| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 221/2025/0032/З |
| Дугаар | 001/ХТ2026/0008 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2026/0008
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны
Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр магадлалтай хэргийг, өмгөөлөгч С.О, гуравдагч этгээд Б.Т нарыг оролцуулан, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдлын шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн МТ/2025/07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,
2.Хэргийн нөхцөл байдал: Б.Т нь “В” ХХК-д зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан, уг гэрээний дагуу 44,020,750 төгрөг авахаас 10,000,000 төгрөгийг авсан, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Т нь өмгөөлөгч С.О-тай өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, өмгөөллийн үйлчилгээ авахаар харилцан тохиролцсон байна.
3.Гуравдагч этгээд Б.Т-аас “... өмгөөлөгчийн бичсэн нэхэмжлэл нь тодорхойгүй байснаас эрхээ бүрэн сэргээлгэж чадаагүй, дахин бичиж засаж өгөөгүй, хүсэлт гомдол зэргийг би өөрөө шаардаж гуйж байж бичүүлсэн, тооцоолол гаргахад мэргэжлийн туслалцаа үзүүлээгүй, алдангиас алданги тооцсон байхад мэргэжлийн туслалцаа үзүүлээгүй, хариу тайлбар төлөөлөх эрхгүй этгээд сөрөг нэхэмжлэл гаргасан байхад түүнийг мэдээгүй, хэргийн материалын талаар мэдэхгүй анхааралтай судлаагүй, хэргийн үйл явцын талаар хөндлөнгийн этгээдэд тарааж хороонд гаргасан гомдлоо татаж авах талаар шаардуулсан” гэж,
5.Хариуцагч Мэргэжлийн хариуцлагын хорооноос “... өмгөөлөгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, Өмгөөллийн тухай хууль болон мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргах шийдвэрт хууль зүйн зөвлөгөө өгөөгүй, энэ талаар “хуулийн аль заалтаар хүсэлт гаргасан ч болно, алийг нь авахыг шүүх шийдвэрлэнэ” гэх байдлаар зөвлөгөө өгч, хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах үүргээ биелүүлээгүй, мэдээллээр хангаагүй, өмгөөллийн хөлсөнд авсан хөлсөө буцаан өгсөн нь ёс зүйн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус маргажээ.
6.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн МТ/2025/07 дугаар тогтоолоор дараах үндэслэлээр өмгөөлөгч С.О-т “сануулах” арга хэмжээ авсан байна.Үүнд:
6.1.Өмгөөлөгч С.О нь “... үйлчлүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх хүсэл зоригийн талаарх асуудалд хууль зүйн үйлчилгээ үзүүлээгүй, энэ талаар үйлчлүүлэгчид хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, үйлчлүүлэгчийн хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох болон хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлүүлэх хүсэлт гаргах шийдвэрт хүндэтгэлтэй хандаагүй, уг хүсэлтийг хууль зүйн үндэслэл бүхий байдлаар бичих зэрэг үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээ болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх гомдол үндэслэлтэй.
6.2.Харин гомдол гаргагчийн “... Өмгөөлөгч С.О нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах нэхэмжлэлийг бичиж өгсөн ба тэрээр завгүй байна чи өөрөө аваачаад өгчих гэж хэлсэн тул би өөрийн биеэр нэхэмжлэлээ аваачиж өгсөн” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд энэ өмгөөлөгчийн хувьд ёс зүйн зөрчилд тооцогдохгүй.
6.3.Өмгөөлөгч С.О Мэргэжлийн хариуцлагын хороонд бичгээр ирүүлсэн тайлбартаа “... өмгөөлөгч зөвхөн хууль зүйн туслалцаа үзүүлдэг, бусад тооцоо зэрэг асуудлуудыг нэхэмжлэгчээс шүүгч өөрөөс нь асуудаг, хэнээс хэдэн төгрөг гаргуулах нь мэтгэлцээний үндсэн дээр тодруулдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1-69.5-д заасан арга хэмжээг алийг нь авахыг шүүгч шийддэг, нэхэмжлэгч аль ч заалтаар хүсэлт бичиж болдог” гэх тайлбар ирүүлсэн нь өмгөөлөгч С.О нь гомдол гаргагчийн гомдол дурдсанчлан түүний хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд тайлбар хүссэн шийдвэрт хууль зүйн зөвлөгөө өгөөгүй, мөн Б.Т-ын хариуцагч нарт холбогдуулан шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлтийн талаар хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг тайлбарлан зөвлөгөө өгөөгүй нь өмгөөлөгч, Өмгөөллийн тухай хууль болон мэргэжлийн ёс зүйн дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн ёс зүйн зөрчил болно.
6.3.Маргааны үйл баримтаас үзэхэд өмгөөлөгч С.О нь үйлчлүүлэгч Б.Т-ын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргах шийдвэрт хууль зүйн зөвлөгөө өгөөгүй, энэ талаар “хуулийн аль ч заалтаар хүсэлт гаргасан ч болно, алийг нь авахыг шүүх шийдвэрлэнэ” гэх байдлаар зөвлөгөө өгч, улмаар шүүх нэхэмжлэгчийн хүсэлт тодорхойгүй гэх үндэслэлээр түүний хүсэлтээр авсан шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үр дагаварт өмгөөлөгчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй үйл ажиллагаа нөлөөлсөн гэж бүрэлдэхүүн үзлээ.
7.Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:
7.1.Өмгөөлөгч С.О-аас Б.Т-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-69.5-т заасан аль ч заалтаар арга хэмжээ авахуулахаар хүсэлт бичиж болно гэж зөвлөсөн нь тус хүсэлтийг хангасан шүүгчийн захирамжийг шүүхийн тогтоолоор хүчингүй болгох үндэслэл болсон гэж бодитой бус дүгнэлт хийж, өмгөөлөгчөөс шалтгаалахгүй үйл ажиллагаанд түүнийг буруутгасан. Тодруулбал, шүүх нэхэмжлэгчийн “хүсэлт тодорхойгүй” гэх үндэслэлээр шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үр дагаварт “өмгөөлөгчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй үйл ажиллагаа нөлөөлсөн...” гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэл муутай болжээ.
7.2.Б.Т-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02309 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01666 дугаар магадлал гарахад уг хэргийн өмгөөлөгчөөр С.О оролцоогүй (өмгөөлөхөөс татгалзсан), өмгөөлөгч О.Б оролцсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх боломж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд байдаг тул өмгөөлөгч С.О-ийг нэхэмжлэлийн шаардлагыг зөв гаргахад туслалцаа үзүүлээгүйгээс хэргийн шийдэлд нөлөөлсөн гэж буруутгах үндэслэлгүй юм.
7.3.С.О нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулснаас хойш 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр буюу өмгөөллийн туслалцаа үзүүлэхээс татгалзах хүртэл Б.Т-д хууль зүйн зөвлөгөө өгч, тухайн иргэний хэрэгт хамааралтай гүйцэтгэсэн үйл ажиллагааны талаар мэдэгдэж байсан тогтоогджээ.
8.Гуравдагч этгээд Б.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
8.1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлд дурдсан гомдол тус бүрийг нотлох баримтын хүрээнд бүрэн шалгаж шийдээгүй. Хөрөнгө битүүмжлэх хүсэлтийг 2 удаа шүүхэд өгч байсан. Уг хүсэлтийг өмгөөлөгчөөрөө гуйж байж бичүүлсэн. Хоёр удаа хүсэлт бичүүлэхэд 2-лаа шаардлага хангаагүй. Эхний хүсэлтийн доор нь би өөрийн гараар засварлаж бичиж өгсөн баримт байсан. 2 дахь хүсэлт тэр чигтээ шаардлага хангаагүй тул би өөрөө шинээр засаж бичиж өгсөн баримт байхад өмгөөлөгчийн алдаатай буруу бичсэн уг хүсэлтийг шүүх өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан нотлох баримттай мэтээр дүгнэж шийдвэр гаргасан.
8.2.Өмгөөлөгч С.О нь нэхэмжлэл гаргахдаа анхнаасаа мэргэжлийн хариуцлагагүй байдал гаргаж хугацаа болоогүй байхад нэхэмжлэл гаргасан. Мөн “би тоондоо муу” гэдэг шалтгаанаар “чи өөрөө бодчих” гэж хэлээд алдангиас алданги тооцож болдоггүй талаар надад хууль зүйн зөвлөгөө өгөлгүйгээр миний буруу гаргасан тооцоог маань огт шалгалгүйгээр гаргасан тооцооны дүнг нэхэмжлэл дээр шууд хуулж бичээд өгсөн үүнийгээ өөрийн гаргаж өгсөн тайлбар дээрээ би бичиж өгөөгүй гэж бичсэн байдаг.
8.3.Хөрөнгө битүүмжлэх хүсэлтийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хөрөнгө битүүмжлэх захирамж гарсан. Хариуцагчийн гомдлын шүүх хурал болж 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр уг захирамж хүчингүй болгосон. Шалтгаан нь шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэл чинь хэнээс хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй байна гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ үед өмгөөлөгч С.О нь уг шүүх хуралд оролцсон байдаг. Шүүх хурлын үеэр шүүгч хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах талаар тодруулж асуухад өмгөөлөгч тодорхойлж хариулаагүй гэдгээ нэхэмжлэлдээ тайлбарласан байсан, хариуцагчийн хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах талаар хариулаагүй гэсэн байдаг. Хариулаагүй гэдэг нь өөрөө хууль зүйн үйлчилгээгээ бүрэн дүүрэн үзүүлээгүйг нотлох баримт болж байхад шүүх үүнийг үйлчилгээ үзүүлсэн гэж үзсэн.
8.4.2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хурал зарлагдаад хойшилсон. Хурал эхлэх үеэр хариуцагч тал сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгийг шүүхэд гаргаж өгсөн ба шүүх нэхэмжлэгч талд танилцуулсан. Шүүгч сөрөг нэхэмжлэлийг шүүх хурал болохоос өмнө хэд хоногийн өмнө шүүхэд гаргаж өгөх ёстой хариуцагчид танилцах боломж олгох ёстой байсан гэдэг үндэслэлээр шүүх хурал хойшлогдсон. Хурлын дараа сөрөг нэхэмжлэлийг аваад зургийг нь дараад өмгөөлөгчийн фейсбүүкээр явуулсан баримтыг шүүхэд хавсарган өгсөн байгаа. 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тайлбар бичээд өгөөч гэх хүсэхэд бичиж өгөөгүй.
9.Өмгөөлөгч С.О-аас “Гуравдагч этгээд Б.Т-ын гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123-р зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
10.Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
11.Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах” гэж, 14.1.3-т “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг … тууштай хамгаалах” гэж өмгөөллийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ өмгөөлөгчийн хүлээх үүргийг заасан, энэ тохиолдолд өмгөөлөгч С.О нь дараах байдлаар өмгөөллийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.
12.Гомдол гаргагч Б.Т-аас “өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн тооцоо гаргахад хууль зүйн зөвлөгөө өгөөгүй, алдангиас алданги тооцохгүй гэдэг хууль хэрэглээг ашиглаагүй” гэж, өмгөөлөгчөөс “тооцооллыг нэхэмжлэгчээс шүүгч өөрөөс нь асуудаг, хувь хүн өөрөө бодож гаргах болохоос өмгөөлөгч бодохгүй, хэнээс хэдэн төгрөг гаргуулах нь мэтгэлцээний үндсэн дээр тодорхой болно” гэж маргасан байх бөгөөд өмгөөлөгч нь тооцооллыг нэг бүрчлэн бодох, тооцоолох үүрэг хүлээхгүй ч тооцооллын хууль зүйн үндэслэл, үр дагаврын талаар үйлчилгээ авагч этгээдэд зөвлөх үүрэгтэй, энэ тохиолдолд өмгөөлөгч уг үүргээ биелүүлээгүй байна.
13.Тодруулбал, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1666 магадлалаар Б.Т-ын нэхэмжлэлтэй, “В” ХХК, Ц.Б нарт холбогдох 52,411,124 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэхдээ “... Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний 2.1-д “алдангийн хэмжээ 12,000,000 төгрөг” гэж тохиролцсон байхад гэрээний 5.2-т заасан үндэслэлээр алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд дээрх гэрээний үнийн дүнд алдангийг тооцсон байхад дахин алданги шаардсан нь үндэслэлгүй. Иймд алдангийн талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй” гэж дүгнэжээ.
14.Хэрэгт авагдсан фэйсбүүкээр харилцсан баримтаас үзэхэд Б.Т “Компанийн гэрээг наана өгөх үү” гэхэд өмгөөлөгч С.О “хурал дээрээ шууд яривал тайлбарлаж, үгүйсгэх магадлал бага байдаг”[1] гэж, Б.Т “сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа бичиж өгнө гэсэн үү, хурал дээрээ тайлбарлаад явна гэл үү” гэхэд, өмгөөлөгч С.О “хурал дээрээ” гэж, Б.Т “наана нь бичээд өгөхөөр яагаад болохгүй гээд байгаа билээ” гэхэд, өмгөөлөгч “бэлдээд ороод ирнэ” гэж зөвлөсөн, үүнийгээ өмгөөлөгчөөс хяналтын шатны шүүх хуралдаанд “өмгөөллийн тактик” гэсэн агуулгаар тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “талуудын зарчим”-ын хүрээнд өөрт байгаа баримтыг шүүхэд гаргаж, тодорхой нөхцөл байдалд өмгөөлөгч өөрийн бодит итгэл дээр тулгуурлан мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, үүнийгээ үндэслэлтэй тайлбарлах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзэв.
15.Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаандаа чин сэтгэлээсээ хандах бөгөөд хүчин чармайлт гаргаж, шуурхай, зохион байгуулалттай ажиллана” гэж заасан, өмгөөлөгч С.О үйлчилгээ авагч этгээдийг мэдээллээр хангаагүй атлаа “Хан-уулын шүүх орж асуугаарай”[2] гэж, Б.Т-аас “Миний юм юу болж байгаа бол та шүүхээс асуугаа болов уу” гэхэд “захирамжид гомдол гаргасан гэсэн” гэснээс[3] өөрөөр тайлбар хэлээгүй, хэргийн явцын талаар мэдээллээр хангаагүй, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалахаар тууштай мэргэжлийн үйл ажиллагаа явуулаагүй, идэвхгүй, хариуцлагагүй хандсан нөхцөл байдал тогтоогдож байна.
16.Иймээс сануулах шийтгэл оногдуулсан Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол үндэслэлтэй байна.
17.Харин гомдол гаргагч Б.Т-ын “анхнаасаа нэхэмжлэл гаргахдаа батлан даагчаар биш, буруу зөвлөгөө өгснөөр үндсэн төлбөрийг компани хариуцах болсон, компани ямар ч хөрөнгөгүй тул мөнгө авч чадаагүй хохирсон” гэх үндэслэлээр өмгөөлөгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, өмгөөлөгчөөс нэхэмжлэгчид хоёр хариуцагчийг зэрэг татах агуулгаар зөвлөгөө өгснийг өмгөөлөгч илэрхий тодорхой хуулийн заалтыг буруу тайлбарлаж, үйлчлүүлэгчийг хохироосон гэж үзэхээргүй байна.
18.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1666 магадлалд “... анхан шатны шүүх 34,020,750 төгрөгийг “В” ХХК болон Ц.Б нараас гаргуулж шийдвэрлэхдээ батлан даалтын гэрээний дагуу Ц.Б-д төлбөрийг хариуцуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна. Учир нь, Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “В” ХХК нь 34,020,750 төгрөгийг төлөх боломжгүй болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ц.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна” гэж дүгнэснээс үзэхэд өмгөөлөгчийг хамааралгүй этгээдийг хариуцагчаар татсан гэж үзэхгүй.
19.Давж заалдах шатны шүүхээс “... С.О нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулснаас хойш 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр буюу өмгөөллийн туслалцаа үзүүлэхээс татгалзах хүртэл Б.Т-д хууль зүйн зөвлөгөө өгч, тухайн иргэний хэрэгт хамааралтай гүйцэтгэсэн үйл ажиллагааны талаар мэдэгдэж байсан тогтоогдож байна” гэж дүгнэж, сануулах шийтгэлийн хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу буюу хэрэгт өмгөөлөгчөөс хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны талаар танилцуулсан, мэдэгдсэн, хэргийн материал, хариу тайлбартай танилцаад Б.Т-ыг холбогдох мэдээллээр хангасан, өмгөөллийн хүрээ, гүйцэтгэсэн ажлыг мэдэгдсэн баримт байхгүй, С.О-аас ийм баримт, тайлбар гаргаж ирүүлээгүй тул магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн МТ/2025/07 дугаар тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ