| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 307/2025/00276/и |
| Дугаар | 209/МА2025/00061 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 209/МА2025/00061
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, Ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 307/ШШ2025/01157 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “5,000,000 төгрөг гаргуулах” тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
3. Нэхэмжлэгч ******* ХХК нь *******т холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 5,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч ******* нь ажлаас гарахаас өмнө 2000 000 төгрөгийг амралтын мөнгө гэж, хөлнийхөө хагалгааг хийлгээрэй хандив гэж 3,000,000 төгрөгийг өгч байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
4. Анхан шатны шүүх хариуцагч *******ыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, талуудын хооронд гэрээний бус үүргийн харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тогтоож, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасантай нийцээгүй байна.
Нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг үндэслэлтэй, зарим хэсгийг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг.
5. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хэрэгт авагдсан баримтаар 5 000 000 төгрөг авсан гэдэг нь нотлогдож байх тул хариуцагч *******аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэх тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаагүй, нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр амралтын мөнгө гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон нь үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. /2.х.х-ийн 7-14/
6. Иймд хариуцагч *******аас нийгмийн даатгалын шимтгэлд зориулж 2024 оны 04 сарын 06-ны өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг /******* нийгмийн даатгалын шимтгэл агуулгаар/, 2024 оны 04 сарын 12-ны өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөг /******* нийгмийн даатгалын шимтгэл агуулгаар/ нийт 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 307/ШШ2025/01157 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хариуцагч *******аас 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Д.АЗЖАРГАЛ