Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад холбогдох,

“Ханбогд сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжийн Ш.Баттулга, О.Буджав нарт холбогдох хэсгийг, 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамж, 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамж, газрын 0300583, 0300584, 0332243, 0373359 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранхүү, гуравдагч этгээд Ш.Баттулга, О.Буджав, тэдгээрийн өмгөөлөгч Н.Нармандах, гуравдагч этгээд С.Наранцацралын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Оюунсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Монголын төмөр зам” ТӨХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 252 дугаар тогтоолоор Ухаа худаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” ХХК-д олгосноор Өмнөговь аймгийн Засаг даргын 2009 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 441 тоот захирамжаар “Энержи ресурс” ХХК-д төмөр зам барих зориулалтаар нийт 6740 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 дүгээр зөвлөмж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Төмөр замын тээврийн тухай хуулийг үндэслэн Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын дагуу 1, 2 дугаар үе шатанд барьж эхлэх төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц гэж үзэж уг төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн.

Энэхүү Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Зам тээврийн яам, Төрийн өмчийн хороо болон “Энержи ресурс” ХХК, “Энержи ресурс Рейл” ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх “Концессын гэрээг цуцпах гэрээ”, “Монголын төмөр зам” ТӨХК, “Энержи ресурс рейл” ХХК болон 'Самсунг Си энд Ти” корпорацийн хооронд “Эрх үүрэг шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулж, төмөр замын суурь бүтэц барихтай холбоотой бүхий л эрх, үүргийг “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлснээр Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барихтай холбоотой “Энержи ресурс” ХХК-д олгосон бүх эрх, үүрэг, зөвшөөрөл, газар эзэмших эрх эрх залгамжлалын журмаар “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжин ирсэн. Төмөр замын бүтээн байгуулалтад зориулан Өмнөговь аймгийн Засаг дарга 2009 оны 441 тоот захирамжаар олгосон газартай Ханбогд сумын засаг дарга нь 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамж, 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамж, 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамжуудаар давхцуулан газар олгосон нь төмөр замын бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй байдалд хүргэж байна.

Өөрөөр хэлбэл “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төмөр замын бүтээн байгуулалт хийх газарт Ханбогд сумын Засаг дарга хууль бусаар давхцуулан газар олгосон байна. Ханбогд сумын Засаг даргын 2011 онд төмөр замын зурвас газартай давхцуулан газар олгосон дээрх захирамжуудыг хүчингүй болгуулахаар Өмнөговь аймгийн Засаг дарга, Ханбогд сумын Засаг даргад удаа дараа хандаж байсан хэдий ч албан ёсоор тодорхой хариу өгөөгүй, асуудлыг шийдвэрлээгүй. Өмнөговь аймгийн Засаг даргад хамгийн сүүлд 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1/641 дугаартай албан бичгээр хандсан ч одоогоор хариу ирүүлээгүй байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжийн Ш.Баттулга, О.Буджав нарт холбогдох хэсгийг, мөн оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамж, мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамжуудыг болон газрын 0300583, 0300584, 0332243, 0373359 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2008 оны Засгийн газрын 252 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худгийн уурхайгаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц тавих ажлыг “Энержи Ресурс” компанид олгосон байдаг. Үүнтэй холбоотой аймгийн Засаг дарга аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж баталсан тогтоолыг үндэслэн 2009 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 441 дугаар захирамжаар “Энержи Ресурс” компанид 6740 га газрыг төмөр замын зориулалтаар газар олгосон. Цогтцэций сумын Ухаа худгийн уурхайгаас Гашуун сухайт чиглэлийн төмөр зам нь нийгэм эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой гэж үзээд төр энэ ажлыг өөрөө гүйцэтгэх болоод 2012 оны Засгийн газрын 121 дүгээр тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжүүдийг үндэслэн “Энержи Ресурс” компаниас “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компаниар гүйцэтгүүлэхээр эрхийг шилжүүлсэн. Үүний дараа эрх, үүрэг шилжүүлэх гэрээг хийснээр төмөр замтай холбоотой бүх эрх шилжсэн. Гэтэл 2011 онд Ханбогд сумын Засаг дарга нэр бүхий гурван хүнд өвөлжөө болон үйлчилгээний зориулалтай газар олгож захирамж гаргасан байгаа. Энэ газар нь 2009 онд олгогдсон төмөр замын газартай давхцуулж олгосон нь хууль бус гэж үзэж байна. “Монголын төмөр зам” ТӨХК нь үндсэн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон тул Ханбогд сумын Засаг даргын гаргасан захирамжууд болон холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна, газар эзэмших 0300583, 0300584, 0332243, 0373359 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус  хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа татгалзсан гэв.

 

Хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ”...Аймгийн Засаг даргын 2009 оны 441 дүгээр захирамжтай “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшил гэгдэх тус сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх трасст хамаарагдах газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүсэлт ирүүлж тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулаагүй... аймгийн Засаг даргын 2009 оны 441 дүгээр захирамж нь орон нутгийн төлөвлөлт, эрх зүйн актыг зөрчсөн байна. Мөн аймгийн Засаг даргын 2013 оны а/503 дугаар захирамжаар 2009 оны 441 дүгээр захирамжийн хавсралтаас “Энержи ресурс” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосон.

Иймээс “Монголын төмөр зам” ТӨХК-ийн газар эзэмших эрх нь аймгийн Засаг даргын 2013 оны а/503 дугаар захирамжаар үүссэн байна. Энэ компани дээрх а/503 дугаар захирамжаар газар эзэмших эрхээ шийдвэрлүүлсэн боловч төлбөрөө төлж газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй байгаа учир Газрын тухай хуулийн 40.1.5-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна.

Сумын засаг даргын 2011 оны 44, 125 дугаар захирамжууд нь газар зохион байгуулалтын 2010 оны төлөвлөгөөнд тусгагдаж, дуудлага худалдааны журмаар шийдвэрлэгдсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, Газрын тухай хуулийн 21.4.3, 33.2.1 дэх заалтуудыг үндэслэн гарсан хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Сумын Засаг даргын 2011 оны 200 дугаар захирамж гараагүй нь Х.Түмэндэмбэрэлийн өгсөн мэдүүлэг, мөн архивт буй Засаг даргын 2011 оны захирамжийн бүртгэлийн дэвтэрт тус захирамж тэмдэглэгдээгүй байгаа зэргээр нотлогдож байна...” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тухайн үед миний бие сумын газрын даамлаар ажилладаг байсан. Шинээр газар олгохдоо тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газар олголтыг хийдэг. Одоо ч энэ хууль дүрэм мөрдөгдөж байгаа. Гэтэл яагаад 2009 оны Ханбогд сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар аймгийн Засаг даргын захирамжаар олгогддог юм. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй олгогдсон газар бол хүчин төгөлдөр биш гэсэн хууль дүрэм өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байна.

Аймгийн Засаг даргын 2009 онд “Энержи Ресурс” компанид газар олгосон шийдвэр, албан бичиг нь Ханбогд сумын удирдлагуудад ирээгүй. Мөн 2010 онд дуудлага худалдаа явуулж газар олгоход газрын кадастрын мэдээлийн санд төмөр замын газар огт бүртгэгдээгүй байсан. Гуравдагч этгээдүүдэд газар олгоход төмөр замын газар кадастрын мэдээлийн санд бүртгэгдсэн байсан бол бид давхардуулахгүй өөр газар олгох боломж байсан. Үүнээс харахад газар эзэмшигч “Монголын төмөр зам” ТӨХК нь үүргээ биелээгүй гэж  үзэж байна. Мөн газрын төлбөрөө төлөөгүй байгаа талаар тайлбар хавтас хэрэгт авагдсан. Хуулинд зааснаар бол төмөр замын газар нь хүчингүй болох нөхцөл нь бүрдсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Ш.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь энэ газрыг 2005 оноос ямар нэг шийдвэргүй ашиглаж байгаад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж тухайн газрыг хуулийн дагуу дуудлага худалдаагаар 2010 онд авч эзэмшиж эхэлсэн. Өөрийн хөрөнгөөр газар дээрээ их хэмжээний мод тарьж, байшин барилга барьж худалдаа үйлчилгээ явуулж байна. Сайжруулсан зам барьсан. Мөн гэрээнд заасны дагуу газрын төлбөрөө төлж, тайлан мэдээгээ цаг хугацаанд нь гаргаж байсан. Гэтэл төмөр замын газартай давхардсан гээд үйл ажиллагааг зогсоогоод байгаа нь иргэд бидэнд хохиролтой байна гэв.

 

Гуравдагч этгээд О.Буджав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний энэ асуудлыг хуулийн дагуу үнэнээр шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Олон жилийн хүч хөдөлмөр орсон бүтээн байгуулалтууд байгаа. Их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан. Хуулийн дагуу энэ газрыг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа бидэнд хохиролтой байна гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд болох Ш.Баттулга, О.Буджав нар Ханбогд сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжаар Ханбогд сумын Жавхлант багийн Хөх үзүүр гэдэг газар худалдаа үйлчилгээний зориулалтаар 1 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж авсан байдаг. Энэ газар нь тухайн жилийнхээ сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан зориулалтынхаа дагуу дуудлага худалдаагаар олгогдсон байгаа.

Ханбогд сумын Засаг дарга нь гуравдагч этгээдүүдийн газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг сумынхаа иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлүүлсэн байдаг. Аймгийн Засаг даргаас төмөр замын газрыг олгохтой холбогдуулан хавтас хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудыг үзэхэд эргэлзээтэй зүйл их байгаа. Аймгийн Засаг даргын 2013 оны а/503 дугаар захирамжаар 2009 оны 441 дүгээр захирамжийн “Энержи Ресурс” компанитай холбоотой заалтыг хүчингүй болгосон. “Монголын төмөр зам” ТӨХК-д газар эзэмших эрх 2013 онд олгогдсон байхад өмнө нь олгогдсон Ханбогд сумын Засаг даргын 2011 оны 44, 125, 200 дугаар захирамжаар олгогдсон газрууд хүчингүй болсон 441 дүгээр захирамжаар олгосон газартай давхацсанаараа нэхэмжлэгчийн ямар эрх хөндөгдөөд зөрчигдөөд байгаа юм.

Мөн хариуцагч тал хэлсэн хуулинд заасан үүргээ биелүүлээгүй газрын төлбөрөө төлөөгүй байгаа. Эцэст нь хэлэхэд  хуулийн дагуу газар эзэмшээд үйл ажиллагаагаа явуулж байгаа жирийн иргэдийн эрх ашиг төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод хөндөгдөж байна. Иймд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд С.Наранцацралын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамж гэж яриад байх юм. Төмөр замын хуулиа судлах хэрэгтэй юм биш үү гэж хэлмээр байна.

Ханбогд сумын Засаг даргын дуудлага худалдаагаар олгосон газар хуулийн дагуу олгогдсон гэж үзэж байгаа. Наранцацрал 2010 онд тухайн газрыг эзэмшиж эхлээд 2013 онд төмөр замын далан тулж ирээд үйл ажиллагаагаа зогсоосон. Гуравдагч этгээдүүд эзэмшиж байгаа газрынхаа төлбөрийг цаг тухайнд төлж, гэрээнд заасан үүргээ биелүүлж өдийг хүрсэн. Гэтэл төрийн нэр барьж иргэн хүнийг ингэж хохироож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Монголын төмөр зам” ТӨХК нь “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжийн Ш.Баттулга, О.Буджав нарт холбогдох хэсгийг, 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамж, 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамж, газрын 0300583, 0300584, 0332243, 0373359 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах”  шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “газрын 0300583, 0300584, 0332243, 0373359 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан[1].

            Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч тал “ төмөр замын бүтээн байгуулалтад зориулан Өмнөговь аймгийн Засаг дарга 2009 оны 441 дүгээр захирамжаар “Энержи ресурс” ХХК олгож, “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн газартай давхацуулан Ханбогд сумын Засаг дарга хууль бусаар газар олгосон” гэж,

Хариуцагч тал “Өмнөговь аймгийн Засаг даргын 2009 оны 441 дүгээр захирамжийн “Энержи ресурс” ХХК-д холбоотой хэсэг хүчингүй болсон, нэхэмжлэгчид 2013 онд газар эзэмших эрх шинээр үүсэхээс өмнө Ханбогд сумын Засаг дарга сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газрыг дуудлага худалдаа явуулан 2011 оны 44, 125 дугаар захирамжуудаар Ш.Баттулга, О.Буджав, С.Наранцацрал нарт газар олгосон нь холбогдох хууль тогтоомжийг болон нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэгч кадастрын зургаа хийлгэж газрын мэдээллийн санд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх агуулгаар тус тус маргасан.

Анх Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 252 дугаар тогтоолоор Ухаа худаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг  “Энержи ресурс” ХХК-д олгосныг үндэслэн Өмнөговь аймгийн Засаг дарга 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Төмөр замын газрын тухай” 328 дугаар захирамжаар төмөр замын транссыг баталж, 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” 441 дүгээр захирамжаар Өмнөговь аймгийн Цогтцэций, Баяндалай, Ханбогд сумдын нутгаар дайрах, Ухаа худгийн нүүрсний уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомтын чиглэлд байрших “төмөр зам” барих зориулалтаар нийт 6740 га газрыг 60 жилийн хугацаатайгаар дээрх компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 0173591 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаар уг газрыг “Энержи ресурс” ХХК эзэмшсэн байна.[2]

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 121 дүгээр тогтоолоор болон 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Зам, тээврийн яам, Төрийн өмчийн хороо, “Монголын төмөр зам” ТӨХК болон “Энержи ресурс” ХХК, “Энержи ресурс Рэйл” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх Концессын гэрээг цуцлах гэрээ”, “Монголын төмөр зам” ТӨХК, “Энержи ресурс рэйл” ХХК, “Самсунг Си энд Ти” корпорацийн хооронд байгуулагдсан “Эрх, үүрэг шилжүүлэх гэрээ”-ийн дагуу төмөр замын суурь бүтэц барихтай холбоотой эрх, үүрэг “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжиж[3], Өмнөговь аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” а/503 дугаар захирамжаар Цогтцэций сумаас Гашуунсухайтын хилийн боомтын чиглэлд байрших “төмөр зам”-ын зориулалтаар 60 жилийн хугацаатай “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлж, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн а/553 дугаар захирамжаар уг газрын хэмжээг 5724.59 га болгож багасган шийдвэрлэж, Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 000435364 дугаартай гэрчилгээ олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсанаар[4] дээрх төмөр замын зориулалтаар “Энержи ресурс” ХХК-д олгосон газар эзэмших эрх “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Засаг даргын 2013 оны а/503 дугаар захирамж, “Энержи ресурс” ХХК“-тай 2009 онд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, эзэмших газрын баталгаат хэмжээг тогтоож хүлээлгэж өгсөн 251 дугаартай акт, 2013 онд “Монголын төмөр зам” ТӨХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, эзэмших газрын баталгаат хэмжээг тогтоож хүлээлгэж өгсөн акт зэргээс үзэхэд “Энержи ресурс” ХХК-д 2009 онд олгосон нийт 6740 га газрын хэмжээнд өөрчлөлт оруулж /төмөр замын далан барих зориулалтаар эзэмшүүлсэн 472 га газрыг 435.8 га болгон, төмөр замын хамгаалалтын зурвас 5249 га газрыг 4338.79 га болгон, өртөө, зөрлөгийн барилга, байгууламж барих зориулалтаар эзэмшүүлсэн 1019 га газрыг 950 га болгон, мөн дээрх захирамжаар Ухаа худгийн уурхайгаар зүүн тийш 4 км-т байрших 69 га газрын зориулалтыг өөрчлөн нүүрс ачиж буулгах талбайн зориулалтаар “Энержи ресурс” ХХК-д эзэмшүүлсэн/ багасгажээ.

1. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжийн Ш.Баттулга, О.Буджав нарт холбогдох хэсэг, 06 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 32, мөн 05 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамжуудаар Ханбогд сумын Жавхлант баг /Хөх үзүүрт/-ийн нийт 10000 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр дуудлага худалдааг тус тус зарлан явуулж, улмаар мөн сумын Засаг дарга 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжаар Ш.Баттулга, О.Буджав нарт тус бүр 0.1 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар, 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамжаар С.Наранцацралд Ханбогд сумын Жавхлант багийн нутаг “Хөх үзүүр” гэх газарт 0.1 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Ш.Баттулга /0300583 дугаар/, О.Буджав /0300584 дүгээр/ нарт 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, С.Наранцацралд /0332243 дугаар/ 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан болох нь нэгж талбарын 460102217 дугаар, 151102195 дугаар, 151102196 дугаар бүхий хувийн хэргүүд зэрэг[5] хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.[6]

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.2-т “аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасан.

Өмнөговь аймгийн Засаг даргын болон Ханбогд сумын Засаг даргын дээрх захирамжуудаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт эзэмшүүлэхээр олгосон газрууд нь Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 сарын 24-ний өдрийн 3/9 дүгээр тогтоолоор батлагдсан аймгийн 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд, Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 сарын 30-ны өдрийн 3/05 дугаар хуралдааны тогтоолоор батлагдсан сумын 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус тус тусгагдсан байх хэдий ч Ханбогд сумын Засаг дарга Өмнөговь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулагдаагүй Ханбогд сумын “2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, уг төлөвлөгөө батлагдсанаас үүдэн газар давхцуулан олгох нөхцөл үүссэн байна. /Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас/

Дээрх төлөвлөгөөний дагуу Ханбогд сумын Засаг дарга нь 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамжаар С.Наранцацралд, мөн оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжаар Ш.Баттулга, О.Буджав нарт тус бүр 0.1 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Өмнөговь аймгийн Засаг даргын 2009 оны 441 дүгээр захирамжаар анх олгосон одоо нэхэмжлэгчийн эзэмшиж буй төмөр замын суурь бүтэц барих газартай бүхэлд нь давхцуулж хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Тодруулбал,

Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 224 тоот албан бичиг[7] болон түүнд хавсаргаж ирүүлсэн “Ханбогд сум төмөр замын дагуух хэмжилт зураглалын ажил”-ын зураг, 2016 оны 305 тоот албан бичиг, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 2/1568 тоот албан бичиг, “Ханбогд сумын Жавхлант багийн байрзүйн зураг дээр маргаантай байгаа газрын цэгүүдийг давхцуулсан байдал”-ын зураг, Ханбогд сумын Жавхлант багийн Засаг дарга Н.Ширнэнг гэрчээр асуусан тэмдэглэл, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Aimag cadastre буюу газрын кадастрын мэдээллийн сангаас хэвлэсэн зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас[8] үзвэл Ханбогд сумын Засаг даргын 2011 оны 44 дүгээр захирамжаар Ш.Баттулгад худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн нэгж талбарын 151102195 дугаартай, О.Буджавт мөн зориулалтаар эзэмшүүлсэн нэгж талбарын 151102196 дугаартай газрууд /бүхэлдээ/ нь Монгол Улсын Засгийн Газрын тогтоолын дагуу хийгдэж буй төмөр замын хамгаалалтын зурвастай, 2011 оны 125 дугаар захирамжаар мөн дээрх зориулалтаар С.Наранцацралд эзэмшүүлсэн нэгж талбарын 460102217 дугаартай газар нь төмөр замын далантай тус тус давхацсан болох нь тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан нь газрыг эзэмших харьцаанд шударга ёсыг хангаж, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа бусдын эзэмшил газартай давхцаж байгаа эсэхийг шалгах үүргийг захиргааны байгууллагад хариуцуулсан агуулгатай зохицуулалт юм.

Гэтэл Ханбогд сумын Засаг дарга 2011 оны 44, 125 дугаар захирамжуудаар иргэн С.Наранцацрал, Ш.Баттулга, О.Буджав нарт газар эзэмшүүлэхдээ бусдад өмнө нь эзэмшүүлсэн газартай давхцаж байгаа эсэхийг шалгаагүй нь буруу байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нараас шүүх хуралдаанд “2009 онд төмөрийн замын зориулалтаар газар олгосон талаарх аймгийн Засаг даргын шийдвэрийг ирүүлээгүй, газрын төлбөрөө төлөөгүй, кадастрын зургаа газрын мэдээллийн санд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй нь тэдний буруу” гэж тайлбарлан маргасан боловч Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 305 тоот албан бичигт “...Aimag cadastre буюу газрын кадастрын мэдээллийн сангийн програм нь зөвхөн солбицолуудыг зөвхөн гараас цифр тус бүрээр шивж оруулдаг, уг төмөр замын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэхийн тулд агентлаг болон “Энержи ресурс” ХХК-ийн мэргэжилтэнтэй хамтран оруулах гэсэн боловч програм хүлээж авахгүй алдаа заасан…”, уг албан бичигт хавсаргаж ирүүлсэн мөн газрын 2011 оны 72 тоот албан бичигт[9] “...Ухаа худгаас-гашуунсухайтын хилийн боомт хүртэлх төмөр замын зориулалтаар 6740 га газрыг эзэмшүүлсэн ба төмөр замын трансын зураглалыг гаргаж 2011 оны 03 сарын 30-ны өдөр манай мэдээллийн санд оруулсан болно”, мөн газрын 2016 оны 239 тоот албан бичигт[10] “...“Энержи ресурс” ХХК-иас төмөр замын кадастрын зургийг 2009 онд мэдээллийн санд бүртгүүлэн баталгаажуулахаар ирүүлсэн...” гэсэн зэргээс үзвэл анх аймгийн Засаг даргын 2009 оны 441 дүгээр захирамжаар төмөр замын зориулалтаар “Энержи ресурс” ХХК-д эзэмшүүлсэн газрын кадастрын зураглалыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хүлээж авсан байх бөгөөд нөгөө талаар кадастрын зураг үйлдэх, мэдээллийн санд бүртгүүлэх нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэгт хамаарахгүй, түүнчлэн Өмнөговь аймгийн Засаг даргын 2009 оны 441 дүгээр захирамжийн дагуу олгосон эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй байх тул дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжийн Ш.Баттулга, О.Буджав нарт холбогдох хэсгийг, 06 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамж, газрын 0300583, 0300584, 0332243, 0373359 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ 2016 оны оны 10 дугаар сарын 04-ний өдөр “газрын 0300583, 0300584, 0332243, 0373359 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай” хүсэлтээ бичгээр гарган шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Түмэнбаяр 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01/754 тоот, Гүйцэтгэх захирал Х.Хэрлэн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/1180 тоот албан бичгүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасан эрхийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гэрээ, хууль, эрх зүйн албаны хуульч Д.Ган-Эрдэнэд олгожээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах”, 28 дугаар зүйлийн 28.2-т “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрхийг эдэлнэ”, 28.2.3-т “нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж илэрхийлсэн байх тул мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн “газрын 0300583, 0300584, 0332243, 0373359 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй гэж үзлээ.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана” гэж заасан байх бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамж нь бичгээр үйлдэгдэн гараагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/409 тоот, 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/442 тоот, 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/517 тоот албан бичгүүд, Х.Түмэндэмбэрэлийг гэрчээр асуусан тухай тэмдэглэл, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр[11] нотлогдож байх тул нэхэмжлэгчийн “Ханбогд сумын Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйл зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжийн Ш.Баттулга, О.Буджав нарт холбогдох хэсгийг, 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “газрын 0300583, 0300584, 0332243, 0373359 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн  шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

3. Шүүхийн шийдвэрийн хоёр дахь заалтад хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ОТГОНЦЭЦЭГ

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас             

[2] Хавтаст хэргийн 133, 135-136, 362-373, 389-391 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 113-114, 116, 137-138, 154, 302-307 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 295-299, 336, 338-339 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 47-83, 123-124, 162-179 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 96-101, 118, 206, 212-223, 235-236 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 478-479 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 109-111, 127-128, 44-45, 373-391, 130-132 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 126 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 152 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 30, 148, 245-246, 42-43, 47-52, 100, 102, 105, 108 дугаар хуудас