Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2019/шцт/226

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Идэрбат  

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Б.С холбогдох эрүүгийн …............ дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1993 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, эхнэр 0-1 насны 2 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уулын ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, Бодонгууд овогт Б.С/ЖЛ:................/   

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутагт  “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, тээврийн хэрэгслийн ард зорчиж явсан иргэн Б.У эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2019 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 01 цаг өнгөрөөгөөд Тулгаа, ирсэн найзтайгаа машинтай аймаг явлаа гээд хөдлөөд явахад нь би араас нь У-г суулгаад хөдлөөд явсан. Тухайн үед би Тулгаатай уулзахаар араас нь хөдөлсөн. Тэгээд Т-н машиныг гүйцэт түрүүлээд урд нь гараад миний мотоцикль элсэнд шарваад онхолдсон. Онхолдоод цааш юу болсон талаар санахгүй байна, нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн.... “ Би ардаа У-г суулгасан байсан, 60 км орчим цагийн хурдтай явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

            Хохирогч С.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “…2019 оны 05 дугаар сарын 29-ний ... шөнийн 02 цагийн орчимд Тулга, Төмөрчулуун хоёр явлаа гээд машинтайгаа хөдөлсөн. С нь араас нь гаргаж өгнө гээд мотоцикл асаагаад хөдлөх гээд байсан. Т нь буцаж ирэн мотоциклийнх нь түлхүүрийг аваад надад өгсөн. Тэгээд хөдлөөд явсны дараа С нь  “Одоо хоёулаа араас нь явахгүй ээ, хоёулаа баруун айл руу очоод ирье” гэсээр байгаад  надаас мотоциклийн түлхүүр аваад мотоциклио асаагаад хөдөлсөн. ...С,  Т, Т нарын араас явсан, би боль буц, зөөлөн яв гэж хэлсэн ба Т машиныг гүйцэд түрүүлэхэд нь би гараараа  дохиж, тэр хоёрыг зогс хэлэх үед С урд нь гараад эргэлтэн дээр шарваад онхолдсон ... С нь архи уусан согтуу байсан ... их л ширүүн явж байсан ... С жолоодон  явсан би түүнийг  “Чи согтсон байна , мотоцикл бариад хэрэггүй”  гэж зөндөө хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

            Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ …2019 оны 05 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчим би аймгийн төвөөс Г гэх залуугийн хамтаар баруун урагшаа 20 км зайтай  У гэр рүү нь очсон юм ... Г бид хоёр тэднийд нэг шил архитай цуг очсон юм. Тэднийд очоод бид хоорондоо танилцаж, У, С, Г тэр гурав авчирсан архиа уусан . Тэгээд шөнө 02 цагийн  орчим архиа ууж дуусаад Г бид хоёр аймгийн төв рүү хөдлөхөд С согтуу мотоциклоо жолоодоод найзуудыгаа гаргаж өгье гээд байсан. Бид нар С-т “Чи битгий мотоциклоо согтуугаар жолоод, хэрэггүй ” гэж ятгасан. Тэгээд Г  бид хоёр  тэднийхээс хөдлөөд 5 км орчим газар явж байх үед гэнэт хажуугаар мотоцикл их хурдтай гүйцэж өнгөрсөн. Би мотоциклийн араас нь дагаад явж байтал мотоцикл нь замаас гараад онхолдчихсон хажууд нь С, У хоёр хэвтэж байсан. Тэгээд би түргэн тусламж дуудсан юм ...Тухайн үед мотоциклийг Сүхбаатар жолоодоод явж байсан. Ар талд нь У сууж байсан. ... Зам дээр ямар нэгэн саад байгаагүй гэх  мэдүүлэг /хх-ийн 19-20/

Гэрч  Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “…Осол гарахаас өмнө мотоциклийг С жолоодод явж байсан бөгөөд ар талд нь У сууж байсан. Тэр хоёр хоёулаа согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22/           

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн .... тоотын дүгнэлтийн хэсэгт: “1.Б.С биеэс авсан гэх цусанд 1.0% спиртийн зүйл илэрлээ. 2.Цусанд 1.0% спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 29/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн ....  тоотын дүгнэлтийн хэсэгт: “1.С.У-н биед зүүн дунд чөмөгт ясны доод булууны дотор талын гадна урд хэсгийн сэлтэрсэн хугарал, зүүн шаант ясны урд хэсгийн ясны эдийн няцрал, зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, урд ба арын чагтан холбоосны тасрал, дотор талын коллатералл холбоос болон тахимны шөрмөс дунд чөмөгт ясанд бэхлэгдэх хэсгийн хэсэгчилсэн урагдал, булчингийн урагдал, хоёр нүдний ухархайн дотор хана, хамрын ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ. /хх-ийн 33/

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ...  тоотын дүгнэлтийн хэсэгт: “1.Жолооч Б.С нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 3.7.а-д “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 3.7.а-д “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний  аюулгүй байдлыг  хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөнөөс осол болох гол шалтгаан болсон байна. 3. “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.О-н хийсэн үзлэгээр тухайн мотоцикл нь техникийн хувьд бүрэн бус, замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бус байх үндэслэлтэй байна. Тухайн мотоциклийн жолооны механизм бүрэн бус, тооромсны механизм бүрэн бус, хүч дамжуулах анги бүрэн бус, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бус гэж үзсэн байна. 4. Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийн бүрэн бус байдал нь уг зам тээврийн осол болоход нөлөөлсөн байна. 5.Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс Б овогтой С /ЖЛ................/ регистрийн дугаараар нэгдсэн лавлагааг авахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна гэжээ. /хх-ийн 33/                          

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/

-Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53/

- Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Б.С нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутагт  “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12,2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, тээврийн хэрэгслийн ард зорчиж явсан хохирогч Б.У-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 01 цаг өнгөрөөгөөд Т, ирсэн найзтайгаа машинтай аймаг явлаа гээд хөдлөөд явахад нь би араас нь У-г суулгаад хөдлөөд явсан. Тухайн үед би Т уулзахаар араас нь хөдөлсөн. Тэгээд Т машиныг гүйцэт түрүүлээд урд нь гараад миний мотоцикль элсэнд шарваад онхолдсон. Онхолдоод цааш юу болсон талаар санахгүй байна, нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн.... “ Би ардаа У-г  суулгасан байсан, 60 км орчим цагийн хурдтай явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24/, хохирогч С.У-н өгсөн: “...Төмөрчулууны машиныг гүйцэд түрүүлэхэд нь би гараараа  дохиж, тэр хоёрыг зогс гэж хэлэх үед урд нь гараад эргэлтэн дээр шарваад онхолдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч М.Т-н  өгсөн: “...Г  бид хоёр  тэднийхээс хөдлөөд 5 км орчим газар явж байх үед гэнэт хажуугаар мотоцикл их хурдтай гүйцэж өнгөрсөн. Би мотоциклийн араас нь дагаад явж байтал мотоцикл нь замаас гараад онхолдчихсон хажууд нь С, У хоёр хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч Г.Г-н өгсөн: “...Хажуугаар гэнэт мотоцикл их хурдтай гүйцэж түрүүлээд хойно нь сууж явсан хүн гараа савлуулаад дохисон. Тэгэхээр нь би Төмөрчулуунд “Зогсож байгаарай наад хоёр чинь гараараа дохиж байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр мотоциклийн араас нь зугуухан явж байтал мотоциклийн ар талынх нь улаан гэрэл гэнэт алга болчихсон. Тэгээд бид хоёр гайхаад явсан мөрийг нь дагаад явж байтал замын зүүн талд мотоцикл онхолдоод хажуу талаараа унасан байсан бөгөөд хажууд нь С, У хоёр хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,  Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн .... /хх-ийн 29/, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн .... /хх-ийн 33/, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ... /хх-ийн 37/ тоот дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.С-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн тул шүүгдэгчийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.С-н ЖЛ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бодонгууд овогт Б.С-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.С-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Б.С нь тэнссэн хугацаанд хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин  явахдаа хяналт тавьж байгаа  эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.С-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ЭНХБААТАР