэрээр:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 78 дугаар зүйлийн 78.1.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* овогт ******* *******ын ******* ******* ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/05 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан харуулын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 03 сарын 16-ны өдрөөс хойш нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг ******* ******* ******* даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2025 оны 01 сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3,077,926 (Гурван сая далан долоон мянга есөн зуун хорин зургаа) төгрөгийг нэхэмжлэгч Х.*******д олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг ******* ******* ******* даалгаж,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д нэхэмжлэгч Х.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагч ******* ******* ******* цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 64,196 (жаран дөрвөн мянга нэг зуун ерөн зургаа) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.******* анхан шатны шүүхэд маргаан бүхий Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн Даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч анхан шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдвэрлээд үлдсэн шаардлага болох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт авагдсан ажлын газрын тодорхойлолт хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгч Х.******* байнгын ажлын байранд ажилладаг байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д заасны дагуу Х.*******ыг ажлаас чөлөөлөхөөс өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх. бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэх хуулийн заалтыг зөрчсөн.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэх хуулийн заалтыг зөрчсөн бөгөөд туршилтаар авч ажилуулаад 4 сар гаруйн хугацаа өнгөрсөн. 3 сар болоод ажилд нь жинхэлж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан. Ингэж хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд сонгон шалгаруулалт явагдахгүй байх байсан. Мөн төрийн үйлчилгээний албан тушаалтанд сонгон шалгаруулалт явагдах ёсгүй байсан.

Иймд ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 319/ШШ2025/00227 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/05 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан заалтыг баримталж гаргасан байдаг. Тус хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэж заасан байдаг. Талууд туршилтын хугацаагаар ажиллаж байсан гэдэг дээр аль аль нь маргадаггүй. Хариуцагчийн зүгээс туршилтын хугацааг сунгахдаа нэхэмжлэгчид сонгон шалгаруулалт зарлах гэж байгаа талаараа хэлж байсан. Мөн нэхэмжлэгч нь уг сонгон шалгаруулалтад оролцсон нөхцөл байдал байдаг учраас анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа гэв.

Хоёрдугаарт: Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг учир дараах тайлбарыг хэлье. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3,077,926 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгчийн хувьд анхнаасаа 3,077,926 төгрөг гаргуулахаар нэхэмжлээгүй. Харин 1 сарын цалин болох 854,000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны явцад үүнийг тодруулан асуусан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд талуудын тэгш эрхийг хангахаар заасан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх өөрөө сайн дураараа хугацаа тогтоож, цалингийн хэмжээг нэмж гаргасан байгаа нь талуудын тэгш оролцооны байдал болон талуудын мэтгэлцэх зарчмын зөрчсөн гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Х.******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Х.******* нь ******* ******* ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан харуулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг ******* ******* ******* даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг ******* ******* ******* цэцэрлэгийн эрхлэгч т холбогдуулан гаргажээ.

2.1 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “Тус суманд хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороо байхгүй” гэх ******* Засаг даргын тамгын газрын даргын 202.02.12-ны өдрийн  2/19 тоот  албан бичиг, ******* ******* ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн  Б/05 дугаартай Х.*******ыг “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Х.*******ын нийгмийн даатгалын шимтэл төлсөн талаар тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгч,цалин олгосон баримт, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд хүсэлт гаргаж бүрдүүлсэн байна.

3. Хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг эс зөвшөөрч  үндэслэлээ “Х.******* нь анхнаасаа туршилтын хугацаагаар ажилд томилогдсон, сонгон шалгаруулалтад өөрөө зөвшөөрч оролцсон бөгөөд 4-р байранд орсон тул манаачийн ажлын сул орон тоонд томилогдох шаардлагыг хангаагүй.” гэж тайлбарлан, татгалзлалаа нотлохоор ******* ******* ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны А/01 дугаартай  “Ажлын хэсэг байгуулах тухай ” А/01 дугаар тушаал, ******* ******* ******* цэцэрлэгийн эрхлэгчийн  “ажлаас чөлөөлөх тухай” 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн  Б/05 дугаартай  тушаал, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/12 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Цэцэрлэгийн манаач болон жижүүрийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зохион байгуулах  удирдаж, ******* ******* *******   Засаг даргын тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/258 дугаартай албан бичиг, ******* цэцэрлэгийн хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам, шалгалт авсан тест, Цэцэрлэгийн манаач болон жижүүрийн орон тоон дээр сонгон шалгаруулалтын шалгалт авсан дүнгийн нэгтгэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

Нэхэмжлэгч болон хариуцагч талуудаас шүүхэд ирүүлсэн дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан байна.

4. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүхэд гаргаж өгсөн  нотлох баримтуудыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзэж, үнэлж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5.Нэхэмжлэгч Х.******* болон түүний өмгөөлөгч Н.Очирбат нар нь “...Х.*******ыг ажлаас чөлөөлөхөөс өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэх хуулийн заалтыг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64,.2-д заасан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэх хуулийн заалтыг зөрчсөн, туршилтаар авч ажиллуулаад 4 сар гаруйн хугацаа өнгөрсөн, 3 сар болоод ажилд нь жинхэлж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан. Ингэж хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд сонгон шалгаруулалт явагдахгүй. Мөн төрийн үйлчилгээний албан тушаалтанд сонгон шалгаруулалт явагдах ёсгүй байсан тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү”  гэх гомдлыг  давж заалдах  журмаар  гаргажээ.

5.1 Хэргийн материалаас үзэхэд, зохигчоос гаргаж өгсөн, тэдгээрийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд нь талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааны үйл баримтыг тогтооход хангалттай байх ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл  байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

5.2. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан судлахад, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

-******* ******* ******* ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Боловсролы Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Х.*******ыг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн харуулын ажилд түр томилон ажиллуулжээ.

-Ажил олгогч болон түүний төлөөлөгчөөс ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд  ажилтан Х.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн харуулын үүрэгт ажлаа хийж гүйцэтгэж эхэлснээр талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

-Ажил олгогчийн Боловсролын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн  Х.*******ыг 2025  оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн  манаачийн үүрэгт ажлаас чөлөөлжээ. Ажил олгогч нь ажилтанг ажиллуулсан  дээрх хугацаанд  хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч талууд амаар харилцан тохиролцож түр 3 сарын туршилтын хугацаагаар ажиллаж байсан  ба уг хугацаа дуусаж талууд зөвшилцөөд  цааш үргэлжлүүлэн ажиллаж байсан талаар ажилтан маргаагүй.

-Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар  болгосон дээрх тушаалыг гаргахаас өмнө ажил олгогч түр туршилтын хугацаагаар ажиллаж байсан ажилтан Х.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох,  уг сул орон тоог олон нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалт явуулахаар 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн  А01 дугаартай    “ажлын хэсэг байгуулах тухай”  тушаалаар сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсэг байгуулагдсан талаар мэдэгдэхэд ажилтан сонгон шалгаруулалтанд оролцохыг хүлээн зөвшөөрсөн байна.

Сонгон шалгаруулалтад  манаачийн 3 орон тоонд 9 хүн оролцож, нэхэмжлэгч  Х.******* үнэлгээний  оноогоор 4 дүгээр байранд орж үнэлгээний оноогоор эхний 3 байранд орсон хүмүүсийг тус цэцэрлэгийн манаачийн ажлын байрны сул 3 орон тоонд томилсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Нэхэмжлэгч  Х.******* нь  сонгон шалгаруулалт  болон шалгалтын үнэлгээний дүнгийн талаар маргаагүй байна.

5.3. ******* ******* *******   цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/12 дугаартай “Х.*******ыг ажилд томилох тухай” тушаалын үндэслэлд   Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь заалтыг баримтлан ажил олгогч ажилтантай  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд заасан тодорхой хугацаагаар буюу туршилтын хугацаагаар ажиллуулахаар харилцан тохиролцсон бөгөөд туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг эхлээд гурван сараас илүүгүй хугацаагаар тохирох, дараа нь харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтанг түр туршилтын хугацаагаар ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч гэрээний чөлөөт байдлын талаар талууд харилцан тохиролцсон талаар ажилтан маргахгүй байна.

5.4. Ажилтан Х.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр явагдсан  сонгон шалгаруулалтын  шалгалтаас эхний 3 байранд шалгараагүй тул түүнийг цаашид манаачийн сул орон тоонд ажиллах боломжгүй болсныг мэдсэн, ажил олгогчоос сонгон шалгаруулалтын дүнг  үндэслэн   манаачийн 3 орон тоонд эхний  3 байранд орсон хүмүүсийг  томилохыг амаар түүнд мэдэгдэж байсан талаар зохигчдын гаргасан тайлбар, сонгон шалгаруулалтын шалгалтын үр дүн зэргийг тал бүрээс нь харгалзан үзвэл, ажил олгогчоос туршилтын хугацаагаар авч ажиллуулж байсан ажилтан Х.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т  зааснаар  хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр  манаачийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь   Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

Түүнчлэн туршилтын хугацаагаар ажиллуулсан ажилтны туршилтын хугацаа дууссаны дараа заавал ажлын байраар хангах, цааш нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг ажил олгогч хүлээхгүй бөгөөд ажилтан  Х.******* нь  тухайн ажлын байранд тавигдах шаардлага, шалгуурыг хангаагүй учраас түүнийг тухайн ажлын байранд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна түүнийг анх ажилд түр томилох үед тэрээр 3 сарын туршилтын хугацаагаар ажиллах болсон талаар мэдсэн, улмаар талууд харилцан тохиролцож ажилтан цааш үргэлжлүүлэн ажилласан тул шүүх туршилтын хугацааг нэг удаа сунгаж, нийт 6 сараар ажилтанг ажиллуулсан гэж дүгнэн  туршилтын хугацаа дуусах хүртэл хугацаагаар  түүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулан нэхэмжлэгчид олж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.   

Иймээс нэхэмжлэгч талын туршилтаар авч ажилуулаад 4 сар гаруйн хугацаа өнгөрсөн, 3 сар болоод ажилд нь жинхэлж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд сонгон шалгаруулалт явагдахгүй гэх агуулгатай гомдол үндэслэлгүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

6. Давж шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн анхан шатны шүүх хуралдаан дээр нэг сарын цалин нэхэмжилсэн байхад  шүүх өөрөө сайн дураараа хугацаа тогтоож, цалингийн хэмжээг нэмж гаргасан нь талуудын тэгш оролцооны байдал болон талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

 7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл”  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т “энэ хуульд чөлөөлөхөөр заасан үйлчилгээнээс хураасан” улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор зохицуулсан тул нэхэмжлэгч талын давж заалдах  журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  нэхэмжлэгч Х.Төсжаргалд  буцаан олгов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 319/ШШ2025/00227 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг зохих данснаас гаргуулж нэхэмжлэгч Х.******* буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                      

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР

 

                                            ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ТУЯА