Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 6

 

“Оч манлай” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн талаар

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд, хариуцагч Г.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалж шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 368 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч “Оч манлай” ХХК-ийн захирал Д.Батболдын давж заалдах гомдлоор “Оч манлай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Хан Хэнтий хамтын хүч” төрийн бус байгууллагын дарга Г.Ганболдод холбогдох “1 770 937 төгрөг”-ийг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
    Нэхэмжлэгч “Оч манлай” ХХК-ийн захирал Д.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Дэлхийн зөн”-гийн харьяа байгууллага болох “Хан Хэнтийн Хамтын хүч” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Ганболдтой 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дулаанаар хангах гэрээ байгуулсан. Уг гэрээнд дулааны төлбөрийг сар бүрийн 25-ны өдрөөс 30-ны хооронд бичилт хийж гэрээгээ дүгнэж, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж гэрээнд тодорхой заасан байна. Манай байгууллага дулааны төлбөр төлөхийг нь 2010, 2011, 2012 онуудад хүлээсэн. Би Г.Ганболдтой ярьж байгаагүй. Ажил үүргийн дагуу манай байгууллагын нягтлан бодогч, нярав нар 94450418 дугаартай утсаар ярьдаг байсан. Энэ хугацаанд “Дэлхийн зөн”-гийн даргатай олон удаа уулзаж байсан. Г.Ганболд 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөгийг манай байгууллагын нягтлан бодогчид өгснөөр кассын дэвтэрт орлого болж орсон. Үлдэгдэл мөнгөө нэхэмжлэх гэтэл утас нь холбогдохгүй холбоо тасарсан. 2014, 2015 онд Дэлхийн зөн байгууллагын захирал Цэцэгсайхантай уулзахад “та хүлээж бай би Г.Ганболдыг олж төлбөр тооцоог нь барагдуулъя” гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь би хүлээж байгаад эргээд Цэцэгсайхантай уулзтал “та одоо ханддаг газар нь ханд” гэж хэлсэн. Г.Ганболдын хаяг тодорхойгүй учраас би цагдаа болон тахартхандсанаар Хэнтий аймгийн Хэрлэн сум 8 дугаар баг “Баянбүрд” гэдэг газар оршин суудаг болох нь тогтоогдсон. Г.Ганболд ньбайгууллага маань татан буугдаж би хувийнхаа зүгээс 1 000 000 төгрөгийг өгсөн учраас төлөхгүй гэсэн тайлбар гаргасан. Иймд халаалтын төлбөрийн үлдэгдэл 1 089 358 төгрөг, алданги 544 679 төгрөгийг гаргулж өгнө үү гэв.(хх-ийн 1 тал)
    Хариуцагч Г.Ганболд нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дэлхийн зөнгийн харъяа “Хан Хэнтий Хамтын хүч” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж эхэлсэн. “Хан Хэнтий Хамтын хүч” төрийн бус байгууллага нь ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага байсан. Нийгмийн даатгалын хэлтэс, газрын алба, холбооны газар, татварын хэлтэст маш их өртэй байгууллага байсан. Би ажиллаж байх үедээ нийгмийн даатгалын хэлтэс, холбооны газар, газрын албаны маш их өрийг дарсан юм.
Миний зүгээс байгууллагын ажилчдыг цомхотгож, аль боломжтой бүхнээр дайчлан ажиллаж байсан. Ингээд би 2010 оны 10 дугаар сард харъяа байгууллага болох “Дэлхийн зөн”-д “Хан Хэнтий Хамтын хүч” төрийн бус байгуулагын  тамга, тэмдэг бүх зүйлийг хүлээн өгсөн. Би 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн биеэр  1 000 000 (нэг сая) төгрөгийг бэлнээр “Оч манлай” ХХК-ийн нягтлан бодогч Д.Цагаан гэдэг хүнд өгсөн. Үлдсэн мөнгийг нь “Дэлхийн зөн” гаргаж өгнө гэж хэлсэн. Би өчигдөр Цэцэгсайхан даргатай уулзаж татан буугдсан байгууллага, санхүүжилт нь зогссон гэсэн тодорхойлолт авч ирэх гэтэл ажлаа хүлээлгээд өгсөн байсан. Би хувийнхаа зүгээс 1 сая төгрөг гаргаж өгсөн. Одоо нэхэмжилж байгаа мөнгийг нь гаргаж өгч чадахгүй. Би одоо цалингүй, санхүүгийн боломжгүй байна. Мөн өөрөө өртэй, дүү маань хүртэл өртэй байна. Албан байгууллагыг халаасан болохоос биш намайг тойруулж пар тавьсан биш. Дээрээс нь мөнгө зээлж залилж явсан биш. Би луйвар хийсэн гэж бодохгүй байна. Д.Батболд ах заримдаа намайг луйварчин гэж загнадаг. Энэ бол байгууллагатай холбоотой асуудал юм. Намайг “Хан Хэнтий Хамтын хүч” төрийн бус байгууллагын тамга, тэмдгийг нь хүлээлгэж өгснөөс хойш тухайн байгууллага татан буугдсан байсан. Дэлхийн зөн нь тухайн байгууллагад санхүүжилт өгч чадахгүй гэсэн учраас татан буулгасан байсан. Холбогдох бичиг баримтуудыг хавтаст хэрэгт өгсөн.
Нэхэмжлэлд дурдагдсан дулааны төлбөр нь хувь хүн миний хэрэглэсэн төлбөр биш “Хан Хэнтий Хамтын Хүч” төрийн бус байгууллагын нэр дээр гарсан төлбөр юм. Тухайн үед “Хан Хэнтий Хамтын Хүч” төрийн бус байгууллага долоон өрөөнд сууж ажлаа хийцгээж байсан. Би нэг өрөөнд нь нярав Цогоотой хамт ажилладаг байсан. Манай байгууллага нь их өртэй байгууллага байсан тул татвар, нийгмийн даатгал, холбооны газрын өрийг төлж барагдуулсан. Би 2010 оны 10 дугаар сараас хойш ажлаа хийгээгүй. Манай байгууллага нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тодорхой орлогогүй хүмүүст үнэгүй тоног төхөөрөмж авч өгөөд гутал засвар болон оёдлын ажил хийлгэж  “Дэлхийн зөн” байгууллага халаалтын төлбөр төлнө гэсэн боловч 2010 онд санхүүжилт нь орж ирээгүй  тул төлбөр гарсан.
 “Дэлхийн зөн”-гөөс гарсан бүлүүдэд бизнест хөл тавьхад нь боломжийг олгодог. Би “Хан Хэнтий Хамтын хүч” төрийн бус байгууллагаас2010 оны 10 дугаар сараас хойш ямарч цалин авч байгаагүй. “Хан Хэнтий Хамтын Хүч” төрийн бус байгууллага нь 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр татан буугдаж үйл ажиллагаа явуулахаа больсон гэв. (хх-ийн 19-20 тал)
            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 368 дугаартай шийдвэрээр:
    Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг баримтлан Г.Ганболдод холбогдох, “халаалтын төлбөр 1 634 037 төгрөгийг гаргуулах” тухай “Оч манлай,, ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаарзүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Оч манлай,, ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тус тус заан шийдвэрлэжээ.
Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Оч манлай” ХХК-ийн захирал Д.Батболд нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 368 тоот шийдвэрээрхариуцагч ДЗОУБ-ын харъяа “Хан Хэнтийн хамтын хүч” төрийн бус байгууллагын дарга Г.Ганболдын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус компанид халаалтын төлбөрт төлөх нийт 2 089 358 төгрөгийн төлбөрөөс 1 000 000 төгрөг төлснөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцон, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг удирдлага болгон манай компаний гаргасан 1 634 037 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг үл зөвшөөрөн энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Бид 2011, 2012, 2013 онд Г.Ганболдтой 94450418 утсаар холбоо барьж авлагаа байнга нэхэж байсан ба тэр бүрт одоо удахгүй өгнө гэдэг байв. Ингэж авлагаа байнга нэхэж байсны хүчинд Г.Ганболд 2013 оны 02 дугаар сарын 18-нд 1 000 000 төгрөгийг өгч, үүнээс хойш утас нь холбогдохгүй болж холбоо тасарсан юм.
2. Харъяа байгууллагынх нь хувь ДЗОУБайгууллагын Хэнтий салбарын дарга Э.Цэцэгсайхантай 2013, 2014 онуудад удаа дараа утсаар ярьж мөн биечлэн уулзан зохицуулж өгөхийг шаардахад Э.Цэцэгсайхан: “Г.Ганболдыг би өөрөө олж уулзъя. Хууль хяналтын байгууллагад хандаад яахав” гэж хэлэн 2 жил хүлээлгэсэн боловч холбоо тогтоож чадалгүй аргагүйн эрхэнд 2015 оны 3 дугаар сард “Би барахгүй нь өгдөг газар нь өг” гэсэн шийдвэрийг бидэнд өгсөн юм. ДЗОУБайгууллагын даргаар ажиллаж байсан Э.Цэцэгсайханыг гэрчээр оролцуулж болох юм.
3. Э.Цэцэгсайхан даргын хариу шийдвэрийн дагуу бид шүүхэд хандах гэтэл Г.Ганболд паспорт дээрх хаяган дээрээ байхгүй, хаяг тодорхойгүй учир хаяг тогтоох шаардлагатай болсон.
4. Бид өөрсдөө байршил, хаягыг олох гэж нилээдгүй хөөцөлдөж байсан тухайлбал: 2015 оны 4 дүгээр сард ТВ5 телевизийн “Улс төрд манлайлагч” шоу нэвтрүүлэгт оролцож байгааг мэдээд тус телевиз дээр очин уг төсөл, нэвтрүүлгийг зохион байгуулж байсан Эвийн-энх зохицуулагчтай уулзаж учир байдлаа хэлэхэд “Бид хувь хүний мэдээлэл өгөхгүй” гээд өгөөгүй. Мөн тус нэвтрүүлэгт Хэнтий аймгаас хамт оролцогч аймгийн шүүхийн ажилтан Т.Ариунболдоос утсыг нь авах гээд чадаагүй юм.
5. Өөрсдийн зүгээс хичнээн хөөцөлдөөд олж чадахгүй байсан тул аргагүйн эрхэнд хаягыг нь тогтоолгохоор 2015 оны 05 дугаар сарын 26-нд аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Өргөдлийг цагдаагийн газрын дэд дарга хүлээн аваад “би өөрөө олохыг бодъё” гээд мөн 2 сар хүлээлгээд сүүлдээ хаяг тогтоолгохоор шүүхэд хандахыг зөвлөсөн шийдвэрийг /өргөдөлд цохсон/ өгсөн.
6. Ингээд шүүхэд хандсанаар эрэн сурвалжлахаар Тахарын албанд даалгаж сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 460 тоот шийдвэр 2015 оны 11 сарын 13-ны өдөр гарсан.
7. Дараа нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Тахарын албанд хандан Тахарын албаны Хэнтий аймаг дахь хэсэг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 81 тоотоор хаягыг тогтоосон албан тоот өгсөн.
8. Хаяг тодорхой болсон тул Аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид 2016 оны 01 дүгээр сарын 04-нд хандан өргөдөл өгсөн. 2016 оны 2 сарын 04-нд эвлэрүүлэн зуучлах хугацаа дуусч дахин 1 сараар сунгасан.Ингээд Г.Ганболд төлбөрийг төлөхгүй гэсэн учраас 2016 оны 03 дугаар сарын 05-нд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон.
9. 2016 оны 03 дугаар сарын 21-нд Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэсэн үндэслэлээр 765 тоот захирамж гаргаж буцаасан ба 2016 оны 04 дүгээр сарын 06-нд дахин Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх 2016 оны 06 дугаар сарын 10-нд хуралдаж 368 тоот шийдвэр гаргасан билээ.
Ийнхүү бидний зүгээс Г.Ганболдтой холбогдох ажиллагааг бид өөрсдөөс шатгаалах бүхий л аргаар тасралтгүй байнга хийж байсан тул хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан бидний тасралтгүй хөөцөлдөж байсан баримтуудыг ул суурьтай, шудрагаар дахин нягтлан шалгаж, анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 368 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хөөн хэлэлцэх хугацааг сэргээн халаалтын төлбөр 1 634 037 төгрөг, мөн тэмдэгтийн хураамжид төлсөн баримтуудад үндэслэн 186280 төгрөгийг тус тус Г.Ганболдоос гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХнь:
    Нэхэмжлэгч “Оч манлай” ХХК нь, иргэн Г.Ганболдоос “дулааны төлбөр 1 089 358 төгрөг, алданги 546 679 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
     “Оч манлай” ХХК “Хан Хэнтийн хамтын хүч” төрийн бус байгууллагатай дулаанаар хангах гэрээг 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай байгуулжээ. (хх-ийн 7 тал)
    Нэхэмжлэгч “Оч манлай” ХХК “Хан Хэнтийн хамтын хүч” төрийн бус байгууллагатай  дулаанаар хангах гэрээг байгуулсан байхад шүүх иргэн Г.Ганболдод холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн нь хариуцагчийг зөв тогтоогоогүй байна.
    Иймд “Оч манлай” ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагч нь “Хан Хэнтий хамтын хүч” төрийн бус байгууллага болох хуулийн этгээд, эсвэл иргэн Г.Ганболдын аль нь болохыг зөв тогтоосны эцэст талуудын хоорондох маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

    Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр хүчингүй болсон тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй,  мөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 380төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХнь:

1. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 10-ны өдрийн 368 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Оч манлай” ХХК-ний захирал Б.Батболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 43 380 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА
                                  ШҮҮГЧИД                                          З.ЭНХЦЭЦЭГ
                                                                                            Я.АЛТАННАВЧ