Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 745

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч А.Мөнхзул /томилолтоор/, шүүгдэгч Б.Ө, Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын газрын хяналтын прокуророос Хойд овогт Э.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Хиад овогт Б.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908018930718 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Хиад овгийн Б.Ө, Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ментора коллежийн англи хэлний ангийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл тав, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо ... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ..., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

            Хойд овгийн Э.Ц, Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Батлан хамгаалах их сургууль Аюулгүй байдлын сургуулийн эдийн засаг менежментийн тэнхимийн 4 дүгээр курсын сонсогч, ам бүл -5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн ... тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар ..., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

- Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаад иргэн Э.Ц маргалдан түүний нүүрэн тус газар цохиж зодон эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            - Шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаад иргэн Б.Ө маргалдан түүний нүүрэн тус газар цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус бүр холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаад иргэн Э.Цэй маргалдан түүний нүүрэн тус газар цохиж зодон эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            - Шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаад иргэн Б.Өтэй маргалдан түүний нүүрэн тус газар цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Б.Өийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн... “ гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Цгийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...“ гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр найз Ч хамт нэгдүгээр хорооллын 32 дугаар байрны сагсны талбайд тоглосон. Энэ үед манай эсрэг багт тоглож байсан танихгүй залуу ихэвчлэн довтлохдоо бохир тоглоод байсан тэгээд миний цээж рүү хүчтэй мөргөөд довтлохоор нь би түүнд чи алдаа хийлээ гэж хэлсэн. Түүнийг довтлоход би хамгаалаад бөмбөгийг таслахад чи бөмбөг биш гар цохисон гэж хоорондоо маргалдаад, миний нүүр лүү духаараа тулаад биеэрээ шахаад түрсээр байгаад торон хашаа руу тулсан... би өрсөөд цохьё гэж бодоод нүүрэнд нь гараараа цохисон, ... харин тэр залуу миний нүүр лүү 2-3 удаа цохисон... ” гэх мэдүүлэг/хх- ийн 21-р хуудас/,

Хохирогч Э.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 18 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны сагсан бөмбөгийн талбай дээр тоглох гэж очсон... тоглож байгаад алдаанаас болж хар хөх цамцтай жийнс өмд цагаан пүүзтэй хүүхэдтэй маргалдсан...тэр хүүхэд намайг хавирч унагасан, миний нүүр лүү цохиж зодсон ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2019 оны 04 дүгээр сарын 01-ний орой 18 цагийн үед 32 дугаар байрны сагсан бөмбөгийн талбай дээр ирж танихгүй залуусын хамт 3х3 тоглож байхад Ц ирээд хуваагдаж тоглосон. Тухайн үед Цын баг Өийн баг хоорондоо харилцан тоглож байхад Цыг бөмбөг шийдэх үед Ө бөмбөгөн дээр нь хаалт хийхэд Ц чи алдаа хийж миний гар дээр цохилоо ....гээд хоорондоо маргасан... Ц уурлаад Ө дээр очоод биеэрээ торон хашаа руу шахаад, чи яасан том юм бэ гээд байсан. Ө эхэндээ инээгээд тоглож байгаад Цын нүүр лүү цохиод Ц зөрүүлээд цохисон... Цын хамраас цус гарсан, Ц зөрүүлээд Өийн шанаа руу 2-3 удаа цохисон... “ гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4165 дугаартай “...Э.Цгийн биед зүүн хацар ясны хугарал, хамар ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа /1.0x0.3/, дух хүзүү, баруун дал, баруун бугалга, чихний дэлбэнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...гэх дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4323 дугаартай дүгнэлтэд “...Б.Өийн биед зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт диск /хх-ийн 07-12-р хуудас/,

Шүүгдэгч Б.Өийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/,  шүүгдэгч Э.Цгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /ххи-ийн 47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хичээлээ тараад харих замдаа найз Ч хамт 1 дүгээр хорооллын 32 дугаар байрны сагсны талбай дээр сагс тоглох гэж очсон юм. Сагсан бөмбөгийн талбай дээр очиход надтай хамт бага ангид сурч байсан Д гэдэг найз маань танихгүй хүүхдүүдтэй сагс тоглож байсан. ... Манай эсрэг багт тоглож байсан танихгүй залуу тоглож довтлохдоо бохир тоглоод байсан.Тэр залуу намайг хамгаалж байхад довтлохдоо миний цээж рүү хүчтэй мөргөөд довтлохоор нь би түүнд “ Чи довтолгооны алдаа хийлээ” гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу “ юу яриад байгаа юм бэ?” гээд тоогоогүй. Тэгээд алдаа гарсан гэж үзээд манай баг бөмбөг тоглолтод оруулахаар болсон. Үргэлжлүүлээд тоглож түүнийг довтлоход би хамгаалаад бөмбөгийг таслахад тэр залуу “бөмбөг биш гар цохисон чи алдаа гаргасан” гээд надтай маргалдсан. Нэлээн удаан маргалдаж байгаад би “за танайх бөмбөгөө ав” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу бөмбөгийг бөгсөн доороо хийж суучхаад босохгүй тоглохгүй байсан. Би түүнийг “”чи яасан шалчигнасан юм бэ? тоглоё” гэж хэлсэн. Би тэгээд буцаж эргээд сандал руу суух гээд явтал тэр залуу араас ирээд “чи юу гээд байгаа юм. Намайг мэдэх үү?” гээд хэрүүл өдөөд миний нүүрэнд духаараа тулаад биеэрээ шахаад байсан. Намайг биеэрээ түрсээр байгаад хашаанд тулгасан. Энэ үед хүүхдүүд ирээд боль гэж хэлсэн. Тэгээд тэр залуу надаас холдсон мөртөө үг хэлээр дайраад байсан. Тэгснээ буцаж над дээр ирээд дахиад духаараа нүүрэнд тулаад биеэрээ шахаад дайраад байхаар нь тэр намайг цохих гэж байна гэж бодоод өрсөөд нүүрэнд нь гараараа цохисон. Тэгсэн чинь тэр залуу намайг шууд бэлхүүсээр тэвэрч аваад газар унагах гээд түлхээд байсан. Би тэгэхээр би түүнийг биеэсээ түлхэж холдуулах гээд түлхэх үед тэр залуу ардаа байсан сандалд тээглээд суусан. Энэ үед хүүхдүүд голоор орж ирээд салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

Шүүгдэгч Э.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 32  дугаар байрны голын сагсны талбай дээр сагс тоглох гэж очсон юм. Тэр талбай дээр миний үеийн танихгүй залуучууд тоглож байсан юм. Тоглож байгаад нэг тоглолтын дүрмийн алдаанаас болж хар хөх цамцтай, жийнс өмдтэй цагаан пүүзтэй 19 орчим настай хүүхэдтэй маргалдсан. Тэр хүүхэд ямар алдаа нэхээд байгаа юм гээд уурласан. Тэгээд маргалдаад би алдаагаа нэхээд сууж байхад тэр хүүхэд над дээр ирээд хараагаад байсан. Тэгэхээр нь би түүнийг яагаад хараагаад байгаа юм гээд өөдөөс нь духаараа тулаад хэрэлдсэн. Тэгсэн чинь тэр хүүхэд намайг заамдаж аваад хавирсан. Би зүгээр байгаарай гээд босоод иртэл тэр хүүхэд намайг зодсон. Тэгж зодуулаад миний цамц урагдаад хамраас цус гарсан. Тэгээд зодоон дууссаны дараа би цагдаа дуудна чи байж бай гэхэд тэр залуу яваад өгсөн...” мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/ зэрэг  нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Э.Цгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг, шүүгдэгч Б.Өийг үйлдэл нь  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” шинжийг тус бүр бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Цг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Өийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь харилцан бие биедээ гэмтэл учруулсан бөгөөд эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн үр дагавар болох хор уршгийг арилгасан байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ө, Э.Х нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өөд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...гэв.

Шүүгдэгч Б.Ө өөрийгөө өмгөөлж: “...Хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэв.

Шүүгдэгч Э.Ц өөрийгөө өмгөөлж: “...Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өөд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө, Э.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Хиад овогт Б.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Хойд овогт Э.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өөд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус бүр шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Э.Ц нарт оногдуулсан торгох ялыг тус бүрд нь гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай

4.Шүүгдэгч Б.Ө, Э.Ц нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө, Э.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ө, Э.Ц нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА