Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2020/0284

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, М.О, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Л в г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Л в г” ХХК-ийн “Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн “Л в г” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт Төв аймгийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/649 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид маргаан бүхий 3 га газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй тул газар эзэмших эрх хуульд заасан журмаар үүсээгүй гэсэн байна.

Гэтэл маргаан бүхий захиргааны акт буюу 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн хавсралтаар газар эзэмших эрхийг цуцлахдаа нэхэмжлэгчид холбогдох хэсэгт зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасныг буюу “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн бөгөөд хууль зөрчиж газар олгосон, газрын төлбөр, газар эзэмших гэрээний үүргээ зөрчсөн талаар огт дүгнээгүй байна.

Шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ гагцхүү хуульд заасан үндэслэл журам, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхол хөндөгдсөн үндэслэлээс гадуур, нотлох баримтгүйгээр, хариуцагчийн тайлбарт үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Угтаа анх маргааны бүхий газрыг олгох шийдвэр, түүнтэй холбоотой төсөл сонгон шалгаруулсан талаарх нотлох баримт, газрын хувийн хэрэгт хангалттай баримт материал байхгүй, хэрэгт авагдаагүй нь нэхэмжлэгчийн буруу биш бөгөөд хариуцагч байгууллагын үүрэг юм.

Учир нь иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 23.2.23-т зааснаар “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” нэгж талбарын хувийг хэрэг хөтлөх журмыг батлах, 23.2.14-д зааснаар “улсын хэмжээнд газрын кадастрын бодлогыг хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх”, Аймаг нийслэлийн газрын алба мөн хуулийн 23.3.3-д зааснаар “газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх”, Сумын газрын даамал нь 23.4.4-д зааснаар “газрын мэдээллийн санг эрхлэх” тус тус үүрэгтэй. Иймд анх хууль ёсоор олгосон газрын хувийн хэргийг хариуцсан этгээдүүд дутуу бүрдүүлснээс шалтгаалан газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй гэж дүгнэх нь буруу юм.

Мөн Газрын тухай хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан боловч нэхэмжлэгч нь шүүхийн маргааны улмаас төслийг хэрэгжүүлж чадаагүй байсан нь баримтаар хангалттай нотлогдсон, түүнчлэн газарт хөрөнгө оруулсан буюу уг газрыг эзэмшиж эхэлснээс хойш хөрсний шинжилгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэргийг хийлгэж, барилгын ажлыг эхлүүлэхээр зураг төсөл боловсруулан, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Зураг төсөл боловсруулах ажлуудад нийт 103,832,773 төгрөгийг төсөвлөн, 48,093,223 төгрөгийг зарцуулаад байсан нь газрыг огт ашиглаагүй гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Газар эзэмшүүлэх гэрээний талаар

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэжээ.

            Иргэний хууль тогтоомжийн дагуу Гэрээлэгч талууд харилцан тэгш эрх, шударга байдал, сайн дурын үндсэн дээр гэрээг байгуулах, хэлцэл, тохиролцооны агуулга, эрх, үүргээ мэдэж байх ёстой. Гэтэл Сумын газрын алба, газрын даамлаас эзэмшүүлэх гэрээ, баримт бичгийг нэхэмжлэгч талд огт өгч байгаагүй бөгөөд, газрын тухай хуульд заасан Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5-д зааснаар “газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах” үүргээ хэрэгжүүлж байгаагүй юм. Энэ нь маргаан үүссэн үеэс л хариуцагчийн гаргаж байсан тайлбараас тодорхой харагддаг бөгөөд газрын хувийн хэрэг, газар эзэмшүүлэх гэрээ, газрын төлбөр төлсөн талаарх баримтыг нэхэмжлэл гаргасан үеэс огт гаргаж өгөөгүй, мэдэхгүй байсан. Түүнчлэн нэхэмжлэгчид холбогдох газар эзэмших эрхийг цуцалсан хэсэгт газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, газрын төлбөр төлөөгүй, гэрээг дүгнүүлээгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцлаагүй бөгөөд гагацхүү 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлийг барьсан байна. Иймд энэ талаар нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

            Хэргийн үйл баримт, нотлох баримтыг буруу дүгнэсэн талаар.

            Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ гагцхүү хуульд үндэслэх, нотлох баримтад тулгуурлах ёстой.

            Гэтэл хариуцагч этгээдээс хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй нь тодорхой, сонсох ажиллагааны баримт хэрэгт огт авагдаагүй байхад нэхэмжлэгчийн төсөл удааширсан талаар өмнө харуицагчид мэдэгдэж байсан тухай тайлбарыг үндэслэн, сонсох ажиллагаа хийсэн, эрхийг хангасан гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй байна.

            Угтаа хариуцагч нь газар 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 тоот захирамжийг гаргахаас өмнө энэ талаар мэдэгдэх ёстой байсан боловч огт мэдэгдээгүй, мэдэгдсэн талаар хэрэгт ганц хуудас ч баримт байхгүй болно.

            Учир нь захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг урьдчилан тодорхойлох, түүнтэй холбоотой санал, тайлбар авах боломжийг хангасан байхыг ойлгодог. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “сонсох ажиллагааны үйл явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна”, 28 дугаар зүйлийн 28.2-т “Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална”, 29.1-д “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсэгт бичмэл хэлбэрээр гаргах захиргааны шийдвэрт хамаарна” гэж тус тус заасан.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ үндэслэлгүй, хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтад тулгуурлаагүй, хэт нэг талыг баримталсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй дүгнэлт хийж маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Л в г” ХХК “... газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар өмнө нь огт мэдэгдээгүй,... сонсох ажиллагаа хийгээгүй ... захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.6, 4.2.8 зарчмуудыг баримтлаагүй ... газрыг огт ашиглаагүй мэтээр дүгнэж газар эзэмших эрхийг цуцалсан нь бодит нөхцөлд тохироогүй, үндэслэлгүй ... газрыг ашиглах талаар зураг төсөл хийлгэсэн зэргийг үнэлэлгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан нь захиргааны үйл ажиллагаанд оролцогчийн итгэлийг хамгаалах зарчмыг давхар зөрчсөн ... шүүхийн маргааны улмаас ажлыг гүйцэтгэж эхлэх хугацаа хойшилсон хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаар хэлж, мэдэгдэж байсан ... хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй ... ” гэсэн үндэслэлээр Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн “Л в г” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дугаар зүйлийг үндэслэн илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. 

            Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэл нь тухайн акт илэрхий, ноцтой хор уршиг бүхий засах боломжгүй алдаатай байхыг ойлгох бөгөөд 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг нь захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, эсхүл акт  ямар ч хуульд үндэслээгүй гарсныг ойлгоно.

Маргаан бүхий актын тухайд хариуцагч нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, 61 дүгээр зүйлийг үндэслэсэн байх бөгөөд энэ нь эрх бүхий албан тушаалтны өөрийнх нь шийдвэр Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн бол өөрөө уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр компанийн “Люксвүүд хаус” гэх нэрээ өөрчлөн “Л в г” ХХК нэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн[1] байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/112 дугаар захирамж[2]-ийн дагуу тус сумын  Номт /1-р/ баг, Хуульчдын хотхоны урд талд гэх байрлалд /амины орон сууц/ хороолол байгуулахаар 10,2 га газрын төсөл гүйцэтгэгчийг тодруулах төсөл сонгон шалгаруулалтыг 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулж, тус сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/145 дугаар захирамж[3]-аар “Люксвүүд хаус” ХХК-д 10,2 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Уг захирамжийг Төв аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/649 дүгээр захирамж[4]-аар хүчингүй болгож, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах журам”-ын 24 дэх хэсгийг тус тус үндэслэн 30000 м.кв буюу 3.0 га газрыг “Л хаус” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Хариуцагч Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн маргаан бүхий А/110 дугаар захирамж[5]-аар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “газар олголт, өмчлүүлэлтийн ажлыг шалгасан дүнгийн тухай” 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6, 29.2, 29.3, 36.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1, 48.2, 48.2.2, Газрын тухай хуулийн 40.1.6, 61, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн хавсралтад заасан иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд нэхэмжлэгч “Л в г” ХХК-д 3 га газар эзэмшүүлсэн Зуунмод сумын Засаг даргын 2014 оны А/649 дүгээр захирамж багтжээ. 

Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” маргаан бүхий А/110 дугаар захирамжийн хавсралтад нэхэмжлэгч “Л в г” ХХК-ийг  “газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тэмдэглэсэн байх боловч уг актын 1 дэх заалтад “... Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчиж газрыг дуудлага худалдаагаар олгоогүй ...” гэж заасан байх тул шүүх энэ хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна, 29.2-т Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно гэж заасан ба энэ хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтаар зохицуулсан.

Гэтэл Төв аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/649 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид 3.0 га газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулсан гэх нөхцөл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан журмын дагуу газар эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй, маргаан бүхий актаар уг журмыг зөрчиж  газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Л в г” ХХК нь Аймгийн Засаг даргын 2014 оны А/649 дүгээр захирамжаар 3.0 га газрыг эзэмшихдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан журмын дагуу эзэмшсэн, хариуцагчаас энэ талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаж ирүүлээгүй гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байх боловч нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан 9 сар гаруй хугацааны дотор энэ талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаж ирүүлээгүй байх бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийн хүрээнд Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар дахь нэхэмжлэгч “Л в г” ХХК-ийн хувийн хэрэгт үзлэг хийсэн байх бөгөөд уг үзлэгээр Төв аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/649 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 3.0 га газартай холбоотой дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулсан гэх баримт нотолгоо илрээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, харин тус захирамжтай холбоотой “Аймгийн Засаг даргын 2014 оны А/649 дүгээр захирамжийн эх хувь, нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 3 га газрын гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, улсын тоо бүртгэлийн хуудас, нэгж талбарын зураг, газар эзэмшүүлэх гэрээ, үйлчилгээний төлбөр тушаасан баримт”-уудыг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан талаар шүүхийн үзлэгийн тэмдэглэл[6]-д тусгагдсан байх тул нэхэмжлэгчийг маргаан бүхий 3.0 га газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймээс нэхэмжлэгч “Л в г” ХХК-ийг хуульд заасан журмын дагуу газар эзэмшээгүй гэж үзэж тус компанид 3.0 га газар эзэмших эрх олгосон аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/649 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн  хариуцагчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/110 дугаар захирамж[7] Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 36.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ Хурал, түүний Тэргүүлэгчидтэй дор дурдсан журмаар харилцана, 36.1.1.-д Хурал, түүний Тэргүүлэгчдээс хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж дүнг тайлагнах, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална,  4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж тус тус заасантай нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн “... газрыг олгох шийдвэр, түүнтэй холбоотой төсөл сонгон шалгаруулсан талаарх нотлох баримт, газрын хувийн хэрэгт хангалттай баримт материал байхгүй, хэрэгт авагдаагүй нь нэхэмжлэгчийн буруу биш бөгөөд хариуцагч байгууллагын үүрэг... анх хууль ёсоор олгосон газрын хувийн хэргийг хариуцсан этгээдүүд дутуу бүрдүүлснээс шалтгаалан газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй гэж дүгнэх нь буруу...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн хариуцагч маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг эзэмшил газраа 2 жил ашиглаагүй гэж үзэж буруутгасныг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Төв аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/649 дүгээр захирамжийг үндэслэн захиргааны байгууллага болон нэхэмжлэгч “Л в г” ХХК-ийн хооронд 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[8] байгуулагдсан байх бөгөөд уг гэрээ байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч “Л в г” ХХК-ийг эзэмшил газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгчээс “... шүүхийн маргааны улмаас төслийг хэрэгжүүлж чадаагүй байсан...” гэж тайлбарлан, маргаан бүхий газарт орон сууцны хорооллыг барихаар “Г х” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр А/201504 дугаартай “Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”[9]- г байгуулж, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 04/15 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”[10] хийж гүйцэтгүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх боловч газрыг дан ганц гэрээ байгуулах, барилгын зураг төсөл хийх байдлаар ашиглах боломжтой гэж үзэх үндэслэлгүйгээс гадна газрыг зориулалтынх нь дагуу ашигласан эсэх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх асуудал нь анхнаасаа газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүйг зөвтгөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Мөн маргаан бүхий актын үндэслэл болоогүй хэдий ч хэрэгт авагдсан Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “... “Л” ХХК 2014-2018 онуудад аймгийн газрын төлбөрийн дансанд мөнгө төвлөрүүлээгүй ...” гэх агуулга бүхий 05/113 дугаар албан бичиг[11], хариуцагч Төв аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “... 2014, 2015 оны газрын төлбөрөө төлөөгүй, 2016 онд газрын төлбөр 240,000 төгрөг төлсөн байдаг...” гэх “Тайлбар гаргах тухай” 01/841 дүгээр албан бичиг[12] зэргээс үзвэл хариуцагчийн “... “Л в г” ХХК газар эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш газрын төлбөр төлөөгүй” гэх тайлбар үндэслэлтэйг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт маргаан бүхий захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа хийсэн гэх баримт авагдаагүй, хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд маргаан бүхий актыг гаргахын өмнө нэхэмжлэгчид сонсох ажиллагаа хийгээгүйг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчээс 2016 оны 12 сард Төв аймгийн Засаг даргад шүүхийн маргааны улмаас гүйцэтгэж эхлэх хугацаа хойшилсон хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаар мэдэгдсэн” хэмээн тайлбарласан. Мөн хариуцагч шүүхэд “Л” ХХК-ийн төлөөлөл надтай 2016 онд уулзахдаа барилгын ажлын зургийн гүйцэтгэгч “Г х” ХХК-тай шүүхийн маргаантай байгаа талаар огт дурдаагүй ... захирамж гарснаас хойш 2018 оны 5 сарын албан бичгээр гомдол гаргахдаа энэ талаар дурьдан... хүсэлт гаргаж байсан хэмээн тайлбарласан зэргээс үзвэл хариуцагчийг шийдвэр гаргахаасаа өмнө нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэхээр байна” гэж хариуцагчийн нэхэмжлэгчтэй уулзсан гэх тайлбарт үндэслэн маргаан бүхий актыг гаргахын өмнө нэхэмжлэгчид мэдэгдсэн, сонсох ажиллагаа хийсэн мэтээр үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь буруу байх боловч энэ үндэслэлээр анхнаасаа Газрын тухай хуульд заасан журмын дагуу газар эзэмших үүсээгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөр төлөх зэрэг газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийг зөвтгөх, маргаан бүхий акт, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн “... сонсох ажиллагаа хийгээгүй” гэх агуулга бүхий гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулах боломжгүй байна.

Түүнчлэн Төв аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Амины орон сууцны газрын дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/627 дугаар захирамж[13]-аар Зуунмод сумын Номт 1-р баг, Хуульчдын хотхоны урд талд хөл бөмбөгийн талбайн хойд талд амины орон сууцны зориулалтаар 3,5 га газарт 42 нэгж талбарт газар эзэмшүүлэхээр дуудлага худалдаа зохион байгуулж, тус аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Цахим дуудлага худалдаанд шалгарсан иргэдэд газар эзэмшүүлэх тухай” А/29 дүгээр захирамж[14]-аар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/169, А/170 дугаар тушаалуудыг тус тус үндэслэн “Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Номт /1 дүгээр/ багт амины орон сууцны зориулалтаар олгох газрыг эзэмших эрхийн цахим дуудлага худалдаанд оролцож ялагчаар шалгарч дуудлага худалдааны үнийг бүрэн төлсөн хавсралтад дурдсан нэр бүхий 31 иргэнд 1,24 га буюу 12400 м.кв /Арван хоёр мянга дөрвөн зуун/ метр квадрат газрыг 15 жилийн хугацаатайгаар, мөн тус аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/149 дүгээр захирамж[15]-аар  Аймгийн Засаг даргын 2018 оны А/627 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулсан 44 байршлаас газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 10.1.1 дэх заалтын дагуу дуудлага худалдааг дахин явуулах нөхцөл бүрдсэн Зуунмод сумын Номт 1-р багт 11 байршил тус бүр 400 м.кв газрыг эзэмшүүлэх дахин дуудлага худалдааг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж, тус аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Дуудлага худалдаанд шалгарсан иргэдэд газар эзэмшүүлэх тухай” А/418 дугаар захирамж[16]-аар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/169, А/170 дугаар тушаалуудыг тус тус үндэслэн Зуунмод сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд Номт /1 дүгээр/ багт амины орон сууцны зориулалтаар олгох газар эзэмших эрхийн хавсралтад дурдсан нэр бүхий 8 иргэнд 0,3 га буюу 3200 м.кв /гурван мянга хоёр зуун/ метр квадрат газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 


[1] 2-р хавтаст хэргийн 142 дахь тал

[2] 1-р хавтаст хэргийн 124 дэх тал

[3] 1-р хавтаст хэргийн 8 дахь тал

[4] 1-р хавтаст хэргийн 9 дэх тал

[5] 2-р хавтаст хэргийн 228-232 дахь тал

[6] 2-р хавтаст хэргийн 234-240 дэх тал

[7] 2-р хавтаст хэргийн 228-232 дахь тал

[8] 2-р хавтаст хэргийн 236-237 дахь тал

[9] 1-р хавтаст хэргийн 39-46 дахь тал

[10] 2-р хавтаст хэргийн 177-178 дахь тал

[11] 2-р хавтаст хэргийн 249 дэх тал

[12] 1-р хавтаст хэргийн 69-71 дэх тал

[13] 1-р хавтаст хэргийн 157-158 дахь тал, 2-р хавтаст хэргийн 2-3 дахь тал

[14] 1-р хавтаст хэргийн 83-86 дахь тал

[15] 1-р хавтаст хэргийн 171 дэх тал

[16] 2-р хавтаст хэргийн 74-75 дахь тал, 3-р хавтаст хэргийн 1-2 дахь тал