Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01562

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/06373 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК, ******* нарт холбогдох,

36,640,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-******* гэрчилгээтэй, ******* тоот хаягт хувийн орон сууц барихаар болсон.

1.2. Нэхэмжлэгч *******ын уг газар дээр орон сууцны барилга барихтай холбогдуулан 2022 оноос эхлэн Дулааны эрчим хүчний хангамжийн техникийн нөхцөл, Цэвэр бохир усны техникийн нөхцөл, Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл зэргийг холбогдох байгууллагаас гаргуулан авах ажлыг хийх явцдаа ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх *******тэй ******* хорооны нутаг дэвгэрт баригдах зоорины давхартай 2 давхар орон сууцны барилгын зураг төсөл ажлыг 2022 оны 06 сарын 23-ны өдрөөс эхэлж загвар зураг батлагдсанаас хойш 45 хоногийн хугацаанд боловсруулах ... Монгол Улсын Барилгын тухай хууль болон барилгын зураг төсөл зохиох ажилд мөрдөж буй норм дүрэм, бусад холбогдох техникийн баримт бичгийн дагуу чанартай боловсруулан 2 хувь зургийг хүлээлгэн ... өгөх ... нөхцөлтэй 012/22 дугаартай Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан болно.

1.3. Гэтэл ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж өөрийгөө танилцуулсан ******* 012/22 дугаартай Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ-нд заасан 45 хоногийн хугацаанд загвар зураг хийж өгснөөс өөрөөр Монгол Улсын Барилгын тухай хууль болон барилгын зураг төсөл зохиох ажилд мөрдөж буй норм дүрэм, бусад холбогдох техникийн баримт бичгийн дагуу чанартай боловсруулан, эрх бүхий байгууллагаар барилгын зураг, төсөлд магадлал хийлгэж, хянагдаж баталгаажсан 2 хувь зургийг хүлээлгэн өгөөгүй хугацаа хэтрүүлсэн.

1.4. Мөн Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ-нд заасан барилгын ажлын зураг, төсөв хийгдээгүйгээс шалтгаалан барилгын ажил үргэлжлэх ямар ч боломжгүй байхад ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх ******* нь нэхэмжлэгчтэй *******ын зоорьтой 2 давхар орон сууцны барилгын ажилд зохиогчийн хяналт хийх гэрээ-г 2022 оны 08 сарын 29-ний өдөр байгуулж, гэрээний урьдчилгаа гэж нийт үнийн дүнгийн 90 хувьтай тэнцэх төлбөрийг авсан.

1.5. Нэхэмжлэгчийн захиалгаар баригдаж байгаа зоорины давхартай 2 давхар орон сууцны барилгын зураг, төсөл нь Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль тогтоомж зөрчиж барилгын зураг, төсөлгүй цаашид баригдах нь маш эрсдэлтэй бөгөөд алдсан цаг хугацааг нөхөх боломжгүйгээр хохирч байна.

1.6. Иймд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх иргэн *******тэй байгуулсан 012/22 дугаартай Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ 2022 оны 06 сарын 23-ны өдрийн, *******ын зоорьтой 2 давхар орон сууцны барилгын ажилд зохиогчийн хяналт хийх гэрээ-г 2022 оны 08 сарын 29-ний өдрийн гэрээ тус бүрээс татгалзаж, 012/22 дугаартай 2022 оны 06 сарын 23-ны өдрийн гэрээний үүрэгт урьдчилан төлсөн 23,080,500 төгрөгийг, 2022 оны 08 сарын 29-ний өдрийн гэрээний үүрэгт урьдчилан төлсөн 12,560,000 төгрөг, нийт 35,640,500 төгрөгийг хариуцагч *******, хамтран хариуцагч ******* ХХК нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд 2022 оны 06 сарын 23-ны өдөр барилгын зураг төсөл боловсруулах 012/22 тоот гэрээ 2022 оны 08 сарын 29-ний өдөр зохиогчийн хяналт хийх гэрээ тус тус байгуулагдсан. Уг гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй.

2.2. Барилгын зохиогчийн ажил 23,080,500 төгрөг, хяналт хийх гэрээнд 12,000,000 төгрөг хүлээж авсантай хариуцагчийн зүгээс маргадаггүй.

2.3. Дээрх зураг төсөл боловсруулах буюу эхний гэрээний дагуу гүйцэтгэгч буюу нэхэмжлэлтэй ******* ХХК гэрээнд иж бүрэн зураг төслийг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохирсон. Гүйцэтгэгчийн зүгээс загвар зураг болон иж бүрэн зураг болох барилгын ажлын товчлуур барилга архитектурын зураг, цахилгаан ба холбоо дохиоллын зураг, халаалт дулааны цугларалтыг боловсруулан захиалагчид хүлээлгэн өгсөн. Эдгээр зургууд нийлж байж нэг цогц болно.

2.4. Цахилгаан халаалт, архитектурын зураг зэрэг нь нийлж нэг зураг болдог. Эдгээр зургуудыг хариуцагчийн зүгээс зурж нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн. Нийслэлийн онцгой байдлын газарт энэ зургуудыг хүргүүлж онцгой байдлын газраас 2022 оны 09 сарын 14-ний өдөр хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан. Энэ нь гүйцэтгэгчийн зүгээс тухайн барилгын ажлын зургийг гүйцэтгэсэн.

2.5. Барилгын ажлын зургийг Барилгын хөгжлийн төвөөр тогтоолгох ёстой нэхэмжлэгчийн зүгээс хэлж байна. Барилга хөгжлийн төв бол эцсийн магадлан дүгнэлт гаргадаг. Энэ байгууллага магадлан дүнг гаргахын тулд гүйцэтгэгчийн зүгээс бол бүх зургуудаа боловсруулаад шат шатны Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл ахуйн газар мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох тухайн барилгын зориулалттай холбоотой холбогдох байгууллагуудаас нь зөвшөөрөл авдаг. Энэ нь зөвхөн гүйцэтгэгч буюу зургийн компанийн ажил биш юм.

2.6. Зургийн компанийн болон гүйцэтгэгч, захиалагч аль аль нь энэ ажлыг хариуцан зургаа батлуулах ажлыг хийдэг. Энэ талаар гэрээн дээр гүйцэтгэгчид үүрэг өгсөн зохицуулалт байхгүй. Гэхдээ хариуцагчийн зүгээс онцгой байдлын ерөнхий газраар батлуулах ажлыг хийлгэж байсан. Улмаар дараа Нийслэлийн эрүүл мэндийн газраас эрүүл ахуйн хяналтын байцаагчийн дүгнэлтийг 2023 онд гаргуулсан.

2.7. Захиалагчийн хүсэлт болон захиалагчийн холбогдох зөвшөөрөл зэрэг баримтуудыг гаргаж өгөх ёстой ба уг баримтуудыг хангалттай гаргаж өгөөгүйгээс зөвшөөрлийн ажлууд удааширсан. Мөн захиалагч нь зургийн компанид мэдэгдээгүйгээр бүрэн гүйцэд батлагдаагүй байхад барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ талаар зургийн компани мэдэгдээд шаардлага тавиад зураг батлагдаагүй байхад барилгын ажлыг эхлэх нь хууль зөрчсөн талаар хэлэхэд зургийн компани хуульд заасны дагуу хяналтаа хэрэгжүүлнэ үү гээд 2023 оны 08 сарын 29-ний өдөр зохиогчийн хяналтын гэрээ байгуулсан.

2.8. Хариуцагч нь барилгын зураг төсөл боловсруулах гэрээ болон зохиогчийн хяналт тавих гэрээний үүргээ биелүүлсэн ба нэхэмжлэгч нэгэнт биелэгдсэн гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээнээс татгалзах зохицуулалтыг барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээнд нарийвчлан зохицуулаагүй. Ямар үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нь гүйцэтгэгч ******* ХХК-ийн ажлын гүйцэтгэсэн зургийг хүлээж авсан. Нэхэмжлэлийн шаардлага буюу гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг буцаан гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 12,560,000 /арван хоёр сая таван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлээс 23,080,500 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 215,910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын хооронд 2022 оны 06 сарын 23-ны өдөр 012/22 дугаар Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ, 2022 оны 08 сарын 29-ний өдөр Зохиогчийн хяналт хийх гэрээг тус тус байгуулагдсан бөгөөд дээрх гэрээ болон гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй.

4.2. Нэхэмжлэгч ******* нь дээрх 2 гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-ийг 2022 оны 06 сарын 23-ны өдрийн 012/22 дугаар Барилгын зураг төсөл боловсруулах гэрээний үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй гэж уг гэрээний төлбөр болон хариуцагч *******д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон. Харин хариуцагчийг 2022 оны 08 сарын 29-ний өдрийн Зохиогчийн хяналт хийх гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

4.3. Шүүх ... ******* ХХК нь *******ын барилгын зургийг зурсан тул Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсгийг боловсруулсан зохиогч тухайн зураг төслийг баталгаажуулан, мэргэжлийн хариуцлага хүлээх үүрэгтэй байна. ... Барилгын зургийг Барилга хөгжлийн төвөөр батлуулаагүй нь ... хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

4.4. Учир нь шүүх хариуцагчийг барилгын зураг төсөл боловсруулах гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн алтаа уг зургийг Барилга хөгжлийн төвөөр батлуулаагүй нь зохиогчийн хяналт хийх гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй. Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т ... зохиогч зураг төслийг баталгаажуулан ... гэж заасан нь тухайн барилгын зургийг зурсан зохиогч өөрийн гүйцэтгэсэн ажлаа баталгаажуулж, байгууллагын тамга тэмдэг дарж, холбогдох инженерээр гарын үсэг зуруулж, уг зургийн алдаа, зөрчлөөс үүдэлтэй хохирлыг хариуцах талаар үүрэгжүүлсэн зохицуулалт юм.

4.5. Хариуцагч ******* ХХК нь 2022 оны 08 сарын 29-ний өдрийн зохиогчийн хяналт хийх гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд гэрээнд заасны дагуу барилгын ажил зураг төслийн дагуу явагдаж байгаад хяналт тавьж, холбогдох мэргэжлийн инженерүүд заавар зөвлөгөө өгөх нь гэрээний үндсэн үүрэг байсан. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гүйцэтгэх захирал ******* болон инженерүүд нь ирж танилцаж, заавар зөвлөгөө өгч байсан гэх тайлбарыг гаргасан. Уг тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчийг зохиогчийн хяналт хэрэгжүүлсэн болохоо хүлээн зөвшөөрч тайлбар гаргасаар байхад хяналт хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

4.6. Түүнчлэн ******* нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, уг газар нь дахин төлөвлөлтөд орж, нөхөх олговортойгоор улсын тусгай хэрэгцээнд авахаар болсон нь тодорхой болсон байдаг.

4.7. Хэдийгээр нэхэмжлэгч нь нөхөх олговрыг хүлээн зөвшөөрөөгүй одоогоор нөхөх олговор аваагүй боловч Нийслэлийн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 12.2-т заасан хугацаанд үнэлгээ хийлгээгүй бол энэ хуулийн 12.1-д заасан үнэлгээг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасны дагуу үнэлгээгээр тогтоогдсон 1,017,695,719 төгрөгийн нөхөх олговор авах нь хууль болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, энэ талаар талууд тайлбар гаргаж мэтгэлцэж байхад үүнд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

4.8. Нэхэмжлэгчид нөхөх олговор олгох хөрөнгийн үнэлгээг хийхдээ барилгын төсөвт өртгөөс гадна захиалагч буюу *******аас гарсан зардал болох маргаан бүхий 2 гэрээний ажлын хөлс зэрэг бүхий л зардлууд үнэлгээнд тусгагдсан байдаг. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь дахин төлөвлөлтөд орж, газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн тул барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон талаараа тайлбар гаргасан байдаг. Энэ нь гэрээнээс татгалзах болсон үндэслэл нь хариуцагчийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой бус барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй болсон тул төлсөн төлбөрөө буцаан авах зорилгоор нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар тодорхойлсон байгааг шүүх анхаараагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Талууд 2022 оны 06 сарын 23-ны өдөр барилгын зураг төсөл боловсруулах гэрээг байгуулсан бөгөөд загвар зураг батлагдсанаас хойш 45 хоногийн дотор барилгын иж бүрэн зургийг хийж өгөх ёстой гэх гэрээний үүргийг хариуцагч тал 3 жилийн хугацаанд огт биелүүлээгүй. Энэ талаарх гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч талаас шаардахад бидэнд тусгай зөвшөөрөл байхгүй гэж хэлдэг. Тухайн компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2024 оны 05 сард дууссан байсан бөгөөд хариуцагч компани нь тусгай зөвшөөрлийн хугацаагаа дуусахаас өмнө манай барилгын ажлын зураг төслийг хийх бүрэн боломжтой байсан.

5.2. Нэхэмжлэгч барилгын иж бүрэн зураг хийлгэхийн тулд хариуцагч талд 23,000,000 төгрөгийн төлбөр төлсөн. Хариуцагч тал нь урьдчилгаа төлбөрт 50 хувийг авна гэж хэлж байсан боловч төлбөрийг 100 хувь авсан атлаа ажлаа хийхгүй орхиж явсан. Түүнчлэн 2023 онд талууд уулзаж, тухайн зурагт Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэх асуудлын талаар хэлэлцээр хийж, ярилцаж тохирсон боловч хариуцагч тал нь тухайн ажлаа огт хийгээгүй. Нэхэмжлэгч талын зүгээс аргагүйн эрхэнд 2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5.3. Нэхэмжлэгч нь дахин 2025 онд барилгын зураг төсөл боловсруулах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй гэх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч тал мөн тухайн үүргээ биелүүлээгүй бөгөөд үүргээ биелүүлээгүй талаар янз бүрийн тайлбарыг хэлдэг. Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт зураг төсөлд магадлал хийлгээгүй бол барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглоно гэж заасан. Түүнчлэн хариуцагч талын гаргасан барилгын зураг нь хар, схем зураг бөгөөд тухайн зураг Барилгын хөгжлийн төвөөр баталгаажаагүй учир уг зургийн дагуу барилга барихыг хуулиар хориглосон. Иймд хуулиар хориглосон, батлагдаагүй зураг төслөөр барилга барьж байхад зохиогчийн хяналт тавина гэдэг нь утгагүй асуудал юм.

5.4. Барилгын зураг батлагдаж, тухайн зургийн дагуу барилга барих тусгай зөвшөөрөл авсан тохиолдолд уг барилгыг барьж байгаа бол зохиогч хяналт тавьж болно. Гэтэл хариуцагч тал нь тухайн барилга барих зөвшөөрөл аваагүй. Нэхэмжлэгч тал нь хариуцагч талын зураг гарч ирэхийг хүлээж байгаад аргагүйн эрхэнд барилгаа эхлүүлсэн бөгөөд одоо тухайн барилга дутуу баригдсан байгаа.

5.5. Түүнчлэн дутуу баригдсан барилгын гэрчилгээг Улсын бүртгэлийн газраас авсан нь үнэн. Хариуцагч талын гаргасан зургийн дагуу барьсан барилгад биднийг хяналт тавь гэдэг. Гэтэл тухайн зураг нь Барилгын хөгжлийн төвөөр эксперт хийлгэж, дүгнэлт гаргаж, энэ зургаар барилгыг барьж болно гэсэн албан ёсны зөвшөөрөл гарсан зураг биш, хар, эсгий зургаар зурсан зургийн дагуу баригдсан барилгыг манай ажлыг хийж байна гэж яаж хэлэх юм бэ. Хариуцагч компани нь барилгын зөвшөөрөлгүй, тухайн барилгын зургийн төсөл нь баталгаажаагүй буюу шинжилгээ хийлгээгүй, магадлал хийлгээгүй байдаг.

5.6. Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т тухайн зураг төслийг баталгаажуулан мэргэжлийн хариуцлага хүлээнэ гэж заасан. Хэрэв тухайн барилга барилгын зургийн дагуу баригдаагүй тохиолдолд зохиогч тухайн ажилтай холбоотойгоор төрийн мэргэжлийн байгууллагад хандах буюу төрийн мэргэжлийн байгууллагаар энэ талаарх асуудлыг шийдвэрлүүлнэ гэсэн байдаг. Гэтэл хариуцагч тал энэ талаарх асуудлыг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлсэн зүйл байдаггүй. Анхнаасаа барилгын зураг хийгдээгүй, баталгаажаагүй, иж бүрэн зураг гараагүй байхад түүнд зохиогчийн хяналт тавьсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй.

5.7. Түүнчлэн зураг төслийг зохиогч нь өөрийн боловсруулсан зураг төсөлд магадлал хийдэггүй. Гэтэл хариуцагч талын зүгээс нэхэмжлэгч талыг өөрийн зохиосон зураг төсөлд магадлал хийсэн мэт тухайн зураг нь баталгаатай энэ зургийн дагуу нэхэмжлэгч тал хяналт тавьж байна гэх зүйлийг ярьж байна. Төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгыг төрийн захиргааны байгууллагын эрх бүхий этгээдүүд баталгаажуулж, магадлал гаргаж байхад хариуцагч тал нь барилгыг барьж байх явцад барилгын зураг төсөлд зохиогчийн хувьд хяналт тавьж байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан 36,640,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... гэрээний үүрэг биелэгдсэн тул гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* ХХК-ийн хооронд 2022 оны 06 сарын 23-ны өдөр 012/22 дугаар Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулагдаж, гэрээгээр зоорьтой 2 давхар орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг 2022 оны 06 сарын 23-ны өдрөөс эхэлж загвар зураг батлагдсанаас хойш 45 хоногийн хугацаанд боловсруулан иж бүрэн зураг төслийг захиалагчид хүлээлгэн өгөх, зураг төсөл боловсруулах ажлыг 21,645,000 төгрөг багтаан гүйцэтгэхээр харилцан тохиролцсон;

 

3.2. Мөн талууд 2022 оны 08 сарын 29-ний өдөр *******ын Зоорьтой 2 давхар орон сууцны барилгын ажилд зохиогчийн хяналт хийх гэрээ байгуулж, гэрээгээр *******ын зоорьтой 2 давхар орон сууцны барилгад архитектур төлөвлөлт, барилга бүтээцийн угсралтын ажилд зохиогчийн хяналт тавих цогц ажил үйлчилгээг хийхээр, ажлын үнэлгээг 15,700,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн 2022 оны 06 сарын 23-ны өдөр 012/22 дугаар Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ-ний харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж, *******ын Зоорьтой 2 давхар орон сууцны барилгын ажилд зохиогчийн хяналт хийх гэрээ-ний харилцааг мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж тус тус зөв тодорхойлж, дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлыг талаар үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна.

 

5. Нэхэмжлэгч нь 2022 оны 06 сарын 23-ны өдөр 012/22 дугаар гэрээний дагуу 23,080,500 төгрөг, *******ын зоорьтой 2 давхар орон сууцны барилгын ажилд зохиогчийн хяналт хийх гэрээний дагуу 12,560,000 төгрөг, нийт 35,640,000 төгрөгийг төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

 

6. Анхан шатны шүүх Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ-ний үүрэгт шилжүүлсэн 23,080,500 төгрөгт холбогдох шаардлагыг ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, мөнгөн хөрөнгийг шаардах эрх үүсээгүй, гэрээ хэрэгжсэн гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн ба нэхэмжлэгч нь Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ-ний үүрэгт шилжүүлсэн 23,080,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

7. Хариуцагч нь Зоорьтой 2 давхар орон сууцны барилгын ажилд зохиогчийн хяналт хийх гэрээ-ний үүрэгт шилжүүлсэн 12,560,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хангахгүй.

 

7.1. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.32 дахь хэсэгт зааснаар барилгын ажил, зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн дагуу гүйцэтгэж байгаа эсэхийг зохиогчоос хянаж байгаа үйл ажиллагааг зураг төсөл зохиогчийн хяналт гэнэ.

Хариуцагч байгууллага нь зураг төсөл зохиогчийн хяналтын ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд хяналтын ажлын акт, дүгнэлтийг боловсруулж, нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй ба хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зааснаар нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

7.2. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ... ******* ХХК-аас инженер ******* ирдэг байсан, ******* хааяа ирдэг байсан. Барилгын хийж байгаа ажил, ажлын явц, хийж байгаа ажилтай танилцаад барилгын зургийн дагуу явагдаж байна уу гэдгийг шалгаж үздэг байсан... гэж хариуцагч талын асуултад хариулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтаар тогтоогдох ёстой ба барилгын ажлын явцын зураг төсөл зохиогчийн хяналтыг хэрэгжүүлсэн тухай бүр акт үйлдэж, шаардлагатай бол зөвлөмж хүргүүлэх ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд хяналтыг хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Гэтэл, хариуцагч байгууллагаас зураг төсөл зохиогчийн хяналтын ажлыг гүйцэтгэсэн гэж мэтгэлцэх боловч уг үйл баримтыг нотолсон баримт, актыг шүүхэд баримтаар гаргаагүй.

 

Анхан шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээний үүрэг биелэгдээгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээнээс татгалзаж, уг гэрээгээр шилжүүлсэн 12,560,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/06373 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.УУГАНБАЯР

 

ШҮҮГЧИД  Ч.МӨНХЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР