Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1407

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,                            

улсын яллагч Г.Нямдорж,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрхэмбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902 00285 0167 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Б, 1962 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 11 дүгээр байр 12 тоотод оршин суух бүртгэлтэй, 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 214 дугаартай  Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 178 дугаар зүйлд зааснаар 50.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул” Олон Улсын худалдааны төвөөс Монгол Улсын засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан, Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон Химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг хууль бусаар бусдаас авсан, улмаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 45 дугаар гудамж 707 тоот хашаанд байрлах байшингийн гражид хадгалж, 2019 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр 11.00 цагийн орчим Д.Намжилсүрэнгийн өмчлөлийн 78-10 УББ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Буудай” зочид буудлын 203 тоот өрөөнд мөн өдрийн 19.10 цаг хүртэл хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Ц.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мөнгөн усыг хүн төрөлхтөн эрт дээр үеэс ахуй болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэж байсан бөгөөд энэ химийн бодисын уур нь хүний амьсгал дуслын замаар орвол уушгаар дамжаад цусанд ороод тархинд хуримтлагдаад төв мэдрэлийн системийг гэмтээж улмаар амь насанд аюул учирдаг. Мөнгөн ус ууршаад уур болоод тэр нь байгальд устахгүй хүйтэн үед доош бууж халуун үед хөөрөх байдлаар байдаг. Энэ үед амьд биетийн биед орсноор хортой нөлөө үзүүлдэг. Мөнгөн усыг хэрэглээ талаас ярихын бол Монгол улсад энмэлгийн болон бусад шаардлагатай байгууллагын хэмжилтийн тоног төхөөрөмжид бараа бүтээгдэхүүн байдлаар ашиглаж байгаад энгийн иргэдийн гар дээрээс хурааж авсан саарал мөнгөн устай адилтгаж болохгүй. Энэ асуудлыг химийн хортой бодисыг эргэлтэд оруулахаар ашиглаж байгаа хэлбэр юм. Монгол Улсад шууд учирсан хохирол байхгүй учраас нэхэмжлэх зүйлгүй, харин тухайн хураагдсан мөнгөн усыг улсын орлого болгож, зохих газарт нь байлгах хэрэгтэй...” гэх мэдүүлэг /1хх 26-32 дугаар хуудас/,

            Гэрч Э.Бат-Энэрэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Улаан мөнгөн ус гэх зүйлийг хууль бусаар хадгалж, худалдаж бйана гэсэн гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээллийн дагуу Баасан гэх залуутай 2019 оны 04 сарын 10-ны өдөр холбогдож Тэнгис кино театрын ойролцоо машинд уулзахад Баасан гэх залуу миний таньдаг хүнд улаан мөнгөн ус байгаа, 20 сая ам.доллараар зарна гэсэн. Тэр хүнтэй очиж уулзахад БЗД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буудай” зочид буудлын 203 тоот өрөө рүү ороход Б гэх нүдний шилтэй 50 гаруй насны эрэгтэй хүн, Г.Бямбасүх гэх 40 гаран насны эрэгтэй хүн 2 сууж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагын ажилтан байна гэж хэлэхэд Бямбасүх, Б нар нь 17 см өндөртэй, 13 см өндөртэй, 50 см урттай ногоон төмөр савтай РСТБЛ-1, РСТБЛ-3, РСТБЛ-3, РСТБЛ-4, РСТБЛ-5 гэсэн хаяг бичигтэй 5 ширхэг тугалган бортоготой, саван дотроо шилэн савтай мөнгөн ус гэх зүйлийг үзүүлсэн. Тэгээд аврах тусгай ангийн 105 дугаар руу холбогдож, дуудлага мэдээлэл өгч, хэргийн газарт үзлэг хийлгэж улаан мөнгөн ус гэх зүйлийг үзүүлсэн... Б гэх хүн өөрөө танихгүй хүмүүсээс цуглуулж худалдаж авсан, мөн өөрөө хайрцаг сав, хаяг шошгыг нь хийдэг гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1хх 36-37 дугаар хуудас/,

            Гэрч Н.Оюунбилэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Батдоржийн Б /ТЧ62122231/ гэх хүн жолооч гэх хүний хамт хоёулаа орж ирээд 19 цаг 50 минутанд орж ирж хононо гэж хэлээд 30.000 төгрөгийг бэлнээр өгсөн ба удалгүй 10 минутын дараа 2 хүн орж ирээд 203 тоот өрөөнд байгаа хүмүүстэй уулзана гэж хэлээд орсон, гэтэл удалгүй мөрдөн байцаах албанаас явж байна гээд хүмүүс орж ирсэн. Яг ямар зорилгоор дээрх хүмүүс ирсэн талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /1хх 34-35 дугаар хуудас/,

            Гэрч Б.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Аавыг өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдож байсан талаар мэдэхгүй. Одоо холбогдон шалгагдаж байгаа хэргийн талаар цагдаагийн байгууллагаас ярих үед л мэдсэн, ааваас энэ талаар асуухад “энэ чамд хамаагүй асуудал” гээд тодорхой зүйл надад хэлээгүй, би ахиж асуугаагүй...” гэх мэдүүлэг /1хх 44-45 дугаар хуудас/,

2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон Цацрагийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Бямбацогт 2019 оны 4 сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “...МХХЕГ-н Хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторын цацрагийн хяналтанд ЯХ- 029/2019 дугаартай хэмжилтийн дүнгээс үзэхэд Гамма цацрагийн тунгийн чадал нь байгалийн цацрагийн дэвсгэр түвшин /0.20 мк3в/ цагаас хэтрээгүй, Бета цацрагийн хэмжээ нь цацрагийн аюулгүйн нормын 7 дугаар бүлгийн 7.1 дэх хэсэгт заасан гадаргуугын бохирдлын байж болох хэмжээнд 100 бөөм /мин*см2/-ээс бага байна. Цацрагийн хэмжилтийн протоколыг хавсралтаар хүргүүлж байна. Иймд тус шилэн саванд байгаа мөнгөн ус нь цацраг идэвхт шинж чанаргүй болно. ...мөнгөн ус бүхий шилэн бортогоны хаяг болон дагалдах бичиг баримтыг шалгахад стронций-84 /0.56%/, Стронций-86 /9,86%/, Стронций-87 /7,0%/, Стронций-88 /82,58%/ гэсэн изотопийн тэмдэглэгээтэй байсан. Тус изотопууд нь цацраг идэвхит чанаргүй бөгөөд байгаль дээр оршдрг тогтвортой изотоп юм. Энэ нь цацрагийн хэмжилтийн дүнтэй нийцэж байна...” гэсэн дүгнэлт. /1хх 55-57 дугаар хуудас/,

2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Шинжлэх ухааны академи Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2/196 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...шинжилгээнд ирүүлсэн дээжийг мөнгөн ус мөн гэж тодорхойлов. Уг мөнгөн ус нь ердийн мөнгөн устай адил цагаан устай шинж чанарын хувьд ижил байв. Иймд улаан мөнгөн ус гэж үзэх боломжгүй ба энэ нь металл мөнгөн ус байна. Уг бодис нь монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон...” гэсэн дүгнэлт. /1хх 64-66 дугаар хуудас/,

2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-10 дугаар хуудас/, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын тогтоол /1хх 16-19 дүгээр хуудас/, Яллагдагч Б.Бэд хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл. /1хх 234 дүгээр хуудас/, 64-80 УБҮ улсын дугаартай Хьюндай Грандеор маркийн тээврийн хэрэгслийн Үнэлгээний тайлан. /1хх 82-86 дугаар хуудас/, Б.Бийн бичиг баримтууд /1хх 188-190 дүгээр хуудас/, Б.Бийн эрүүл мэнд, зүрх судасны өвчний байдал болон Зүрх судасны төвийн шинжилгээ. /1хх 192-231 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 155/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх 156/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 135/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул” Олон Улсын худалдааны төвөөс Монгол Улсын засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан, Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон Химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг хууль бусаар бусдаас авсан, улмаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 45 дугаар гудамж 707 тоот хашаанд байрлах байшингийн гражид хадгалж, 2019 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр 11.00 цагийн орчим Д.Намжилсүрэнгийн өмчлөлийн 78-10 УББ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Буудай” зочид буудлын 203 тоот өрөөнд мөн өдрийн 19.10 цаг хүртэл хадгалсан болох нь

Хохирогч Ц.Батжаргалын: “...Монгол улсад эмнэлгийн болон бусад шаардлагатай байгууллагын хэмжилтийн тоног төхөөрөмжид бараа бүтээгдэхүүн байдлаар ашиглаж байгаад энгийн иргэдийн гар дээрээс хурааж авсан саарал мөнгөн устай адилтгаж болохгүй. Энэ асуудлыг химийн хортой бодисыг эргэлтэд оруулахаар ашиглаж байгаа хэлбэр юм. Монгол Улсад шууд учирсан хохирол байхгүй учраас нэхэмжлэх зүйлгүй, харин тухайн хураагдсан мөнгөн усыг улсын орлого болгож, зохих газарт нь байлгах хэрэгтэй...” гэсэн мэдүүлэг,

            Гэрч Э.Бат-Энэрэлийн: “...Улаан мөнгөн ус гэх зүйлийг хууль бусаар хадгалж, худалдаж байна гэсэн гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээллийн дагуу Баасан гэх залуутай 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр холбогдож Тэнгис кино театрын ойролцоо машинд уулзахад Баасан гэх залуу миний таньдаг хүнд улаан мөнгөн ус байгаа, 20 сая ам.доллараар зарна гэсэн. Тэр хүнтэй очиж уулзахад БЗД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буудай” зочид буудлын 203 тоот өрөө рүү ороход Б гэх нүдний шилтэй 50 гаруй насны эрэгтэй хүн, Г.Бямбасүх гэх 40 гаран насны эрэгтэй хүн 2 сууж байсан. ...Б гэх хүн өөрөө танихгүй хүмүүсээс цуглуулж худалдаж авсан, мөн өөрөө хайрцаг сав, хаяг шошгыг нь хийдэг гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ийг химийн хорт, аюултай, бодисыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан түүнд хуульд заасан торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг бортоготой мөнгөн ус, ногоон төмөр хайрцаг 1 ширхэг, штангенцеркул гэх мөнгөлөг өнгөтэй хэмжигч төмөр багаж 1 ширхэг, багажны хар өнгөтэй хуванцар хайрцаг 1 ширхэг эд зүйлсийг Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын Химийн бодисын хаягдлын агуулахад хадгалагдаж байгаа мөнгөн усыг хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Онцгой байдлын ерөнхий газарт даалгах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Б-ийг химийн хорт, аюултай, бодисыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 5.500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Бийн урьд цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялаас хасч 5.470 /таван мянга дөрвөн зуун дал/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.470.000 төгрөгөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан торгуулийн ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн А4 цаас бүхий материалыг хэрэгт хавсаргаж, 5 ширхэг бортоготой мөнгөн ус, ногоон төмөр хайрцаг 1 ширхэг, штангенцеркул гэх мөнгөлөг өнгөтэй хэмжигч төмөр багаж 1 ширхэг, багажны хар өнгөтэй хуванцар хайрцаг 1 ширхэг эд зүйлс нь Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын Химийн бодисын хаягдлын агуулахад хадгалагдаж байгаа мөнгөн усыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Онцгой байдлын ерөнхий газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР