Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 216/МА2025/00006

 

 

 

 

 

     

 

 “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

           Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 306/ШШ2025/00263 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

            Хариуцагч Г аймаг дахь ш ш г г-425 дугаар н х а холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136-10 дугаартай битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай, 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136-17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136-19 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай, “Б ү” ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч Б.Наранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгаланзаяа, нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

 

        1.1. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь манай компанид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа дараах хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргасан. Үүнд:

           1.Эсгийний үйлдвэрийн барилга дахин давтан битүүмжилсэн тухай. Тухайн үл хөдлөх хөрөнгийг (эсгийний үйлдвэрийн барилгыг) өмнө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд битүүмжилсэн байтал дахин давтан 20060136-10 дугаартай битүүмжлэх тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, эд хөрөнгийг хураах, шилжүүлэх журмын үндсэн зарчим, дарааллыг зөрчиж болзошгүй байна. Хэрэв өмнөх тогтоол нь хууль болон процессын шаардлагыг зөрчсөн буюу хууль бус байсан бол бид тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан эргэлтийн хөрөнгийн зээл авч, өр төлбөрөө төлж барагдуулах, цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх бүрэн боломжтой байлаа. Энэ талаар манай компанийн зүгээс эсгийний үйлдвэрийн өмнөх тогтоолоос чөлөөлүүлэх хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн боловч уг хүсэлтэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Төрийн албаны удирдлагын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу тохирох хугацаанд албан ёсны бичгээр хариу өгөөгүй нь эрх бүхий байгууллага ил тод, нээлттэй, шуурхай байх зарчмыг зөрчиж, манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

       2. “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн ч мэдэгдэл өгөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох талуудад заавал мэдэгдэх, шийдвэрийн хуулбарыг гардуулах үүрэгтэй байтал “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрх түдгэлзүүлсэн тухай бидэнд албан бичиг, мэдэгдэх хуудас огт ирүүлээгүй. Энэ нь Компанийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан сонирхогч этгээдэд шийдвэрээ танилцуулах, мэдээлэх үндсэн зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна. Улсын бүртгэлийн эрх түдгэлзэх нь компанийн үйл ажиллагаа явуулах, гэрээ хийх, санхүүгийн харилцаанд орох боломжийг шууд хязгаарладаг ноцтой үр дагавартай шийдвэр тул хуульд заасан бүрэн бичиг баримт, үндэслэлийг танилцуулах шаардлагатай. Гэвч бидэнд холбогдох шийдвэр огт танилцуулагдаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа хууль ёсны, ил тод байх зарчимтай нийцэхгүй байна. Мөн хууль зүйн үндэслэл, гомдол гаргах эрхийг эдлүүлэхгүй байгаа.

  1. Манай эзэмшилд байхгүй 13000 мкв газрыг дахин битүүмжилсэн тухай.

              Г- дугаартай, 13000 мкв талбай бүхий газар нь өмнө нь Голомт банкны гүйцэтгэх ажиллагааны үр дүнд тус банкны өмчлөлд шилжсэн байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дахин уг газрыг манай нэр дээр байна хэмээн үзэж, битүүмжлэх тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан Шийдвэр гүйцэтгэхэд хамрагдах эд хөрөнгө нь өр төлбөрийг барагдуулахад хүрэлцэхүйц, харьяалал нь тодорхой, эзэмшигч нь тогтоогдсон байх шаардлагыг зөрчиж байгаа бөгөөд бидний эзэмшилд байхгүй хөрөнгийг үндэслэлгүйгээр битүүмжилж буй хууль бус үйл ажиллагаа юм. Дээр дурдсан нөхцөл байдал нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөвхөн өр төлбөрт дүйцэхүйц хэмжээний эд хөрөнгийг хуульд заасан журмаар битүүмжлэх, дуудлага худалдаагаар борлуулах зэргээр хэрэгжих ёстой гэсэн зарчмыг зөрчиж байна. Тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүхэлд нь сулруулж, үйлдвэрлэлийг боймлох зорилготой арга хэмжээ авагдаж байгаа мэт сөрөг үр дагавар үүсэж байна. Одоогийн арга хэмжээнүүд нь манай үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, өр төлбөр барагдуулах биш харин үйлдвэрлэлээ зогсооход хүргэх, улмаар санхүүгийн хүндрэл улам нэмэгдэх нөхцөл бүрдүүлж байна. Иймд, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136-10 дугаартай битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас манай компанийг хохироосон албан тушаалтануудад хариуцлага тооцуулах шаардлагыг гаргасан.

          1.2. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 25/01 дугаар тогтоолоор өмнө гаргасан битүүмжлэх болон хураах тогтоолуудыг хүчингүй болгосон нь тухайн тогтоолууд хууль зөрчсөн болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байна. Гэсэн атлаа уг шийдвэрийн дараа дараах шинэ тогтоолуудыг гаргасан нь өмнөх хууль зөрчсөн үйлдлийг нэр өөрчлөн үргэлжлүүлсэн, хууль зүйн үндэслэлгүй алхам болсныг нотолж байна. Иймд, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136-17 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136-19 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

          1.3. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан агуулахын түрээсийн гэрээтэй холбоотойгоор үүссэн 35,425,000 төгрөгийн түрээсийн төлбөр болон 186,000,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн асуудлаар гарсан шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Энэ ажиллагааны хүрээнд “Б ү” ХХК-аар нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа барилга байгууламж, үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг үл хөдлөх болон эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн. Барилга байгууламжийг 485,465,674 төгрөгөөр, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 16,598,400 төгрөгөөр тус тус үнэлсэн болно. Гэвч дээрх үнэлгээ дараах шалтгаануудын улмаас үндэслэлгүй, хууль ёсны шаардлага хангаагүй хэмээн бид үзэж, нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: Нэгдүгээрт Газрын үнэлгээ зөрүүтэй, бараг тусгагдаагүй. Барилга доорх газрын зах зээлийн үнэ цэнэ үнэлгээнд бараг тусгагдаагүй. Гэтэл уг газар нь үйлдвэрлэлийн зориулалттай, байршлын хувьд үнэ цэн бүхий газар юм. бүх үзүүлэлтээрээ харьцуулахад дээрх үнэлгээ нь бодит зах зээлийн үнэлгээнээс хэт бага тогтоогдсон байна. Энэ нь эдийн засгийн ноцтой хохирол учруулах нөхцөлтэй. Хоёрдугаарт Хууль зүйн үндэслэлгүй болох нь цаг хугацааны зөрүүгээр нотлож байна. Үнэлгээний тайланд дурдсанаар үнэлгээ хийлгэх шийдвэр буюу тогтоол нь 2025 оны 06-р сарын 13-ны өдөр гарсан гэж тэмдэглэгдсэн байна. Гэтэл үнэлгээний үзлэг, актыг 2025 оны 05-р сарын 21-нд буюу тогтоолоос өмнө хийсэн байх нь тогтоогдож байгаа нь цаг хугацааны хувьд зөрчилтэй, хууль зүйн хувьд үндэслэлгүй болохыг илтгэж байна. Үнэлгээ хийх үндэслэл болох тогтоол гарахаас өмнө, хууль ёсны шийдвэргүйгээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийгдсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дугаар зүйл-д заасан хуульд нийцээгүй үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгох нөхцөлд хамаарна. Иймд, “ Б ү” ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэх хүртэл түр хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн өмч хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах гэжээ.

  1.  Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

              Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00024 дүгээр захирамжаар “Ч” ХХК-аас 146,220,674 төгрөгийг гаргуулж Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн. Дээрх гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Төлбөр төлөгч "Ч" ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлүүгүй, төлбөрийг төлж барагдуулаагүй тул "Ч ХХК"-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Г аймаг, Б сум, - дүгээр баг, -ын улаан гражийн зүүн талд байрлах 340,6 м.кв талбайтай (эсгийний үйлдвэр)-ийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20060136/10 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. Уг хөрөнгийг битүүмжлэхээс өмнө 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 20060136/09 дугаартай битүүмжилсэн хураасан хөрөнгө чөлөөлөх тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор чөлөөлсөн тул 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20060136/10 дугаартай хөрөнгийн эрх битүүмжлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагаа нь хууль журмын дагуу явагдсан. Төлбөр төлөгч “Ч" ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Г аймаг, Б сум, 1 дүгээр баг, -ын улаан гражийн зүүн талд байрлах 340,6 м.кв талбайтай (эсгийний үйлдвэр)-ийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны едрийн 20060136/10 дугаартай битүүмжпэх тогтоолоор битүүмжилж тогтоолын 1 хувийг баталгаат шуудангаар явуулсан. Төлбөр төлөгч “Ч ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч Л.О газрын түүхчилсэн лавлагаагаар кадастрын зураг, мөн газрын хэмжээ өөрчлөгдсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1, 271.2.2 дахь заалтыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20060136/12 дугаартай "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоол, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 20060136/14 дүгээр тогтоол, 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн өдрийн 20060136/16 дугаар "Шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн хөрөнгийг хүчингүй болгох тухай 25/01 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор ажиллагааг хүчингүй болгож зөвтгөсөн. Төлбөр төлөгч "Ч" ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль журмын дагуу явагдаж байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

             Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.3, 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136-10 дугаартай битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагаан улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай, 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136-17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136-19 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай, “Б ү” ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, урьдчилан шийдвэрлэх журмыг баримтлан шүүхэд дахин нэхэмжлэл гаргах шаардлагын тухайд энэ шийдвэр саад болохгүйг дурдаж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 306/ШЗ2025/00842 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар, хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

                4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О давж заалдах гомдлын агуулга:

         Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 сарын 04-ний өдрийн 306/ШШ2025/00263 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг бүрэн бүрэлдэхүүнтэйгээр дахин хянан хэлэлцүүлэхээр энэ гомдлыг гаргаж байна. Энэхүү маргаан бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарах битүүмжлэл, үнэлгээ, хураалт болон эдгээртэй уялдсан бүртгэлийн асуудлын хууль ёсны эсэхийг шүүхийн журмаар шалгуулах гэсэн нэгэн зорилготой. Гэтэл анхан шатны шүүх процессын хууль зүйн үндсэн зарчмуудыг буруу хэрэглэснээс эрхээ шүүхээр хамгаалуулах бидний боломж үндэслэлгүйгээр хаагдсан тул хууль хэрэглээний алдааг зайлшгүй засуулах шаардлагатай болов. Шүүхээс "хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлээр гомдлыг хаасан дүгнэлт нь бодит баримт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3, 55.7-ын зохицуулалттай нийцээгүй юм. Хуульд үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авснаас хойш ажлын гурван хоногт багтаан талуудад танилцуулж, санал авч, тухайн үйлдлийг танилцуулсан тэмдэглэлээр баримтжуулсны дараа л 55.7-т заасан "мэдэгдсэн өдөр” үүснэ гэж эрх зүйн тодорхой шаардлага тавьсан байдаг. Манай хэрэгт 2025.06.20-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч надтай зөвхөн утсаар холбогдсон нь хууль ёсны мэдэгдэлд тооцогдохгүй, тэр өдөр би Улаанбаатар хотод хүүхдийнхээ хонхны баярт оролцож байсан тул ямар нэгэн танилцуулга, гарын үсэг огт хийгдээгүй нь хэргийн материалд ч тодорхой. Үнэлгээний тайлан 2025.06.27-нд манай компанид шуудангаар ирсэн. Энэ нь байгууллагад илгээмж хүрснийг л нотлох бөгөөд миний буюу эрх бүхий төлөөлөгчийн тэр өдөр тайлантай танилцсан, эсвэл 55.3-т танилцуулга бодитоор хийгдсэн гэсэн утга огтхон ч биш. Иймээс шийдвэр гүйцэтгэгч 55.3-ын ажлын гурван өдрийн үүргээ биелүүлээгүй, албан танилцуулга хийгдээгүй тул 55.7-ын долоон хоногийн тоолол эхлээгүй гэж үзэх нь зүйтэй бөгөөд 2025.07.07-ны өдөр гаргасан бидний гомдол хугацаандаа юм. Маргах үүднээс 2025.06.27-ны өдрийг шүүх хамгийн эртчилсэн "мэдэгдлийн өдөр" гэж түр үзлээ гэхэд ч процессын нийтлэг логикоор эрхээ бодитоор эдлэх боломж дараагийн ажлын өдөр 2025.06.30-нөөс нээгдэнэ; ингэж 06.30-наас тоолсон долоон календарын хоног 2025.07.06-нд дуусах боловч тухайн өдөр амралтын өдөр тул хугацаа дараагийн ажлын өдөр болох 2025.07.07 хүртэл сунан, манай гомдол яг тэр өдөр гарсан учраас мөн хугацаандаа тооцогдоно. Нэмж хэлэхэд, 06.27-ны хүргэлт өөрөө 55.3-т шаардах танилцуулга, санал, тэмдэглэл гэсэн бүрэлдэхүүнийг хангаагүй дутагдалтай мэдэгдэл тул шүүх хамгийн багадаа процессын эрхийг хамгаалах үүднээс хугацааг сэргээж, гомдлыг хэлэлцэх ёстой байв. Энэхүү хугацааны асуудлаар талууд хооронд маргаан огт үүсээгүй, хариуцагч ч "хугацаа хэтэрсэн” гэх эсэргүүцэл тавиагүй байхад анхан шатны шүүх өөрийн санаачилгаар энэ шалтгааныг барьж авч гомдлыг хаасан нь мэтгэлцэх эрх болон эрх тэгш байдлын зарчимыг зөрчсөн процессын алдаа юм. "Мэдэгдсэн өдөр”-ийг тогтоохын тулд шүүх эхлээд талуудад тайлбар, нотолгоогоо өгөх бодит боломж олгож, танилцуулсан тэмдэглэл, гардуулгын акт зэрэг баримтыг холбогдох байгууллагаас гаргуулан авч тодруулах үүрэгтэй байсан боловч энэ ажиллагаа хийгдээгүй. Мөн шүүх дотоод шатны гомдлын журам (ахлах шийдвэр гүйцэтгэгч, ШШГЕГ-т хандах 44.3, 44.4)-ыг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн битүүмжлэх, эд хөрөнгө хураах тогтоолуудтай шууд холбоотой бөгөөд эдгээр арга хэмжээг авахдаа шийдвэр гүйцэтгэгч тал хуульд заасан урьдчилан шийдвэрлэх бодит боломж олгоогүй өөрөөр хэлбэл, өмчид шууд халдсан битүүмжлэл/хураалт аль хэдийн хэрэгжиж эхэлчихээд 6 дугаар сарын 19-ний өдөр үнэлгээний тайлан бэлэн болж, худалдан борлуулах дараагийн арга хэмжээгээ шууд гүйцэтгэж байхад буюу бодит боломж олгохгүй нөхцөл бүрэлдсэн. Ийм нөхцөлд анхан шат дотоод шатны гомдлын журмыг (ахлах шийдвэр гүйцэтгэгч, ШШГЕГ гэх мэт) "заавал урьдчилж туулдаг босго” мэт хэрэглэсэн нь эрхээ бодитоор хамгаалах үр нөлөөтэй боломжийг хиймлээр хаасан буруу тайлбар юм. Битүүмжлэх, хураах арга хэмжээ аль хэдийн хэрэгжиж эхэлсэн, дахин шилжилт, борлуулалтын эрсдэл бодитоор тулгарсан нөхцөлд "дараа нь" дотоод гомдол өгөх нь эргэлт буцалтгүй хор уршгийг зогсоож чадахгүй, тиймээс урьдчилан шүүхийн хяналт руу шууд нэвтрэх боломжийг шүүх өөрөө нээлттэй байлгах ёстой. Анхан шатны шүүх харин ч эсрэгээр нь, урьдчилан шийдвэрлэх боломжоор хангаагүйг үл ойшоон "процессын босго давсангүй" гэх ерөнхий тайлбараар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь мэтгэлцэх эрх, шүүхийн өмнө эрх тэгш байдлын зарчимыг зөрчсөн төдийгүй, үр нөлөөтэй шүүхийн хамгаалалт эдлэх эрхийг бодитоор үгүйсгэсэн хэрэг юм. Анхан шат 122.4, 122.5-ыг иш татан нэхэмжлэлийн хэсгийг бүхэлд нь хэлэлцэхээс татгалзсан нь уг заалтуудын жинхэнэ зорилго, хэрэглээний хүрээг алдагдуулсан буруу тайлбарлалт юм. 122.4-ийн утга нь шүүх шийдвэр гүйцэтгэлийн гомдлыг тухайн гомдлын асуудлын хүрээнд л шалгана, өөрөөр хэлбэл анхны үндсэн шийдвэрийн маргааныг дахин нээхгүй, зөвхөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хууль зүй ба үндэслэлийг л хянана гэсэн хяналтын хүрээ тогтоох норм. Энэ заалт нь нэхэмжлэлийн шаардлагыг "эрх зүйн хэлбэрийнх нь улмаас" өгүүлбэрийн түвшинд хэрэгсэхгүй болгох ерөнхий хориг биш, харин ч эсрэгээрээ, шийдвэр гүйцэтгэлийн явцад гарсан битүүмжлэх, хураах, гаргуулах гэх мэт тодорхой актуудын хууль ёсны эсэхийг шүүхээр шалгуулахыг зөвшөөрдөг, зөвхөн хүрээг нь хязгаарлаж байгаа зохицуулалт юм. Манай хэрэгт нэхэмжлэл нь анхны шийдвэрийн бодит маргааныг сөхөөгүй, харин 2025.06.13-ны битүүмжлэх/хураах тогтоол, үнэлгээний тайлан болон тэдгээрийг хэрэгжүүлэхдээ урьдчилсан танилцуулга, оролцоогоор хангаагүй зэрэг процессын зөрчлийг шүүхээр шалгуулах зорилготой байв. Иймд 122.4-өөр "хяналтын хүрээ"-г баримтлан эдгээр актуудын хууль ёсны эсэхийг л шүүх ёстойгоос бус, уг заалтаар огт хэлэлцэхгүй байх шалтгаан гаргах нь логикийн алдаа юм. 122.5-ын мөн чанар нь "ямар шүүх энэ төрлийн гомдлыг шийдвэрлэх вэ?" гэдгийг тогтоох харьяаллын норм. Өөрөөр хэлбэл гомдол буруу шүүхэд очсон бол дамжуулж шилжүүлэх, зохих шүүхэд илгээж шийдүүлэх зорилготой зохицуулалт болохоос "иргэний журмаар хэлэлцэх боломжгүй" гэх ерөнхий хориг биш. Анхан шат энэ заалтыг шилжүүлэхийн оронд хэрэгсэхгүй болгох суурь болгосон нь эрх зүйн арга зүйн алдаа юм. Хэрэв нэхэмжлэлийн зарим хэсэг үнэхээр өөр журам/шүүхийн харьяалалд хамаарч байсан бол тэдгээрийг тусгаарлаж, зохих шүүхэд шилжүүлэх буюу наад зах нь "аль хэсгийг энэ хэрэгт хянана, аль хэсгийг зохих шүүх рүү явуулна" гэж хэсэгчлэн шийдэх ёстой байлаа. Харин манай хэрэгт 122.5-ыг "ерөнхий хаалт" мэт хэрэглэснээр бүхэлд нь хаасан нь эрхээ шүүхээр хамгаалуулах боломжийг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн хэрэг болсон. Ингэснээр анхан шат 122.4-өөр тогтоосон хяналтын хүрээг “хэлэлцэхээс татгалзах" шалтгаан болгон хэт өргөтгөж, 122.5-оор тогтоосон харьяаллын механизмыг "хэрэгсэхгүй болгох" эрчимтэй хаалт болгон хувиргасан нь хууль тогтоогчийн зорилгоос зөрсөн. Зөв хэрэглэсэн тохиолдолд 122.4 нь манай тавьсан битүүмжлэх /хураах актуудын хууль ёсны эсэх, урьдчилан мэдээлж оролцуулах үүрэг биелсэн эсэхийг чухамдаа шалгах үндэслэл болох ёстой; 122.5 нь хэрэв хэсэг шаардлага өөр харьяалалтай бол түүнийг зохих шүүх рүү шилжүүлэх процедур байх ёстой байв. Иймд 122.4, 122.5-ыг хэрэгсэхгүй болгох суурь мэт хэрэглэсэн анхан шатны тайлбар нь хууль хэрэглээний суурь алдаа бөгөөд маргааны бодит агуулгыг шүүхийн хяналтад оруулах боломжийг үндэслэлгүйгээр хаасан гэж үзнэ. Анхан шатны шүүхийн шийдвэрт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн тогтоол огт үнэлэгдээгүй, энэ арга хэмжээ нь компанийн хувьцаа эзэмшигчдийн үндсэн эрхүүдийг (удирдлагад оролцох, хувьцаагаа захиран зарцуулах, ногдол ашиг хүртэх, компанийн өөрчлөлтөө улсын бүртгэлд хууль ёcoop бүртгүүлэх) шууд бөгөөд үл зохистойгоор хязгаарласан байдлыг шүүх авч хэлэлцээгүй нь ноцтой алдаа юм. Манай хэрэгт түдгэлзүүлэлт нь зарлан мэдээлэх, сонсгох, санал авах процессын баталгаагүйгээр шууд хэрэгжсэн бөгөөд компанийн ямар ч өөрчлөлт, бүртгэлийн үйлдлийг цогцоор нь хориглосноор өр төлбөртэй этгээдээс давсан, гуравдагч этгээдүүдийн (ялангуяа өргүй хувьцаа эзэмшигчид) эрхэд халдсан байна. Хэрвээ маргаан хувь нийлүүлэгч (эсвэл гүйцэтгэх нэгж)-ийн тодорхой хувьцаанд хяналт тогтоох шаардлагаас үүдэлтэй байсан бол арга хэмжээ нь зөвхөн тэр хувьцаанд хязгаарлагдаж, улсын бүртгэлээр зөвхөн тэр эрхийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэхийг түр хязгаарлах хэмжээнд байхаас, компанийн бүх төрлийн бүртгэлийг (жишээ нь, захирлын томилгоо, эрх бүхий этгээдийн өөрчлөлт, хаяг гэх мэт хуулиар заавал хийх үйлдлүүд) нийтэд нь түдгэлзүүлэх үндэс биш. Өөрөөр хэлбэл, зайлшгүй шаардлагатай хүрээнээс хэтэрсэн нь өрийн асуудлыг шийдэх зорилгодоо нийцээгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрхийг үндэслэлгүйгээр боомилсон байна. Нэмж тодруулбал, анхан шат битүүмжлэх, хураах суурь тогтоолуудын хууль зүйн үндэслэлийг өөрийг нь бодитоор үнэлээгүй тул түүнд дагалдан хэрэгжсэн дараагийн ажиллагаануудын (түүнд тулгуурласан үнэлгээний тайлан) хууль зүйн хүчин төгөлдөр байдлыг мөн хамтатган дүгнэж чадаагүй байна. Суурь акт нь хууль бус, пропорциональ бус, процессын баталгаагүй гэж тогтоогдвол түүнд шууд тулгуурласан үнэлгээний тайлан нь эрх зүйн үндэслэлгүй тооцогдох бөгөөд ийм нөхцөлд шүүх 55.3, 55.7-оор хугацааны техникийн маргаанаар огтхон ч гомдлыг хааж болохгүй, харин суурь тогтоолын хууль ёсны эсэхийг нэн түрүүн бодитоор шалгаж, түүнээс хамаарч үнэлгээний тайлан болон дараагийн бүх ажиллагааны хууль ёсны үр дагаврыг хамтад нь дүгнэх ёстой байв. Өөрөөр хэлбэл, битүүмжлэл/хураах тогтоол хууль зүйн үндэслэлгүй бол түүнд тулгуурласан үнэлгээний тайлан ч мөн адил хууль зүйн үндэслэлгүй болох тул нэхэмжлэлийн энэ хэсгүүдийг бүтнээр нь шүүхийн хяналтад оруулж шийдвэрлэх шаардлагатай. Маргаанд холбогдох этгээд, гуравдагч этгээдийг оролцуулах шүүхийн үүргийг хэрэгжүүлэлгүй нэхэмжлэлийн хэсгийг шууд унагасан нь бас нэг ноцтой дутагдал юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйл шүүхэд хэрэг хянав шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхийн тулд гуравдагч этгээдийг өөрийн санаачилгаар оролцуулах, зохих хариуцагчийг солих эрх, үүргийг өгдөг. "Бусдын эрхэд нөлөөлөх магадлалтай" гэж үзсэн атлаа тэднийг оролцуулж, мэтгэлцэх оролцоог хангахын оронд шууд хэрэгсэхгүй болгох нь эрх тэгш байдал, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан процессын алдаа болжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7, 44.3, 44.4, 122.4, 122-ын бодит агуулга, зорилгыг баримтлан анхан шатны шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхийг хүсье гэв.

           5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.Амгаланзаяагийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

             Гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хууль зөрчсөн ажиллагаа байхгүй. Олон дахин тогтоол хүчингүй болгосон гэж яригдаад байгаа зүйл нь өмнө нь “Ч” ХХК-ийн Голомт банктай холбоотой 3,000,000,000 төгрөгийн төлбөрийн асуудал байж байгаад материалыг нь дуусгавар болгоод өмнөх ахлах шийдвэр гүйцэтгэгч хүчингүй болгосон шийдвэр гаргасан байсныг хурааж, битүүмжлэх тогтоолоор хүчингүй болгоод, шинээр Нийгмийн даатгалын материал дээр ажиллагаа явуулж эхэлсэн. Үйл ажиллагаанд нь саад учруулсан зүйл байхгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан гэв.

ХЯНАВАЛ:

             Давж заалдах шатны шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

           1. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь Ш ш г г - дугаар н х а холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136-10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136-17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136-19 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах, “Б ү” ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргасан ба хариуцагч нь “шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа” гэсэн үндэслэлээр маргаж, хүлээн зөвшөөрөөгүй.

          2. Анхан шатны шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.3, 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О  эс зөвшөөрч:

           -хөөн хэлэлцэх хугацааны талаар талуудын хооронд маргаан үүсээгүй байхад шүүх энэ үндэслэлээр хэргийг шийдсэн нь талуудын мэтгэлцэх болон тэгш байдлын зарчмыг зөрчсөн,

              -шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө битүүмжлэх, хураах асуудлаар урьдчилан шийдвэрлүүлэх гомдол гаргах бодит боломж олгоогүй, шууд үнэлгээний тайлан бэлэн болж худалдан борлуулах дараагийн арга хэмжээг гүйцэтгэсэн байгааг шүүх анхаарч үзээгүй, битүүмжлэх, хураах тогтоолууд хууль зүйн үндэслэлгүй бол түүнд тулгуурласан үнэлгээний тайлан ч үндэслэлгүй болох тул нэхэмжлэлийн энэ шаардлагуудыг бүгдийг нь шүүхийн хяналтад оруулж шийдвэрлэх шаардлагатай,

             -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4, 122.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн,

            -хуулийн этгээдийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэнтэй холбоотой шаардлагыг шүүхийн шийдвэрт дүгнээгүй,

          -маргаанд холбогдох гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэсэн агуулгаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.  

            3. Анхан шатны шүүх  хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн буюу нэхэмжлэл хүлээн авахдаа хуульд заасан журмын дагуу хүлээн аваагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн ба тухайн үйл баримт нь нотлох баримтаар нотлогдоогүй, зайлшгүй шаардлагатай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад энэ талаар хэргийн оролцогчоос тодруулаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг бүрэн хангаагүй байна.

             Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хнянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлд хамаарна. 

                4. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь Ш ш г г - дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20060136-10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13000 мкв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, 06 дугаар сарын 12-ны өдрийн 20060136-17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20060136-19 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр,

            “Б ү” ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2025  оны 07 дугаар сарын 07-ны өдөр тус тус шүүхэд гаргажээ.

               4.1. Дээрх нэхэмжлэлүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.2 дугаар зүйлийн 751.2.1-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол” гэж заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа мөн хуулийн 753 дугаар зүйлийн 753.3-т заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар  тогтоолоор баталсан загвараар гаргуулаагүй  байна.

           4.2. Тухайн 2 хэрэг нэг шүүгчид хуваарилагдсан бөгөөд шүүгч хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр иргэний хэрэг үүсгэсэн боловч ердийн журамд шилжүүлж, улмаар нэгтгэн шийдвэрлэжээ. Ингэхдээ тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр “хэргийг нэгтгэх” талаар хэрхэн тусгасан нь тодорхойгүй, нэгтгэсэн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулаагүй байна.

            4.3. Хэзээ, хаана, ямар шүүх гаргасан шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь тодорхойгүй, талууд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй. Зохигчдын тайлбарт Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 134/ШШ2020/00024 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн ажиллагаа явагдаж байгаа гэх боловч хэрэгт авагдсан мэдэгдэл /хх-ийн 159/-өөс үзэхэд үүнээс гадна мөн шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134/ШШ2023/00160, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ/2024/00184 дугаартай шүүгчийн захирамжуудтай холбоотой, мөн давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон М.Амгаланзаяа “төлбөр төлөгч нь адилхан хэргүүдийг нэгтгэж ажиллагаа явуулж байгаа” гэж тайлбарлаж байгаа зэргээс дүгнэхэд хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, ач холбогдол бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

               4.4. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн гаргасан эд хөрөнгө битүүмжлэх, хураах, улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай шаардлагуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасан урьчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэнд хамаарна.

               Тодруулбал, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар иргэний хэрэг үүсгэлгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан.  Харин энэ нөхцөл байдал иргэний хэрэг үүсгэснээс хойш, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай. Гэтэл анхан шатны шүүх мөн хуулийн 115 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн оролцогчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарласан гэж үзнэ. 

              4.5. Талууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасан эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацааны талаар маргаагүй, мөн зүйлийн 55.3.-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө” гэснээр шийдвэр гүйцэтгэгч 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/1068 дугаар албан бичгээр “Ч” ХХК-д хаяглан мэдэгдэл үйлдсэн боловч уг мэдэгдлээ хэрхэн хүргүүлсэн, мэдэгдлийг хэзээ хүлээн авсан эсэхийг тодруулахгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй байна.

             4.6. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь “Б ү” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотой нэхэмжлэл гаргахдаа “газрын үнэлгээ нь бодит зах зээлийн үнэлгээнээс хэт бага, ...үнэлгээ хийх тогтоол гарахаас өмнө буюу хууль ёсны шийдвэргүйгээр үнэлгээ хийсэн” гэсэн үндэслэлийг дурдсан байхад гуравдагч этгээдээр оролцох эрхтэй болохыг үнэлгээний байгууллагад мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т  заасан” Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэснийг зөрчсөн.

             5. Иймд, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

             6. Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4, 122.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй юм.

               7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгоно.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 306/ШШ2025/00263 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.          

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 О.ОДНЯМАА

                                  ШҮҮГЧ                                                  Н.БОЛОРМАА

                                      ШҮҮГЧ                                                  Б.НАРАНЧИМЭГ