| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0795/Э |
| Дугаар | 809 |
| Огноо | 2019-09-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 809
2019 09 11 2018/ШЦТ/809
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол, даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Г.Цогтгэрэл, шүүгдэгч У.З, Б.Х, тэдгээрийн өмгөөлөгч О.Чулуунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жагварал овогт Ууганцэцэгийн Золзаяа, Б.Хнарт холбогдох эрүүгийн “1909015940692” дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Боловсролын их сургуулийн хятад хэлний багшийн ангийн 1 дүгээр курсын оюутан, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 31 дүгээр байрны 25 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, У.З /РД:УШ00260581/,
Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 06-н өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн 1 дүгээр курсын оюутан, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 8 дугаар байрны 19 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Б.Х /РД:УХ00250608/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.З, Б.Х нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангирилла молл” худалдааны төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулах зориулалтттай тусгаалан хамгаалсан байр агуулахад буюу “Ив роше” тасгийн хаалгыг түлхүүрээр онгойлгож хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, нэвтрэн лангуун дээрээс 2.045.900 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн, касснаас бэлэн 450.000 төгрөг зэргийг хулгайлан авч, Б.Номингэрэлд нийт 2.495.900 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч У.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Ажлын газрын түлхүүр байсныг мэдээгүй, мартсан байсан.Ямар нэг хулгай хийе гэж бодоогүй.Сайн санахгүй байна.Ямар нэг зорилгоор аваагүй.Харамсаж гэмшиж байна.
1.2.Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2019 оны 04 дүгээр сарын 24-нд найзтайгаа өглөө ууланд гарах гэж байгаад Шангрила ороод 00 өрөөнд нь ороод шархны лент наагаад буухдаа Ив роше тасаг руу орсон.Тэгээд ороод гарсан.Буруу зүйл хийсэн гэдгээ мэдээд ойлгосон, гэмшиж байна.Бид хоёр уг нь 9 жил найзалсан.Тухайн үед 18 нас 11 сартай байсан.Тухайн үед мэдээгүй л дагаад явсан.Тэнд ажилдаг байсныг нь мэддэг байсан.Ажлаас бол гарсныг нь мэдээгүй.Ажлаа хийж байгаан болвуул гэж бодсон.Таксинд явж байхдаа л буруу зүйл хийсэн гэдгээ мэдсэн.Дахиж ийм асуудал үүсгэхгүй.Гэмшиж байна.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Номингэрэлийн:..миний бие Шангрила молл төвийн 2 давхарын Ив роше тасагт хүний нөөцийн менежерээр ажилладаг. 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила молл төвийн 2 давхарын Ив роше тасагт хулгай орсон талаар худалдааны зөвлөх Д.Болортунгалаг хэлсэн. Шангрила молл төвийн хяналтын камерын бичлэг үзэх үед 20-25 насны, намхан 2 охин түлхүүрээр онгойлгож 20 минутын дараа юм аваад гарч байгаа бичлэг байсан. Хохиролоо нөхөн төлүүлсэн. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй гэх мэдүүлэг. /хх-н 25/, 101/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Нямбаярын:..2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Шангриллаа молл төвийн хамгаалагч нар, Болртунгалаг нар ирж хэлсэн. Камерын бичлэгийг үзэх үед урд өмнө нь харж байгаагүй хүн байсан гэх мэдүүлэг. /хх-н 28/,
2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Болортунгалагийн:.. 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 10 цаг 15 минутын үед Биндэрьяа надад фэйсбүүк чатаар кассын машин дотор байгаа 6370 төгрөг байна энэ юун мөнгө вэ гэж асуух үед нь би 456.370 төгрөний орлого байх ёстой гэж хэлээд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила молл төвийн 2 давхарын Ив роше тасагт ирэх үед 450.000 төгрөг болон заримт гоо сайханы бараа бүтээгдэхүүн алга болсон байна. Хяналтын камерийн бичлэнг үзэх, үед гаднаас 2 эмэгтэй хүн түлхүүрээр онгойлгож ороод юм аваад гарч байсан гэх мэдүүлэг. /хх-н 30/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. хохирогч Б.Номингэрэлийн мэдүүлэг, гэрч Э.Нямбаярын мэдүүлэг, гэрч Б.Хгийн мэдүүлэг, гэрч У.Згын мэдүүлэг, камерийн бичлэгт хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагч У.Згийн мэдүүлэг, яллагдагч Б.Хгийн мэдүүлэг зэрэг болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч У.З, Б.Х нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангирилла молл” худалдааны төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулах зориулалтттай тусгаалан хамгаалсан байр агуулахад буюу “Ив роше” тасгийн хаалгыг түлхүүрээр онгойлгож хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, нэвтрэн лангуун дээрээс 2.045.900 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн, касснаас бэлэн 450.000 төгрөг зэргийг хулгайлан авч, Б.Номингэрэлд нийт 2.495.900 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Номингэрэл, Э.Нямбаяр, Д.Болортунгалаг нарын мэдүүлэг, ,шүүгдэгч нар шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар бусадтай бүлэглэн бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Прокуророос шүүгдэгч нарт гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байх тул гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруу болон оногдуулах ялын талд гаргасан дүгнэлтэндээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг бол бүрэн хангагдсан, тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэхь хэсэгт зааснаар У.З, Б.Х нарт тус бүр 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж, зан төлөвийн хувьд төлөвшөөгүй, өсвөр нас шилжилтийн нас байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, давхар үүрэг хүлээлгэхэд татгалзах зүйлгүй гэсэн санал гаргасан болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан санал, дүгэнлтэндээ:
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч У.З, Б.Х, тэдгээрийн өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Харин хөнгөрүүлэх нөхцөл байдлаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 5-д зааснаар шийдвэрлэж өгнө үү.Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргээ өөрөө илчлэн ирсэн, гэнэн томоогүй үйлдэл хийсэн,, учруулсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан, сэтгэл зүйн онцлог, бие эрхтэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасан шаардлагыг хангаж байгаа.19 нас гэдэг бол шилжилтийн үе юм гэсэн санал гаргасан болно.
Шүүгдэгч Б.Х, О.Золзаяа нарт ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг бүлэглэн үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг, учруулсан хохиролыг нөхөн төлсөн, өөрийгөө илчилсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж заасан байна.
Иймд шүүгдэгч У.З, Б.Х нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал, сэтгэл зүйн онцлог, Эрүүгийн хуулийн нийгэмшүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн шүүхээс шүүглэгч нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч У.З, Б.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээх, хохирогч С.Номингэрэл нь У.З, Б.Х нар нь хохиролоо бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэргийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Жагварал овогт У.З, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.З, Б.Х нарт ял оногдуулахыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Х, О.Золзаяа нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, О.Золзаяа нарыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгах, хүмүүжүүлэх үүргийг тэдгээрийн эцэг, эхэд даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч У.З, Б.Х нарт мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч У.З, Б.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хадгалан үлдээх, хохирогч Б.Номингэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.З, Б.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ