Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 98

 

Х.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дүгээр магадлалтай, Х.Г-д холбогдох 2209000002322 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Х.Г, 1982 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6, урьд ял шийтгэлгүй,  

Шүүгдэгч Х.Г нь Монгол Улсын боловсролын их сургуулийн **** багш мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй гэх 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаартай боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “****” дунд сургуулийн ****ийн багшаар 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллахдаа ашигласан гэмт үйлдэлд нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Г-г 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч Х.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Х.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Х.Г -д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Улаанхус сумын Засаг даргын Тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх, мод тарих ажил тус тус хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Х.Г -аас гэмт хэргийн хохиролд 75,992,729 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж, хохирлын зарим хэсэг болох 854,648 төгрөгийг гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч Х.Г -ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 75,992,729 төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, гэмт хэргийн хохирол 75,992,729 төгрөгийг төлөхөд зарцуулахаар шийдвэрлэжээ.   

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтын “720 цагийн” гэснийг “гурван зуун жаран (360) цаг” гэж, 8 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т заасныг баримтлан шүүгдэгч Х.Г -ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 75,992,729 (далан таван сая, есөн зуун ерэн хоёр мянга, долоон зуун хорин ес) төгрөгийг түүнд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын зарим хэсэгт нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны “хуулбар үнэн” гэх тэмдэг дарагдсан, зарим нотлох баримтуудыг эрүүгийн ямар дугаартай хэргээс, эсхүл хэн гэдэг этгээдээс гаргаж өгснөөр хуулбарлан авсан, хавсаргасан нь тодорхой бус, холбогдох байгууллагын “хуулбар үнэн” гэх тамга тэмдэг нь дарагдаагүй байдалтай байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1-д заасныг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4, 6, 7-д зааснаар “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ”, “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно”, “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан.

Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлээгүй болох нь тогтоогдож байх тул эдгээр нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байх буюу нотлох баримтаас хасаж, Х.Г нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн **** дугаартай дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэх эргэлзээтэй асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Х.Г -д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.” гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй, хууль зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулаагүй нотлох баримт шүүхийн шийдвэр үндэслэл болох ёсгүй байсан. Хавтаст хэргийн 1-95 дугаар талд авагдсан хуулбар үнэн тэмдэгтэй баримтуудыг хэнд холбогдох эрүүгийн хэргээс хуулбарлаж авсан талаар мөрдөгч тэмдэглэлдээ тусгаагүй, баримтын жагсаалт гаргаагүй. Тэгэхээр эдгээр баримтууд хаанаас орж ирсэн нь тодорхой бус. Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулаагүй нотлох баримт шүүхийн шийдвэр үндэслэл болгож Х.Г -г гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай.

Хэрэгт авагдсан нотлох баримт буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээс харахад Х.Г шударгаар хөдөлмөр эрхэлж орлого олсон, олгосон цалин хөлсийг нэхэмжлэхгүй” гэсэн агуулгатай тайлбар, мэдүүлгийг өгсөн байна. Мөн Х.Г нь **** маркийн тээврийн хэрэгслээс өөр ямар ч эд хөрөнгөгүй болсон. Түүний орон байр үерт урсаж алга болсон ба одоо түрээсийн байранд амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүн юм. Хэрэв түүний авсан цалинг хохирол гэж үзвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаар тогтоолын 16-д хийсэн хууль зүйн дүгнэлтийг харгалзан шийдвэрлэж өгнө үү. Мөн хохирлыг тооцохдоо хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолтод дурдсан үнийн дүнгээр тооцсон нь буруу. Бодит байдалд тодорхойлолтод дурдсан цалинг шууд орлого болгож аваагүй буюу нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар зэрэг суутгал хийгдсэн. Тэгэхээр гарт олгогдсон цалингийн хэмжээ өөр байсныг шүүх анхаарч үзээгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэв.  

Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Г -д холбогдох хэргийг хянан хэлэлцээд боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэргийг 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт болжээ. Шүүгдэгч нь дээрх хугацаанд хуурамч диплом гэдгийг мэдсээр байж гэмт хэрэг үйлдэх замаар 75,992,729 төгрөгийн цалин хөлс авсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар авсан цалин хөлсийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Гэхдээ үүн дээр нэмээд ажил олгогчийн зүгээс олгосон цалинд тохирсон шимтгэл төлөгдсөнийг гаргуулаагүй үлдээсэн учир хохирогч байгууллага жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 462 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул Х.Г -д холбогдох хэргийг хэлэлцэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв. 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй,  хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

2. Шүүгдэгч Х.Г нь Монгол Улсын боловсролын их сургуулийн **** багш мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй гэх 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ****дугаартай дээд боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж **** аймгийн **** сумын “****” дунд сургуулийн **** багшаар 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллахдаа ашигласан нь хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

3. Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Х.Г -ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэн, тухайн зүйл, хэсэгт зааснаар түүнд гурван зуун жаран (360) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд түүнд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв. 

4.Шүүгдэгч Х.Г нь төрийн албанд хууль дээдлэх, Монгол Улсын иргэд төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчмыг ноцтой зөрчиж, дээд боловсролын хуурамч диплом ашиглан **** багшийн ажилд томилогдон ажиллахдаа тухайн мэргэжлийг эзэмшиж, мэргэжлийн диплом аваагүй бусад төрийн үйлчилгээний албан тушаалтнаас илүү цалин хөлс авах хууль бус давуу байдлыг өөртөө бий болгосон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж зохицуулжээ.

Гэвч хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн объектив талын шинжээс шалтгаалан гэмт хэрэг төгссөн цаг хугацаа өөр өөрөөр тогтоогдож болно. Тухайлбал, “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн тухайд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой юм.

Ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон байна. 

5.Шүүгдэгч Х.Г -ийн дээд боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “****” дунд сургуулийн **** багшаар томилогдон ажиллаж эхэлсэн өдрөөс эхэлж, улмаар түүнийг яллагдагчаар татах хүртэл үргэлжилсэн байх тул түүнд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан буюу тухайн гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоосон өдрийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаагаар тооцох тул Х.Г -г гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа яллагдагчаар татсан гэж үзэхгүй болно.  

6.Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон **** аймгийн **** сумын “****” дунд сургуулийн нягтлан бодогч Д.Н нь “...2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлэхдээ “... Х.Г нь манай байгууллагад 2011 оны 11 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл нийт 11 жил ажилласан. Энэ хугацаанд нийт 123 сарын 69,890,810 төгрөгийн цалин хөлс авсан бөгөөд нэг удаа 4,000,000 төгрөгийн урамшуулал авч, нийт 73,890,810 төгрөгийн цалин хөлс, урамшуулал авчээ. Х.Г нь өөрийн хийж гүйцэтгэсэн ажил хөдөлмөрт тааруулж цалин хөлс, урамшууллыг авч байсан...” гэж, мөн сургуулийн захирал Х.Ө нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... Х.Г нь өөрийн хийсэн хөдөлмөрийн хөлсийг л авч байсан. Ер нь манай сургуулийн олон амжилтад өндөр хувь нэмэр оруулж байсан болохоор миний зүгээс ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэж тус тус мэдүүлснээс үзэхэд тэрээр **** багш мэргэжлээр суралцаагүй боловч тус сургуульд хуурамч диплом ашиглан **** багшаар томилогдож, 11 жил 3 сарын хугацаанд ажиллахдаа тус сургуулийн хэвийн үйл ажиллагаа, хүүхдүүдийн эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна энэ талаар хэн нэгэн гомдол гаргаагүй байна.

Гэхдээ дээр дурдсан нөхцөл байдал нь шүүгдэгч Х.Г-г өөртөө хууль бус давуу байдал бий болгож, улсад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэв.

7.Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Г-г сургуульд **** багшаар томилогдон ажиллах хугацаандаа боловсролын хуурамч диплом ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч түүний хувьд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу сургуулийн **** багшаар бодитой ажиллаж, хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлж, хөдөлмөрийн гэрээний дагуу авсан цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогод хамааруулан дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан түүний 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл авсан цалин хөлс болох нийт 75,992,729 төгрөгийг бүхэлд нь ногдох хөрөнгө, орлогоос нь албадан гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэж, улмаар уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх агуулгын хувьд хэвээр үлдээсэн нь буруу байна.

Төрийн албанд баримтлах чадахуйн зарчим /мерит/ гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хамааруулан ойлгох бөгөөд сургуулийн **** багшийн ажил нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д зааснаас үзэхэд төрийн тусгай болон төрийн захиргааны албан тушаалд баримтлах “чадахуйн зарчим /мерит/” нь төрийн үйлчилгээний албан тушаалд иргэнийг томилоход заавал баримтлах үндсэн шалгуур болохгүй.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн мэдээллийн сангийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн тооцож үзэхэд Х.Г нь 2011 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд нийт 75,992,729 төгрөгийн цалин олгосон, түүнчлэн Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.5-д “сум, тосгон, баг дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрын багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, туслах багш, сэтгэл зүйчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох” гэж заасны дагуу 2021 оны 05 дугаар сард ********д үндсэн цалинг 6 дахин нэмэгдүүлсэн мөнгөн тэтгэмж нэг удаа олгосон болох нь тус тус тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Х.Г-ийн 2011 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд сургуулийн **** багшаар ажилласны төлөө түүнд олгогдож болох байсан цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзэхэд 39,048,846 төгрөг, мөн түүний авсан 6 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгөөр тооцон нийт 2,520,000 төгрөгөөр тогтоогдож байх тул зөрүү 41,568,846 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан уг мөнгийг шүүгдэгч Х.Г-аас гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Г-ийн авсан нийт цалин хөлс, мөнгөн тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо тооцооллын алдаа гаргаж, “75,992,729 төгрөг” гэж буруу тогтоосон байх тул хяналтын шатны шүүх Төрийн мэдээллийн сангийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн хохирлын хэмжээг ийнхүү зөвтгөж тооцсон болно.

8.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд хохирлын хэмжээг зөвтгөн өөрчилсөн өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Х.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Мөрдөн байцаалтын шатанд Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын тайланг үндэслэн нэр бүхий багш нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, тэдэнд холбогдох хэргийг нэгтгэн шалгаж, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Х.Г-д холбогдох хэргийг тусгаарлаж, үндсэн хэргээс түүнд хамааралтай, ач холбогдол бүхий зарим нотлох баримтуудыг зохих журмын дагуу хуулбарлан авч, “ХУУЛБАР ҮНЭН” гэсэн дардас дарж бэхжүүлэн, энэхүү хавтаст хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг эс зөвшөөрч өмгөөлөгч А.Серикжаны хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалт болон түүнд өөрчлөлт оруулсан Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 14 магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Г-аас 41,568,846 (дөчин нэгэн сая таван зуун жаран найман мянган найман зуун дөчин зургаа) төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ 

                           ШҮҮГЧИД                                                Б.БАТЦЭРЭН 

                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН 

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                            Ч.ХОСБАЯР