Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 209/МА2025/00064

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  07 дугаар сарын 02-ны өдрийн*******7/ШШ2025/01195 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                   ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “43,000,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

******* би өөрийн ааваас өвлөгдөж ирсэн хашаа байшинг 2011 онд худалдан борлуулж олсон мөнгөөрөө Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Хуучин хороолол, *******,******* тоот 1 өрөө орон сууцыг худалдаж авсан. Тэр үед миний төрсөн хүү болох ******* нь *******тэй гэр бүл болж, хүүхэдтэй болсон байсан ба миний худалдан авсан байранд түр хугацаанд амьдарч байя гэж гуйхаар нь би зөвшөөрч, тэд 2011 оноос эхлэн амьдарч эхэлсэн.

2022 онд хүү *******, бэр ******* нар нь бид том талбайтай өөрийн гэсэн орон сууц худалдаж авах гэсэн юм, таны орон сууцыг худалдан борлуулаад өөрийнхөө байрны урьдчилгаа төлбөрт өгөх гэсэн юм. Бид аль болох удаахгүйгээр боломжтой болохоороо 1 өрөө орон сууц аваад өгье гэхээр нь би зөвшөөрсөн.

Миний 1 өрөө орон сууцыг тэр хоёр өөрсдөө үнэлж, худалдан авах хүнийг олж зарсан бөгөөд нэг өдөр нотариат дээр ирээд гарын үсгээ зур гэхээр нь би очиж гарын үсэг зурж өгсөн. Хэдэн төгрөгөөр, ямар хүнд зарж байгааг би тэр үед мэдээгүй бөгөөд сүүлд нь 43,000,000 төгрөгөөр т гэдэг хүнд зарсныг мэдсэн. Хүү *******, бэр ******* нар миний орон сууцыг зарсан мөнгийг урьдчилгаа төлбөрт төлж Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, *******, тоот орон сууцыг худалдан авч одоог хүртэл амьдарч байна. Гэтэл энэ хоёр хүүхэд маань салж сарних дээрээ тулж, шүүхээр маргаж байгаа юм байна. Миний нэг өрөө орон сууцны мөнгийг гаргаж өг гэж хэлэхэд хүү ******* зөвшөөрч байгаа боловч бэр ******* нь мөнгө өгөх нь битгий хэл танай гэр бүлийн бүх хөрөнгийг аваад сална гэж хэл амаар намайг доромжилсон.

Хоёр хүүхдийн хэрүүл маргаан, гэр бүл цуцлах асуудлаас болж би аавынхаа өвлүүлж үлдээсэн хөрөнгийг үрэн таран хийгээд, эд хөрөнгөөрөө хохирч үлдэх ёсгүй тул 1 өрөө орон сууцны одоогийн зах зээлийн ханш болох 60,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х-1-2 /

 1.1 Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан үндэслэл,  агуулга:

...******* би хариуцагч нарт өгсөн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Хуучин хороолол, *******,******* тоот 1 өрөө орон сууцны төлбөрийг одоогийн зах зээлийн ханшаар тооцон нэхэмжилсэн.

Гэтэл хөрөнгийн үнэлгээний компаниас үнэлгээ хийх боломжгүй байна гэсэн хариу ирүүлжээ. Тухайн орон сууцны одоогийн үнэлгээг гаргах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжгүй байх тул шаардлагаа багасгаж тухайн үед худалдсан үнийн дүнгээр тооцон 43,000,000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /  х.х-47 /

2. Хариуцагч *******ийн хариу тайлбарын агуулга:

...Мөнгийг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. / х.х-19  /

3. Хариуцагч *******ийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

...Миний бие ******* Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, *******, тоотод оршин суудаг. Нэхэмжлэгч ******* нь надаас 60,000,000 төгрөг нэхэмжилсэн асуудал нь ямар ч ор үндэслэлгүй худал зүйл юм. Учир нь 2011 онд нөхөр ******* нь намайг өөрийн төрсөн гэртээ амьдарч байхад хүрч ирээд чи бид хоёр байртай болсон. Ээж 1 өрөө байр авч өгсөн, хүүхдүүдтэйгээ гурвуулаа хамт амьдаръя гэж гуйсан. Тэгээд бид хамт амьдрах болсон. Улмаар 2021 он хүртэл тус 1 өрөө байрандаа амьдарч байгаад байраа 3 өрөө болгож томруулахаар ярилцаж нөхөр 1 өрөө байраа зарж шинээр авах байрны урьдчилгаа болох******* хувийн урьдчилгаа мөнгийг төлж 3 өрөө байртай болсон. Нэхэмжлэгч *******ийн хүү ******* нь 2023 оноос гэр бүлээс гадуурх харилцаатай болж улмаар одоог хүртэл өөр хүүхэнтэй амьдарч байна. Нөхөр ******* нь гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандсан. Намайг 2 хүүхдийн хамт гудамжинд гаргана хэмээн удаа дараа доромжилж байгаа бөгөөд хадам ээж ******* нь гэрийнх нь бүх тавилгыг авч явна хэмээн гэрт дайрч орж ирэн миний биед халдсан явдал нь шүүхээр шийдэгдсэн. Нөхөр *******ийн ярьснаар бол ээж надад байр авч өгсөн. Энэ байр хүүхэд бид гурвын байр гэж надад хэлээд тус байранд 10 жил амьдарсан. Нөхөр бид хоёр байраа томруулахаар болж хуучин амьдарч байсан 1 өрөө байраа зарахад ******* нь бид хоёроос буцаан 1 өрөө орон сууц авна гэж огт хэлээгүй. Нөхөр бид хоёр ч гэсэн буцааж 1 өрөө орон сууц өгнө гэж хэлээгүй гэжээ. / х.х 20-21 /

4. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1-д тус тус зааснаар хариуцагч *******, ******* нараас 43,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

...нэхэмжлэгч *******ийн төрсөн хүү нь ******* юм. Энэ нь ашиг сонирхол нэгтэй хүү ******* нь гэрлэлтээ цуцлуулж, 3 өрөө байрыг авч үлдэж чадаагүйд түүний төрсөн эх ******* нь дээрх шаардлагыг гаргасан байдгийг анхаарч үзэх нь зүйтэй.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь хариуцагч ******* нь биднийг гэр бүл болоход зориулж өгч байсан хөрөнгө гэж тайлбарласан нь нэхэмжлэгч ******* хариуцагч *******, ******* нараас бэлэглэсэн талаар огт дурдаагүй, бэлэглэлийн эрх зүйн харилцаа үүссэн талаар маргаагүй байхад шүүх дур мэдэн маргаагүй асуудлаар бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д ...гэрлэлтээ цуцлуулсан нь бэлэглэгч *******ийг гомдоосон гэж дүгнэдэг. Хариуцагч *******, ******* нар нь 2011 оны 5 дугаар сарын-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, гэр бүл болж байсан. Үүнээс хойш *******ийн байнгын хүчирхийлэл дарамт, хардалт, зодуурыг тэсэж тэвчээгүй тул гэр бүлийн тухай хуульд заасны дагуу мөн шүүхэд мэдүүлэх эрхийнхээ хүрээнд гэрлэлтээ цуцлуулсныг /гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй/ *******ийг ноцтой гомдоосон гэж дүгнэж байгаа нь огт үндэслэлгүй дүгнэлт болсон.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Мөн нэхэмжлэгч бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жилийн дотор буюу хариуцагч нарын гэрлэлтээ цуцлуулах асуудлыг мэдсэн даруй шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 208.3-т заасантай нийцэж байна” гэж дүгнэдэг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар нь тайлбартаа 2011 онд тус нэг өрөө байранд анх орж байхдаа 3-5 жилийн хугацааны дотор мөнгийг нь эсхүл байр авч өгнө гэж байсан гэдэг. Үүнээс дүгнэхэд 2021 оноос өмнө бэлэглэлийн гэрээ гэж дүгнэвэл шаардах эрх нь 2016 оноос үүссэн байсан талаар шүүх дүгнээгүй. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарт ашигтай байдлаар шаардах эрхийн хугацааг дүгнэсэн. /Анхан шатны шуух хуралдааны тэмдэглэлээс харагдана/

Эцэст нь хэлэхэд гэр бүлийн маргаантай холбоотой иргэний хэрэг дээр зохигчдын эцэг, эх, ах дүү, эмээ, өвөө нар нь хөрөнгийн маргааны шаардлага дээр гуравдагч этгээдээр орох, тусдаа бие даасан шаардлага гаргах нь практик дээр нэлээдгүй тохиолдож байна. Үүнийг хөхүүлэн дэмжиж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хэт нэг талыг барьж огт үндэслэлгүй, ашиг сонирхолтой шийдвэрлэж байгаа нь шүүхийн практикт маш буруу жишиг тогтоосон шийдвэр болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / х.х 87-88/

6. Нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

8. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 43,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч, хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. / х.х-1-2, 19-21/

Хэргээс үзэхэд:

9. Нэхэмжлэгч ******* нь эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, *******,******* тоот, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2011 оны 06 сарын 09-ний өдөр бүртгэгдсэн, улмаар 2021 оны 09 сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр т өмчлөх эрхээ шилжүүлсэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Харин хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн 1 өрөө орон сууц нь биднийг гэр бүл болоход зориулан өгсөн хөрөнгө, манай гэр бүлийн өмч учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.

10. Хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэгч *******ийн 1 өрөө орон сууцанд 2011-2021 оны хооронд амьдарч байсан боловч энэ хугацаанд нэхэмжлэгч ******* нь тус орон сууцны өмчлөх эрхээ хариуцагч нарт шилжүүлж өгөөгүй, хариуцагч ******* нь анх гэр бүл болоход зориулж өгсөн хөрөнгө гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын бүртгэлийн газарт өмчлөх эрхээ бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх бөгөөд маргаан бүхий зарж борлуулсан гэх Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, *******,******* тоот, 18 м.кв талбайтай нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2011-2021 оны хооронд *******ийн өмчлөлд байсан, тус орон сууцны өмчлөх эрхийг *******, ******* нарт шилжүүлж өгөөгүй байхад тухайн хөрөнгийг хариуцагч нарын хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Мөн 2011-2021 оны хоорондох хугацаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн, улмаар уг гэрээний харилцаа ******* нь өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцаа зарж борлуулснаар дуусгавар болсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

11. Харин нэхэмжлэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр маргаан бүхий 1 өрөө орон сууцыг зарж борлуулан мөнгийг нь хариуцагч нарт орон сууц авах урьдчилгаа төлбөрт өгсөн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, талуудын хооронд үүссэн гэрээний харилцааны талаар буруу дүгнэлт хийсэн байна гэж дүгнэлээ.

Учир нь нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий 1 өрөө байрыг зарж олсон мөнгөө хариуцагч нарт өгсөн боловч дараа нь уг мөнгийг буцаан авна гэж харилцан тохиролцож байсан гэж тайлбарласныг хариуцагч ******* няцааж чадаагүй, хариуцагч ******* 1 өрөө байрны мөнгийг буцааж өгнө гэж тохиролцож байсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна.

Хэдийгээр хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн төрсөн хүү боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-т “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй” гэж заасны дагуу тайлбараа өгсөн байх тул түүний шүүхэд өгсөн тайлбарыг бодит үнэнд нийцээгүй тайлбар гэж дүгнэх үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч ******* нь няцааж чадаагүй байна.

Иймд зохигчийн хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

12. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн 1 өрөө байрыг зарсан 43 сая төгрөгөө буцаан авах нөхцөлтэйгөөр хариуцагч нарт өгсөн байх тул зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

           Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 сарын 02-ны өдрийн*******7/ШШ2025/01195 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч *******, ******* нараас 43,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.МЯГМАРСҮРЭН

                             ШҮҮГЧИД                                        Г.ДАВААРЕНЧИН                                                       

                                                                                          Я.ТУУЛ