| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 306/2025/00161/И |
| Дугаар | 216/МА2025/00005 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 216/МА2025/00005
| 2025 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 216/МА2025/00005 |
“Х б” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 306/ШШ2025/00223 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Х б” ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Б.Б, Ч.Б нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, бизнесийн зээлийн төлбөрт 88,021,960 төгрөг, нотариатын зардал 44,000 төгрөг, нийт 88,065,960 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч Б.Наранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунчимэг, Д.Наран /цахимаар/, хариуцагч Ч.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Зээлдэгч Б.Б, Ч.Б нар нь Говьсүмбэр салбараас 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр №3Г/202352787079 дугаартай зээлийн гэрээ, №БГҮ202352787079, №БГХ202352787079 Барьцааны гэрээ байгуулан 130,000,000 /нэг зуун гучин сая/ төгрөгийн бизнесийн зээлийг, жилийн 18,6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн барьцаанд бараа материал /жагсаалтаар/, Тоуоtо - гэр бүлийн суудлын автомашин-1ш, ирээдүйд орж ирэх бизнесийн орлого, Г, С, -р баг - байр - тоотод байрлах ГД-, Ү- улсын бүртгэлийн дугаартай, - мкв талбайтай, - өрөө орон сууц, Г С сумын -р баг - байр - тоотод байрлах ГД-, Ү- улсын бүртгэлийн дугаартай, - мкв талбайтай, - өрөө орон сууц, Г С -р баг - тоотод байрлах ГД-, НТД-, Э- дугаартай -мкв талбайтай эзэмших эрхтэй газар, Г С сумын -р баг аяган - гудамж - тоотод байрлах, ГД-, Ү- бүртгэлийн дугаартай, - мкв талбайтай - өрөө хувийн сууц, Г аймгийн, С сумын -р баг аяган - гудамж - тоотод байрлах, ГД-, Г- бүртгэлийн дугаартай - мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 46,085,412 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 26,492,796 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 66,985 төгрөг, нийт 72,645,192 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /99 хоног/ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд банк Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.7, 6.1.11, 6.4 дах хэсгийг үндэслэн дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна: Үүнд:
2025 оны 04 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах.
Үндсэн зээлийн үлдэгдэл 83,914,588 төгрөг
Зээлийн хүүгийн төлбөр 4,081,824 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25,548 төгрөг
Зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дараах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Үүнд:
Бараа материал /жагсаалтаар/,
Тоуоtо - гэр бүлийн суудлын автомашин-1 ш,
Ирээдүйд орж ирэх бизнесийн орлого,
Г, С, -р баг - байр - тоотод байрлах ГД, Ү- улсын бүртгэлийн дугаартай, - мкв талбайтай, - өрөө орон сууц,
Г С сумын – р баг - байр - тоотод байрлах ГД-, Ү- улсын бүртгэлийн дугаартай, - мкв талбайтай, - өрөө орон сууц,
Г С -р баг - тоотод байрлах ГД, НТД-, Э- дугаартай 392мкв талбайтай эзэмших эрхтэй газар,
Г С сумын -р баг аяган - гудамж - тоотод байрлах, ГД, Ү бүртгэлийн дугаартай, - мкв талбайтай - өрөө хувийн сууц,
Г аймгийн, С сумын -р баг - гудамж - тоотод байрлах, ГД-, Г- бүртгэлийн дугаартай 2450мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө.
Зээлийн төлбөрт 88,021,960 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 44,000 төгрөг, нийт 88,065,960 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 130,000,000 төгрөгийн бизнесийн зээл авсан. Тухайн зээлээ бизнесийн орлогоос төлж байсан учир 2-3 хоног хэтрэх зүйл байсан. 2024 оны 11 дүгээр сараас орлого буурсан. Арай гэж сардаа багтааж төлдөг байсан. Жил болгоны 01 дүгээр сар орлогын хувьд үнэхээр муу байдаг. Тухайн 01 дүгээр сард төлж чадаагүй. Зээлийн ангилал буурч өөр ямар ч зээл авах боломжгүй болсон. Хаан банкинд хүү болон төлбөр нийт 72,000,000 төгрөг төлсөн байдаг. Тухайн 88,065,960 төгрөгийг төлж чадахгүй явж байна. Бизнес хийдэг хүний хувьд таатай зүйл биш. Маш их хичээсэн боловч амжаагүй. Гэрээний дагуу шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Миний хувьд 130,000,000 төгрөгийн зээлийг авахад эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих зээл хамгийн боломжит зээл байсан. Хугацааны хувьд хамгийн урт хугацаатай байсан. Тухайн үед гэр бүлийн хүрээнд байсан бүх зээлүүдийг хаасан. Энэ нь Монгол банкны лавлагаагаар харагдаж байгаа. Анх судлахад хамтран зээлдэгчид хэдэн төгрөгийн зээл байгаад хэрхэн хаагдсан бэ гэдэг нь байгаа байх гэж бодож байна. Миний хувьд 75,000,000 төгрөгийн бусад банкны зээл төлсөн. Төрийн банкин дээр хоёр бизнесийн зээл, Хас банкинд нэг бизнесийн зээл байсан. Ч.Б хувьд тухайн үед Хаан банкинд бизнесийн зээл 17,000,000 төгрөгийн зээл хаасан. Байрны зээл 17,000,000 орчим төгрөгийн зээл буюу гэр бүл дотор байсан бүх зээлүүдийг хаасан. Ч.Б солонгосын виз нь гарчихсан байсан. Хоёулаа зээлээ хоёр талаас нь төлөөд явъя гэж хэлээд Солонгос явах тийзний мөнгө бүх юмыг нь тухайн зээлээс гарч явсан. Харин одоо зөвхөн энэ хүн авсан тэр нь нотлогдон гэж байна. Энэ зээлийн зарцуулалт Монгол банкны лавлагаагаар харагдаж байгаа гэж бодож байна. Эхлээд ямар байсан бэ гэдгийг зээл судлахаар гарч ирдэг шүү дээ. Тухайн зээлийн зориулалтыг буруу ашигласан гэжээ.
Миний хувьд шүүхэд хүсэлт гаргаж үндсэн зээлдэгч Б.Б 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс 2025 оны 06 дугаар сарын 23-ныг хүртэл Хас банк болон Төрийн банкны дансны хуулгыг нь авсан. Орлогын дүнг нь харахад 150,000,000 орчим төгрөг төвлөрсөн байна. Тухайн үедээ энэ зээлийг сард 4,740,000 төгрөгөөр төлөөд явах боломжтой. Хаан банкны нэхэмжлэх эрхийн дагуу барьцааны байр, орон сууц, болон эд материалыг хураахгүй энэ асуудал шийдэгдэх боломжтой гэж үзэж байна. Хариуцагч Б.Б зээл төлөхийг зөвшөөрөх биш, Хаан банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Хаан банк бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдээ дэмжээд Европын сэргээн босголтын хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци гэдэг байгууллагуудаас хөрөнгө босгосон. Энэ хүрээнд иргэн Б.Б 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 130,000,000 төгрөгийн зээл авсан. Миний бие хамтран зээлдэгч. Энэ дээр ярихгүй бол болохгүй зүйл байна. Б.Б өөрөө хэлж байна. Анх 130,000,000 төгрөг аваад 2024 оны 11 дүгээр сар хүртэл төлбөрөө төлж байсан. Энэ хугацаанд юу болж байсан бэ гэхээр бид хоёрын хувьд одоогийн байдлаар гэр бүлийн баталгаагаа салаагүй, эхнэр нөхөр хэвээрээ байгаа. Тухайн үед цуг амьдардаг байсан. Гэтэл Б.Б нь С овогтой Х гэх залуутай асуудал үүсгэж, гэр бүлийн асуудал хоёр тийшээ болсон. Үүнээс болоод зээлээ төлөхгүй байгаа юм уу гэдэг асуудал байгаа. Тухайн хүнтэй асуудал үүсгэж бүр жирэмсэн болсон байсан. Үүнээс болоод би гомдсон, ямар ч хүн гомдох байх. Энэ асуудал нь өөрөө 10 жилийн өмнө давтагдаж байсан. Намайг явснаас хойш хэдэн сар зээлээ төлж байгаад төлөхөө больсон. Хаан банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж ярьж байна. Энэ хаан банкны зээлийн гэрээн дээр барьцаатай байгаа - байр, - газар, автомашинууд Б.Б нэр дээр байдаггүй. Гуравдагч этгээдээр ирсэн миний ээжийн байр, хашаа байгаа. Хаан банкинд хураагдахад Б.Б гэх хүнд огт нөлөөлөхгүй учраас хүлээн зөвшөөрч байна. 130 000 000 төгрөг зөвхөн Б.Б дансанд ороод зөвхөн Б.Б харилцагч байгууллагууд руу зарлага хийгдэж, Хаан банк хяналт тавьж явсныг мэдэж байгаа. Баримт нотолгоог нь аваад үзэхэд мэдэгдэж байгаа. Яагаад энэ хүн зээлээ төлж явж байснаа асуудал үүсээд хоёр тийшээ болохоор төлж чадахгүй орлого байхгүй гэж ярьж байгаа юм бэ, орлого байхгүй гэдгийг би үгүйсгэж байна. Энэ хүн болохоор төлөхгүй байгаа нь миний хувьд залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байгааг үгүйсгэхгүй. Нэгэнт хийсэн гэрээ юм чинь төлөх нь тодорхой тул шүүх шийдэж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус үндэслэн “Х б” ХК, хариуцагч Б.Б, Ч.Б нарын байгуулсан ЗГ/202352787079 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нараас зээлийн гэрээний гүйцэтгэгдээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 83,914,588 төгрөг, зээлийн хүү 4,081,824 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,548 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 44.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х б ХК-д олгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Б, Ч.Б нар зээлийн гэрээний үүрэг 88,021,960 төгрөгийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох:
- Бараа материал /жагсаалтаар буюу худалдан борлуулсан, хадгалалтын хугацаа зэргээс байхгүй болсон бол орлох зүйлсээр/
- Ч.Б өмчлөлийн Тоуоtо - гэр бүлийн суудлын автомашин-1 ш,
- Ч.Б өмчлөлийн Г, С, -р баг - байр - тоотод байрлах ГД, Ү улсын бүртгэлийн дугаартай, 24 мкв талбайтай, 2 өрөө орон сууц,
- Ч.Б өмчлөлийн Г, С сумын -р баг байр тоотод байрлах ГД, Ү улсын бүртгэлийн дугаартай, 24 мкв талбайтай, 2 өрөө орон сууц,
- Ч.Б өмчлөлийн Г, С -р баг -тоотод байрлах ГД, НТД, Э дугаартай 392мкв талбайтай газар газар эзэмших эрх зэргийг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс,
- Бизнесийн орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас Т.У өмчлөлийн Г аймгийн, С сумын -р баг аяган - гудамж - тоотод байрлах, ГД, Г бүртгэлийн дугаартай 2450мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, Т.У өмчлөлийн Г, С сум, -р баг – гудамж - тоотод байрлах, ГД, Ү улсын бүртгэлийн дугаартай 72м мкв 2 өрөө хувийн сууц үл хөдлөх хөрөнгийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 668,480 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Ч.Б нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүн болох улсын тэмдэгтийн хураамжид 668,480 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунчимэгийн давж заалдах гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь хэргийн бодит байдалтай бүрэн нийцээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгаа тул дараах үндэслэлээр давж заалдах журмаар шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд:
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: "... Х Б ХК-ийг төлөөлж, Говьсүмбэр салбар болон Б.Б, Ч.Б, Т.У нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн БГУ202352787079 дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, гэрээний 2.2 дахь хэсэгт Ч.Б 3 ш, Т.У 2 ш Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан, БГХ202352787079 дугаартай хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдож, зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэх болон нэхэмжлэлээр шаардсан гэрээний үүргийн дүнгийн талаар талууд маргаагүй байна. Энэ зээлийн гэрээ түүнийг үндэслэн байгуулсан барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр гэрээ байна" хэмээн анхан шатны шүүхээс дүгнэсэн атлаа шүүх нэхэмжлэлийн шаардлагаас иргэн Т.У барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь өөрөө нэхэмжлэгч, барьцаалагчийн хууль ёсны эрх, эрх ашгийг нь дордуулсан, хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.1-д "барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээнд барьцааны зүйлийн үр шимийг олж авах", 157.1.2-т "барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах" талаар энэ хуулиар олгогдсон барьцаалагчийн эрхийг зөрчсөн. Мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.4-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекоор хангагдахаар байвал үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг тухайн шаардлагыг бүхэлд нь хангахад ашиглах бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагаа хангуулахдаа аль нэгэн үл хөдлөх эд хөрөнгийг сонгож болно", уг хуулийн 172.6-д “Ипотекийн үр дүнд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирсон бол тухайн этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаж, ипотекийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй", 172.8-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг энэ хуулийн 172.6-д заасны дагуу хангасан этгээдэд ипотек шилжсэн бол тэрээр өмчлөгчөөс учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй" гэж заасан. Дээр дурьдсан хувийн сууц, өмчлөх эрхтэй газрын өмчлөгч Т.У болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаагаар нотлогдсон тул зээлдүүлэгч Х Б нь түүнийг өмчлөгч хэмээн үзэж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд уг барьцааны зүйл, барьцааны бүртгэлийн талаар нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хэн аль нэг нь буруу ташаа гэж эсэргүүцээгүй, шүүхээр маргаагүй болно. Иймд ХААН Банк нь барьцааны эрхийг хууль ёсоор олж авсан Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасан шударга барьцаалагч гэж үзэж байгаа тул зээлийн гэрээний төлбөр дуусах хүртэл уг хувийн сууц, өмчлөх эрхтэй газрыг банкны зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх ямар ч үндэслэлгүй юм. Барьцааны гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн атлаа барьцаалуулсан Үл хөдлөх эд хөрөнгүүдийг нь шүүх өөрийн санаачлагаар чөлөөлж байгаа нь илт хууль бус болно. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоогүй л бол чөлөөлөх үндэслэл болохгүй юм. ХААН Банк нь хувийн сууц болон өмчлөх эрхтэй газрын өмчлөх эрх Т.У нэр дээр бүртгэлтэй байх үед нь зээлдэгч Б.Б, Ч.Б нарын тус банкнаас авч байгаа зээлийн гэрээний үүргийг хангуулахаар уг ҮХХ-ийг барьцаалсан бөгөөд банкны хувьд барьцааны эрхийг Зээлийн гэрээний үндсэн дээр шударгаар барьцаалсан болохоос биш Батлан даалтын гэрээг үндэслэн барьцаалаагүй болохыг шүүхээс анхаарч үзэхийг хүсье.
Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 306/ШШ2025/00223 дугаартай шүүхийн шийдвэрийн Т.У нэр дээрх бүртгэлтэй хувийн сууц болон өмчлөх эрхтэй газараар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү гэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн 223 дугаартай шүүхийн шийдвэрээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэх болон нэхэмжлэлээр шаардсан үнийн дүнгийн талаар талууд маргаагүй. Дээр нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гээд дүгнэчихсэн. Тэгсэн мөртлөө иргэн Т.У барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Үнэхээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол иргэн Т.У барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хэрэгсэхгүй болгох үндэслэл байж болох юм. Гэтэл шүүхийн шийдвэрт энэ барьцааны гэрээ чинь зээлийн гэрээгээ үндэслэж хийгдсэн ийм гэрээ байгаа. Шүүх, батлан даалтын гэрээтэй хольж хутган дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Яагаад гэхээр банк дангаар зээлийн гэрээ байгуулсан. Түүнээс аль нэг компани батлан даасан зүйл байхгүй. Батлан даалтын гэрээ огт хийгдээгүй байхад батлан даагч маягаар хуулийг тайлбарлаж хэрэглэсэн нь Иргэний хуулийн 157.1.1, 157.2-т заасан барьцаалагчийн эрхийг ноцтой зөрчиж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байгаа юм. Иргэн Т.У хувийн сууц, өмчлөх эрхтэй газар нь өөрөө улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаагаар нотлогдсон учраас банк түүнийг өмчлөгч гэж үзээд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан барьцааны зүйл, барьцааны бүртгэлийн талаар нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд хэн аль нь буруу ташаа эсэргүүцээгүй, маргаагүй байхад шүүх өөрийн санаачлагаар барьцааны хэсгийг ямар ч үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдсэн нь өөрөө үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл барьцааны зүйлээс чөлөөлөх ямар ч үндэслэлгүй юм. Үл хөдлөх хөрөнгийг ХААН банк хувийн сууц болон өмчлөх эрхтэй газрын өмчлөх эрх У нэр дээр бүртгэлтэй байх бөгөөд Б.Б, Ч.Б нарын тус банкнаас авч байгаа зээлийн гэрээний үүргийг хангуулахаар уг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Банкны хувьд барьцааны эрхийг зээлийн гэрээний үндсэн дээр шударгаар барьцаалсан болохоос биш батлан даалтын гэрээг үндэслэж барьцааны гэрээг байгуулаагүйг шүүхээс анхаарч үзэхийг хүсье. Тийм учраас гомдлыг дэмжиж барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангуулж өгч шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Энэ зээлийн хувьд нэгэнт үл хөдлөх хөрөнгө барьцаалагдсан байгаа учраас заавал хөдлөх хөрөнгөөр шаардлага хангуулна гээд зүтгээд байх зүйл байхгүй. Мөн барьцааны зүйл бараа материал нь байхгүй учраас шаардлагыг хэрэгсэхгүй болгоход татгалзах зүйлгүй гэв.
7. Хариуцагч Ч.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх дээр мэдээж нэхэмжлэгч тал, хариуцагч талуудын байр суурь байгаа. Тэр байр суурин дээрээ байна. Нөгөө талаар нэхэмжлэгч талын тайлбартай холбоотойгоор шүүх шийдвэр гаргасан. Би бодохдоо холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд гаргасан байх гэж бодож байна. Давж заалдах шатан дээрээ хуульд ямар байдаг юм тэрүүгээрээ шийдэх байх гэж бодож байна. Цаашдаа ХААН банк харилцагч нарын хоорондын иймэрхүү байдалтай буюу итгэмжлэлээр хийх нь зөв үү буруу юу гэдэг дээр анхаарах байх. Миний хувьд ямар нэгэн байдлаар ямар ч шийдвэр гаргасан түүнийг хүлээн зөвшөөрөөд процессын ажиллагаа нь цаашаа явах асуудал ном журмынх нь дагуу шийдэгдэнэ гэж бодож байна. Нэгэнт л зээл авсан нь үнэн. Миний хувьд үндсэн зээлдэгч биш. Хамтран зээлдэгч. Гэхдээ үндсэн зээлдэгчийн адил үүрэг хариуцлага хүлээж байгаа. Нөгөө хүн маань өөрөө төлөөд явах боломжтой хэрнээ төлөхгүй байгаа. Эргээд миний ээжийн итгэмжлэлээр тавьсан юмнууд хөндөгдөөд байгаа. Шүүхийн шийдвэр нь хэзээ албажих юм байгаа юм. Эндээс ямар шийдвэр гарах юм, тэр шийдвэрийг нь ХААН банк дахин Дээд шүүхэд гомдол гаргах юм уу үгүй юм уу, тэр бүгд нь албажаад явахаар асуудлууд нь шийдэгдээд явах байх гэж бодож байна. Ийм л байр суурьтай байна гэв.
8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Манай дүү Ч.Б нь үл хөдлөх хөрөнгөө барьцаалж эхнэртээ бизнесийн зээл авч өгч тусалсан юм байна лээ. Тухайн үед бол бид нар мэдээгүй байсан. Сая шүүх хурал болоод төлбөр төлөхгүй болоод ирэхээр нь бид нар мэдсэн. Ээж маань өндөр настай хүн байдаг. Ч.Б нэг байр бол манай аав, ээжийн гал голомт. Аяганы хонхорт байгаа нь сүүлд авсан. Дүүгээ ямар ингэлээ гээд тоохгүй байлтай биш. Ээжийгээ ч гэсэн бодоод шүүхээс ямар ч шийдвэр гарсан байрыг нь авч үлдэх арга хэмжээ авна. Бид нар эхээсээ 7-уулаа учраас ямар нэгэн аргаар төлж барагдуулна гэж бодож байна гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч “Х б” ХК нь Б.Б, Ч.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 88,021,960 төгррөг, нотариатын зардал 44,000 төгрөг нийт 88,065,960 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Ч.Б нь “Б.Б надтай хамт амьдарч байхдаа зээлээ хэвийн төлж байснаа тусдаа амьдарснаас хойш өөрийн хөрөнгөө барьцаалаагүй, алдах зүйлгүй гэдгээр зориуд төлөхгүй байна” гэсэн үндэслэлээр маргасан.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.У итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “үр хүүхдээ сайн сайхан яваасай гэж байраа барьцаалсан. Настай хүний байрыг банкинд хураалгахгүйгээр төлбөр тооцоогоо хийж дуусгах байх гэж итгэж байна. ... Ээжийгээ бодоод шүүхээс ямар ч шийдвэр гарсан байрыг нь авч үлдэх арга хэмжээ авна” гэсэн тайлбарыг гаргасан.
3. Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын үйлчилгээний зардал нийт 88,021,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”Х б” ХК-д олгож, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасныг баримтлан бараа материал, суудлын автомашин, бизнесийн орлого болон Ч.Б өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангаж, Т.У өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунчимэг “банк барьцааны эрхийг хууль ёсоор олж авсан шударга барьцаалагч байхад барьцааны зүйлийг чөлөөлсөн нь үндэслэлгүй, мөн хөрөнгийг барьцаалсан болохоос батлан даалтын гэрээг үндэслэн барьцаалаагүй” гэсэн агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан.
5. “Х б” ХК нь хариуцагч Б.Б, Ч.Б нартай 2023 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр №ЗГ/202352787089, №БГҮ202352787079, №БГХ202352787079 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 130,000,000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн, зээлийн барьцаанд Ч.Б өмчлөлийн Г аймгийн С сумын - дүгээр баг - дугаар байрны - тоотын 24 мкв 2 өрөө орон сууц, Г аймгийн С сумын - дүгээр баг - дугаар байрны - тоотын 24 мкв 2 өрөө орон сууц, Г аймгийн С сумын - дүгээр баг - тоот 392 мкв эзэмших эрхтэй газар, Т.У өмчлөлийн Г аймгийн С сумын - дүгээр баг - дугаар гудамж - тоот 72 мкв 2 өрөө хувийн сууц, Г аймгийн С сумын - дүгээр баг - дугаар гудамж - тоот 2450 мкв өмчлөх эрхтэй газар, жагсаалтаар бүртгэсэн бараа материал, Toyoto - маркийн - улсын дугаартай автомашин, ирээдүйд бий болох бизнесийн орлого зэргийг барьцаалсан үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчийн тайлбарт үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу зөв тогтоосон байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, мөн хуулийн 156, 166 дугаар зүйлд заасан зээлийн болон барьцааны хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан талаар үндэслэл бүхий дүгнэжээ.
Түүнчлэн, хариуцагч нар нь гэрээгээр тохирсон хугацаанд зээл, зээлийн хүүг төлөөгүйгээс зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, улмаар зээлийн төлбөр, хохирлыг хамтран үүрэг гүйцэтгэгч нараас шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн болохыг зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээл төлөх мэдэгдлүүд, зээлдэгчтэй холбоо барьсан болон уулзалт хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг үндэслэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зохицуулалтад нийцсэн, энэ хүрээнд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.
7. Харин гуравдагч этгээд буюу Т.У хөрөнгийн хувьд “...бусдын өмчлөлийн зүйл барьцааны зүйл болох тохиолдол нь батлан даалт хэлбэрээр хэрэгждэг” гэсэн үндэслэлээр холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Тодруулбал, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж зааснаар банк зээлдэгчийн өөрийн хөрөнгөөс гадна Т.У олгосон итгэмжлэл /хх-ийн 15/-ийг үндэслэн Б.Б барьцааны гэрээ байгуулсан нь дээрх хуульд нийцсэн, талууд энэ талаар маргаагүй.ариХари
8. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д заасан ”Барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй” гэсэн зохицуулалтын хүрээнд хариуцагч Ч.Б, гуравдагч этгээд Т.У нарын тайлбарт үндэслэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах дарааллыг тогтоох боломжтой байжээ.
9. Түүнчлэн, нэхэмжлэгч “Х б” ХК нь тухайн үед байсан бараа материалыг жагсаалтаар бүртгэж барьцааны зүйл болгосон нь хууль зөрчөөгүй боловч анхан шатны шүүх, уг бараа материалыг одоо байгаа эсэхийг тодруулахгүйгээр “худалдан борлуулсан, хадгалалтын хугацаа зэргээс байхгүй болсон бол орлох зүйлсээр” гэж тодотгон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд “тухайн бараа материал худалдан борлуулагдсан, өөр үл хөдлөх хөрөнгүүд барьцаалдагдсан байгаа учраас заавал хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж хэлэхгүй” гэж тайлбарласныг үндэслэн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Мөн анхан шатны шүүх, үүргийн гүйцэтгэлийг хөдлөх болон үл хөдлөх барьцааны хөрөнгөөр хангуулах шаардах эрхийн хүрээнд холбогдох хууль болох Иргэний хуулийн 153, 175 дугаар зүйлийг баримтлаагүй байна.
11. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
12. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 306/ШШ2025/00223 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:
“Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.8, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б, Ч.Б нар нь зээлийн гэрээний үүрэг 88,021,960 төгрөгийг гүйцэтгээгүй тохиолдолд Ч.Б өмчлөлийн Г аймгийн С сумын - дүгээр баг - дугаар байрны - тоотын 24 мкв 2 өрөө орон сууц, Г аймгийн С сумын - дүгээр баг - дугаар байрны - тоотын 24 мкв 2 өрөө орон сууц, Г аймгийн С сумын - дүгээр баг - тоот 392 мкв эзэмших эрхтэй газар, Toyoto - маркийн - улсын дугаартай автомашин, ирээдүйд бий болох бизнесийн орлого зэргийг албадан худалдаж тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангах, дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй бол Т.У өмчлөлийн Г аймгийн С сумын - дүгээр баг - дугаар гудамж - тоот 72 мкв 2 өрөө хувийн сууц, Г аймгийн С сумын - дүгээр баг - дугаар гудамж - тоот 2450 мкв өмчлөх эрхтэй газар зэргийг албадан худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгч “Х б” ХК-ийн бараа материалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДНЯМАА
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ