| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 154/2024/00191/и |
| Дугаар | 24 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 24
2025 09 09 206/МА2025/000024
Д.ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 154/ШШ2025/00071 дугаар шийдвэртэй,
Ховд аймгийн Булган сумын ******* ******* ******* *******, *******, ******* ******* ******* ******* ын нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Булган сумын Далт ******* ******* *******,, Байтан ******* т холбогдох,
“Гэм хорын хохиролд 6,072,200 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 Би 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Булган сумын ******* багийн нутаг дэвсгэрт Toyota Crown 210 маркийн машинтай Ховд аймаг явах гээд явж байсан. Баруун эргэх чиглэлээс замынхаа урд талаас ирж байтал урдаас машин ирээд мөргөлдсөн. Тухайн үед Б. нь цагдаад өгөөд хэрэггүй эвлэрье гээд ах нь чиний хохирлыг барагдуулж өгье гэсэн. Эхнэр нь хүртэл ирээд эрхээ хасуулах асуудал үүснэ гээд хохирлыг төлж өгнө гэж хэлсэн. Би тухайн үед миний машин үнэтэй 5,6 сая төгрөг болох байх гэж хэлтэл болох байхаа, үнэлгээний компаниар үнэлгээгээ гаргуулчих би төлөөд өгчихье гэсэн. Би Ховд аймгийн Сүлд гээд нэртэй үнэлгээний компаниар үнэлгээ хийлгүүлэх гэтэл ажиллахгүй байна гэсэн. Тэгээд УБ хот руу явсан. Би өөрөө очоод үнэлгээний компани дээр үнэлгээ хийлгэсэн. Нийт үнэлгээ нь 5,440,000 төгрөг, үнэлгээний төлбөр 370.000 төгрөг, замын зардал, бензин 262,200 төгрөг болсон. Тухайн үед манайх байр захиалчихсан байсан байрны урьдчилгаанд машинаа өгөхөөр болчихсон байсан юм. Одоо ийм асуудал болчихлоо та миний машиныг авчих гэтэл надад тийм их мөнгө байхгүй ах нь чиний бүх хохирлыг барагдуулаад өгчихье гэсэн. Сүүлдээ мөнгө төгрөг өгч чадахгүй, өгөх газраа өг гэсэн. Нийт 6.072.200 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс машинд гарсан гэмтэл 5.440000 төгрөг, үйлчилгээний хөлс нь 370.000 төгрөг, замын зардал, бензин 262.000 төгрөг болсон. Би машинаа 22 сая төгрөгөөр зарж байрныхаа урьдчилгаа хийсэн. 38 сая төгрөгийн үнэтэй машиныг хямд зарсан гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1 Тухайн өдөр би нөгөө талдаа жаахан урсгал сөрсөн байдалтай зогсчихсон байсан. Өөрөө хурдтай орж ирээд тормосоо гишгэлгүй мөргөсөн би яаж байгаа юм бэ? гэхэд нар гялбаад харсангүй ах гэж хэлсэн. Тухайн машины орж ирсэн үнэ нь 35-50 саяын хооронд байдаг юм байна. Би судалж үзсэн. Энэ машин Булган суманд 5 жил явж байгаа машин. Осол болсны дараа Ховд аймаг руу давхиад орж байгаа машин 6 саяын эвдрэл гэмтэл гарсан гэхээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед 1 сая төгрөг өгье тэрнээс илүү мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн. Ховд ороод үнэлгээ гаргуул гэсэн гаргуулаагүй. Хот ороод үнэлгээ гаргуулахдаа манай хадам дүүг дагуулаад яваарай гээд хэлсэн. Зусланд явж байхад манай талаас ямар ч хүнгүй очоод үнэлгээ гаргуулсан. Хохирлын үнэлгээ өндөр гарсан, би зөвшөөрөхгүй байна. Би нүүр сетканы үнэ 1800,000 төгрөгийг төлж өгнө гэжээ.
3.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 154/ШШ2025/00071 дугаар шийдвэрээр:
3.1 Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.оос 6,072,200 /зургаан сая далан хоёр мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.т олгож,
3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 112200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.оос 112200 /нэг зуун арван хоёр мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож,
3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Булган сумын ******* багийн нутаг дэвсгэрт миний бие нь улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад эргэлт дээр урдаас тээврийн хэрэгсэл гарч ирэх агшинд зогссон. Гэтэл нэхэмжлэгч Д. нь улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирж миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урдаас ирээд мөргөсөн. Тухайн үед би яасан бэ гэж а*******ад Д. нь нар гялбаад харсангүй ах гэж хэлж байсан бөгөөд тухайн үед түүний тээврийн хэрэгслийн урд нүүрний хэсэг хагарсан байсан. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгсэлд үнэлгээний байгууллагад үнэлгээ гаргуулахад капут гэх мэтээр огт эвдрэл учраагүй эд ангийг сольсон мэтээр үнэлгээ гаргуулж тэрхүү дүнгээр надаас мөнгө нэхэмжилсэн. /Хэрэгт хавсаргагдсан гэрэл зургийн үзүүлэлтээс түүний тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл маш тодорхой харагдаж байгаа/ тухайн үед түүний тээврийн хэрэгслийн нүүрний сетка хагарсан байсан ба бусад эд ангиуд зүгээр байсан. Нүүрний сеткийг засварлаж будах боломжгүй учир миний бие авч өгөх талаар тухайн үед ч зөвшөөрсөн. Д. нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр дээрх тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг тогтоолгоогүй нь буруу гэж үзэж байна. хэрэг авагдсан үнэлгээг өөрийн үзэмжээр гаргуулсан тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй.
Анхан шатны шүүх нь цагдаагийн дэслэгч Б.Бямбацогтын хэргийн газарт нөхөн үзлэг хийж, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан мөрдөгчийн магадалгааг үндэслэсэн байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь цагдаагийн дэслэгч Б.Бямбацогт үндэслэлгүйгээр зүгээр таамаглах байдлаар хийж Д.ын тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй үйлдлийг орхигдуулан зөвхөн намайг буруутгасан магадлагаа гаргасан гэж үзэж байгаа анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж байна. Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн 154/ШШ2025/00071 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Б.т холбогдуулан тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол 6,072,200 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор зөрчлийн хэргийн материалаас зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Д.ын Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сум дахь Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, хохирогч Д., , , зөрчилд холбогдогч Б. нарын мэдүүлэг, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, шийтгэлийн хуудас, өөрийн иргэний үнэмлэхний лавлагаа, авто машинууд мөргөлдсөн үеийн гэрэл зургууд, ШТС-аас бензин авсан баримтууд, Ашид билгүүн ХХК-нд бэлэн мөнгө тушаасан орлогын баримт, Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, үнэлгээний тайлан, орон сууц захиалгаар бариулах гэрээ зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
3. Харин хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаад үндэслэлээ “Зам тээврийн осол гарахад Д.ын хурд хэтрүүлсэн үйлдэл нөлөөлсөн, ослын талаарх магадалгааг хүлээн зөвшөөрөхгүй, авто машины эвдрэл, хохирлын үнэлгээ өндөр байна. Нэхэмжлэлийн шаардлагаас зөвхөн урд нүүр буюу сетканы үнэ 1,800,000 төгрөгийг л төлнө” гэж тайлбарлажээ.
4. Анхан шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.оос 6,072,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.т олгож шийдвэрлэсэн” байна.
5. Хариуцагч Б. нь давж заалдах гомдолдоо “Д. эрх бүхий байгууллагын шийдвэрээр тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг гаргуулаагүй нь буруу, мөрдөгчийн ослын талаар гаргасан магадалгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
5.1. Талууд шүүхэд нотлох баримт, тайлбар гаргах замаар мэтгэлцсэн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар:
• 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Булган сумын ******* багийн нутаг дэвсгэрт Б. нь дугаарын тээврийн хэрэгслээр Б.ын дугаарын тээврийн хэрэгслийг мөргөсөн бөгөөд “үнэлгээ хийлгэчих хохирлыг чинь төлнө гэж хэлээд одоог болтол хохирол төлөхгүй байна” хохирол барагдуулахгүй байна гэх өргөдөл гаргаж уг өргөдлийг гомдол мэдээлэлд бүртгэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
• Уг зөрчлийн хэрэгт хохирогч Д. “... тухайн машин урсгал сөрж орж ирээд миний машиныг эгц урдаас мөргөсөн, Б. бууж ирээд миний 100 хувь буруу хохирлыг чинь барагдуулна, таньдаг хүмүүс байна цагдаа, шүүхээр яваад яах вэ гэж хэлсэн” гэх, ий “.. би 2022 онд Д. гэх хүнд дугаартай тээврийн хэрэгслийг 38 сая төгрөгөөр зарсан...” гэх, ийн “... Д. нь урдаас машин гарч ирээд мөргөлдөөд урд гэрэл, урд буфер эвдчихлээ гэж ярьсан” гэх, зөрчилд холбогдогч Б.ийн 2024 оны 5 сарын 15-ны өдөр 17-18 цагийн үед гэрлүүгээ явж байтал урдаас хар машин хурдтай гарч ирээд мөргөсөн, жолооч нь бууж ирээд нар гялбаад харсангүй гэж хэлсэн. Би цагдаа дуудвал дууд гэхэд тэр хүн дуудаагүй, тэр хүн машинаа байрны урьдчилгаанд өгөх гэсэн юм гэхээр нь би 1.000.000 төгрөг өгье гэсэн..., 1 сая төгрөг арай багадах байхаа Ховд ороод үзүүлээд ярья гэсэн..., үнэлгээ гаруулахдаа манай ах, дүүг дагуулаад яваарай гэсэн дагуулж яваагүй дур мэдэн үнэлгээ гаргуулсан байсан..., анх урд нүүр хагарсан, буфер билүү копуд хотойгоод зураас гарсан байсан...” гэж тус тус мэдүүлсэн.
• Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр “ суурингийн дотор талын хорооллын дундах, 2 эгнээ бүхий, эсрэг хөдөлгөөнтэй, зорчих хэсгийн өргөн 11,6 метр бүхий, хуурай хөрстэй тэгш гадаргуутай, хашлагагүй замын зохицуулаггүй уулзвартай газар осол гарсан талаар үзлэг хийж, схем зураг гаргасан, мөн дугаартай авто машинд Д., Б. нарыг байлцуулан үзлэг хийсэн.
• “77-67 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д. нь МУ-н Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна. Харин дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б. МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дүгээр зүйлд “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.” гэснийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх магадлалтай гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр магадлагаа гаргаж гэрэл зургийн үзүүлэлтүүдийг хавсаргасан.
• Ховд аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0811730 дугаар шийтгэлийн хуудсаар Б. нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зам тээврийн осол гаргасан байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан,
• “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээний дүгнэлтээр “ уг машины буферийн хөөс, нүүр сетка, лого хагарч хугарч капут нугарч тунарч халцарч, зүүн крыло будаг халцарч урд буфер хагарч цуурч халцарч сэвтсэн байв, зах зээлийн жишиг үнийн болон өртгийн хандлагын аргыг ашиглаж эвдэрсэн эд анги болон материалын үнэ, ажлын хөлс нийт 5,440,000 төгрөг болно гэж үнэлгээг тогтоосон.
• Нэхэмжлэгч нь үнэлгээний төлбөрт Ашид билгүүн ХХК-д 370,000 төгрөг, эвдэрсэн эд анги болон материалын үнэ, ажлын хөлс нийт 5,440,000 төгрөг, тээврийн хэрэгслийг засварлуулахаар явахад зарцуулсан шатахуунд 262,200 төгрөг зарцуулсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.
5.2 Талуудаас гаргаж өгсөн, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар Б. нь зам тээврийн осол гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчлийн хэрэг үйлдсэний улмаас нэхэмжлэгчид 6,072,200 төгрөгийн хохирол учирсан, хариуцагчийн хууль бус үйлдэл болон нэхэмжлэгч Д.т учирсан хохирол хооронд шууд шалтгаант холбоотой нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ. Тиймээс хариуцагч нь Б. нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн, бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг бүрэн хариуцан арилгах үүрэг хүлээнэ.
5.3 Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “... Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж заасан байх бөгөөд хариуцагч Б. нь “зам тээврийн осол гарахад Д.ын хурд хэтрүүлсэн үйлдэл нөлөөлсөн, ослын талаарх магадалгааг хүлээн зөвшөөрөхгүй, авто машины эвдрэл, хохирлын үнэлгээ өндөр байна” гэж мэтгэлцсэн атлаа энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй, татгалзлын үндэслэл болон гэм буруугүй болохоо нотолж чадаагүй байна.
6.Иймд Б.ийн зөрчил үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, үйлдэл эс үйлдэхүй болон Д.ын эд хөрөнгөд учирсан хохирол хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо, тэдгээрийн харилцан хамаарал зэргийг нэгтгэн дүгнээд, нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр “зөрчлийн улмаас үүсэх үүргийг гэм буруутай хүнээр хариуцуулах” шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
7.Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзээгүй тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээх нь зүйтэй байна.
8.Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэгч “Д. хариуцагч Б.оос гэм хорын хохирол 6.072.200 төгрөг нэхэмжилж байгааг Б.оос гаргуулах боломжгүй” гэх агуулгатай дүгнэлт гаргасан байх бөгөөд шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 154/ШШ2025/00071 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,105 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ