Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/226

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэргэлэн хар овогт Г.М-д холбогдох эрүүгийн 1921............. дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 3-7 насны 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг “........” гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх, Сэргэлэн хар овогт Г.М /РД: ДЕ............./

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 09 цагийн орчим Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг “........” гэх газарт нутаглах иргэн А.Г-тай маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохих, мөргөх зэрэг байдлаар зодож биед нь зүүн нүдний алимны салстад цус харвалт, нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, эрүүнд цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би өмнө нь 4-5 хоногийн өмнө А-д малын тариа хийж байх үед нь очиход хонин сүрэг дотор нь манай шар халзан зүсмийн хонь, шар халзан зүстэй хурга байсан юмаа. Тэр үед авах гэхэд манай хонь дотор хүний мал байж болдоггүй юм уу? танд яахлаараа өгдөг юм бэ? гээд байсан болохоор Г -нь тэд нарыг ирсэн дээр нь авахаар очсон юм. Би манай хургыг имнэсэн байна гэхэд Г яахлаараа имнэдэг юм бэ? гээд А-нь  хонины хашаанаас гарч ирээд намайг боож хавсарч хоёр, гурван удаа савсан тэгээд би газарт унахад над руу дайраад байсан тэр үед “Г ах А-г аваад холдсон” Г ах бид хоёр заамдалцаад миний үснээс зуурсан тэр үед би доошоо тонгойхдоо Г ахын зүүн нүдний доор хацрын товгор яс руу нь мөргөсөн. ... Тэгээд би гэр рүүгээ очоод морьтой ирээд хургатай хонио аваад явсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

            Хохирогч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...М гэх зүс харсан залуу Г гэх хүнтэй хамт ирээд “Танай хонинд манай хургатай хонь байна” тэрийгээ авъя, манай хургыг имнэсэн байна гэж хэлэхээр нь “ Манай малчин ганц хурга имнэхгүй гээд би уурласан, тэр үед манай малчны эхнэр У гэх эмэгтэй “ Хөөе наад хүний чинь нуруу нь гэмтэлтэй байгаа боль” гэх үед Г гэх хүн ирээд М бид хоёрыг салгасан. Г гэх залуу манай малчинд хандаж “Чи манай малчинг их дээрэлхээд байдаг гэлүү, үгүй юу? гэж хэлсэн, энэ үед малчин болох А “Би таныг хэзээ дээрэлхсэн юм бэ?” гэж хэлээд М-г барьж аваад мушгиж унагаасан юм. Тэр үед би очоод боль гээд салгах үед М нь миний зүүн нүд рүү, эрүү орчимд баруун гараараа нэг удаа цохиод мөн духны хэсэг рүү нэг удаа мөргөсөн, бөөр орчимд баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. Тэр үед Б ирээд салгасан. Ингээд тэр хонийг нь өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/

            Гэрч Н.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Хургатай хонь имнэсэн, имнээгүй гэж Г, М хоёр маргалдсан. Мөнхөө гэдэг залуу Г-г баруун гараараа нүүр рүү нь нэг удаа цохих үед М-д наад хүнээ битгий цохиочээ нуруу нь хугархай хөдөлж чадахгүй байгаа хүн шүү дээ гэж хэлсэн. ...Би М,  Г-г мөргөж, өшиглөж байхыг бол хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

            Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...М танай хонинд манай хургатай хонь байна авъя гэж ирсэн... Манайх 1000 гаруй хонь, ямаатай тул Мөнхөөгийн хургатай хонь ирж нийлсэн талаар мэдээгүй байсан. ... М манай хургыг имнэсэн байна гэж хэлсэн. Г ах хар халуун зунаар хонь имнэдэг хэн байсан юм бэ? гэхэд “М, Г ахыг заамдаж аваад ална шүү” гээд зүүн гараараа заамдаж барьж аваад баруун гараараа Ганхүрэл ахын нүүрэн тус газарт нь нэг удаа цохьсон. Би М, Г ах хоёрыг салгасан. Тэр үед Г гэх хүн намайг заамдаж аваад “чи яасан хүн дээрэлхдэг амьтан бэ?” гээд байсан. Би “дээрэлхсэн явдал байхгүй” гэхэд эхнэр У, Г бид хоёрыг салгасан. Тэгээд Г ах руу очиход “Г ахын зүүн нүд нь бомбойгоод нүд нь харагдахгүй улаан хүрэн болчихсон, хацар нь хөх болчихсон” байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

            Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Мөнхбат, Ганхүрэл хоёр бие биенээ заамдаад дээр, доороо ороод байсан, тэгээд тэр хоёр салсан. Тэгэхэд Г нь М намайг цохьчихлоо гэж байсан. Г товгор яс нь томорсон халцарсан байдалтай харагдаж байсан. Би Г, М хоёрт хандаж “та хоёр нэг дорын хүмүүс байж муудалцаж болохгүй” гэж хэлсэн. Тэр үед А хургатай хонийг авчраад барьж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ..... тоотын дүгнэлтийн хэсэгт: “1. А.Г биед зүүн нүдний алимны салстад цус харвалт, нүдний эргэн тойрон цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоодлоо.2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх сээрний 12-р нугаламын их биеийн хугарал нь хэрэг болохоос өмнө үүссэн гэмтэл байна” гэжээ. /хх-ийн 22/

            -Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33/

            -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 09 цагийн орчим Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг “.....” гэх газарт нутаглах хохирогч А.Г маргалдан түүний нүүрэн тус газарт нь цохих, мөргөх зэрэг байдлаар зодож биед нь зүүн нүдний алимны салстад цус харвалт, нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух зүүн хацар, эрүүнд цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г ах бид хоёр бие биенээ заамдалцах үед миний үснээс зуурсан ба энэ агшинд би доошоо тонгойхдоо Г ахын зүүн нүдний доор хацрын товгор яс руу нь мөргөсөн” гэх  мэдүүлэг /хх-ийн 27-28/, хохирогч А.Г өгсөн: “...Г гэх залуу манай малчинд хандаж “Чи манай малчинг их дээрэлхээд байдаг гэлүү, үгүй юу? гэж хэлсэн, энэ үед малчин болох А “Би таныг хэзээ дээрэлхсэн юм бэ?” гэж хэлээд М барьж аваад мушгиж унагаасан юм. Тэр үед би очоод боль гээд салгах үед “М миний зүүн нүд рүү, эрүү орчимд баруун гараараа нэг удаа цохиод мөн духны хэсэг рүү нэг удаа мөргөсөн, бөөр орчимд баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/, гэрч Б.А өгсөн: “...М “Г ахыг заамдаж аваад ална шүү” гээд зүүн гараагаа заамдаж барьж аваад баруун гараараа Г ахын нүүрэн тус газарт нь нэг удаа цохьсон. Би М, Г ах хоёрыг салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,  Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн .... тоот дүгнэлт /хх-ийн 22/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Хохирогч А.Г учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.М хохирогч А.Г нүүрэн тус газарт нь цохих, мөргөх зэрэг санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.  

             Иймд шүүгдэгч Г.М холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгч Г.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан түүнд  ял оногдуулбал зохино.

Шүүгдэгч Г.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  /хохирогч А.Г нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 61000 / жаран нэгэн мянга/ төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгч А.М авахаас татгалзсан” болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.М ДЕ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

 Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сэргэлэн хар овогт Г.М-н Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сэргэлэн хар овогт Г.М 450 /дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.М ДЕ......... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР