Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/230

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Идэрбат  

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баргачууд овогт Н А холбогдох эрүүгийн 1921......дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, төрсөн эгч, нагац дүүгийн хамтаар амьдрах, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг, “У..........” гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, Баргачууд овогт Н.А /РД: ЖБ........../

 

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” баарны гадна иргэн Д.Г-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож толгойн хуйханд шарх, зүүн чамархай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Шүүгдэгч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2019 оны 07 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим би Хэрлэн сумын 6 дугаар баг “Мустанг” баарны гадаа өөрийн хуурай дүү Г-тэй  таарсан юм. Тухайн үед Г-д халамцуу байдалтай байсан бөгөөд надад нэг шил архи авч өгсөн. Тэгээд тэр архийг нь Г  бид хоёр “Мустанг” баарны хашааны зүүн талд сууж байгаад уусан. Архи ууж байх явцад Г архиндаа согтоод “ Н-йн А пизда битгий согтоод байгаарай” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Г-дэд “Чи миний бурхан болсон эхийн маань нэрийг битгий дуудаад бай” гэж хэлсэн. Тэр үед Ганбүргэд надад “Яадаг юм, Н-н А муу пизда” гэж дахин хэлэхээр нь би уурлаад өөрийнхөө суран тэлээг гартаа ороож байгаад зангидсан гараараа Г-н толгойд нь нэг удаа цохисон юм. Тэр үед Г-н толгойноос нь цус гарч байсан бөгөөд орилоод урагшаагаа яваад өгсөн ба дараа нь цагдаа нар ирээд намайг барьж авч эрүүлжүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 19/

Хохирогч Д.Г-д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мустанг баарны урд талд нэлээн хэдэн хүмүүс бөөгнөрөөд архи ууж байсан ба тэдэн дундаас Х гэх миний танил залуу “О” гэж дуудсан. Намайг сайн таних хүмүүс маань “О” гэж дууддаг юм. Тэгээд би Мустангийн урд талд архи ууж байсан Х мэнд мэдээд ойр зуурын сонин хачин яриад зогсож байтал цаана нь зогсож байсан нэг бор ах намайг “Чи Баянтүмэнгийн хүүхэд үү, би танай аав, ээжийг нь танина” гэж хэлсэн. Тэгээд би тэр ахыг “Та хэн билээ гэж асуухад “Би Баянтүмэнгийн Н-н хүү А байна” гэж надад хэлсэн. ... “Мустанг” баарны урд талаар зүүн урд тийшээгээ явж байхад нэг танихгүй хүн миний ар талаас цамцнаас маань зуураад авсан. Тэгэхээр нь би “Хэн бэ, яаж байна аа” гэж асуутал тэр ах “Сая танилцчихаад чи танихгүй байхдаа яадаг юм” гэж хэлсэн. “... Тэгээд би тэр ахад “ Танисангүй ээ, яаж таних юм” гэж хэлтэл тэр ах миний толгойн зулай хэсэгт цохисон ба дараа нь чих рүү маань дахин цохисон. Тэр үед миний толгойноос маань цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн .....тоотын дүгнэлтийн хэсэгт: “1. Д.Г-н биед толгойн хуйханд шарх, зүүн чамархай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Толгойн хуйхны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, зүүн чамархай хэсгийн хуйханд дахь зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/

            -Иргэд хоорондын гэрээ /хх-ийн 06/

            -Эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 09/

            -Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31/

            -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Н.А нь согтуурсан үедээ  2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” баарны гадна хохирогч Д.Г маргалдаж, улмаар хохирогчийн толгойн хэсэгт өөрийн зүүж явсан суран тэлээг гартаа ороож байгаад цохиж зодсоны улмаас хохирогчийн толгойн хуйханд шарх, зүүн чамархай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр үед Г-д надад “Яадаг юм, Н-н А муу пизда” гэж дахин хэлэхээр нь би уурлаад өөрийнхөө суран тэлээг гартаа ороож байгаад зангидсан гараараа Г-нь толгойд нь нэг удаа цохисон юм. Тэр үед Г-н толгойноос нь цус гарч байсан бөгөөд орилоод урагшаагаа яваад өгсөн ба дараа нь цагдаа нар ирээд намайг барьж авч эрүүлжүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 19/ хохирогч Д.Г өгсөн: “...Та хэн билээ гэж асуухад “Би Баянтүмэнгийн Н хүү А байна” гэж надад хэлсэн. ...Мустанг баарны урд талаар зүүн урд тийшээгээ явж байхад нэг танихгүй хүн миний ар талаас цамцнаас маань зуураад авсан. Тэгэхээр нь би “Хэн бэ? яаж байна аа” гэж асуутал тэр ах “Сая танилцчихаад чи танихгүй байхдаа яадаг юм” гэж хэлсэн. “... Тэгээд би тэр ахад “ Танисангүй ээ, яаж таних юм” гэж хэлтэл тэр ах миний толгойн зулай хэсэгт цохисон ба дараа нь чих рүү маань дахин цохисон. Тэр үед миний толгойноос маань цус гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 13/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ..... тоот дүгнэлт /хх-ийн 23/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Хохирогч Д.Г-д учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Н.А-н хохирогчийн толгойн хэсэгт суран тэлээгээр цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч Н.А-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгч Н.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг харгалзан түүнд  ял оногдуулбал зохино.

Шүүгдэгч Н.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4.5 см өргөнтэй, 90 см урттай, хоёр гогцоо бүхий төмөр аралтай, хүрэн өнгийн суран арьсан тэлээ 1 /нэг/ ширхэгийг шүүгдэгчид буцаан олгож, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.А ЖБ,,,,,,,,,,,,,, регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баргачууд овогт Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.            

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баргачууд овогт Н.А-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-н  цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 4.5 см өргөнтэй, 90 см урттай, хоёр гогцоо бүхий төмөр аралтай, хүрэн өнгийн суран арьсан тэлээг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, бичгийн баримтаар ирсэн  шүүгдэгч Н.А ЖБ..................регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.                     

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.                          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.                                             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ЭНХБААТАР