Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1411

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, улсын яллагч П.Болормаа, хохирогч Н.Ч, шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Г.С, шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Монгол овогт Ш.Г, С овогт С.М нарт тус тус холбогдох эрүүгийн 1806 01462 0273 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

1. Монгол Улсын иргэн,

2. Монгол Улсын иргэн

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.Г, С.М нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 35 дугаар гудамжны 1858 тоотод оршин суух Н.Чын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожинд түлхүүр тааруулан нэвтэрч Скайворд маркийн 55 инчийн 3 ди зурагтыг нууцаар, хууль бусаар авч 1.484.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Г мэдүүлэхдээ: “...2018 оны 2 сарын 12-ны өдөр 01 цагийн үед хохирогчийн гэр рүү орсон. Бүргэд хаалга нь онгорхой байсан. Вакум хаалга цойжтой байсан. С.М хаалганы цоожыг тавьдаг газрыг мэддэг байсан. Тэгээд хаалгыг онгойлгосон. Хоол идчихээд гарахдаа зурагт аваад гарсан. Ломбарданд тавих гэж явж байгаад эргүүлийн цагдаад баригдсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэхдээ: “....” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Ч мэдүүлэхдээ: “....” гэв.

 Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 10/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 11/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 18/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэ /хх-н 23-26/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Ч ын өгсөн мэдүүлэг /хх-н 28-32/, гэрч Б.Я өгсөн мэдүүлэг /хх-н 33-34/, гэрч Х.С өгсөн мэдүүлэг /хх-н 35/, барьцаат зээлийн гэрээний баримт /хх-н 39-42/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 43-44/, мөрдөн шалгах ажиллагаанд С.М ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 76-77/, мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 67-68/, С.Мийн хувийн байдлыг тогтоосон баримт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 79-97/, Ш.Г хувийн байдлыг тогоосон баримт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 99-110/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Б Ш.Г, С.М нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 35 дугаар гудамжны 1858 тоотод оршин суух Н.Чын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожинд түлхүүр тааруулан нэвтэрч Скайворд маркийн 55 инчийн 3 ди зурагтыг нууцаар, хууль бусаар авч 1.484.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

Шүүхээс шүүгдэгч Ш.Г, С.М нарыг бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэн Н.Чын эзэмшлийн өвлийн сууцанд нэвтэрч Скайворд маркийн 55 инчийн 3 ди зурагтыг нууцаар, хууль бусаар авч 1.484.940 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Чын өгсөн:.” гэх мэдүүлэг /хх-н 27- 30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Я өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-33-34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Г яллагдагчаар өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-68/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.М ийн яллагдагчаар өгсөн: “...” гэх мэдүүлэг /хх-76-77/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-26/, Илтгэх хуудас /хх-12/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-13-14, 18/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-43-44/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-18/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн “....” гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Г, С.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв. 

Хохирогч Н.Чд цонх хагарсаны төлбөр болох 45.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул тэдгээрийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан  шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоолын хүрээнд хохирол төлбөр төлсөн, гэм буруу дээр маргахгүй байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ш.Г, С.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

Мөн шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Г, С.М нар нь тус бүр 140 хоног цагдан хоригдсон байх ба уг цагдан хоригдсон 140 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 Мөн шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар тэдгээрт оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан ба одоогоор 21 насанд хүрээгүй байх тул Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлд заасныг баримтлан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч шүүхээс шүүгдэгч нарт дээрхи хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан.” гэж зааснаар шүүгдэгч нар нь нас бие, эрүүл мэнд, ёс суртахууны хувьд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  овогт Шинэжаргалын Г, С овогт С М нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ш.Г, С.М нарт 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Ш.Г, С.М нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ш.Г, С.М нар нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон нийт 140 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ш.Г, С.М нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ш.Г, С.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Г, С.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.