Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 209/МА2025/00062

 

ий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч  Г.Давааренчин, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 307/ШШ2025/01212 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Тушаал хүчингүй болгож, Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

...Нэхэмжлэгч миний бие “*******” ХХК-д 2008 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ХГ-2023-339 дугаар хөдөлмөрийн гэрээний дагуу “*******” ХХК-ийн Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайн даргын албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажил эрхлэх явцад тус уурхайд хийгдэж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн гуравдугаар шатны үзлэгийн үед 13:00 цагийн орчим миний амьсгал дахь спиртийн агууламжийг шалгахад 0.45 хувийн согтолтын зэрэг тогтоогдож улмаар надад зөрчлийн хуудас гардуулж “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1258 дугаартай ий хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар ажлаасаа халагдсан.

Гэвч миний бие тухайн өдөр ажлын байран дээрээ архи согтууруулах ундааны төрлийн зүйл огт хэрэглээгүй. Харин эмчийн заавраар зүрхний хэм алдалт пүүлс буулгах зорилгоор долоогонын ханд бусад төрлийн дархлаа дэмжих витамин ууж байсан. Учир нь Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайд 2024 оны 10 дугаар сард ******* ХХК-ийн зүгээс эмчийн үзлэг болон эмийн борлуулалтын үйл ажиллагаа явуулах үеэр эмчийн зүгээс надад дээрх эм болон амин дэмүүдийг уухыг зөвлөж, жор бичиж өгсөн тул би жорын дагуу тус эм болон витаминуудыг худалдан авч, ууж хэрэглэсэн.

Энэ талаараа ч тайлбарыг удирдлагууддаа хэлж бичгээр тайлбар өгсөн боловч дээрх байдлыг минь огт авч хэлэлцээгүй бөгөөд “*******” ХХК-ийн захиргаа удирдлагын газрын дарга зүгээс намайг өөрийн уурхайн даргын ажлыг сайн дураараа хүлээлгээд өгчих, тэгвэл чамайг ядаж инженер болгож үлдээе гэх мэтээр шахалт үзүүлж эхэлсэн.

Дээрх байдлаар намайг эм, эмийн бүтээгдэхүүн, амин дэм хэрэглэсэн, түүнийгээ харуулж тайлбарлаж байхад ажил эрхлэх явцдаа согтуу байсан хэмээн илт шударга бус хандсан нь ч миний ажлын байрыг ямар нэгэн аргаар булаах гэсэн арга нь гэж хардаж байна.

Ийнхүү миний бие ажлын байран дээрээ ажил эрхлэх явцдаа согтуу байгаагүй тул дээрх үндэслэлээр миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1258 дугаар тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х 1-2 /

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, ******* нарын татгалзал, хариу тайлбарын агуулга:

... “*******” ХХК-ийн Төмөр толгойн төмрийн хүдрийн ил уурхайд 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гуравдугаар шатны үзлэг хийгдэж байх явцад Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайн дарга ийг драйгер багажаар хэмжихэд амьсгал дахь спиртийн агууламж 0.45 хувийн зэрэг тогтоогдсоны дагуу түүний харьяа нэгжийн дарга Уул уурхайн үйлдвэрлэл технологийн хэлтсийн дарга зөрчлийн хуудас үйлдсэн. Зөрчлийн хуудас болон холбогдох баримтуудыг судлан үзээд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/1258 дугаартай ий хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гарсан.

******* ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.5.1-д болон тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.5.1-д Ажлын байранд болон ажлын цагаар, ажлын талбайд хүргэх болон ирэх унаанд суух үед, кемпед согтууруулах ундаа хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ компанийн объектод нэвтэрсэн, ахуйн байранд согтууруулах ундаа авч ирсэн, хэрэглэсэн, зөвшөөрөгдөөгүй газарт гурваас дээш удаа тамхи татсан нь нотлогдсон гэж, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнд хяналт тавих журмын 8.1-д Гэнэтийн шалгалтыг урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын байранд хэнээс ч, хэзээ ч авч болно гэж, 11.3-т Ажилтныг шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль буюу уг хэмжээнээс их гарсан эсхүл мансууруулах, эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдвол хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ гэж тус тус заасныг үндэслэж тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайн дарга нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөрчлийн хуудаст холбогдуулж гаргасан тайлбартаа эмчийн заалтаар долоогонын ханд хэрэглэсэн гэж дурдсан атлаа Ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн, технологийн газрын дарга, Байгаль орчин хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн даргаар ахлуулсан гуравдугаар шатны гэнэтийн шалгалтын үед болон зөрчлийг шалгаж байх явцад энэ тухайгаа нотолсон өөрийгөө өмгөөлөх, цагаатгах баримт гаргаж өгөөгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ. / х.х 43  /

5. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1258 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ийг “*******” ХХК-ийн Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 36,453,032 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, тухайн олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагч “*******” ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 340,215 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэсэн.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ий согтолтын зэргийг шалгах үед нь долоогны ханд буюу спиртийн суурьтай бүтээгдэхүүн хэрэглэсэн, хэрэглэдэг тухайгаа хэлээгүй бөгөөд тухайн өдөр өөрийн гараар бичсэн тайлбартаа ч энэ тухай дурдаагүй. Харин Вива да магнизм гэдэг витамин хэрэглэсэн гэж тухайн өдрийн тайлбартаа дурьдсан. Уг витаминийг тэр даруй өөр ажилтанд туршиж үзэхэд амьсгал дахь спиртийн агууламж огт илрээгүй гэж гэрчүүдийн мэдүүлгээс харагддаг.

Харин гэрч нарын мэдүүлгээс үзэхэд 2024 оны 10 дугаар сарын 31-ний өглөө дугаараа нууцалсан дуудлага ирсэний дагуу шалгахаар очсон гэж мэдүүлдэг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухайн өдөр нь согтолтын зэргийг хэмжих багажнаас илэрсэн согтолтын зэргийг хүлээн зөвшөөрөхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж тайлбарлаж байгаа тохиолдолд долоогоны ханд зэрэг спиртийн агууламжтай зүйл хэрэглэсэн гэдгээ хэлээгүй, өөрийн биед авч явж байсан бол өөрийг нь шалгасан эрх бүхий албан тушаалтай хүмүүст үзүүлээгүй тул архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь амьсгал дахь спиртийн агууламжаар нотлогдож, тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй гэж анхан шатны шүүх тайлбарласан.

Өөрөөр хэлбэл согтолтын зэргийг хэмжиж шалгасан хамгаалалт аюулгүй байдлын ажилтанд хүний хувийн эд зүйлс, ажлын байрыг нэгжих, ээс хууль сануулж байцаалт авах эрхгүй тул нэхэмжлэгч нь тухай өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, долоогны ханд хэрэглэсэн гэдгээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Харин маргааш нь буюу 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл долоогоны ханд зэрэг спиртын суурьтай бүтээгдэхүүн хэрэглэсэн гэж тайлбарладаг ч үүнийгээ гэрчийн мэдүүлэг болон, эмчийн үзлэг оношилгоо, долоогоны ханд худалдаж авсан дансны хуулга гэх мэт ямар ч баримтаар нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх долоогоны ханд ууж туршилт хийлгэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шийвэрийн үндэслэх хэсэгтээ “...10-20 минутад хүний онцлог байдлаас шалтгаалж согтуурлын зэрэг илэрдэг...” гэж дүгнээд байгаа нь баримт, нотолгоогүй хийсвар дүгнэлт болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / 2-р х.х 12-13 /

7. Нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигч талуудын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

10.Нэхэмжлэгч нь “*******” ХХК-д холбогдуулан тушаал хүчингүй болгож, Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үйл баримт эргэлзээтэй, бүрэн нотлогдож тогтоогдсон гэж үзэх боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

12. Хариуцагч тал дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдолдоо:

 

долоогоны ханд уусан гэдгээ нотлоогүй, согтууруулах ундааны зүйл уусан гэдэг нь нотлогдсон. Шүүх туршилт хийсэн үзлэгийн тэмдэглэлийг үнэлж, хийсвэр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хэргээс судлан үзвэл:

13. Нэхэмжлэгч нь 2023.10.26-ны өдрийн №ХГ-2023-339 дугаар хөдөлмөрийн гэрээний дагуу “*******” ХХК-ийн Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайн даргаар ажиллаж байсан байх бөгөөд “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1258 дугаартай ий хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.5.1, ажилтантай байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ХГ-2023-339 дугаар хөдөлмөрийн гэрээний 7.5.1-д заасныг тус тус баримтлан “ нь 2024.10.31-ний өдөр ажил эрхлэх явцад согтолтын зэрэг тогтоогдсон ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна. 

14. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.

15. “*******” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоор журмын 8.3.5.1-д Дараах тохиолдлуудыг ноцтой зөрчил гэж үзнэ. Ажлын байранд болон ажлын цагаар, ажлын талбайд хүргэх болон ирэх унаанд суух үед, кемпед согтууруулах ундаа хэрэглэсэн /амьсгал дахь спиртийн агууламж 0.2 промиль ба түүнээс дээш байх/ үедээ компанийн объектод нэвтэрсэн, ахуйн байранд согтууруулах ундаа авч ирсэн, хэрэглэсэн Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнд хяналт тавих журмыг мөрдөж ажиллана гэж,

2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №ХГ-2023-339 дугаартай хариуцагч “*******” ХХК, нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.5.1-д “Ажлын байранд болон ажлын цагаар, ажлын талбайд хүргэх болон ирэх унаанд суух үед кемпед согтууруулах ундаа хэрэглэсэн /амьсгал дахт спиртийн агууламж 0.02 хувиас дээш байх/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ компанийн объектод нэвтэрсэн, ахуйн байранд согтууруулах ундаа авч ирсэн, хэрэглэсэн, зөвшөөрөгдөөгүй газарт гурваас дээш удаа тамхи татсан нь нотлогдсон бол ноцтой зөрчил гаргасанд тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл болно” гэж тус тус заажээ.

16. “*******” ХХК-ийн Төмөр толгойн төмрийн хүдрийн ил уурхайд 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гуравдугаар шатны үзлэг хийгдэж байх явцад Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайн дарга ийг драйгер багажаар хэмжихэд амьсгал дахь спиртийн агууламж 0.45 хувийн зэрэг тогтоогдсон үйл баримтын талаар талууд маргаагүй, харин согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, долоогоны ханд уусан гэж маргажээ.

17.Дээрх зөрчлийг шалгаж, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зөрчлийн хуудас үйлдэгдсэн байх бөгөөд уг зөрчлийн хуудастай нэхэмжлэгч танилцаж, тэрээр “Ажлын байр болон ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй” гэх тайлбарыг гаргасан байна.

18. Мөн ий согтолтыг хэмжсэн тухай баримтанд “ий 2024.10.31-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тодорхойлохоор драйгер багажаар үлээлгэв. Согтолт 0.45% промиль байгаа нь үнэн, байлцсан , , , , ” гэжээ.

19. Нэхэмжлэгч нь зөрчил гаргасан гэх 2024.10.31-ний өдөр тодорхойлолт, тайлбар бичсэн байх бөгөөд түүнд “...миний бие согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, тухайн өдрийн 1 цагийн үед viva de magnisium гэх витамин уусан” гэж, харин 2024.11.01-ний гаргасан тайлбартаа “...миний бие тухайн өдөр ажлын цагаар ажлын байранд ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд эмчийн заавраар долоогоны ханд хэрэглэсэн” гэжээ.

20. “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/151 дүгээр тушаалаар баталсан Согтуурууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнд хяналт тавих журмын 5.1.6-д “шалгах эрх бүхий албан тушаалтан нь ХАБА-ны ажилтан байна” гэж, 6.1-д “шалгах эрх бүхий ажлтан нь компанийн байранд нэвтрэхээр ирсэн байгуллагын ажилтан, зочин, болон ажилтнуудыг тандагч багажаар шалгаж болно” гэж, тус ХХК-ийн Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн албаны бага эмчийн ажлын байрны тодорхойлолтын 2.2.18-д “...төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үзлэг шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах”  гэж тус тус заасан. /1х.х-ийн 61-67, 85-88/

 

Дээрх журмын дагуу бага эмч, ХАБЭАИнженер, харуулын ахлах, ээлжийн мастер зэргийг байлцуулан үзлэг шалгалт хийж, ийг согтолт хэмжих багажаар  хэмжиж, спиртын агууламж 0,45 хувийн зэрэг тогтоогдсон гэх зөрчил илрүүлснийг буруутгах боломжгүй байх бөгөөд спиртын агууламж 0,45 хувийн зэрэг тогтоогдсон болох нь дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдсон гэж үзнэ.

21. Харин гэрч нарын тухайн өдөр нь ямар нэг эм бодис хэрэглэсэн гэж байсан гэх мэдүүлэг, ХХК-иас ирүүлсэн тодорхойлолт,  эмийн жагсаалт, шүүхээс хийсэн туршилт зэрэг нь нэхэмжлэгч ийг тухайн үед долоогоны ханд уусан  гэдгийг нотлохгүй тул нэхэмжлэгч нь ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үйл баримт эргэлзээтэй, бүрэн нотлогдож тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн анхан шатны дүгнэлт үндэслэлгүй байна.

22. Нэхэмжлэгч ий гаргасан дээрх зөрчил тогтоогдсон, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.5.1-д заасан ноцтой зөрчил байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ий хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцласан нь үндэслэлтэй байна.

23. Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч ий “*******” ХХК-д холбогдуулан гаргасан тушаал хүчингүй болгож, Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  07 дугаар сарын 03-ны өдрийн 307/ШШ2025/01212 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг

“Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч ий ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1258 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ХХК-ийнТөмөр толгойн төмрийн хүдрийн уурхайн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагч ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтаас “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 340,215 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай” гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 340,215 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ

                                            ШҮҮГЧИД                                      Г.ДАВААРЕНЧИН                                                        

                                                                                                            Г.МЯГМАРСҮРЭН