| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0807/Э |
| Дугаар | 826 |
| Огноо | 2019-09-18 |
| Зүйл хэсэг | 13.5.1., |
| Улсын яллагч | Н.Түвши нбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 826
2019 09 18 2019/ШЦТ/826
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Н.Түвшинбаяр, шүүгдэгч М.Ц, хохирогч Б.Ням-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуун овогт Мугаагийн Цогтгэрэлд холдбогдох эрүүгийн “1909025840877” дугаартай, 185/2019/0807/Э индекстэй хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 09 дүгэр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газарт жолооч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймгийн зуун мод сум 3 дугаар баг, Баянхошуу 19-Б гудамжны 02 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 630 дугаар байрны 08 тоотод түр оршин суудаг гэх, гавъяа шагналгүй,
-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дү гээр сарын 12-ны өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. М.Ц /РД:МЭ80090772/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Мугаагийн Цогтгэрэл нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангайн хотхоны 515-12 тоотод өмнө нь хамтран амьдарч байсан Э.Алтантуяа болон одоо хамтран амьдарч байгаа Б.Ням-Очир нарыг 2016 оноос 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч М.Цогтгэрэл хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Бид хоёр гэр бүлийн баталгаа байхгүй, 2009 оноос эхлэн хамтран
амьдарч байсан, 2 хүүхэдтэйгээ уулзий гэхээр энэ Ням-очир уулзуулдаггүй байсан.. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй Том охин Анужин намайг сайн мэднэ гэв.
Хохирогч Б.Ням-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Бид хоёр 2017 оны 8 сард ангийнхаа уулзалтан дээр уулзсан. Тэгээд яагаад ийм байдал үүсэв ээ гэвэл. Би “Голдон” сөх-д ажиллаж байхдаа Алтантуяаг 1 дүгээр эмнэлэгт яриж байгаад аваачиж үзүүлэхэд хоолойны хоргүй хавдар гэж оношлогдсон. Эмнэлэгт байхад Цогтгэрэл утсаар чи юугаа жижигрүүлж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд эмнэлгээс гараад Алтантуяаг асрах хүн байхгүй болохоор нь би гэртээ ээж аавдаа аваачиж харуулсан. 2018 оны 4 сард Мөнх-Очирын төрсөн өдөр болсон. Тэр өдөр Намайг зодсон. Тэгээд Сүхбаатар дүүргийн Цагдаагйин хэлтэс дээр очижөргөдөл өгсөн. Өөрөө ирээд намайг уучлаарай гээд үрээд ирсэн би хүсэлтээ татаж авсан. Сүүлдээ надруу байнга утсаар дарамталдаг болсон. Сүүлдээ манай ажил дээр ирээд 2019 оны 2 сард тэгсэн манай хотхон руу тавьдаг хаалтан дээр машинаа тавиад байхаар нь хэлсэн намайг зодсон. Би шүүхээр ороод 192.000 төгрөг авсан тэгээд давж заалдсан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхээр ороод 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгосон. Одоо хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Цагаан давааны хогийн цэгийн тэнд том машинтай миний жижиг машин руу тулж ирээд миний машины кабин руу татаж байсан тамхиа шидсэн. Цогтгэрэлд залуу хүн байна эр хүн шиг байгаач, эмэгтэй хүнийг хайрлаач, өөртөө жаахан дүгнэлт хийгээч ээ, хууль номондоо захирагдаж амьдраач ээ, хүчирхийллээ болиоч ээ, хуулийн дагуу арга хэмжээ авна биздээгэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Э.Алтантуяагийн:...2009 онд Мугаа овогтой Цогтгэрэл гэдэг хүнтэй танилцсан. 2010 онд нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн. М.Цогтэрэл нь архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байсан. 2011 оноос эхлээд надад агсам тавьж, үги хэлээр дайрч доромжилж, зодох нүдэх болсон. 2012 онд намайг охиноо төрүүлчихээд 2 сар гарантай байхад М.Цогтгэрэлийн төрсөн ах нь болох Мугаа-н Тогтохгэрэл манай гэрт ирж намайг гэрээс хөөж улмаар миний зүүн хөлний шилбэний урд хэсгийн булчинг гэмтээж байсан. 2011 оны 7 сард миний хүү Болорхуяг /16 настай байсан/ бид хоёрыг Био комбинатын голын урд талын далангаар өөрийнхөө хөх өнгийн Элентра маркийн машинаар хөөж байгаад зодож байсан. Иймэрхүү байдлаар архи уух болсондоо намайг болон миний хүүхдийг байнга зодож, дарамталдаг, гэрээс хөөж туудаг байсан. 2016 оны сүүлээр бид хоёр цуг амьдрахаа больж салцгаасан боловч байнгын манай гэрээр согтуу ирж биднийг дарамталж, хаалга үүд эвдлэж байсан. Би 2017 оны 10 сард Б Ням-Очир гэдэг хүнтэй нийлж хамтран амьдарч байгаа боловч М.Цогтгэрэл архи ууж агсан тавих явдал нь тасраагүй. Б.Ням-Очир бид хоёрын гар утас руу байнгын залгаж хэл амаар доромжилж хараадаг, хутгаар нэвт хатгаж ална машинаар дайрч ална гэх зэргээр заналхийлэх болсон. Сүүлд 2018 оны 04 дүгээр сард М Цогтгэрэл нь архи ууж согтуу ирээд миний хамтран амьдрагч Б.Ням-Очирыг зодож байсан. Тухайн үед бид хоёр М.Цогтгэрэлийг уучилаад гомдолгүй гэж байсан. Гэтэл архи ууж агсан тавьж танхайрах, заналхийлэх байдал нь зогсоогүй. 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Голден Вилл СӨХ-н үүдэнд миний хамтран амьдрагч Б.Ням-Очирыг дахин зодож гэмтэл учруулсан одоо Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа. Би М.Цогтгэрэлд байнгын зодуулж дарамтлуулж байсаны улмаас шээс задгайрах, мөн хоолойнд хавдар төст эд гэдэг өвчнүүд туссаны улмаас мэс заслын хагалгаанд орж байсан гэх мэдүүлэг. /хх 22-23/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Ням-Очирын:.. 2016 оны 10 дугаар сард миний эхнэр нас барж, тэрнээс хойш Төв аймгаас охины хамт шилжиж ирсэн. Тэгж байтал 2017 оны 07 дугаар сарын сүүлээр 10-н жилийн ангийн хүүхдүүдтэйгээ уулзалдсан, тэр үеэр ангийн охин Алтантуяатай тааралдсан, тухайн үед эрүүл мэндийн байдал нь их доройтсон, хоолой нь боох хэмжээний хүнтэй ярьж чадахгүй шахуу байдалтай байсан. Яагаад ингэж амьдарч байна аа чи гээд асуухад ар гэрийн төлөө ганцаараа зүтгэж байна аа, нөхөр байнга агсам согтуу тавьж зоддог, сэтгэл санааны хувьд хэцүү байна аа, заримдаа ингэж амьдарч байхаар үхсэн ч яахав гэсэн утгатай зүйл ярьж хэлж байсан. Тэгэхээр нь юу гэж байгаа юм бэ, хамгаалдаг хууль гэж байх ёстой, эрүүл мэнддээ анхаарах ёстой гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 09 дүгээр сараас хойш ажил хэргийн шугамаар таарах болж, дуудлагаар СӨХ-ийнх нь ажилд тусладаг байсан. Энэ хооронд Алтантуяа бүр ярьж чадахаа байж эхэлсэн. Тэгээд би дагуулаад Алтантуяаг эмнэлгээр үзүүлээд 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд оруулсан. Эмнэлгээс гарч ирээд Алтантуяаг асрах хүн байхгүй байсан. Тэгээд би шууд төрсөн ээж, аав дээрээ аваачиж асруулсан. Үүнээс хойш буюу 2017 оны 11 дүгээр сарын сүүлээс хойш хамтран амьдрах болсон. Амьдарч байх хугацаанд Алтантуяагийн урьдны нөхөр болох Цогтгэрэл нь миний гар утас руу залгаж чи ямар хүний эхнэртэй суув аа, харамсах болно доо гэж заналхийлж эхлэх болсон. Тэгээд л түүнээс хойш байнга миний утас руу залгаж хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг. Жишээлбэл "Өмхийрсөн алтай суугаа, яаж иим өмхийрсөн алтай суудаг байна аа", "Та хоёрыг машинаар дайрч ална, сайныг чинь үзэхгүй. Ар талаа харж яваарай, тоосго нисэж ирээд нэгний чинь тархийг няцалчихад битгий гайхаарай" гэх мэтээр заналхийлж ярьдаг байсан. Баяр ёслолын үеэр бол байнга залгаж хүүхдүүдтэйгээ ярья гэхээр 2 хүүхэд айгаад ярьдаггүй. Сүүлдээ Алтантуяа бид хоёрыг яриулахгүй байна гэж заналхийлдэг болсон гэх мэдүүлэг. /хх-н 29-30/,
2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй гэрч А.Ундармаагийн:..М.Цогтгэрэл гэдэг хүн манай ээжтэй хамтран амьдарч байхдаа эхэндээ архи ууж харагддаггүй байсан. Дараагийн нэг жилээс эхлэн архи уудаг нь мэдэгдэж манай ээж Э.Алтантуяаг зоддог байсан. Манай дүү Цогтгэрэл гэдэг хүнийг харахаараа айж нуугддаг байсан, бид нар Цогтгэрэл гэдэг хүнээс айгаад айлаар хонодог байсан, архи уухаараа гэрт агсан тавьж манай ээжийг зодож цохидог. Өмнө нь манай ээжийг зодож боож, үсдэж зоддог байсан, манай тэр хавийн айлын хүмүүс мэддэг, их дарамтанд байдаг байсан. Цогтгэрэл гэдэг хүн архи уух болгондоо манай ээжрүү залгадаг ална, тална гэж ярьдаг. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш гэрт ирээгүй, харин утсаар архи уух болгондоо ярьдаг. Утсаар ярихдаа Цогтгэрэл гэдэг хүн би танай гадаа байна, цонхоороо хар гэх зэргээр айлгаж сүрдүүлдэг. Манай ээжтэй утсаар ярих болгондоо хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг гэх мэдүүлэг. /хх-н 31-32/,
2.4.Мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй гэрч Б.Сондорын:.. М.Цогтгэрэл манай ээж Алтантуяатай 7 жил хамтран амьдарч, 2017 онд салсан, Цогтгэрэл нь намайг гэрт хамт байх хугацаанд манай ээжийг их дарамтанд байлгадаг байсан, өөрийн хүүхэд буюу манай бага дүүг зодож, миний бага дүү Мөнх-Отголонг түлхэж унагааж гарыг нь хугалж байсан. Манай ах ээжийг өмөөрөхөд ахыг маань хайруулын тавгаар зодож, өвлийн хүйтэнд гэрээс хөөж гаргаж байсан. Бид нар Цогтгэрэл гэдэг хүний аавийнх нь хашаанд амьдардаг байсан. Тэр хугацаанд Цогтгэрэл манай ээжийг байнга зоддог байсан, зарим ээжийг зодож байхад нь хажуу айлын Баяраа гэдэг орж ирж салгадаг байсан. Цогтгэрэл 2017 онд хамгийн сүүлд манайд ирж хүүхдийнхээ төрсөн өдрөөр ирж ээжтэй маань хамтран амьдарч байсан Ням-Очир гэдэг хүнийг зодож байсан, тэрнээс хойш ирээгүй. Харин
ээжтэй маань байнга утсаар ярьж чи энэ хүнтэй суугаад юу хожсон юм гэх зэргээр үг хэлээр дарамталдаг байсан. Хамгийн сүүлд 2018 оны шинэ жилээр ээжтэй утсаар ярьж байхыг нь сонссон гэх мэдүүлэг /хх-н 33-34/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч:..хавтаст хэргээс 22-23, 24-26 дугаар хуудас хохирогч Э.Алтантуяагийн мэдүүлэг, 29-30 дугаар хуудас хохирогч Б.Ням-Очирын мэдүүлэг, 33-34 дүгээр хуудас гэрч Б.Сондромын мэдүүлэг, 54-59 дүгээр хуудас гар утасны ярианы үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч: шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч: шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Мугаагийн Цогтгэрэл нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангайн хотхоны 515-12 тоотод өмнө нь хамтран амьдарч байсан Э.Алтантуяа болон одоо хамтран амьдарч байгаа Б.Ням-Очир нарыг 2016 оноос 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн хүч хэрэглэхээр заналхийлсэн
гэмт хэрэг үйлдсэн нь Э.Алтантуяа, Б.Ням-Очир, гэрч А.Ундармаа, Б.Сондор, М.Сарангэрэл нарын мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос М.Цогтгэрэл нь гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Цогтгэрэл нь гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Иймд прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүхээс шүүгдэгч М.Ц хохирогч Б.Ням-Очир нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Цогтгэрэлийг бусдыг заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч Э.Алтантуяа нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж бичгээр шүүхэд хүсэлтээ гаргасан, хохирогч Б.Ням-Очир нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хавтас хэргийн 60 дугаар хуудсанд хавсаргасан 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хуацаагаар хадгалах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алаг адуун овогт М.Цогтгэрэлд бусдыг заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Ц ийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Ц д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Ц нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /хавтас хэргийн 60 дугаар хуудас/ 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
6. Хохирогч Э.Алтантуяа, Б.Ням-Очир нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай
7.Шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ